Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Шүүгдэгч: Л.Б, түүний өмгөөлөгч Л.Батбаяр /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211400000039 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаартай *******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурах 3-8-11тоотод С.Оын толгойн тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

 ...2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би 15 цагийн үед гэртээ байж байгаад дүү Н.Гын хамт дэлгүүр орох гээд гарсан. Архиа ууж дуусаад явцгаа гэхэд Э.А бид нарыг хөөлөө гээд над руу дайраад бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад би гэр лүүгээ гүйж ороод заазуур аваад илүү гэр лүү гүйсэн. Илүү гэрээс хүн гараад ирэхээр нь заазуураараа цохисон миний араас Н.Г гүйж гарч ирээд намайг бариад авсан. Тэр хэд цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн. Оын толгойноос цус гарсан түргэн дуудаач гэж байсан удалгүй Зын эхнэр нь ирээд бид нар түргэн ирэхгүй болохоор Оыг Зын эхнэрийн машинд суулгаад түргэн рүү явуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-73/,   

Хохирогч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2021 оны 05 дугаар сарын 02- ы өдөр би Гантөр, С.З , Э.А, ******* гээд найзуудын хамт машин дотор архи уугаад сууж байхад хоёр цагдаа ирээд хорио цээрийн дэглэм зөрчлөө гэж хэлээд бид нарыг аваад явсан. Цагдаа дээр байж байхад Л.Б над руу залгаад хаана байна гэхэд би цагдаа дээр байна гэж хэлээд тамхи авч ирээд өгөөч гэхэд надад нэг залуутай хамт тамхи авч ирж өгөөд явсан...Удалгүй над руу Л.Б З бид хоёр луу ээлжлээд залгаад манай гэрт хүрээд ир гэхээр нь Зтай хамт Л.Бийн гэрт очоход гэрийнхээ гадаа зогсож байсан. Тэгээд бид хэд Бийн эзэнгүй илүү гэр лүү нь орж архи уусан...Архиа ууж дуусаад байж байхад Э. А, Л.Б хоёр хоорондоо маргасан юунаас болсон гэдгийг нь би мэдээгүй тэр хоёр барилцаж авах гээд байхаар нь би боль гээд дундуур нь орж салгаад Л.Бийг орон дээр нь дараад жаахан суусан. Тэгээд гайгүй болох шиг болохоор нь хажуугаас нь холдоход Л.Б гүйгээд гараад явсан би бараг араас нь шахуу гэрийнх нь хаалгаар тонгойгоод гарахад л урдаас Л.Б юмаар цохих шиг болсон миний толгойноос цус гараад би харахад Л.Б заазуур барьсан байсан цаанаас нэг залуу ирээд Л.Бийг барьж авсан. Л.Б би чамайг цохьё гэж бодоогүйш дээ гээд тойроод гүйгээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 /,   

Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай ах Л.Б нь 15 цагийн үед хамт дэлгүүр ороод ирье гэсэн бид хоёр хамт явж байхад цагдаагийн үүдэнд Л.Б ахын найзууд гээд 3 хүнтэй таарсан. Тэр хэдтэй Л.Б ах тэд нар архи ууя гээд яриад байсан. Тэгээд бид хоёр гэрийн үүдэнд яг ирж байхад Л.Б ахын утас дуугараад удаагүй араас нөгөө найзууд нь хамт ирсэн. Тэгээд би гэр лүү түрүүлээд орсон удалгүй араас Л.Б ах найзуудтайгаа буюу дөрвүүлээ гэрт орж ирээд эзэнгүй гэр лүү ороод архи уусан. Тэгээд нэлээн байж байгаад би хоорондоо янз бүр болж магадгүй гэж бодоод гэр лүү нь ороод харахад зүгээр архи уугаад сууцгааж байсан. Тэгээд би буцаад гэрт орж ирээд байж байхад Л.Б ах гаднаас гүйсэн орж ирээд заазуур аваад гараад явсан. Т.Э эгч намайг араас нь гараарай гээд орилохоор нь би араас гарахад С.О гээд байгаа ахын толгойноос нь цус гарсан орилоод зогсож байсан. Л.Б ах гартаа заазуур барьсан дахиад цохих гээд дайрахаар нь араас нь очоод барьж авсан. Л.Б ах заазуур барьсан зогсож байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 /,        

Гэрч Т.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Нөхөр Л.Б нь 15 цагийн үед дэлгүүр орж тамхи авна гээд дүү Н.Гын хамт гарсан. Тэгээд буцаад ирэхдээ 16 цагийн үед Н.Г, Л.Б 2 гаднаас С.З, С.О гээд 4-5-уулаа гэрт орж ирээд эзэнгүй байдаг гэрт архи уух гээд орсон...Тэрнээс хойш 18 цаг өнгөрч байхад нөхөр Л.Б нь гаднаас нэлээн согтуу гэрт орж ирээд шууд бүгдийг нь ална гээд заазуур аваад гүйгээд гарахаар нь би Н.Гыг араас нь гараач гэж хэлээд түрүүлээд Н.Г гараад би араас гарахад С.Оын толгойноос нь нэлээн цус гарсан орилоод зогсож байсан. Л.Бийг Г араас нь барьсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Гэрч С.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Л.Б, С. О бид 2 луу залгаад ганц юм байна хүрээд ир ууя гэсэн бид хоёр Л.Бийн гэрт ирээд үлдсэн архиа бид 4 хувааж ууж дуусаад байж байхад Л.Б та нар одоо яв гээд бид 3-ыг хөөсөн. Тэгээд Э.А тэр хоёр хоорондоо маргаад барилцаж авсан С. О тэр хоёрыг салгасан. Тэгээд тэр 3 буюу Э.А, С.О, Л.Б нар гэрээс гараад явсан. Гэрээс гараад удаагүй гадаа С.О би үхлээ гээд орилох шиг болохоор нь гараад харахад толгойноос цус гарсан Л.Б зогсож байсан...Тэгээд би С.Оын толгойг гараараа дарсан. Намайг гараад толгойг нь дараад байж байхад С.О надад Л.Б намайг заазуурдчихлаа гэсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49/,

Гэрч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Гэртээ байж байхад С.З залгаад уух уу гэхээр нь би хаана байгаа юм гэхэд Л.Бийн гэрт байна гэхээр нь гэрт очоод байшин руу ороход нэг эмэгтэй хүн нэг залуу 2 байсан. Тэгээд би С.З нар хаачив гэхэд хажуу гэрт байгаа гэхээр нь тэр гэр лүү нь орсон. Надад 2 удаа архи хийж өгөөд би уусан ууж дуусаад байж байхад Л.Б намайг яв гээд маргасан барилцаж авсан. Тэгээд С.О салгаад Л.Бийг дараад суусан. С.О нь Л.Бийг тавьсан тэгээд шууд Л.Б гүйж гарсан гарахдаа та нарын алийг нь ч явуулахгүй бүгдийг чинь ална гэж хэлээд гарсан араас нь С.О гараад би араас гарахад С.Оын толгойноос их хэмжээний цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаартай

1.С.Оын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой байна... гэх дүгнэлт/ 62-63/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 9/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 03-04/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 76/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78/, депозит дансны хуулгууд /хх-ийн 87-88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-8-11 тоотод С.Оын толгойн тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Бийн/ хх-ийн71-73/, хохирогч С.Оын/хх-ийн 26-28/,гэрч Б.Гын /хх-ийн31-32/, гэрч Т.Эгийн /хх-ийн 31-32/, гэрч С.Зын / хх-ийн 40-41/, гэрч Э.Аын / 52/, гэрч Л.Ууганбаярын /хх-ийн 66-69/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Оыг заазуураар толгойг нь заазуураар зүссэн үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед духанд шарх гэмтэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 62/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Л.Б, шүүгдэгч С.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг заазуураа толгойн тус газарт цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч С.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Бт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Л.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

5.Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА