Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/464

 

        2021         07          08                                      2021/ШЦТ/464

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Улсын яллагч И.Мөнхцэцэг /онлайнаар/

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овгийн Оын Мт холбогдох эрүүгийн 2009019551318 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгаан холбоочин мэргэжилтэй, “Bluneer” телевизид эфирийн оператор ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн гудамж 409 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн гэх Халх овогт Оын М /РД:000/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.М нь “Капитрон” банкны нэр бүхий үүргээс чөлөөлсөн, эд хөрөнгийн эзэмших эрхийг тодорхойлсон албан бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар дээр дарагдсан 04 дугаартай нотариатын дардас зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах зорилгоор ашиглан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Эрдэнэсүх-д өгч, улмаар зээлийн болон фидуцийн гэрээний дагуу Капитрон банкны өмчлөлд байсан 4509 УНС дугаартай тоёота марк икс загварын тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг С.Эрдэнэсүхэд шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М нь “Капитрон” банкны нэр бүхий үүргээс чөлөөлсөн, эд хөрөнгийн эзэмших эрхийг тодорхойлсон албан бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар дээр дарагдсан 04 дугаартай нотариатын дардас зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах зорилгоор ашиглан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Эрдэнэсүхэд өгч, улмаар зээлийн болон фидуцийн гэрээний дагуу Капитрон банкны өмчлөлд байсан 4509 УНС дугаартай тоёота марк икс загварын тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг С.Эрдэнэсүхэд шилжүүлсэн гэмт хэрэгт үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009019551318  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Капитрон банкны андууд салбарын захирал С.Мөнхмөрөн над руу холбогдож “Манай банкны зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж Авто тээврийн үндэсний төвөөс суллуулах гэж байгаад баригдсан асуудал үүссэн байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь би тодруулга хийж Автотээврийн үндэсний төвийн Батсүх гэх бүртгэгч /92059595/ утсаар холбогдож 07 дугаар сарын 03-ны өдөр очиж уулзаж баримт бичгийг нь харахад О.М, С.Эрдэнэсүх гэх хүмүүс манай банкны толгойтой 2018 оны бланкан дээр С.Мөнхмөрөн захирлын гарын үсэг нь хуурамч, тэмдэг нь хэвлэсэн байж магадгүй байсан. Мөн уг бичиг баримтад хавсаргаж өгсөн манай банкны улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар батлуулсан байсан ба энэ нь нилээн дээр үеийнх байсан ба манай банк нь гэрээт нотариатын газартай бөгөөд уг гэрээтэй нотариатын жагсаалт дунд хайж үзэхэд уг гэрчлэл хийсэн нотариат нь гэрээт биш байсан. ...буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би эрх үүрэгтэйгээ танилцлаа. Хэргийн материалтай танилцаж санал хүсэлт гаргана...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-143 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: "...Би зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй болсон. Манай найз С.Эрдэнэсүх нь тоёота приус 30 маркийн автомашинтай бөгөөд миний машиныг аваад өөрийнхөө машиныг надад өгөөд зөрүү 4 сая төгрөг надад өгөхөөр болсон юм. Өөрийн машиныг С.Эрдэнэсүхийн нэр дээр шилжүүлэн өгөх болоод Капитрон банкнаас бичиг хийлгэн авах ёстой байсан боловч төлөлт дуусаагүй байсан учир бичиг гаргуулан авах боломжгүй байсан. Өмнө зээл авахад Капитрон банкны албан бичгийн зургийг дарж авч байсан учир тэрийг харж байгаад албан бичгийг өөрөө гэртээ хийсэн.Тэгээд С.Эрдэнэсүхэд хэлэхгүйгээр албан бичгийг өгөөд асуудалгүй болсон чи нэр дээрээ шилжүүлээд авчих гэж хэлээд Авто тээврийн үндэсний төв рүү оруулсан юм. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 69, 146-148, 227 дугаар хуудас/,

Гэрч С.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...О.Мд 4000000 төгрөгийн машиныг нь банк бус дээр барьцаанд тавиад өгье гэж хэлэхэд миний машин банкинд барьцаанд байгаа зээл нь бага, чи өөрөө нэрийг нь шилжүүлээд өгчих гээд надад Капитрон банкны албан бичиг өгөхөөр нь би тухайн өдөр Авто тээврийн Үндэсний төвийн цирк дахь салбар дээр очиж бичиг баримтаа өгөөд гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...Тэндээс гараад явж байхад М яриад хуурамч баримт бичиг өгсөн байна. Чи буцаад автотээвэр дээр очихгүй бол асуудал үүсэхээр байна гэж хэлэхээр нь тэр дор нь буцаж очоод гэрчилгээгээ хураалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Тухайн өдөртөө тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Эрдэнэсүхийн нэр дээр шилжүүлж С.Эрдэнэсүхэд олгосон. Үүнийхээ дараа албан тоотыг харахад тамга тэмдэг нь ягаарсан байдалтай байхаар нь Капитрон банкны Андууд салбараас тодруулж асуух гэсэн боловч Капитрон банкны лавлах нь 2 цагийн дараа эдийн засагч нартай холбож өгсөн. Тэгээд холбогдох албан тушаалтантай ярихад уг байгууллагаас манайд ирсэн дугаартай албан тоот гараагүй гэдгийг хэлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Капитрон банкны хэвэлмэл хуудас ашигласан бүртгэл, явуулсан бичгийн бүртгэл /хх-ийн 83-90 дугаар хуудас/,

Оын Мын 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 07 дугаар сарын 02-ны хоорондох дансны хуулга /хх-ийн 96-110 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3498 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Автотээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж байх “АТҮТ ТХБХ шилжилт хөдөлгөөн.Үлгэрчилсэн жагсаалтын дугаар 70” гэсэн хавтаст баримтын 128 гэж дугаарласан хуудсанд байх А5 хэмжээтэй 2020.06.29 гэсэн огноотой,20/42 дугаартай “АВТО ТЭЭВРИЙН ГАЗАРТ” гэсэн гарчигтай баримтын доод дунд хэсэгт “О.МӨНХМӨРӨН” гэсний урд байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Мөнхмөрөнгийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна. Дээрх баримтын “ХҮНДЭТГЭСЭН, АНДУУД САЛБАРЫН ЗАХИРАЛ.О.МӨНХМӨРӨН” гэсэн хэсэгт байх тэмдгийн дардас гэх зүйл нь ердийн хэрэглээний шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч байна. Дээрх баримтыг хэвлэсэн “Капитрон банк” гэсэн албан бланк гэх зүйл нь ердийн хэрэглээний шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-67 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 459 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “ Автотээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж байх “АТҮТ ТХБХ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, Үлгэрчилсэн жагсаалтын дугаар 70” гэсэн хаягтай хавтаст материалын 129 гэж дугаарласан хуудсанд байх 2005.11.22 -ны огноотой гэрчилгээ гэсэн баримтын тамга тэмдгээс бусад хэсэг нь хуулбар байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Дээрх баримтын зүүн доод хэсэгт дарагдсан байх “04 дугаартай нотариатчийн тамганы дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн туршилтын загвар хоорондоо тохирохгүй, 1 бараар дарагдаагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

Шүүгдэгч О.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 116 дугаар хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 126 дугаар хуудас/,

Хохирогч Капитрон банкны хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрмаагийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009019551318 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.М нь “Капитрон” банкны нэр бүхий үүргээс чөлөөлсөн, эд хөрөнгийн эзэмших эрхийг тодорхойлсон албан бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар дээр дарагдсан 04 дугаартай нотариатын дардас зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах зорилгоор ашиглан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Эрдэнэсүх-д өгч, улмаар зээлийн болон фидуцийн гэрээний дагуу Капитрон банкны өмчлөлд байсан 4509 УНС дугаартай тоёота марк икс загварын тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг С.Эрдэнэсүхэд шилжүүлсэн үйл баримт нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрмаагийн /хх-ийн 138-143 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3498 дугаартай шинжээчийн дүгнэлт /ххийн 47-48 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны  өдрийн №459 дугаартай дүгнэлт /хх-ийн 157-162 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

- Шүүгдэгч О.М нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 235 дугаар хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Мыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгчийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналын хүрээнд шүүгдэгч Оын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгчийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 2-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамарч байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Халх овогт Оын М /00000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халх овгийн Оын Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.БАТСАЙХАН