Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 722

 

                                                        Т.Б-д холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Соёлмаа,

яллагдагч Т.Б-ы өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 955 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр Т.Б-д холбогдох эрүүгийн 21128133 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Батаа овгийн Т.Б, 1975 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:/;

            Т.Б- нь:

            1.  2009 онд Л.Болдыг “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамжны 52 дугаар байрны 5 тоот орон сууцыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 112 дугаар байрны 117 тоот 2 өрөө орон сууцаар сольж өгнө” гэж хуурч, түүний өмчлөлийн 50.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг залилан авч, бусдад худалдсан,

            2. 2010 оны 8 дугаар сард Д.Чинзоригийг “Эко констракшн ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Маршал таун хотхоны 107 дугаар байрны 11 тоот 65 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 800 ам.доллараар авч өгнө” гэж хуурч, түүний эзэмшлийн 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 16-61 УНГ улсын дугаартай, “Лексус 460” загварын автомашиныг залилан авсан,

            3. 2011 оны 4, 5 дугаар саруудад Д.Дэлгэрцэцэгийг “Эко констракшн ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Маршал таун хотхоны 107 дугаар байрны 10 тоот 89 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 800 ам.доллараар авч өгнө, автомашиныг нь худалдаад байр авч өгнө” гэж хуурч, түүний эзэмшлийн 65.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 04-06 УБҮ улсын дугаартай, “Хаймер Эйч-2” загварын автомашиныг залилан авсан,

            4. 2011 оны 6 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт Д.Мэндсайханыг “Та автомашинаа сайжруулах хэрэгтэй, би таны автомашиныг худалдан борлуулж өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн нийт 29.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 50-20 УБН улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 80” загварын, 53-93 УБО улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер 80” загварын автомашинуудыг залилан авсан,

            5. 2013 оны 9 дүгээр сард Б.Тамирыг “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань эрхүүд” ХХК-ийн эзэмшлийн 25,7 га газраас 10 га газрыг хямд үнээр худалдана” гэж хуурч, түүнээс 20.000.000 төгрөгийг залилан авсан,

            6. 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Д.Гэрэлт-Одыг “5000 ширхэг тоосго ачаад ир, ирэхээр чинь мөнгийг нь өгье” гэж хуурч, түүнээс 925.000 төгрөгийн үнэлгээ бүхий тоосгыг залилан авсан,

            7. 2013 оны 1-ээс 4 дүгээр сарын хооронд И.Цогзолмааг “Түрээсийн мөнгө нэхэгдээд байна, танд удахгүй өгнө” гэж хуурч, 4 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр И.Цогзолмааг “танд 11.000.000 төгрөгийн үнэтэй автомашиныг 8.000.000 төгрөгөнд бодож өгье, та өрөө хасаад зөрүү мөнгийг нь өгчих” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Меркури дэлгүүрийн гадна 3.000.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 282.925.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...яллагдагч Т.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 649 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байхад прокурор Б.Соёлмаа нь захирамжид заасан ажиллагааг хийлгүйгээр зөвхөн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, яллах дүгнэлтийн тогтоох хэсгийг засаж, мөн яллагдагч Т.Б-ы дээрх үйлдлүүд 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх үед үйлдэгдсэн байхад хуулийн ерөнхий ангийг журамлалгүй, 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлсэн нь ойлгомжгүй байх тул хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй байна...” гэж дүгнэж, Т.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Соёлмаа тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 1.1-д яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, 1.2-т хэргийг прокурорт буцаах...” гэж заасан бөгөөд 1.2-т заасан шийдвэрийг гаргахдаа мөн хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэхээр хуульчилсан. Шүүх өөрийн санаачилгаар эсхүл талуудын гаргасан хүсэлт, гомдлоор урьдчилсан хэлэлцүүлгээр явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан асуудлыг хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг шийдвэрлэх байтал шүүгчийн захирамжаар буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

2. Яллагдагч Т.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хэнд, хэчнээн төгрөгийн хохирол учирсныг бүрэн тогтоож шалгасан, мөн 2015 онд хэргийг буцаасан шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн биелүүлж, мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байхад шүүх “хохирол бодитой тогтоогдоогүй, өмнөх шүүхийн тогтоолын заалт бүрэн биелэгдээгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3. Мөн уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх сумыг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад “шүүхэд шилжүүлсэн” гэж дурьдсан боловч тухайн эд мөрийн баримт 2013 онд байхгүй болсон байсан. Тэгээд ч уг сум нь яллагдагч Т.Б-ы бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй эд мөрийн баримт юм.

4. Уг хэрэгт 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүгчийн захирамжинд дурьдсан барьцааны мөнгийг Улсын мөрдөн байцаах газрын нярав, цагдаагийн дэд ахлагч Батбаярт хүлээлгэн өгсөн баримт хэрэгт хавсаргагдсан байгаа ч уг мөнгийг 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 10/4-1232 дугаартай албан бичгээр Улсын мөрдөн байцаах газраас Захиргааны удирдлагын хэлтсийн даргад хүргүүлж, Нийслэлийн прокурорын газрын 5000503367 дугаартай дансанд шилжүүлэн авч байсан нь Хас банкны баримтын хуулбараар тогтоогдож байна. Мөн уг хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 649 дугаартай шүүгчийн захирамжаар буцааснаас хойш уг мөнгө дээрх дансандаа байгаа эсэхийг албан бичгээр тодруулж, Нийслэлийн прокурорын газраас хариуг авч хэрэгт хавсарган, яллах дүгнэлтдээ энэ талаар дурьдаж шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлсэн.

5. Яллагдагч Т.Б-ы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн заалтыг баримтлан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж шүүхээс үзэж байгааг хүлээн авч, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлсэн.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 955 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Яллагдагч Т.Б-ы өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн хувьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр товлон хуралдаж 649 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг гарган Т.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасан. Уг захирамжаар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 451 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоолд заагдсан мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагааг хийгээгүйг дурьдсан байдаг. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 451 дугаартай 9 зүйл, 42 заалттай тогтоолын заалтуудыг прокурор бүрэн биелүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоогоогүй бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 649 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид шалгах ажиллагааг 5 заалтаар нэмж хийлгүүлэхээр буцаасан боловч прокурор Б.Соёлмаа нь захирамжийн заалтыг биелүүлэлгүйгээр зөвхөн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, яллах дүгнэлтийн тогтоох хэсгийг засч, үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байхад ерөнхий ангийг журамлалгүй 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн тул шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 955 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Т.Б-ыг 2009 оноос 2013 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрийн танил хүмүүстэй уулзаж, “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны орон сууцыг солино, тус хотхонд баригдаж буй орон сууцыг 1 м.кв-ыг 800 ам.доллараар авч өгнө, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25,7 га газраас 10 га газрыг хямд үнээр худалдана, автомашиныг чинь худалдан борлуулж өгнө, удахгүй мөнгийг чинь өгнө...” гэх мэтээр хуурч, Л.Болд, Д.Чинзориг, Д.Дэлгэрцэцэг, Д.Мэндсайхан, Б.Тамир, Д.Гэрэлд-Од, И.Цогзолмаа нараас бэлэн мөнгө болон эд хөрөнгийг нь удаа дараагийн үйлдлээр залилан авч, нийт 282.925.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг, шүүгч хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 649 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан байна.

Хэргийн материалыг судлахад, анхан шатны шүүх гэрч, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хэрэгт хураагдсан зарим эд мөрийн баримт, барьцааны зүйл”-ийн талаар шалгаж тодруулахаар хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцааж байжээ.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар /6-7 жилийн хугацаанд явагдсан/ дээрх асуудлуудыг хангалттай шалгасан байх тул хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял хэрхэн хөнгөрсөн, эсхүл эрх зүйн байдал нь хэрхэн дээрдсэн талаар тодорхой хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байна.

 Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 1.2 дахь заалтад “хэргийг прокурорт буцаах;” гэж,

            4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болно.” гэж,

            6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэж,

            мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:” гэж тус тус заажээ.

            Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатны нэг хэсэг болж хуульчлагдсан ба талууд хүсэлт, гомдол гаргаагүй бол заавал урьдчилсан хэлэлцүүлэг явуулахыг шүүхэд үүрэг болгоогүй байна.

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шатанд хэргийг прокурорт буцаахдаа дангаар шийдвэрлэх, эсхүл талуудын хүсэлт, гомдол, өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэх журмыг хуульчилсан. Талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах асуудлыг дангаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргасныг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авах боломжгүй.

            Иймд прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцлийн 2, 3, 4, 5 дахь хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Т.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 955 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                   ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                        Н.БАТСАЙХАН