Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Баярмаа, улсын яллагч П.Төртүвшин, иргэдийн төлөөлөгч Б.Урансанаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, хохирогч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:Аймгийн
Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д холбогдох эрүүгийн 201610000069 дугаарт хэргийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Адъяагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

 

Д.О нь Прокурорын яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Д.О нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Олон-Овооны 1 дүгээр гудамжны хойд талд 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр иргэн Ч.Б-г хутгалж хүнд  гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: Миний бие ээжтэйгээ амьдардаг. Манай найз манай гэрт 2-3 хоног хоносон. Би найзтайгаа хөдөө гэрт байж байхад манай дүү үхэр янзлаад өг гэхээр нь дүүгийнхээ үхрийг янзлах гээд Даланжаргалан суман дээр очсон. Тэгээд тэндээ унтаад маргааш өглөө нь 25 дугаар зөрлөг дээр очсон. Бид 2-ын унаж явсан мотоциклийн дугуй хагараад Ганцоож гэдэг хүний хашаанд нь мотоциклио тавьсан. Тэгээд Эрдэнэцогтынд 0.5 граммын Улаанбаатар архи уусан. Тэгээд мотоциклоо янзлаад явах гэж байтал ийм зүйл болсон. Би найзтайгаа хэрэлдэж муудалцаагүй. Өс хонзон байхгүй. Би буруугаа хүлээж байна. Маш их гэмшиж байна. Би санаандгүй найзыгаа хутгалчихсан. Б намайг хутгалчихлаа гэхэд нь би юу гэж дээ гэж хэлчихээд хартал хутгалчихсан байсан. Тэгээд эмч дуудсан. Эмч ч хурдан ирсэн. Би маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: Би О-тэй гэрт нь очоод ахынх нь мотоциклийг янзалж өгчихөөд Даланжаргалан сум орсон. Одгэрэлийн дүүгийнх нь үхэр үхчихсэн байсан. Тэр үхсэн үхэрний арьсыг нь хуулаад Даланжаргалан суманд аваачиж тушаасан. Тэгээд Даланжаргалан суман дээр хоночихоод маргааш нь 25 дугаар зөрлөг орсон. О, би ахындаа орчихоод ирье гээд явсан. Ирэхгүй болохоор нь би нөгөө ахынд нь ирсэн. Цог бид 3 хамт явж байгаад О гутланд чулуу орчихсон юм шиг байна гээд айлын хашааны ард гутлаа тайлсан. Тэгээд бид 2 зогсож байсан чинь намайг хутгалчихсан. Санамсаргүй байдлаар намайг хутгалчихсан. Гомдол санал байхгүй, хохирол төлбөрийг барагдуулсан гэв.

 

           Хохирогч Ч.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Одгэрэлийн гутланд нь чулуу орчихсон юм шиг байна гээд суугаад баруун хөлийн гутлаа тайлахад том хүрэн өнгийн иштэй хутга гарч  ирсэн. Би тэгэхээр нь чи хутганд хөлөө эсгэчихвийдээ гэж хэлэхэд чамайг дүрчихвэл яадаг юм бэ гэж хэлээд шууд босч ирээд миний зүүн хэвлийн тус газарт хүрэн өнгийн иштэй хутгаараа нэг хутгалсан. Цогюүрэн, Одгэрэлд чи хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр намайг Ганцоожийн хашаанд оруулаад амбаарын хажууд аваачиж хэвтүүлээд дээл тайлаад бүсээр миний гэдсийг ороосон. Тухайн үед Одгэрэл найзыгаа уучлаарай, би хутгалья гэж бодоогүй гээд байсан. Одгэрэл бид 2 тухайн үед хэрэлдэж муудсан, маргалдсан, зодолдож, цохилдсон зүйл бол огт байхгүй, урьд өмнө өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй, ямар шалтаг шалтгаанаас болж намайг хутгалсныг сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/,

 

            Хохирогч Ч.Б-гийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: О-д хутгалуулж Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэхэд 312 420 төгрөг, хэвтрийн памперс 3600 төгрөг, дэвсгэрийн памперс 3200 төгрөг, бинт 9100 төгрөг, оёдолын наалт 11600 төгрөг, уян зүү 3000 төгрөг, нэг удаагийн резинэн бээлий 1 хайрцаг 12 500 төгрөг, эмний мөнгө 7200 төгрөг, миний дүү Эрдэнэтуяа Даланжаргалан сумаас ирэхдээ 41 000 төгрөгөөр бензин авсан, Эрдэнэтуяа 60 000 төгрөг шилжүүлсэн, тэр мөнгөөр хоол цай зөөсөн, таксины мөнгө, төрсөн дүү Оюунтуяагийн нөхөр Даваадалай вагоноор Даланжаргалан сум Олон-Овооруу явсан зардал 4150 төгрөг, нийт 467 770 төгрөгний зардал гарсан. Энэ эмчилгээний зардалаа гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

 

Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 2 дугаар сарын 29-ний 14 цаг өнгөрч байсан. ... хашааны гаднаас Цогюүрэн намайг дуудсан. Тэгэхээр нь  би гэрийн гадаа гарахад Цогюүрэн Баасансүрэнг барьчихсан араас нь Одгэрэл дагаад орж ирсэн. Тэгээд гэрт орох гэхээр нь би нялх хүүхэд байгаа гээд амбаарын урд хэвтүүлсэн. Баасансүрэнгийн зүүн талын хэвлийн тус газраас цус гарсан дээлийг нь тайлахад зүсэгдэж хатгагдсан байсан. Цогюүрэн, “Одгэрэл Баасансүрэнг хутгалчихсан” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-н 44-45/,

 

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... амбаарын урд дээш харуулаад Баасансүрэнг хэвтүүлчихсэн байсан. Энгэрийг нь ярахад цус болчихсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

 

Гэрч Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 02 сарын 29-ний өдөр Даланжаргалан суман дээр явж байгаад нутгийн иргэд болох О, Б нартай тааралдсан. Бид 3 Даланжаргалангаас Олон-Овоо 5 дугаар багт мотоцикльтой очсон. Тэнд Ганцоож гэх айлынд ороод тэндээсээ Одгэрэл бид 2 Сэргэлэнцогтынд очсон. Удалгүй Баасансүрэн араас нь ирсэн. Тэгээд тэр айлд 1 шил 0,5 литр архи хувааж уусан. Сэргэлэнцогтын гэрээс гараад бид 3 мотоцикль байсан айлд очих гээд явж байсан юм. Би О, Б хоёрын голд явж байсан. Тэгсэн О миний өмнүүр тонгойгоод ороод ирсэн. Б-г хутгалчихлаа гэж хэлсэн. Би Б-г аваад мотоцикль байсан айлын хашаанд ороод дээш харуулж хэвтүүлээд бүсийг нь тайлж үзэхэд цус гарсан, гэдэс нь томбойгоод гарчихсан байсан. ... О гутлын түрийнээсээ хутга гаргаж ирсэн байх, би хутгалсныг нь хараагүй. Одгэрэл тонгойгоод гар нь яваад л хальт Б-д хүрэх шиг болсон. Хутгалчихна гэж би санаагүй, Б-ийн гэдсийг л хараад мэдсэн гэсэн мэдүүлэг / хх-54-55/,

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ч.Б-гийн биед хэвлийн өмнөд ханын артер гэмтээсэн хэвлий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх-н 59/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Б-ийн гэх цусанд 1,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх-н 66/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2292 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.О-ийн гэх цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. / хх-н 68/,

 

Шүүгдэгч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Цогюүрэн, Баасансүрэн гурвуулаа сундлаад Олон-Овооруу явсан. Тэгэхэд өдөр 12 цаг болж байх шиг байсан. Олон-Овоо дээр ирэхэд мотоциклийн хойд талын дугуй хагарсан, тэгэхээр нь танил айл болох Ганцоожийн хашаанд нь мотоциклоо оруулж тавиад гэрт нь ороод ус уугаад Баасансүрэн мотоциклийн дугуй засах гэж үлдээд Цогюүрэн, Өнөрбаяр бид гурав Сэргэлэнцогтын гэрт очиход тэр ганцаараа байсан. Тэгээд Сэргэлэнцогт эхнэр рүүгээ яриад 1 шил 0,75 литрийн Улаанбаатар архи авчирсан.  Тэгээд Цогюүрэн, Өнөрбаяр, Сэргэлэнцогт бид дөрөв архиа хувааж уугаад дуусч байтал Баасансүрэн гаднаас орж ирсэн. Тэгээд архиа ууж дуусгаад Сэргэлэнцогтын гэрээс бид нар гарсан. Харин Сэргэлэнцогт гараагүй. Цогюүрэн, Баасансүрэн бид 3 алхаад мотоциклио авах гээд Ганцоожийн гэрийн ард ирээд би баруун талын гутлын түрийнд байсан хүрэн өнгийн иштэй хутгаа гаргаад Баасансүрэнгийн зүүн талын хэвлийн тус газар хутгалсан. Тухайн үед би их согтуу байсан учраас яагаад хутгалснаа мэдэхгүй байна. Хутгаа бариад хэвлийн тус газарт нь л хутгалж байснаа санаж байна. Баасансүрэн бид 2-ын хувьд найз нөхөд байгаа юм. Бид 2 тухайн өдөр болон урьд өмнө нь огт маргалдаж, муудалцаж байгаагүй. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 98-104/,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-4/,

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /хх-н 32-33/,

 

            Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-121-130, 134/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 105-106/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Д.О- нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Олон-Овооны 1 дүгээр гудамжны хойд талд хохирогч Ч.Б-г хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу  олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би найзтайгаа хэрэлдэж муудалцаагүй. Өс хонзон байхгүй. Би буруугаа хүлээж байна. Маш их гэмшиж байна. Би санаандгүй найзыгаа хутгалчихсан. Б намайг хутгалчихлаа гэхэд нь би юу гэж дээ гэж хэлчихээд хартал хутгалчихсан байсан...  гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цог бид 3 хамт явж байгаад О гутланд чулуу орчихсон юм шиг байна гээд айлын хашааны ард гутлаа тайлсан. Тэгээд бид 2 зогсож байсан чинь намайг хутгалчихсан. Санамсаргүй байдлаар намайг хутгалчихсан. Гомдол санал байхгүй, хохирол төлбөрийг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... О-ийн гутланд нь чулуу орчихсон юм шиг байна гээд суугаад баруун хөлийн гутлаа тайлахад том хүрэн өнгийн иштэй хутга гарч  ирсэн. Би тэгэхээр нь чи хутганд хөлөө эсгэчихвээ гэж хэлэхэд чамайг дүрчихвэл яадаг юм бэ гэж хэлээд шууд босч ирээд миний зүүн хэвлийн тус газарт хүрэн өнгийн иштэй хутгаараа нэг хутгалсан...гэсэн мэдүүлэг ,

 

Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 2 дугаар сарын 29-ний 14 цаг өнгөрч байсан. ... Баасансүрэнгийн зүүн талын хэвлийн тус газраас цус гарсан дээлийг нь тайлахад зүсэгдэж хатгагдсан байсан. Цогюүрэн О Б-г хутгалчихсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... амбаарын урд дээш харуулаад Баасансүрэнг хэвтүүлчихсэн байсан. Энгэрийг нь ярахад цус болчихсон байсан.. гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

 

Гэрч Цогюүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би О Б 2-н голд явж байсан. Тэгсэн О миний өмнүүр тонгойгоод ороод ирсэн. Б-г хутгалчихлаа гэж хэлсэн. Би Б-г аваад мотоцикль байсан айлын хашаанд ороод дээш харуулж хэвтүүлээд бүсийг нь тайлж үзэхэд цус гарсан, гэдэс нь томбойгоод гарчихсан байсан. ... О гутлын түрийнээсээ хутга гаргаж ирсэн байх, би хутгалсныг нь хараагүй. О тонгойгоод гар нь яваад л хальт Б-д хүрэх шиг болсон. Хутгалчихна гэж би санаагүй, Б-гийн гэдсийг л хараад мэдсэн гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ч.-гийн биед хэвлийн өмнөд ханын артер гэмтээсэн хэвлий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2292 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.О-ийн гэх цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ,

 

Шүүгдэгч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ... Ц, Б бид 3 алхаад мотоциклио авах гээд Ганцоожийн гэрийн ард ирээд би баруун талын  гутлын түрийнд байсан хүрэн өнгийн иштэй хутгаа гаргаад Б-гийн зүүн талын хэвлийн тус газар хутгалсан. Тухайн үед би их согтуу байсан учраас яагаад хутгалснаа мэдэхгүй байна. Хутгаа бариад хэвлийн тус газарт нь л хутгалж байснаа санаж байна. Б бид 2-ын хувьд найз нөхөд байгаа юм. Бид 2 тухайн өдөр болон урьд өмнө нь огт маргалдаж, муудалцаж байгаагүй. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

           

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О-ийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь хэдийгээр шалтаг шалтгаангүйгээр, ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй үедээ хохирогчийг хутгалсан гэж мэдүүлсэн боловч танхайрах гэмт хэргийн гол шинж болох нийгмийн хэв журмыг журмыг бүдүүлгээр зөрчсөн объектив шинж энэ гэмт хэрэгт тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

  • үгдэгч Д.О-ийн зүгээс хохирогчийг хутгалахаас өмнө нийгмийн хэв журмыг ямар нэгэн байдлаар алдагдуулсан, хэн нэгэн рүү орилж, хашхирсан, халдан довтолсон, бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл гаргаагүй байна.

 

Иймд хүндрүүлэх нөхцөл буюу танхайн шинжгүйгээр Ч.Б-гийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан байх тул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгчО-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч үзэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй, нийт 24 см урт, ажлын хэсэг 13 см урт, бариул 11 см урт хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаархорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, ял шийтгэл эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч О-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

 

5.Шүүгдэгч Д.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүгий иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй, нийт 24 см урт, ажлын хэсэг 13 см урт, бариул 11 см урт хутга 1 ширхэгийг устгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                     Х.ГАНБОЛД

                                                                                          

                                    ШҮҮГЧИД                                     Н.АДЪЯА

 

                                                                                          Д.АДЪЯАСҮРЭН