Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0105/З |
Дугаар | 221/МА2023/0408 |
Огноо | 2023-06-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2023/0408
С.Мы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/00373 дугаар шийдвэрийг нэхэмжлэгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.М
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш
Хэргийн индекс: 128/2023/0105/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/00373 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Маас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, С овогтой М миний ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах, С.М миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч С.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Би С.М анх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах 5 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм. Үүнд:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нн 2022 оны 10 дугаар сарын 26-ний 05/2247 албан бичгээр гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох,
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 сарын 28-ний өдрийн 6/306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох,
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын С овогтой М намайг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р хаалттай ангид шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах,
4. С овогтой М миний ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах,
5. С овогтой М миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/317-р тушаалаар С.М намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэрийг гаргаж миний нэхэмжлэлийн 3 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн юм. Улмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх талаар хэлэлцэн уулзаж нэхэмжлэлийн 4, 5 дахь шаардлагын хүрээнд хариуцагч байгууллагын төлөөлөлтэй удаа дараа уулзаж нэгэнт урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон тул үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн хугацааны нөхөн олговор болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр ярилцсан боловч шүүхийн шийдвэргүйгээр нөхөн олгох, нөхөн бичилт хийх боломжгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хийхээр болсон байдаг. Улмаар миний бие өөрийн зөрчигдсөн эрхийг шүүхээр сэргээлгэн тогтоолгохоор нэхэмжлэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нн 2022 оны 10 дугаар сарын 26-ний 05/2247 албан бичгээр гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох, С овогтой М миний ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах, С овогтой М миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжин шүүх хуралдааныг хийсэн юм.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, талуудын хооронд үүссэн хэргийн нөхцөл байдлыг нэг мөр ойлголгүй, бодит байдалд дүн шинжилгээ зөв хийгээгүй, Захиргааны ерөнхий хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болон хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг уялдаа холбоотойгоор зөв тайлбарлан хэрэглээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/306 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнээд уг захиргааны акт гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу С.М намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөн байгааг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна гэсэн нь илэрхий үндэслэлгүй болсон, буруу эрх зүйн дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах” гэсэн заалт нь ерөнхий байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын бүрэн эрхийг тогтоосон хууль боловч төрийн тусгай албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан тогтоож зохицуулсан байдаг.
Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.1-д “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.2.3-д “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 46.2.4-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасан нь эрх зүйн үндэслэлгүйгээр захиргааны акт гаргаж төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхийг хориглосон зохицуулалт юм.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь намайг албан тушаалаас чөлөөлсөн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны аль нэг л байхаар заасан атал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан заалтуудаас аль ч үндэслэл байхгүй юм. Дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад намайг албан тушаалаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байгаагүй тул түүний гаргасан 2019 оны 02 дугаар сарын 28- ний өдрийн Б/306 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт болох юм. Улмаар тухайн албан тушаалаас чөлөөлсөн тушаал нь илт хууль бус байх тул надад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохыг болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах замаар төрийн албан хаагч миний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь хууль ёсны болно.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын гаргасан 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/306 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт байх тул миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0373 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Нэхэмжлэгч С.Маас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, С овогтой М миний ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах, С.М миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2. Маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны Б/306 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр ангийн ерөнхий жижүүр, ахмад Сгийн Мыг үүрэгт ажлаас нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.
3. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч С.М нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хоригдогч амиа хорлохоор бэлтгэж, завдаж байгааг урьдчилан илрүүлж, таслан зогсоогоогүй, улмаар амиа хорлох нөхцөл боломж олгосон” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид гарсан учралтай холбогдуулан явуулсан шалгалтаар тогтоогдсон байх ба энэ үндэслэлээр “ажлаас чөлөөлсөн” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д заасанд нийцсэн, хариуцагчийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хэргийн нөхцөл байдлыг нэг мөр ойлголгүй, бодит байдалд дүн шинжилгээ зөв хийгээгүй буруу дүгнэлт хийсэн, 2019 оны 02 дугаар сарын 28-ны хурал дээр хурандаа Ц.А-ын “...Тухайн өдрийн ээлжид гарсан бүх алба хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа. ... Хэрэг шалгагдаад ямар шийдвэр гарахаас шалтгаалан чөлөөлөгдсөн алба хаагчдын асуудлыг шийднэ” гэж хэлснээр эрүүгийн хэрэгт шалгагдаад буруугүй нь тогтоогдвол буцааж томилно гэх агуулгаар Б/306 дугаар тушаал гарсан, тийм ч учраас ажилд эгүүлэн томилсон шийдвэр гарчхаад байхад цалинг нөхөж олгоогүй талаар маргаж байгаа ...” гэжээ.
5. Маргаан бүхий Б/306 дугаар тушаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэр, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид гарсан учралтай холбогдуулан шалгасан дотоодын шалгалтын дүнг тус тус үндэслэн шийдвэрлэсэн байна.
6. Энэхүү Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид гарсан учралтай холбогдуулан шалгасан дотоодын шалгалтын дүнгээр “... Ээлжийн дарга С.Мг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал” гаргасан, энэхүү дүнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, “...харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаагүй гэж ээлжийн дарга, ахмад С.Мг үүрэгт ажлаас чөлөөлөх ...” гэж тус тус шийдвэрлэсэн нь хэргийн 1 дүгээр хавтасны 18, 190-д авагдсан, хариуцагчийн “2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/317 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг албан тушаалд томилохдоо Б/306 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоогоогүй” гэх тайлбар зэргээс үзвэл дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
7. Мөн нэхэмжлэгчээс гаргасан гомдолд “... Захиргааны ерөнхий хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болон хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг уялдаа холбоотойгоор зөв тайлбарлан хэрэглээгүй... Төрийн тусгай албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны Б/306 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан заалтуудаас аль ч үндэслэл байхгүй ...” гэжээ.
8. Маргаан бүхий Б/306 дугаар тушаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах” гэсэн заалтыг үндэслэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн “төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой заалтыг заагаагүй нь буруу боловч уг тушаалын агуулга, дээр дурдсан баримтуудаар “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон, түүнд нь арга хэмжээ авсан нь бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн, Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй байх тул зөвхөн тушаалдаа хуулийн заалтыг бичээгүй гэх үндэслэлээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/00373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Мы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ