| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/193 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Аэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114001300149 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар:*******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.А нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг 8 дугаар гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан Ч.Уыг түүний эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 20 маркийн машин дотор нь зодож эрүүл мэндэд нь духны зүүн талд хөмсөгний харалдаа шарх бүхий хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч А.А ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Намайг тухайн үед тээврийн товчоон дээр хүн дуудаад байхаар нь Ч.Уаас салж хуурай дүү Ө.Дг дуудаж хүргүүлсэн. Ч.У хэрүүл хийгээд янз бүрийн ааш авир гаргаад байхаар нь хуурай дүү Ө.Дг дуудсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 135/,
Хохирогч Ч.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 04 дугаар сарын 02-ны өглөө 09:00 цагийн орчимд “Цэлмэг өглөө” барилгын материалын дэлгүүрийн урд талд би өөрийн эзэмшлийн приус 20 маркийн ******* улсын дугаартай авто машинаар явж байтал нэг эрэгтэй хүн гараа өргөхөөр нь зогсоод тухайн хүнийг машинд суулгасан чинь “Модны үйлдвэр хүргүүлнэ” гэхээр нь би аваад явсан. Тэр ах том тэргэнд завсар хийх гэж байгаа өдрийн хөлсийг нь өгөөд туслах хүн хайж байгаа гээд дүү онцын ажилгүй бол ахдаа юм хийлцээд өгөөч өдрийн 20.000 төгрөг төгрөг өгье гэсэн. Би зөвшөөрч нэг айлын хашаанд очиж тэндээ том машинд тэр ахын хамт завсар хийсэн. Тэр ах өөрийгөө Аагий гэдэг гэж надад танилцуулсан. Тэгээд машиныхаа эд ангийг тайлж байх үед машины кабинд байсан 1 шил архийг Аагий ах бид хувааж уусан. Тэгээд эд ангиа тайлж дуусаад Аагий ах өнөөдөр амжихгүй юм байна маргааш хоёулаа дахин угсарч дуусгая гэсэн. Би маргааш нь ирээд угсраад өгье надад бензиний мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь миний данс руу 20.000 төгрөгийг хийж өгсөн. Тэгээд бид хоёр машины түлкээ янзлах гээд завсар дээр очсон. Тэнд Аагий ахын таньдаг гээд нэг найз нь байсан. Бид 2 наад өрөөнд юм хийсэн. Харин найз нь өөр байшинд юм хийж байсан. Аагий ах засвар хийж байгаад дэлгүүрээс 2 шил архи, 3 том пиво аваад 1 шил архи, 3 том пивийг Аагий ах найздаа өгсөн. Харин 1 шил 0.75 граммын архийг Аагий ах бид 2 юм хийх зуураа хувааж уусан. Тэгээд багаж нь дутуу байна хоёулаа амьчуул ороод аваад ирье гээд миний машиныг Аагий ах унаад амьчуул явсан. Тухайн үед 17:00 цаг болж байсан ба тэндээсээ багаж авчирч эд зүйлсээ засчихаад Аагий ах хоёулаа хөх толгойд айлд очих уу гэхээр нь би зөвшөөрч миний машиныг Аагий ах унаад явсан. Хөх толгойд нэг айлд хоол идчихээд буцаад явж байгаад миний утас, мөнгө байхгүй болохоор нь би Аагий ахаас миний утас мөнгө алга болсон байна гэсэн чинь гэнэт уурлаад машинаа зогсоож байгаад миний зүүн хөмсөг рүү нэг удаа цохичихоод машинаас буугаад яваад өгсөн. Би машины суудал дээр суугаад цусаа гоожуулаад үлдсэн. Тэгээд би машин дотроо сууж байтал миний алга болсон гэх утас, мөнгө 2 машин дотроос олдсон. Гар утас нь суудлын завсраар унасан, мөнгө машины суудлын карманд байсан. Миний хөмсөг сэтэрсэн оёо тавиулсан,...миний зүүн хөмсөгний язарсан шарх бол аниад бүрэн эдгэрсэн. Гэхдээ зарим өглөө нүд улайсан хааяа зүүн талын нүд эрээлжилж, бадайраад байдаг. Өөр өвчин зовуурьгүй. Миний хувьд А.А гэх хүнд гомдолтой байгаа. Би зүүн талынхаа хөмсөгний сорвийг арилгуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд түүний зардалд 350.000 төгрөг шаардагдах байх... 350.000 төгрөг нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 45-46, 51, 53- 54/,
Гэрч Ч.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... А.А нь ганцаараа халамцуу орж ирээд манайд хоол идээд сууж байтал А.Атэй цуг яваа гээд нэг танихгүй залуу согтуу манай гэрт ороод ирсэн,.. А.Атэй цуг явж байсан согтуу залуу нь утас машины түлхүүр алга байна гээд байсан. А.А нь намайг гэртээ орон дээр үзээдэх гэхээр нь гэртээ ороод орон дээр үзэхэд байхгүй байсан. Би гэрээс гараад манайд утас, түлхүүр алга байна гэж хэлсэн. А.А нь гар утас, түлхүүр хайж байгаад түлхүүрийг нөгөө залуугийн кармаанаас гаргаж ирсэн, утсыг залгаж үзээд утсаа машин дотроосоо олохоор нь би гэр лүүгээ орсон. А.А бага зэрэг халамцуу, нөгөө залуу нь нэлээн согтуу байсан. Намайг хашааны гадаа гарахад хэн нэгэнтэй маргалдсан зүйлгүй, утас, түлхүүрээ хайж байсан. А.Атэй цуг явсан залуу нь ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр байсан.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 56-57/,
Гэрч О.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...өглөө 09:00 цагийн үед хүү Ч.У нь хүний том машинд засвар хийнэ гээд гэрээсээ гараад явсан. Тэр өдөр гэртээ ирэхгүй болохоор аймгийн газруудаар эрж хайсан боловч олдоогүй. Би цагдаа руу хүүхдээ асуугаад залгасан чинь хүнд зодуулсан цагдаа дээр байна гэхээр нь хүрээд иртэл хүү Ч.У нь согтуу хүнд зодуулж хөмсөг нь гэмтсэн түргэн дээр оёо тавиулж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 63/,
Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...16:00 цагийн орчимд би өөрийн хашаандаа байшиндаа завсар хийгээд байж байхад А.А нь танихгүй 1 залуугийн хамт ирээд танай засварын газарт машины түлк янзалчихаад явъя гэхээр нь би байшиндаа засвар хийж байна чи өөрөө хий гээд манай граж дотор хийсэн. Тэгээд байж байгаад би граж руу яваад ортол А.А нь нөгөө залуугийн хамт архи уугаад сууж байхаар нь би А.Аэд архи пиво олдох газар байна уу гэс асуугаад би байшиндаа ороод юмаа хийгээд байж байхад А.А нь намайг дуудаад 1 архи, 3 том пиво аваад ирсэн гээд надад өгсөн. А.А нь нөгөө залуутайгаа юмаа янзалчихаад 19:00 цагийн орчимд явсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 66/,
...Гэрч Ө.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... орой 19:00 цагийн үед би нэг найзын гэрт байж байтал А.А ах өөрийнхөө утсаар над руу залгаад ахыгаа ирж аваад нэг газар хүргээд өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн приус 20 маркийн цагаан өнгийн машиныг унаад ганцаараа явсан. А.А ахын байгаа газар нь очоход хашааны үүдэн дээр приус 20 маркийн машин зогсож байсан. Би машин дотроо сууж байхад А.А ах машин дотор орж ирээд суусан. Тэгтэл гаднаас приусын жолооч гэх залуу А.А ахыг машины гаднаас машин дотор юм алга болсон байна гэж дуудсан. А.А ах гараад явсан. Би машин дотроо сууж байсан. Хэсэг хугацааны дараа машин дотор А.А ах орж ирээд тэр залууг машин дотор байгаа юм аа олж чадахгүй пизда чинь, юмыг нь олоод өгчихлөө тээврийн товчоо хүргээд өгчих гэхээр нь тэр газраас хөдөлсөн. Тухайн үед А.А ах уусан согтуу байсан... хашааны үүдэнд приус 20 маркийн машинтай нэг залуу байсан. Гэхдээ би залууг нүүр тулж хараагүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 66-69/,
Гэрч Л.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...цагдаагийн ахлах ахлагч Г.Ц, сонсогч ******* нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан,... шөнийн 22:00-2:300 цагийн орчим жижүүрийн шуурхай албанаас над руу утасдаж Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нутаг “Хөх толгой” уулын хажууд хүн бусдад зодуулсан байна гээд тухайн дуудлага өгсөн хүний утсыг өгсөн. Тэгээд би хөдөлгөөнт эргүүлийн машинтай тухайн дуудлага өгсөн хүний утас руу ярьж байгаад очоход саарал өнгийн приус 20 маркийн авто машинд жолоочийн эсрэг талын урд суудалд суусан байсан. Тухайн хүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тэрээр би хүнд машин янзалж өгсөн тэр хүн намайг зодчихоод явчихлаа гэж байсан. Түүний нүүр нь хэсэг цус болсон байсан эмнэлэгт хүргүүлсэн. миний хувьд хаана нь ямар гэмтэл шарх байсныг нь хараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 76/,
Гэрч Г.Цы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Приус 20 маркийн авто машины жолоочийн эсрэг талын урд суудалд нэг согтуу залуу нүүрэн хэсэг нь цус болсон сууж байсан. Нүүрэн хэсэг нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 79/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баяртогтохын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн
1.Ч.Уын биед духны зүүн талд хөмсөгний харалдаа шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / хх-ийн 102/,
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 17/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 20-22/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 115/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 117/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 118/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119/, депозит дансны хуулгууд /хх-ийн 123-125/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч А.А нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг 8 дугаар гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан Ч.Уыг түүний эзэмшлийн 4538 БНА улсын дугаартай приус 20 маркийн машин дотор нь зодож эрүүл мэндэд нь духны зүүн талд хөмсөгний харалдаа шарх бүхий хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Аийн/ хх-ийн 112-113/, хохирогч Ч.Уын /хх-ийн 45-46, 51-52, 53-54/, гэрч Ч.Лын /хх-ийн56-57/, гэрч О.Бы /хх-ийн 23-24/, гэрч Б.Тын / хх-ийн 66-67/, гэрч Ө.Дгийн /66-69/, гэрч Л.Уын /хх-ийн 66-69/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-103 / болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч А.А нь хохирогч Ч.Уыг зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед духны зүүн талд хөмсөгний харалдаа шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 102/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон хохирогч Ч.У, шүүгдэгч А.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч А.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Ч.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөмсөгний сорвийг арилгуулах эмчилгээ хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага болох 350000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ч.У нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлэхтэй холбоотой гаргасан болон цаашид гарах төлбөрийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч А.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Аийн эзэмшлийн ...Самсунг Эс-9 ... маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч А.Аэд буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүрэл чулуу овогт А.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хүрэл чулуу овогт А.Аэд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч А.Аэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Хохирогч Ч.Уын нэхэмжлэлийн шаардлага болох 350,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч А.Аийн эзэмшлийн ...Самсунг Эс-9 ... маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч А.Аэд буцаан олгосугай.
6. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Аэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА