Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/462

 

 

                                                           

 

 

 

 

 

2021           08          09                                   2021/ШЦТ/462

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Ц.Хулан /томилолтоор/,

Шүүгдэгч: Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Ч-д холбогдох эрүүгийн 1811 0278 61037 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Толгойт 84 дүгээр гудамж 12а тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Н.Ч

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 27-hSi орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатр дотор хохирогч Д.Алгирмаад “гар утсаар чинь ярьчхаад өгье” хэмээн хуурч, зохиомол" байдлыг зориудаар бий болгож 150.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Жи-3 загварын гар утсыг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Д.Алгирмаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Тэнгис кино театрт намайг ажлаа хийж байхад манай тоглоомын төвөөр байнга үйлчлүүлдэг Н.Ч гэх эрэгтэй 20 цаг өнгөрч байхад орж ирж тоголсон юм. Тэгээд 22 цаг өнгөрөөд манайх хаахаар болоод ажилчид нь цэвэрлэгээгээ хийгээд байж байтал Н.Ч танай нөхөр чинь ирэх юм уу? Манай найз ирдэггүй унааны мөнгө өгөх ёстой. Би танай нөхөр та 2-т дайгдаад гэрлүүгээ дөхөөд буучиж болох уу гэсэн. Би зөвшөөрөөд манай нөхрийг иртэл байж бай гэрлүү чинь дөхүүлэд өгье гэж хэлтэл би нөхрийг чинь иртэл гар утсаар чинь фэйсбүүк орж байя гэхээр нь би гар утсаа өгчихсөн юм. Тэгээд 20-30 минут миний хажуу талд зогсоод rap утсаар фэйсбүүк орж байгаад одоо хаах болж байгаа юм чинь би rap утсаар чинь үүдэнд гараад утсаар ярьчхаад ирье гээд гараад явсан тэр чигээрээ миний утсыг аваад алга болчихсон

“...Өөрийнхөө тухайн үед барьж байсан утас ру хүний утсаар залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Миний утас дүүрэн цэнэгтэй байсан. Ингээд би 2 өдөр утсыг минь аваад ирэх болов уу гээд хүлээсэн. Тэгээд Тэнгист өмнө ажиллаж байсан охиноор дамжуулаад фэйсбүүкээр нь холбогдоход одоо очлоо, очиж байна гэх зэргээр худал хэлсээр өнөөдрийг хүртэл миний гар утсыг надад өгөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 15-17-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ “...комиссын үнэлгээний дүн 150.000 төгрөг” /хавтаст хэргийн 7-р хуудас/

Шүүгдэгч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэнгис кинотеатрын тоглоомын төвд бүжиглэдэг тоглоом тоглохоор орсон. Ингээд 3 цаг орчим тоглоод оройны 21 цагийн үед заалны ажилтан Алгирмаа гэх охины самсунг галакси жи 3 загварын гар утсаар нь фэйбүүк ороод өгье гэж хэлээд авсан. Миний хувьд Тэнгисээр байнга үйлчлүүлдэг учраас ажилчид нь ихэнх нь намайг таньдаг юм. Ингээд Алгирмаагийн утсыг ашиглаж байтал Алгирмаа цэвэрлэгээгээ хийлээ гэхээр нь би дээшээ заал руу хүлээлгийн танхимд сууж байя гэж хэлээд дээшээ гараад сууж байтал Алгирмаагийн утасны цэнэг дуусчихсан тэгэхээр халаасандаа хийгээд хүлээгээд сууж байсан чинь гаднаас манай найз орж ирээд хамт явж тоглоё гэхээр нь дагаад гарсан. Би гарахдаа Алгирмаагийн утсыг мартаад тэр чигт нь аваад явчихсан байсан. ингээд найзтайгаа хамт тоглож байхад миний халаас хүнд байхаар нь халаасаа шалгаж үзэхэд Алгирмаагийн утас гараад ирсэн. тухайн үед би өлсөөд байсан учраас Монгол улсын их сургуулийн түцэнд ороод Апгирмаагийн утсыг барьцаалаад идэж, уух юм авчихсан. Тэгээд маргааш нь авах гэсэн боловч мөнгө олдоогүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49-р хуудас/,

Шүүгдэгч Н.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 52-54-р хуудас/,

Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн орлогын ордер “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 150.000 төгрөгийг Нарансувдын Н.Ч хохирол барагдуулах” гэх утгаар шилжүүлсэн баримт зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.

Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театр дотор үйл ажиллагаа явуулах тоглоомын төвд хохирогч Д.Алгирмаад “гар утсаар чинь ярьчхаад өгье” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Алгирмаагийн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Н.Чий мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ч нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Н.Ч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ч нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 150.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн орлогын ордер “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 150.000 төгрөгийг Нарансувдын Н.Ч хохирол барагдуулах” гэх утгаар байршуулсан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 150.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 8-294 тоотод оршин суух хаягтай, Бээс овгийн Дарийсүрэнгийн Алгирмаа /РД:УК95052587/-д олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна. Шүүгдэгч Н.Чий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь тус тус заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ч-д оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 5 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Н.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ч-д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн барьцааны Төрийн сангийн 100900005406 данснаас 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 8-294 тоотод оршин суух хаягтай, Бээс овгийн Дарийсүрэнгийн Алгирмаа /РД:УК95052587/-д олгосугай.

6. Шүүгдэгч Н.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР