Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/484

 

2021       07        21                                     2021/ШЦТ/484

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч М.Тодмагнай, түүний өмгөөлөгч Н.Батцэнгэл,

Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Х.Даваахүү нарыг оролцуулан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оийн А,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олгод овогт Нийн Д нарт холбогдох эрүүгийн 2003 00473 0423 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Боржигон овогт Оийн А, Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар 000000,
  2.   Олгод овогт Нийн Д, Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ган замын 2 дугаар хэсэг гудамж, 3 дугаар байр, 17 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар 000000,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

 

Яллагдагч О.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй “Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин мотоцикл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Шангрилла Молл төвийн хойд замд “Ямаха” маркийн 32-45 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодох явахдаа мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ...” 1.1- хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.5в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчин “үргэлжилсэн шугам /1.3 тэмдэглэл/-г давж эргэснээс Н.Дын жолоодон явсан “Тоёота Акуа” маркийн 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явах замд аюултай байдал бий болгосон бөгөөд жолооч Н.Д нь мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс зорчих хэсгийн захад мотоциклтэй зогсож байсан М.Тодмагнайг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

“Шүүгдэгч О.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй “Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин мотоцикл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Шангрилла Молл төвийн хойд замд “Ямаха” маркийн 32-45 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодох явахдаа мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ...” 1.1- хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.5в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчин “үргэлжилсэн шугам /1.3 тэмдэглэл/-г давж эргэснээс Н.Дын жолоодон явсан “Тоёота Акуа” маркийн 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явах замд аюултай байдал бий болгосон,

Шүүгдэгч Н.Д нь мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс зорчих хэсгийн захад мотоциклтэй зогсож байсан М.Тодмагнайг мөргөж бие махбодод хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч О.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн үед бороотой байсан тул би нэлээн удаан явж байсан. Шангрилла зүг рүү эргээд харахад Тодмагнай надаас түрүүлээд ирсэн байхыг би олж харсан. Тэгээд буцаж эргээд дэргэд нь очиж зогсоё гэж бодоод эргэн тойрноо хартал эсрэг урсгалаас ямар ч машин байгаагүй. Шангриллагийн цаана гэрлээ асаасан машин зогсож байгаа буюу 2 хүн бууж байгаа эсвэл сууж байгаа харагдаж байсан. Тэгээд би зогсож байна гэж бодоод Тодмагнайгийн зүг харцаа шилжүүлээд эргэх гэж байхад баруун талаас машин орж ирж мөргөсөн. Би яаж унасан эсэхээ сайн санахгүй байна. Намайг сэрэхэд миний толгой машины доор орсон, хөл хөдлөхгүй байсан. Тэгээд би Тодоог замын цаанаас намайг харсан байх гэж бодоод Тодоо гээд дуудахад ердөөсөө хариу өгөхгүй байсан. Хэд хэдэн удаа дуудахад өөдөөс тодоо миний хөл хугарчихлаа гэж орилсон. Тэгээд би Тодоог бас гэмтсэн байна гэж мэдсэн. Ингээд бид хоёр түргэний машин иртэл байрандаа хэвтэж байсан. ...Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Хохирогчид эмчилгээний зардал гэж мөнгө өгсөн. Мөн мотоциклийг нь засаж өгсөн... ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 10 сарын 25-26-нд шилжих Шангрила зочид буудлын хойд талын шөнө баруунаас зүүн тийш замын хөдөлгөөнд оролцож байсан. Гэтэл А гэж хүний буруутай үйлдлээс болж би хохирсон. Намайг ч хэцүү байдалд оруулж, найз Тодмагнайг ч бас хүнд байдалд оруулсан. Хэн хэнийгээ л хэцүү байдалд оруулсан. А гэж хүний үйлдэл нь жолоодох эрхгүй үед замын хөдөлгөөнд оролцсон. Эсрэг урсгалаас машины өөдөөс орж ирсэн. Тухайн үед болсон үйлдлийг хянаж миний оролцоог бодитоор тогтоож, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт шүүхэд итгэж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.А, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...энэ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна..., би энэ хэрэгт хүний биед учруулсан гэмтэл эд материалын хохирол байхгүй..., харин жолооч Н.Д нь миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанд гомдолтой байна.  ...би энэ хэрэгт зөрчлийн хууль зөрчсөн болохоос гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 173 хуудас/,

Шүүгдэгч Н.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 09-р сарын 26-ны шөнө 03 цагийн орчимд Шангриллагын хойд талаас хоёр хүн суулгаад явах үед зам чөлөөтэй байсан, тэгсэн зүүн гар талаас хав хар юм ороод ирсэн, би айж сандарсандаа баруун гар тийшээ дарсан, тэгсэн дахин л бас нэг хүн ороод ирсэн, тэгээд л юу болсныг мэдэхгүй байгаа. Тухайн үед би аюул саадыг зайлуулж баруун гар тийшээ дарсан. Ослын дараа 103 ирсэн, дараа нь 102 ирсэн, 102, 103-д дуудлагыг тэнд байсан хүмүүсийг өгөөрэй гэж хэлээд өгүүлсэн. 103 ирээд хоёр мотоциклын жолоочийг аваад явсан, дараа нь цагдаа нар ирсэн. 102 цагдаа нар ирээд намайг архи уусан эсэхийг шалгаад эрүүл гэж хэлсэн, энэ үед мотоциклын жолоочийн ар гэр найз нөхдүүд нь байсан, уг хүмүүс мэдэж байгаа. Тэгээд 06 цагийн үед Замын цагдаа
дээр ирж мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөх үед миний ослын шок арилаагүй байсан. Ослын газарт ирсэн эмэгтэй цагдаа бичлэгийг үзээд тухайн үед таны буруу байхгүй юм байна гэж хэлж байсан. Ослын газарт автомашинаа тавьсан байсан, осол болох үед мөргүүлсэн Альфарт маркийн автомашины жолооч ахмад Азбаярт мэдүүлэг өгөөд гарч ирээд намайг буруугүй юм байна шдээ гэж хэлж байсан. 2020 оны 09-р сарын 26-ны өглөө 09 цагт ахмад Азбаярын дуудсанаар дахин ирэхэд нөгөө хоёр жолоочийн цусны дээж гээд шилтэй цус үзүүлсэн. Мөн машины үнэлгээний тогтоол өгсөн, би тогтоолын дагуу үнэлгээ хийлгэсэн. Би энэ зам тээврийн осолд ямар ч буруугүй, замын хөдөлгөөний дүрмээрээ явж байхад
урдуур мотоцикл урсгал сөрж орж ирснээс осол гарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 243 хуудас/,

Хохирогч М.Тодмагнайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 цагийн үед над руу найз А утсаар яриад Сүхбаатарын талбайн урд талын Шангрилла дээр уулзая гэхээр нь ...би түрүүлж очоод автомашины зогсоол дээр утсаа оролдоод зогсож байсан. Тэгтэл зүүн хөлрүү машин ирж мөргөсөн. Мөргүүлээд мотоциклтойгоо замын хашлага руу унасан байсан. хөл гар хөдөлж чадахгүй байсан. Аийн эзэмшлийн мотоциклийг ...гуйж аваад унаж байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Иргэний, нэхэмжлэгч, хариуцагч Б.Ролмоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тоёота Акуа  маркийн 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин. ...ослын улмаас урд салхины шил хагарсан. Урд хоёр их гэрэл хагарсан, урд буфер хагарсан, гопуд онгойсон байсан. Би Дт машин барих зөвшөөрөл өгсөн. ...Би Дыг буруутай гэж үзэхгүй байна. ...Зүгээр замаараа явж байсан Дын өмнүүр орж ирж замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж дараа дараагийн хүнд асуудлыг үүсгэсэн. ...машины хохирлыг А төлөх ёстой. ...Ад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар хуудас/,

Иргэний, нэхэмжлэгч, хариуцагч Б.Анхболдын мөдрөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 02 цагийн орчим найз А Ямаха маркийн 32-45 УБ улсын дугаартай мотоциклийг ...надаас аваад удалгүй осолд орсон байна лээ. ...А мотоциклийг авах талаар өдөр нь  надад хэлж байсан. ...уг мотоциклийг найз Ш.Энхтулгаас худалдаж авсан. Нэрээ шилжүүлж чадаагүй байгаа. ...жолоочийн хариуцлагын болон бусад даатгал байхгүй. Хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-58 дугаар хуудас/,

Иргэний  нэхэмжлэгч С.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би машинаа Шангриллаа төвийн ертөнцийн зүгээр хойд талд нь буюу баруунаас зүүн чиглэлтэй явах замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавиад орсон. ...03 цагийн орчим ...танихгүй дугаараас таны машины араас машин мөргөсөн байна. ...Тоёота Альфард маркийн 73-94 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм. ...хойд багаж онгойж хаагдахгүй, яндан эвдэрсэн байсан. ...машины хохирол барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Б.Заяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 цагийн орчим ...найз Билгүүний хамт такси барьсан. ...арын суудалд суусан. ...суугаад удалгүй түс тас хийх чимээ гарсан. Билгүүн урд талын сандал мөргөсөн. Би мөргөөгүй. ...сууж явсан машины урд талын шил хагарсан. ...машин их хурдтай яваагүй. ...би 103 дуудлага өгсөн. ...автомашинаас буугаад харах үед зам дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. ...бэртэл учраагүй тул эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/,

Гэрч М.Билүүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...найз Заяагийн хамт Шангриллагийн арын замаас такси бариад арын суудал дээр суусан. Таксинд суугаад дөнгөж хөдлөөд удаагүй байхад түс, тас хийж чимээ гарсан. Машины салхины шил хагарсан байсан. Заяа бид хоёр шууд буугаад харахад машины урд талд мотоциклтой хүн зам дээр хэвтэж байсан. ...Заяа утсаараа эмнэлэгт дуудлага өгсөн. ...тэгээд бид хоёр шууд явсан. ...миний биед гэмтэл учраагүй. Заяа бид хоёрыг суугааад 100 орчим метр хүрэхгүй яваад осол болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас/,

Гэрч Б.Одсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 цагийн орчим найз залуу О.А над руу өөрийнхөө дугаараас залгаад ...Шангриллагын хойд талын зам дээр машинд мөргүүлчлээ гэхээр нь би ...103 дуудлага өгсөн. Ослын газар дээр очиход ...103 ирсэн. Тодмагнайг үзээд дамнуурга дээр хэвтүүлээд автомашин руу зөөж байсан. О.А хоёр машины цаана зам дээр мотоциклийн хажууд хэвтэж байсан. ...Акуа маркийн машин 1 дүгээр эгнээнд уг эгнээнд зогсож байсан Альфард маркийн машины баруун хойд хэсэг рүү мөргөсөн байдалтай байсан. О.А нь айлын том. Доороо эх нэгтэй нэг эрэгтэй эцэг нэгтэй нэг охин дүүтэй. Аав нь нас барсан. ...зан байдлын хувьд даруу найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Гэр бүлдээ халамжтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрэээлэн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11164 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: М.Тодмагнайн биед зүүн шаант, тахилзуур ясны ил бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.120-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийн хариулт хэсэгт: “...Тоёота Акуа маркийн 18-03 УБӨ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйнуудын тоормосны хүчний зөрүү зогсоолын тормос, дугуйн хээний гүний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын тохиргоо, жолооны механизм явах эд анги, дуут дохио зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Зүүн их гэрлийн хол ойрын тусгалын эрчим стандартын шаардлага хангагүй байна. Урд бүфэр байхгүй, төмөр бампер гулзайсан, зүүн гэрэл бүрэн хагарсан салхины шил зүүн цацарч хагарсан зэрэг гэмтэлтэй байна. Дээр дурдсан гэмтлүүд нь зам тээврийн осол хэрэг болох үед үүссэн байх боломжтой. Хяналт үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад шингэн дамжуулгатай АВS системтэй байх ба урд болон хойд хоёр дугуйнуудын тооромосны хүчний зөрүү зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна...”  гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №169 дугаартай магадлагааны тогтоох хэсэгт “...Yamaha маркийн 32-45 УБ улсын дугаартай мотоциклийн жолооч О.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 2 дугаар хавсралт ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ 1. Хэвтээ тэмдэглэл 1.3 “ (үргэлжилсэн хос шугам) -дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.4, 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Т.Аgua маркийн 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Yamaha V Max маркийн 52-26 УРА улсын дугаартай мотоциклийн жолооч М.Тодмагнай нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт ЗАМЫН ТЭМДЭГ 2. Хориглох тэмдэг. 2.27 “Түр зогсох хориотой” тээврийн хэрэгслийг түр ба удаан зогсолыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Т.Alphard маркийн 73-94 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Билэгсайхан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт ЗАМЫН ТЭМДЭГ 2. Хориглох тэмдэг. 2.27 “Түр зогсох хориотой” тээврийн хэрэгслийг түр ба удаан зогсолыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдгэлгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаа болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/,

“Хас Үнэлгээ” ХХКомпани Автомашины техникийн үнэлгээний 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1042 дугаартай дүгнэлтэд: “..toyota Agua 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ...шууд зардлын дүн 4115000 төгрөг, шууд бус зардлын дүн 100.000 төгрөг, нийт дүн 4.215.000 төгрөг” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 107-109 дүгээр хуудас/,

“Вендо” Хөрөнгийн үнэлгээний компни 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланд “...73-94 УАА улсын дугаартай Toyota Alphard тээврийн хэрэгсэлд ...шууд зардал 2.260.000 төгрөг, шууд бус зардал 235000 төгрөг нийт 2495000 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайланд “...Yamaha T-Max маркийн 52-26 УРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ...шууд зардлын дүн 450,600 төгрөг, шууд бус зардлын дүн 20.000 төгрөг, нийт дүн 470600 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 2 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 7-14, 19-24 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Тээврийн Цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газа дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Бичлэг бүхий 1  ширхэг сиди, түүнд үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч О.Аийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, Жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.А нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...тээврийн хэрэгсэл жолоодох;

мөн дүрмийн 2 дугаар хавсралт ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ 1. Хэвтээ тэмдэглэл 1.3 “ (үргэлжилсэн хос шугам) -дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.4, 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн,

Шүүгдэгч Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн Цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, бичлэг бүхий 1  ширхэг сиди, түүнд үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №169 дугаартай магадлагаа, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч М.Тодмагнайн биед зүүн шаант, тахилзуур ясны ил бяцарсан хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан ба энэ нь шүүгдэгч О.Аийн  “(үргэлжилсэн хос шугам) ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Н.Дын жолоодож явсан “Тоёота Акуа” маркийн 18-03 УБӨ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар шүүгдэгч Н.Д нь “хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж цаашид хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн үйлдлээс бий болсон, уг хор уршиг нь шүүгдэгч О.А, Н.Д нарын үйлдлийн шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч нарыг хууль зүйн хувьд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Харин шүүгдэгч О.Аийн биед шагайн үений дотор хавчаар яс буюу шаант ясны доод сэртэнгийн далд хугарал, баруун хөлийн шилбэ, тахим, тавхайнд цус хурал баруун шагайнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11165 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд энэ нь шүүгдэгч О.Аийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 2 дугаар хавсралт ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ 1. Хэвтээ тэмдэглэл 1.3 “ (үргэлжилсэн хос шугам) -дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.4, 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас үүссэн байх тул уг хохирол, хор уршигт бусдыг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч О.А нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул шүүгдэгч О.А, Н.Д нарыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон нөхцөл байдлаар шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”,

шүүгдэгч Н.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг,

шүүгдэгч Н.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд:

            Хохирогч М.Тодмагнай нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, түүнтэй холбоотой гарсан бусад зардал нийт 1.848.500 төгрөг нэхэмжилж байх ба хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна.

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ролмоо нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Би Н.Дт машин барих зөвшөөрөл өгсөн...” /1 хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ гэж, шүүгдэгч Н.Д нь уг “Тоёота Акуа” маркийн 18-03 УБӨ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн өмчлөгч нь Р.Ролмоо гэж тус тус мэдүүлсэн байна.  

Шүүгдэгч Н.Д нь “хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж цаашид хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн үйлдлээс:

  • Хохирогч М.Тодмагнайн эрүүл мэндэд 1.848.500 төгрөгийн хохирол,
  •  Иргэний нэхэмжлэгч С.Билэгсайханы Тоёота Альфард маркийн 73-94 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 2.495.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

            Иргэний нэхэмжлэгч С.Билэгсайханы эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь түүний Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт ЗАМЫН ТЭМДЭГ 2. Хориглох тэмдэг. 2.27 “Түр зогсох хориотой” тээврийн хэрэгслийг түр ба удаан зогсолыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслийг байршуулсан буруутай байх тул уг хохирлыг иргэний нэхэмжлэгч С.Билэгсайхан, иргэний хариуцагч Б.Ролмоо нар тэнцүү хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

            Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “...тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлсэн бол бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэг хүлээнэ...” гэж заасан тул хохирогч М.Тодмагнайн эрүүл мэндэд учирсан 1.848.500 төгрөгийн хохирлыг, иргэний  нэхэмжлэгч С.Билэгсайхан учирсан 2.495.000 төгрөгийн хохирлын тал хувь болох 1.247.500 төгрөгийг “Тоёота Акуа” маркийн 18-03 УБӨ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэний хариуцагч Б.Ролмоогоос гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгох нь зүйтэй байна.

            Иргэний хариуцагч Б.Ролмоогийн Тоёота Акуа” маркийн 18-03 УБӨ улсын дугаартай автотээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хувьд хэрэгт авагдсан “...бичлэг бүхий сиди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд....” зэргээр О.Аийн унаж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх явцад үүссэн гэж үзэх боломжгүй байна. Иймд тус хохирлыг өөр бусад этгээд хариуцах үндэслэлгүй юм.

            Иргэний хариуцагч Б.Ролмоо нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар бусдад учирсан хохирлыг хариуцан арилгаж, дараа нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхэй болно.

            Хохирогч М.Тодмагнай нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”,

шүүгдэгч Н.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 11 сар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дын жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 10 сар хорих  ял оногдуулах, шүүгдэгч нарт оноосон хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Дын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий саналдаа: “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан миний үйлчлүүлэгчид нэг жилээс хэтрүүлэхгүй ял оноож, Өршөөлийн хуульд хамруулж ялаас чөлөөлж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч О.Аийн өмгөөлөгч Д.Даваахүү саналдаа: “...Зам тээврийн осол тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн болгоомжгүй төрлийн гэмт хэрэг байдаг. ...хохирогчид туслалцаа үзүүлсэн байдаг. Эдгээрийг харгалзан шүүгдэгч О.Ад оноох ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн өөрөө хүндэвтэр гэмтэл авсан зэргийг харгалзан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч О.Аийн өмгөөлөгч Б.Энхтуяа саналдаа: “...шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү. ...хохирол төлбөр төлсөн... зэрэг хувийн байдлыг харгалзан ялыг тэнсэж өгнө үү...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл саналдаа: “...шүүгдэгч О.А найздаа тус болж 3 сая гаруй төгрөг өгсөн. Ийм тулдаа бас бие нь гайгүй байна. Шүүгдэгч нар гэмшиж байгаа тул заавал хорих шаардлага байхгүй байна. Дын хувьд хохирол төлөхгүй болсон. Үүнийг Ролмоод тайлбарлаж өгөх байх. ...Эрх хасах ялын хувьд заавал эрхийг 2 жилээр хасаад яах вэ гэж бодож байна. Иймд хариуцлага оноохдоо дээрх байдлуудыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч нарт оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...” гэх санал, дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.А нь нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч нарт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх санал хүсэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Дт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамарч байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч О.Аийн №912117 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Д нь 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч О.Ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Дт урьд авсан “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хэрэгт хавсрган ирүүлсэн бичлэг бүхий  сиди 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Олгод овогт Нийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагааар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Дт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагааар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А, Н.Д нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Ролмоогоос 1.848.500 /нэг сая найман зуун дөчин найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4-218 тоотод оршин суух хохирогч Мэндсайханы Тодмагнай /РД: НУ93010716/-д, 1.247.500 /нэг сая хоёр зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхон 427-19 тоотод оршин суух иргэний  нэхэмжлэгч Сугарын Билэгсайхан /РД: ХЛ77062810/-д тус тус олгосугай.

5. Хохирогч М.Тодмагнай нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Д нь 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч О.Аийн №912117 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Аззаяад даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Дт авсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН