Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/516

 

 

 

2021         07         30                                    2021/ШЦТ/516

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,

Хохирогч: Э.Х, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгч: Э.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүен овогт Эын Эт холбогдох эрүүгийн 2003 00000 0317 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 00-00тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Гүен овогт Эын Э /РД:00000/,

 

Холбогдсон хэргийн талаар Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Дарь эх явах шинэ замд “Toyota 4-Runner” маркийн 03-33 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Э.Хыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

“Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Дарь эх явах шинэ замд “Toyota 4-Runner” маркийн 03-33 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Э.Хыг мөргөж бие махбодод хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 17-ны орой 21 цаг 20 минутын үед 17-н уулзвараас дахь эх явах шинэ замын дунд хавиар гарч ертөнцийн зүгээр баруунаас зүүн тал руугаа чиглэж явсан. ...300 орчим метр яваад явган хүний зохицуулагдаагүй гарч гарч ирсэн. Тухайн үед ...хүн байхгүй байсан. ...автобусны хойд хэсгээс ташуу чиглэлтэй нэг хүн гүйгээд гараад ирсэн. ...тухайн хүнийг мөргөсөн. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд нийт 7 сая гаран төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. ...хохирогчтой уулзаж боломжоороо тусалж байгаа...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178 дугаар хуудас/,

Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ...21 цагийн үед гэрээсээ гарч 17-н автобусны буудлын дахь эх явах шинэ замын арын ...явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарсан. ...нэг машины хойгуур нь тойроод үргэлжилсэн шугам дээр 2 алхаад хүртэл миний баруун талаас нэг машин ирээд мөргөчихсөн. ...тэгээд сэрэхэд газар уначихсан байсан. ...миний баруун гарын бугалга хэсэг хугарсан, аарцаг хугарсан, толгойн суурь ясны хугарал гэсэн гэмтэлтэй байгаа. ...эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. .... 2020 оны 08 дугаар сарын 17-нд осол болсон. Ослын дараа би сэргэхэд бие хөндүүртэй, маш их зовуурьтай сэрсэн. Ослоос эмнэлэг хүрэх газарт маш их удаан явсан бас маш их өвдөлт мэдэрсэн. Эмнэлэгт бас өвчин мэдэрсэн. Өвчин намдаах тариа байнга хийлгэсэн. Сэхээнд байхдаа юу ч ойлгоогүй. Тэгээд удалгүй бие дээрдээд энгийн тасагт орсон. Хамгийн цочирдмоор зүйл миний биед учирсан гэмтэл байсан. Толинд харахаас айдаг байсан. ...энэ бүх хугацаанд ээж маань миний хажууд байж бүх зүйлийг хамт мэдэрч байсан. Ослын дараа миний бие хөдлөхгүй байсан тул 3-4 сар хэвтэрт байсан. Эмэгтэй хүний хувьд ...юу ч хийж чадахгүй байх үнэхээр хэцүү. Би босдог болсон хэдийн ч ганцаараа явах хэцүү байгаа. Би зарим зүйлээ мартдаг. Би сургуульд сурч чадах эсэхээ мэдэхгүй байна. Би өвдсөнөөс болж манай гэр санхүүгийн хямралд орсон. Гэрт нэг өвчтэй зовлонтой хүн байхад ямар хэцүү байдаг билээдээ. ...би биеэрээ хохирсон, яс бороолж байгаа ч ослын хүндрэл надад хэдэн жилийн дараа хүнд тусна. Би дөнгөж 18 настай. Би айж түгшсэн байдалтай байгаа. Хохирлын хувьд 7 сая гаран төгрөг авсан. Одоо 8 сая орчим төгрөг авна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ талаар өмгөөлөгч тодорхой хэлэх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар хуудас/

Гэрч Э.Ширмэнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 21 цагийн үед өөрийн нагац дүү болох Хтай утсаар яриад ...явган хүний гарц дээр хүлээгээд байж байсан. ...дүү Х зам хөндлөн гарч байтал гэнэт нэг 03-33 УАН улсын дугаартай машин хурдтай ирээд баруун талаас нь мөргөөд цааш шидэгдсэн. ...би очсон чинь их эвгүй байрлалтай хэвтэж байсан. ...тэгээд 103 руу дуудлага өгсөн.  ...Хын аарцгийн яс  газраараа хугарсан. Мөн баруун гарын бугалга хэсэг нь хугарсан. Толгой гэмтсэн гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9509 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Хын биед гавлын баруун чамархай ясны далд хугарал, аарцгийн баруун талын сүүжний дэлбээ яс, баруун суудал ясны доод салааны дэлд хугарал /Мальген хэлбэрийн хугарал/, баруун гарын атгаал ясны далд хугарал, тархи доргилт, зулай, дагзны хуйх, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 146-148 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3677 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Тоyota 4-Ranner маркийн 03-33 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 52.3 км/цаг хурдтай явж байсан байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 126-128 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаанд “...Жолооч Эын Э нь Тоёота 4-Раннер маркийн 03-33 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 45224 дугаартай дүгнэлтэд тусгагдсан стандартын шаардлага хангаагүй байгаа зөрчлүүд нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. ...явган зорчигч Эрдэмтуяа овогтой Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 141-142 дугаар хуудас/,

“Мастер Үнэлгээ” ХХК-ны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20/020 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэг: “...samsung фирм galagsy А20S загварын гар утас 450,000 төгрөг, bolun фирмийн бугуйн цаг 21.000 төгрөг нийт 471.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх-ийн 165-167 дугаар хуудас/,   

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 4-13, 19-22 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас/,

Тээврийн Цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хохиролтой холбоотой баримтууд / 1 дүгээр хх-ийн 51-67, 86-99, 2 дугаар хх-ийн 50-88, 93, 96, 102-105 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Энхтүвшингийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 182 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /190-193 дугаар хуудас/, түүний хувийн байдлын талаар гэрч Э.Энхзул, С.Хын нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Э.Хыг мөргөж бие махбодод хүнд зэргийн гэмтэл учруулсан нь шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9509 дугаартай, мөн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3677 дугаартай дүгнэлт /хх-ийн 126-128 дугаар хуудас/,  мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаа, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон нөхцөл байдлаар шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул шүүгдэгч Эын Эийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

            Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд:

            Хохирогч Э.Х нь эмчилгээний зардал, эд зүйлийн хохирол, хор уршигт нийт 16.474.016 төгрөгийг шүүгдэгч Э.Эээс нэхэмжилж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар эмчилгээ хийлгэсэн эм тарианы зардал, түүнтэй холбогдон гарсан такси үйлчилгээ, шатахууны болон утасны нэгж, хувцасны үнэ зэрэгт нийт 2.598.446 төгрөг,

            Эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон /гар утас, цаг/ хохиролд 471.000 төгрөг,

            Хохирогч Э.Хыг асарсан ээж Я.Эрдэмтуяагийн дутуу олгогдсон 3 сарын хугацааны цалингийн болон амралтын зөрүү нийт 2.826092 төгрөг, нийт 5.895538 төгрөг тус тус тогтоогдож байна шүүх үзлээ.  

            Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгч Э.Э нь нийт 7.911470 төгрөгийг хохирогчид өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Эийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

            Хохирогч хохиролтой холбогдуулан “...мах, ...хүнс авсан, ...эмч нарт хоол авч өгсөн...” гэх мэт болон  өмгөөлөгчийн зардал төлсөн гэх баримтыг тус тус гаргаж өгсөн байх бөгөөд эдгээр зардлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон” шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.  

            Харин хохирогч Э.Х нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар  тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүхэд гаргаж байна. Тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирол хор уршгийг арилгах арга хэмжээ авхуулах үүргийг хүлээлгэж, мөн 2.5-д заасан үүргийг хүлээлгэх саналыг оруулж байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч О.Баярбаясгалан саналдаа: “...Гэм буруу дээр маргахгүй. Хохирогчийн хохирол, хор уршигт нийт 5.484.445 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Үүнээс хохирогчид 7.911.470 төгрөгийг төлсөн. ...иймд бусдад төлөх төлбөргүй байна. Харин цаашид гарах зардлыг төлнө. ...Иймд Өршөөлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх зүйл ангид тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл анги маань өөрөө орж байгаа. Иймд Өршөөлийн хуульд хамруулж ялаас хэлтрүүлж өгнө үү...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг саналдаа: “...Шүүгдэгч гэм буруугийн асуудал дээр маргаангүй байна. Одоо нийт 8.562.546  төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг хохирлыг гаргуулж, цаашид гарах зардлыг шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх санал, дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Эт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Эийн холбогдсон гэмт хэрэг нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамарч байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Эийн №317195 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Эт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гүен овогт Эын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Эт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Хохирогч Э.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Эийн №317195 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Аззаяад даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Эт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТСАЙХАН