Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр  

                                 Хохирогч Ш.Баярсайхан

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа

                                     Шүүгдэгч Н.Цэцэгдэлгэр

                                 Иргэдийн төлөөлөгч Х.Наранцэцэг

                                 Нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000075 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1988 оны 09 дүгээр сарын 09-нд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, уурхайд хүдэр яллагч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 6-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Нямсүрэнгийн Цэцэгдэлгэр /РД: ЕЗ88090901/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Н.Цэцэгдэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 01 цагийн орчим тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-53 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Ш.Баярсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Цэцэгдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Баяраа ахыг архиа явуул гэсэн чинь Баяраа ах байхгүй банди минь, шуумар минь гээд намайг доромжлоод байхаар нь миний уур хүрээд, бас согтуу байсан болохоор ийм үйлдэл хийчихсэн. Баяраа ахтай муудалцахдаа архинаас болж ийм асуудал гаргачихлаа. Миний түмэн буруу. Баяраа ахаасаа уучлалт гуймаар байна. Намайг доромжлоод байхаар нь миний уур хүрээд, бас тэгээд согтуу байсан болохоор ийм үйлдэл хийчихсэн гэв.

 

Хохирогч Ш.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 03 сарын 01-ний орой би буцах гээд дүүтэйгээ хамт Цэцэгдэлгэрийн гэрт ирсэн байсан. Орой суудлын цаг хүлээгээд байж байтал гаднаас хоёр хүн нэг шил архитай орж ирсэн. Тэр архиа хувааж уучихаад, дүүгээ явуулчихаад би өөрөө замын зардалгүй болчихсон. Зургуулаа байж байтал гаднаас Ууганаа орж ирсэн. Баяраа ах ирсэн юм уу гээд архитай ирсэн. Ах нь өнөөдөр явах гэсэн чинь зардалгүй болчихлоо маргааш явахаас гэсэн чинь Ууганаа би танд маргааш зардлыг чинь өгье, та маргааш яв гэсэн. Тэгээд 4-лээ болчихоод ууж байтал Ууганаа Цэцэгдэлгэрт мөнгө өгөөд архинд явуулсан чинь Цэцэгдэлгэр улаан бөглөөт гээд хямдхан архи байгаа гэсэн. Тэгээд хамаа юу байхав аваад ир гэсэн. Авчирсан архинаасаа 1 шил архийг нь уусан. Тэгээд байж байтал Ууганаа маргаад байсан. Би Ууганаа маргаад байх юм бол яршиг уухаа больцгоо, яв гэсэн. Цэцэгдэлгэр ч хөөчихсөн. Би аваад гарсан. Тэгсэн Ууганаа би нэг шил архиа авна гэсэн. Нэг шил архийг нь өгсөн. Тэгээд бид 3 архи ууж байгаад би нэг шил архийг нь талд нь оруулаад нуучихсан. Гаднаас Сонинбилэг гэдэг залуу Замын-Үүдээс ирлээ гэж ирсэн. Нэг Ерөөл архи, жимс авчихсан ирсэн. Би юу болсон талаар мэдээгүй, тасраад уначихсан. Би эмнэлэг дээр сэрсэн таныг хутгалчихсан гэсэн. Нэг сэрээд хартал эхнэр, эгч 2 ирчихсэн байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүний ялыг багахан шиг өгөөсэй гэж хүсч байна гэв.

 

Шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 03 сарын 01-ний орой ...Энхжаргал, Баярсайхан ах, Ууганаа бид 4 уг архийг хувааж ууцгаагаад дуусч байх үед Ууганаа ...надад улаан бөглөөт нэртэй архи авчих мөнгө байна гэж хэлсэн. Тэгээд Ууганаа 8000 төгрөг гаргаж ирээд би архинд явсан. ... 0,5 гр улаан бөглөөт архи 3 ширхэгийг аваад гэртээ ирсэн чинь гэрэл унтарчихсан зурагтны гэрэлд сууцгааж байсан. ... нөгөө авчирсан архины 1 шилийг задлаад 4-үүлээ уугаад сууж байтал найз Сонинбилэг 23 цагийн орчимд Замын-Үүд сумаас ирлээ гээд ганцаараа хайрцаг харбин нэртэй шар айраг, жимстэй орж ирсэн. Би Сонинбилэгийг Замын-Үүдээс Сайншанд руу гарлаа гэж хэлэхэд нь Сонинбилэгт 0,75 гр Ерөөл архи аваад ирээрэй гэж захисан байсан. ...Баярсайхан ах Ууганааг гаргаж машинд суулгаж өгнө гээд дагуулаад гарсан. ... Баярсайхан ах, Энхжаргал, бид 3 үлдсэн 1 шил улаан бөглөөт архийг задлаад уусан. ...Сонинбилэг 0,75 литрийн Ерөөл архи нэг шилийг гаргаж ирээд задлаад бид нарт нэг, нэг хийж өгөөд өөрөө нэг татчихаад үлдсэн шилтэй архийг Энхжаргалыг тойруул гэж хэлээд өгч байсан. ... Ерөөл архи бараг дуусч байх үед би согтчихсон Баярсайхан ах руу наад улаан бөглөөтөө нэг мөсөн тойруулаад дуусгачих гэж хэлсэн чинь Баярсайхан ах дуусчихсан гэж хэлээд тал шил улаан бөглөөт архийг цааш нь тавиад өөрөө дээшээ хараад хэвтээд тасраад унасан. Би тухайн үедээ согтчихсон наана чинь архи байна архиа аягалаач гэж хэлэхэд  Баярсайхан ах дуусчихсан бандиа гэж над руу хэлэхээр нь би уурлаж шүүгээ рүү очиж ногоон өнгийн ахуйдаа хэрэглэдэг хутга аваад зуухны урдуур тойрч очоод Баярсайхан ахыг та яахаараа хүнийг банди, шуумар гэж дууддаг юм бэ гэж хэлээд хэвлийн хөндий рүү нь хутгалчихсан. ... Сонинбилэг Энхжаргал руу Цэцэгдэлгэр хүн хутгалчихлаа, гарт нь байгаа хутгыг ав гэж хэлээд намайг бариад авсан. Тэгтэл Энхжаргал миний баруун гарт байсан хутгыг аваад шүүгээний ард нуучихсан. Сонинбилэг Баярсайхан ахын хувцсыг нь сөхөж харчихаад дүрчихсэн байна ш дээ гэж хэлсэн. ...Баярсайхан ахыг эмэгтэй хүнийг банди, шуумар гэж хэлэхээр нь уурлаад хутгалчихсан. ... бид хэрэлдэж, маргалдаж муудалцаагүй, бидний хооронд ямар ч өс хонзон, өр авлага гээд байх зүйлгүй ... Энэ архи ууссанаас л ийм асуудал гаргалаа гэсэн мэдүүлэг /хх-90-96/,

 

Хохирогч Ш.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 01-ний орой гаднаас хазгар хочтой Ууганаа 20 цагийн үед 1 шил 0,75 гр архитай орж ирсэн. ...удалгүй Цэцэгдэлгэр 3 шил улаан бөглөөт архи авч ирсэн. Түүнээс 1 шилийг нь гэрт ууж байхад Цэцэгдэлгэр Ууганаа нар согтчихсон архинаас болж маргалдаад байсан. Тэгэхээр нь би Ууганааг аваад 1 шил архийг нь авахуулаад гэрээс гаргаад Ууганааг таксинд суулгаж явуулсан. ...Үлдсэн 1 шил архийг Цэцэгдэлгэр нэхээд байхаар нь би шкафны хажуунаас гаргаж ирээд бид 3 хуваагаад уугаад их муудацгаачихсан байхад 22 цагийн үед байх Сонинбилэг ганцаараа орж ирсэн. Тэгээд л би юм ярьж байгаад нэг мэдэхэд тасарчихсан зуухны хажууд ухаангүй унтаж байсан. Түүнээс хойш би юу болсныг мэдэхгүй. Нэг ухаан ороход нэгдсэн эмнэлэг дээр сэхээнд хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Цэцэгдэлгэр хутгалчихсан гэж байсан. ...Цэцэгдэлгэр миний төрсөн эгчийн өргөмөл охин байгаа юм. ...Миний хохирол эмчилгээний зардалд Цэцэгдэлгэр 314000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг /хх-25-27/,

Гэрч Б.Сонинбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 03 сарын 01-ний орой ...Би Цэцэгдэлгэрийн гэрт 23 цагийн орчим очиход тэд нар улаан бөглөөт архи 1 шилийг ууж байсан. Дахиад бас 1 шил 0,75 гр Ерөөл архи дэлгүүрээс авсан. ... Цэцэгдэлгэр Баярсайхан ахыг гэрийн баруун талд газар хэвтэж байхад нь нааш цааш нь өнхрүүлээд архи хаана байгаа юм бэ гэж асуугаад байсан. ...Би зурагт үзээд зүүн орон дээр хэвтэж байхад Цэцэгдэлгэр пиздаг алчихъя гээд хэлсэн. Би тэгээд Цэцэгдэлгэр лүү хартал гартаа урт ногоон иштэй хутга барьчихсан Баярсайхан ахыг гэрийн баруун талд газар хэвтэж байхад нь очоод зогсохоор нь би орноос босоод Цэцэгдэлгэрийг араас нь тэвэрч авсан чинь Баярсайхан ахын гэдэс рүү хутгалчихсан байсан. ...Би Баярсайхан ахын цамцыг сөхөж үзэхэд хутганы үзүүр орчихсон жаахан өөх цухуйж байсан гэсэн мэдүүлэг /хх-29-32/,

Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед найз Цэцэгдэлгэрийн гэр рүү ганцаараа очсон. .... ...Тэгээд орой харанхуй болж байхад гаднаас Ууганаа гэх залуу нэг шил 0.75 гр архитай халамцуу орж ирсэн. Цэцэгдэлгэр, Баярсайхан, Ууганаа бид 4 тэр авч ирсэн архийг тойруулж уусан. Ууганаа жаахан халамцуу Цэцэгдэлгэрт мөнгө өгөөд дахиж архи ууя гээд Цэцэгдэлгэр мөнгийг нь аваад явсан ...удалгүй ирж 3 шил улаан бөглөөт архи авч ирсэн. Тэр архины 1 шилийг нь уучихаад байж байхад Цэцэгдэлгэр Ууганааг гэрээсээ хөөсөн. Баярсайхан ах Ууганааг гаргаж өгсөн. Тухайн үед Цэцэгдэлгэр халамцуу бид 2 байж байхад Баярсайхан ах орж ирээд бид 3 үлдсэн архиа ууж байхад Замын-Үүдээс ирлээ гээд Цэцэгдэлгэрийн найз Сонинбилэг гэдэг хүн ирсэн. Тэр найз нь 1 хайрцаг пиво, жижигхэн жимс авч ирсэн. Бид 4 архиа ууж сууцгааж байгаад би согтоод газар гудас дэвсээд унтсан ба Сонинбилэг хүүеээ Энхжаргалаа Цэцэгдэлгэр хүн хутгалчихлаа гээд намайг сэрээсэн. Намайг босоход Цэцэгдэлгэрийг Сонинбилэг хориглочихсон 2 гарыг нь барьчихсан хананд түлхэж байсан ба намайг гарнаас нь хутгыг нь аваарай гэж хэлэхээр нь би Цэцэгдэлгэрийн баруун гарнаас ногоон өнгийн хутгыг булааж аваад шүүгээнийх нь араар шидчихсэн. Би Баярсайханы цамцыг сөхөөд харахад хэвлийн баруун талд зүсэгдсэн байсан. ... гэсэн мэдүүлэг /хх-38-40/

Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... хохирогч Ш.Баярсайханы биед учирсан гэмтлийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 1226 дугаартай өвчний түүхийг үндэслэн гаргасан. Уг өвчний түүх дээр хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хөндийт эрхтний цоорол, хэвлийн хөндийн цус алдалт гэсэн оноштой байсан. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. ....Согтолтын хүнд зэрэг гэдэг нь цусан дахь спиртийн хэмжээ 3,0 бүхлээс дээш болсон үед согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж үздэг. Ийм согтолттой хүн биеэ авч явах болон бусадтай харьцах чадвар муутай байна. ...Хүнд зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах чадвар муу байна. Ингэхээр Ш.Баярсайхан биеэ хамгаалж чадахгүй гэсэн үг гэсэн мэдүүлэг /хх-84-85/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016.03.14-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ш.Баярсайханы биед хэвлийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн эрхтний цоорол, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-42-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.03.11-ний өдрийн 2065 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Ногоон өнгийн иштэй, ногоон ажлын хэсэгтэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ /хх-72/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2060 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Цэцэгдэлгэрийн гэх шингэн цусанд  0,8 промилли, Ш.Баярсайханы  гэх цусанд 4,0 промилли спиртийн агууламж илэрсэн.
  2. Цусанд  илэрсэн 0,8 промилли спиртийн агууламж нь хөнгөн, 4,0 промилли спиртийн агууламж нь хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх 68/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.03.09-ний өдрийн 2061 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... 2. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Баярсайханы гэх шингэн цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ /хх-73/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 3-6/,

Эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-20/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 99/ зэрэг болно.

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт  авагдсан үйл баримттай тохирохгүй байна гэж шүүхээс үзлээ.

 

           Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Цэцэгдэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө өөрийн гэртээ иргэн Ш.Баярсайхан болон гэрч Энхжаргал, Сонинбилэг нартай хамт 4 шил архи уусан байдал, хохирогч нь гэрч Ууганбаярыг гаргаж өгөөд орж ирээд хэвтсэн, шүүгдэгч нь хохирогчоос архи нэхэж хохирогч нь байхгүй гэж хариулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсныг үндэслэн хэрэг гарах үед шүүгдэгч нь өөрөө согтуурсан байхдаа хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсэн байх субьектив шинж нь бүрэн тогтоогдоогүй гэж шүүхээс үзлээ.   

 

 Харин шүүгдэгч Н.Цэцэгдэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-53 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Ш.Баярсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би Баяраа ахыг архиа явуул гэсэн чинь Баяраа ах байхгүй банди минь, шуумар минь гээд намайг доромжлоод байхаар нь миний уур хүрээд, бас согтуу байсан болохоор ийм үйлдэл хийчихсэн.... Баяраа ахаасаа уучлалт гуймаар байна. ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  ... Гаднаас Сонинбилэг гэдэг залуу Замын-Үүдээс ирлээ гэж ирсэн. Нэг Ерөөл архи, жимс авчихсан ирсэн. Би юу болсон талаар мэдээгүй, тасраад уначихсан. Би эмнэлэг дээр сэрсэн таныг хутгалчихсан гэсэн. Нэг сэрээд хартал эхнэр, эгч 2 ирчихсэн байсан. Надад гомдол, санал байхгүй. гэв, шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Ерөөл архи бараг дуусч байх үед би согтчихсон Баярсайхан ах руу наад улаан бөглөөтөө нэг мөсөн тойруулаад дуусгачих гэж хэлсэн чинь Баярсайхан ах дуусчихсан гэж хэлээд тал шил улаан бөглөөт архийг цааш нь тавиад өөрөө дээшээ хараад хэвтээд тасраад унасан. Би тухайн үедээ согтчихсон наана чинь архи байна архиа аягалаач гэж хэлэхэд  Баярсайхан ах дуусчихсан бандиа гэж над руу хэлэхээр нь би уурлаж шүүгээ рүү очиж ногоон өнгийн ахуйдаа хэрэглэдэг хутга аваад зуухны урдуур тойрч очоод Баярсайхан ахыг та яахаараа хүнийг банди, шуумар гэж дууддаг юм бэ гэж хэлээд хэвлийн хөндий рүү нь хутгалчихсан. гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн .... 1 шил архийг Цэцэгдэлгэр нэхээд байхаар нь би шкафны хажуунаас гаргаж ирээд бид 3 хуваагаад уугаад их муудацгаачихсан байхад 22 цагийн үед байх Сонинбилэг ганцаараа орж ирсэн. Тэгээд л би юм ярьж байгаад нэг мэдэхэд тасарчихсан зуухны хажууд ухаангүй унтаж байсан. Түүнээс хойш би юу болсныг мэдэхгүй. Нэг ухаан ороход нэгдсэн эмнэлэг дээр сэхээнд хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Цэцэгдэлгэр хутгалчихсан гэж байсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сонинбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Би зурагт үзээд зүүн орон дээр хэвтэж байхад Цэцэгдэлгэр пиздаг алчихъя гээд хэлсэн. Би тэгээд Цэцэгдэлгэр лүү хартал гартаа урт ногоон иштэй хутга барьчихсан Баярсайхан ахыг гэрийн баруун талд газар хэвтэж байхад нь очоод зогсохоор нь би орноос босоод Цэцэгдэлгэрийг араас нь тэвэрч авсан чинь Баярсайхан ахын гэдэс рүү хутгалчихсан байсан. ... Би Баярсайхан ахын цамцыг сөхөж үзэхэд хутганы үзүүр орчихсон жаахан өөх цухуйж байсан гэсэн мэдүүлэг,  гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн .... Цэцэгдэлгэр, Баярсайхан, Ууганаа бид 4 тэр авч ирсэн архийг тойруулж уусан. ... би согтоод газар гудас дэвсээд унтсан ба Сонинбилэг хүүеээ Энхжаргалаа Цэцэгдэлгэр хүн хутгалчихлаа гээд намайг сэрээсэн. Намайг босоход Цэцэгдэлгэрийг Сонинбилэг хориглочихсон 2 гарыг нь барьчихсан хананд түлхэж байсан ... би Цэцэгдэлгэрийн баруун гарнаас ногоон өнгийн хутгыг булааж аваад шүүгээнийх нь араар шидчихсэн. Би Баярсайханы цамцыг сөхөөд харахад хэвлийн баруун талд зүсэгдсэн байсан. ... гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... хохирогч Ш.Баярсайханы биед ... хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хөндийт эрхтний цоорол, хэвлийн хөндийн цус алдалт гэсэн оноштой байсан. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2016.03.14-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ... Ш.Баярсайханы биед хэвлийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн эрхтний цоорол, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.03.11-ний өдрийн 2065 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Ногоон өнгийн иштэй, ногоон ажлын хэсэгтэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.03.09-ний өдрийн 2061 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ... Шинжилгээнд ирүүлсэн Ш.Баярсайханы гэх шингэн цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрийг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Цэцэгдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, 0,75 гр Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, 0,5 гр улаан бөглөөт архины шил 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хүүхдүүд болох Ц.Баттүшиг, Ц.Урантогос, Ц.Баярхүү нарыг асран хамгаалуулахаар шүүгдэгчийн эх Батсүхэд хариуцуулах нь зүйтэй байна.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын архидан согтуурах явдалтай холбоотой гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Нямсүрэнгийн Цэцэгдэлгэрийг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Нямсүрэнгийн Цэцэгдэлгэрийг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрт оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Шүүгдэгч Н.Цэцэгдэлгэр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, 0,75 гр Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, 0,5 гр улаан бөглөөт архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цэцэгдэлгэрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хүүхдүүд болох Ц.Баттүшиг, Ц.Урантогос, Ц.Баярхүү нарыг асран хамгаалуулахаар шүүгдэгчийн эх Батсүхэд хариуцуулсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 

                                 ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД

 

                                     ШҮҮГЧИД                                 Н.АДЪЯА                                              

                                                                                                                                                                                                                                                   

                                                                                                 Д.АДЪЯАСҮРЭН