Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00249

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн 97 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Э-ад холбогдох,

9.386.759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар Д.Э- нь С ХХК-ийн Дархан салбарын захирлаар томилогдон менежментийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хариуцагч Д.Э- ажлын хариуцлага алдан сар бүр санхүү, тайлан бүртгэлийн хэлтэстэй тооцоо нийлэлгүй 9.386.759,48 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан. Уг хохирлыг барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан боловч хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаа хүлээлцээгүй байна. Иймд 9.386.759,48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Д.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С ХХК-ийн Дархан салбарын захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед өвчтэй байсан бөгөөд ажлаа хүлээлгэж өгөхөөр төв оффист очсон боловч нягтлан бодогч 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор тайлан өгөх ёстой гээд ажил хүлээж аваагүй. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч нь ажлаас гарсан, миний үлдээсэн баримтууд байхгүй гэсэн хариу өгсөн. Би анх ажилд томилогдоход С ХХК-аас нягтлан бодогч, санхүүгийн шинжээч нар ирж ажил хүлээлгэн өгсөн. Ингэхдээ 3.507.994,07 төгрөгийн оффист хэрэглэгдэж байсан тавилга тоног төхөөрөмжийг хүлээн авч, гарын үсэг зурсан. Харин С ХХК-д өмнө нь ажиллаж байсан хүний хүлээн авсан даатгалын баталгааг авсан болохоос надад гардан тоолж хүлээлгэж өгөөгүй. Иймд С ХХК-ийн нэхэмжилж буй мөнгөнөөс даатгалын баталгааны мөнгө болох 750.000 төгрөг, мөн даатгалын менежер байсан н.Мандухайн зээлээр хийсэн Дархан есөн ундраа ХХК-ийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 400.000 төгрөгийн гэрээг хүчингүй болгох хүсэлт өгч цуцалсан учир даатгал хийгдээгүй мөнгийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 3.537.139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 5.849.620,48 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.140 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 71.544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн 97 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.757 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.10-ний өдрийн 97 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын 4 ширхэг, нийт 145,871 төгрөгийн хураамжтай гэрээнүүд, Бараа материалын үлдэгдлийн даатгалын 5 ширхэг, нийт 50,000 төгрөгийн даатгалын хураамжтай гэрээнүүд хийгдсэн гэдгийг хариуцагч Эрдэнэсувд нь үгүйсгээгүй байхад гэрээнүүд хэрэгт авагдаагүй байна гэдэг дан ганц үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцэхгүй байна. Мөн 18 ширхэг нь гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байгаагүй бөгөөд жолоочийн албан журмын даатгалын мэдээллийн нэгдсэн сүлжээ болох МИИС системийн бүртгэлээс хэвлэгдэн гарсан Сын дардас бүхий гэрээнүүд байсан болно. Жолоочийн даатгалын гэрээ нь МИИС системд бүртгэгдэж байж хийгддэг, МИИС системд бүртгүүлэхгүйгээр хийгдэх боломжгүй даатгалын гэрээнүүд байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс МИИС системд бүртгэгдсэн байгаа нь гэрээ хийгдсэнийг нотлох боломжгүй гэж үзээд эдгээр 18 гэрээний хураамж болох 677,823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Ц. Батцэнгэлтэй байгуулсан гэрээний даатгалын хураамж 106,177 төгрөгийг, Энсандасервис ХХК-тай байгуулсан гэрээний даатгалын хураамж 106,177 төгрөгийг шилжүүлсэн байхад уг даатгалын хураамжийг давхардуулан нэхэмжилсэн байна гэж дүгнэсэн нь мөн адил ойлгомжгүй байна. Уг хураамжуудыг хэзээ хэрхэн шилжүүлсэн нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг огт дурдаагүй байна.

Иймд шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж “Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын 4 ширхэг, нийт 145,871 төгрөгийн хураамжтай гэрээнүүд, Бараа материалын үлдэгдлийн даатгалын 5 ширхэг, нийт 50,000 төгрөгийн даатгалын хураамжтай гэрээнүүд тус тус хэрэгт байхгүй тул 198,871 төгрөгийг, хэрэгт авагдсан 122 ширхэг гэрээнээс 18 ширхэг гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь байсан тул уг 18 ширхэг даатгалын гэрээний хураамж 677,823 төгрөгийг, хариуцагч тал Эрдэнэсувд нъ Ц.Батцэнгэлтэй байгуулсан гэрээний даатгалын хураамж 106,177 төгрөгийг, Энсандасервис ХХК-тай байгуулсан гэрээний даатгалын хураамж 106,177 төгрөгийг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч тал уг даатгалын хураамжийг давхардуулан нэхэмжилсэн байх тул 134,077 төгрөгийг, нийт 1,007,771 төгрөгийг хасаж, үлдэх даатгалын хураамж 3,537,139 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэснийг 1,007,771 төгрөгийг хасаж шийдвэрлэж гэдгийг өөрчилж хариуцагчаас даатгалын хураамж 4,544,910 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Д.Э-аас 9.386.759 төгрөг нэхэмжлэхдээ даатгалын хураамжийн төлбөр 4.544.910 төгрөг, салбарын үйл ажиллагааны зардал 2.420.506 төгрөг, гар утасны төлбөр 164.703 төгрөг, гэрээт баталгааны дутагдал 742.500 төгрөг, хураамжийн төлөөгүй үлдэгдэл 1.527.123 төгрөг гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Д.Э- нь “С” ХХК-ийн Дархан-Уул аймаг дах салбарын захирлаар 2017 оны 1 дүгээр сарын 30-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгээгүй байна.

Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-т заасан, зохигчийн хооронд байгуулагдсан менежментийн гэрээний 1.1.-т “энэхүү гэрээ нь контракт мөн болно” гэжээ.

Дээрх гэрээний 3.2.1-т зааснаар Д.Э- нь компанийн болон салбарын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой хөдөлмөрийн харилцаа, даатгал, санхүүгийн эрх зүйн баримт бичгүүдийг чанд мөрдөн биелүүлж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэжээ.  

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.3-т заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...хариуцагч 122 ш даатгалын гэрээ байгуулсан, ...уг гэрээнүүдийн хураамж 4.544.910 төгрөг төлөөгүй” гэж тодорхойлжээ.

Шүүх, “...дээрх гэрээнүүдээс гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын 4, бараа материалын үлдэгдлийн даатгалын 5 нийт 9 гэрээ хэрэгт авагдаагүй, 18 ш гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч Ц.Батцэнгэл болон Энсандасервис ХХК-тай байгуулсан гэрээний хураамжийг давхардуулан нэхэмжилсэн” гэж үзэж, нэхэмжлэлээс 3.537.139 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн зарим шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн 97 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 28.757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ           

           ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ