Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0383

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0347 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Ц.Б

Хариуцагч Монгол Улсын ерөнхий прокурор

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

 

Хэргийн индекс: 128/2022/0731/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0347 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Быг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 9 сар, 13 хоногийн цалин хөлсийг нөхөн гаргаж, уг цалин хөлс холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “1.  Шүүх нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Быг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 9 сар, 13 хоногийн цалин хөлсийг нөхөн гаргаж, уг цалин хөлс холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсгийн 2.9-д “Харин нэхэмжлэгчээс ажилдаа очоогүй, албан үүргээ гүйцэтгээгүй шалтгаанаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт гарсны дараа Улсын ерөнхий прокурорын газраас над руу байнга утасдаж, ажлаа өгөхийг олон удаа шаардсан учраас би ажил хийх боломжгүй нөхцөл байдалд хүрч, сэтгэл санааны дарамтад орсон учраас ёс зүйн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тайлбарлаад ажилдаа очоогүй гэсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж, 2.10-д “Энэхүү шийдвэрийн 2.9-д бичсэн байгаа Ц.Бын өөрөөс нь шалтгаалаагүй нөхцөл байдлаас болж ажлаа тасалсан, удирдлагаас ажлаа өгөхийг шахаж шаардсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй гэдэг нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт биш, нотлох баримт байхгүй, шүүх тогтоох боломжгүй гэсэн ойлголт болно” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн 3.8-д “нэхэмжлэгч Ц.Бын ажилдаа ирээгүй нь ёс зүйн дүгнэлтийн дараа гарсан үйлдэл байгаа бөгөөд үүнийгээ дарамтад орсон, удирдлагаас ажиллах нөхцөлгүй болгосон гэх тайлбарыг шүүх хүлээж авсан” гэж дурдсан нь 2.9, 2.10, 2.11-д хийсэн дүгнэлтийн агуулгатай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтгүй, тогтоох боломжгүй гэж дүгнэсэн атлаа энэ талаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбарыг хүлээн авсан гэсэн нь ойлгомжгүй байна.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас ажил шалтгаангүй тасалсан зөрчил нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон талаар тайлбарлаж, албаны шалгалт явуулсан материалыг танилцуулах, ажилдаа ирэхгүй байгаа шалтгаан болон ажилдаа ирэх эсэх талаар тодруулахаар түүний 99992782 дугаартай утас руу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрүүдэд 88887800, 88288857, 85755515 дугаартай утаснаас залгасан боловч холбогдох боломжгүй байсан, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр холбогдож “албаны шалгалт явуулж материалжуулан Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлэх болсон тул материалтай танилц” гэж хэлсэн боловч Ц.Б нь “ажлаас чөлөөлөх нь тодорхой болсон учир ажилд очихгүй, тушаал гарсны дараа ажлаа хүлээлгэж өгнө, материалтай танилцах шаардлагагүй, ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа” гэсэн тайлбар хэлсэн талаар тус прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.А-ын үйлдсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасны дагуу Ц.Бод албаны шалгалт явуулж материалжуулан Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлэх болсон, холбогдох материалтай танилцахыг мэдэгдсэн боловч өөрөө татгалзсан байх тул Ц.Быг сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд тайлбар, санал гаргах боломжийг олгосон байхад шүүх дээрх хуулийн заалтыг “...эрх нь хөндөгдөж байгаа этгээдийг заавал сонсох, түүгээр тайлбар. нотлох баримт гаргуулсны үндсэн дээр шалтгаан нөхцөлд тохирсон арга хэмжээ авах, зохицуулах, хариуцлага тооцох үзэл санааг агуулж байгаа юм” гэж хэт нэг талыг барьж, хуулийн жинхэнэ агуулгаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь үндэслалгүй байна.

3. Нэхэмжлэгч Ц.Б нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт прокуророор ажиллах хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.14 дэх заалт, мөн эрүүгийн хэд хэдэн хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг 5-7 хоногоор хэтрүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б/06 дугаар тушаалаар сахилгын “Сануулах” шийтгэл оногдуулсан ба уг шийтгэл оногдуулснаас 4 сар 26 хоногийн дараа дахин хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан зөрчлийг давтан гаргасан тул Дүүргийн ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар “Албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн дүгнэлтийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлөөс гаргасан ба дээрх баримтууд хэргийн материалд авагдсан болно. Ц.Б нь дээр дурдсан зөрчлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн Прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг давтан гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон. Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Улсын ерөнхий прокурор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 48.1.5 “прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.5-д Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн атлаа 3.6-д “Ц.Бын гаргасан зөрчлийн шинж байдлыг нь авч үзээд Ц.Б нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа буюу өөрийн хяналт тавьсан эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд прокурорын хувиар оролцохдоо яллагдагчийн талаар зохих үг хэллэг сонгоогүй нь түүнийг мэргэшүүлэх, чадавхжуулах зэрэг мэргэжлийн туслалцаа үзүүлэх шаардлагатай болохоос биш шууд прокурорын албан тушаалаас чөлөөлөх, халах үндэслэл болохгүй, зөрчилд нь тохирсон шийтгэл биш” гэж Улсын ерөнхий прокурорын эрх хэмжээнд халдсан дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “...зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “энэ хуулийн 48.1 -д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй”, Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “Прокурорын сахилгын дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын сахилгын дүрэм”-ийн 4.9-д “Прокурорт сахилгын шийтгэлийг оногдуулахдаа гаргасан зөрчлийн шинж байдал, шалтгаан нөхцөл зөрчил гаргагчийн хувийн байдал зэргийг харгалзана” гэж тус тус зааснаас үзэхэд сахилгын шийтгэлийг заавал хөнгөнөөс хүнд рүү дараалсан байдлаар оногдуулах .  үндэслэл байхгүй. Шүүхийн Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг болон мөн зүйлийн 67.1.1-67.1.5 дахь заалтын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ  хуулийн энэ заалт нь аливаа шийтгэлийг оногдуулахдаа ...хөнгөнөөс хүнд рүү нь дараалсан байдлаар оногдуулах эрх зүйн зарчмыг тусгасан хууль зүйн зохицуулалт гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй болно.

4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулиар харьяалуулсан хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлын зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэх ба тус шүүхээс Монгол Улсын ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/345 дугаар тушаалыг хууль бус, үндэслэлгүй шийдвэр гэж дүгнээгүй боловч Ц.Бод оногдуулсан “төрийн албанаас чөлөөлөх сахилгын шийтгэл хүндэдсэн” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүйн зэрэгцээ Монгол Улсын ерөнхий прокурорын эрх хэмжээнд халдсан шийдвэр гэж үзэж байна. Ц.Бод төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан Монгол Улсын ерөнхий прокурорын Б/345 дугаартай тушаалыг “прокурорын албан тушаалаас чөлөөлөх”, “төрийн албанаас чөлөөлөх” гэж хуульд байхгүй сахилгын шийтгэл оногдуулсан мэтээр бичиж дүгнэсэн. Түүнчлэн захиргааны хэргийг 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүх хянан хэлэлцэж шүүх хуралдааныг хойшлуулахдаа шүүгч Д.Эрдэнэчимэг нь “залилагч гэж хэлсний төлөө ажлаас халах үндэслэл мөн үү” гэж, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “хонь хариулдаг хүнийг хоньчин гэж дууддаг. Залилан хийсэн хүнийг залилагч гэж дуудах нь буруу юу”, “би хэргийг шийдвэрлэхдээ хэдэн сарын цалинг гаргуул гэж шийдвэрлэдэг” гэж хэлэхээс гадна шүүх хуралдааны явцад асуусан асуулт, биеийн хэлэмж бусад байдлаар шүүхээс гарах шийдвэрийн талаар урьдчилан дүгнэлт хийж, талуудад мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл шүүгч талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэг маргааныг шийдвэрлэх байтал хэт нэг талыг барьж хариуцагчийн төлөөлөгч рүү захиргааны актыг буруутгасан асуулт асуух, яриа өгүүлэх зэргээр хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэх, шүүхэд итгэх итгэлийг бууруулах нөхцөл байдал үүсгэж байсан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “хэрэг, нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлөөс батална” гэж, Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.-т  “цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх” гэж заасныг хангаж чадахгүй эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болгож байсан зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0347 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасан нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар тус хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан журмын дагуу гомдол гаргав” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн байх тул гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны Б/345 дугаар тушаалаар “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц-ын Б нь хуульд заасан албаны чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болох нь албаны шалгалтаар, “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.4 дэх хэсгийн 2.4.18, 2.4.19 дахь заалтыг зөрчсөн болох нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор тогтоогдсон гэж үзэж, түүнийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

2. Анхан шатны шүүх “... 2022 оны Б/345 дугаар тушаал нь тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзаагүй Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасантай нийцээгүй, түүнд оногдуулсан төрийн албанаас чөлөөлөх сахилгын шийтгэл хүндэдсэн...” гэж дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэл муутай болжээ.

3. Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын ерөнхий прокурор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 48.1.5-д “прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэл оногдуулна:” гээд 5 төрлийн шийтгэлийг ногдуулж болохоор заасан.

 4. Маргаан бүхий тушаалд үндэслэсэн хуулийн дээрх заалтуудаар Ерөнхий прокурорт прокурор нь мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон бол 5 төрлийн сахилгын шийтгэлээс аль нэгийг оногдуулах эрх буюу сонгох боломж олгожээ.

5. Хариуцагч нь уг бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Ц.Быг прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн, ажлаа тасалж албан үүргээ биелүүлээгүй зөрчлүүд гаргасан тул дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан “халах” шийтгэлийг сонгож оногдуулсан нь хуулийн хязгаарыг хэтрүүлээгүй, тухайн заалтыг буруу хэрэглээгүй, эрх хэмжээгээ буруу ашиглаагүй байна.

6. Гэтэл анхан шатны шүүх “шийтгэл хүндэдсэн, түүнийг мэргэшүүлэх, чадавхжуулах зэрэг мэргэжлийн туслалцаа үзүүлэх шаардлагатай болохоос албан тушаалаас халах үндэслэл болохгүй, зөрчилд нь тохирсон шийтгэл биш” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан захиргааны байгууллагын сонгох боломжийг шалгах шүүхийн хяналтын хүрээг хэтрүүлжээ.

7. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “... Улсын ерөнхий прокурорын эрх хэмжээнд халдсан дүгнэлт гаргасан, сахилгын шийтгэлийг заавал хөнгөнөөс хүнд рүү  нь дараалсан байдлаар оногдуулах үндэслэлгүй, ...” гэх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хяналтын прокуророор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо “... Г.Нэрэнчимэг бол залилагч хүн. Ойлгомжтой...”  гэж бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндэд сөрөг нөлөө үзүүлэх, зохимжгүй тодорхойлолт илэрхийлсэн, хуульд заасан албаны чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь албаны шалгалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр дүгнэлт, уг дүгнэлт гарснаас хойш ажилдаа ирээгүй талаарх тус прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.А-ын үйлдсэн тэмдэглэл /1 хавтасны 52-53 хуудас/, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын прокуроруудын хурлын тэмдэглэл / 1 хавтасны 48-50 хуудас/, 2022 оны 06 дугаар сарын цагийн бүртгэл /1 хавтас 51 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул сонгох боломжийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

9. Мөн анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн ажилдаа ирээгүй шалтгааныг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан журмыг зөрчсөн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

10.  Нэхэмжлэгчээс “ажилдаа ирээгүй нь дээрх ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн дараа гарсан үйлдэл байгаа бөгөөд дарамтад орсон, удирдлагаас ажиллах нөхцөлгүй ... болгосон, дээд шатны удирдлагаас хандаж байгаа хууль бус шаардлага нөхцөл байдалд үл тэсвэрлэж, тэднээс гаргах шийдвэрийг хүлээе гэж нэгжийн удирдлагад хэлэн ажлаа орхиж, өөрийн гэр орондоо хотод ирсэн” гэж  тайлбарласан боловч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөл Ц.Быг зөвхөн Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөнийг шалгаж тогтоох ажиллагаа явуулж дүгнэлт гаргасан нь түүнтэй хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон, эсхүл хариуцагчийн зүгээс ажлаа эрхлэх боломжгүйд хүргэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй, нэхэмжлэгчээс “... дүгнэлт гарснаас хойш удаа дараа өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчих гэж дарамталсан” гэх боловч энэ нь тогтоогдоогүйгээс гадна ажлаа тасалж, албан үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэсэн “хүндэтгэн үзэх шалтгаан” буюу “халах”-аас өөр шийтгэл оногдуулахад хүргэх үндэслэл байсан гэж үзэхээргүй байна.

11. Гэтэл анхан шатны шүүх “... Ерөнхий прокурорын шийдвэр гараагүй байхад ирж ажлаа хийхийг сануулж, шаардан утсаар холбогдох үйлдлийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Түүнийг сонсох ажиллагаа явуулсан бол одоо шүүхэд тогтоох боломжгүй нөхцөл байдлыг тогтоох, ажилдаа очих боломжгүй байгаа шалтгаануудыг арилгуулах боломжтой байсан” гэж нотлох баримтыг дутуу үнэлж, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

12. Эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, 67 дугаар зүйлийн 67.1.5-д тус тус заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/345 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ