Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1007

 

 

 

 

 

 

2021         09          17                                      2021/ШЦТ/1007

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Эад холбогдох 2106 00000 1574 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар байрны 10-6 тоотод, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Дүүдээ овогт Эгийн Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Энхжамц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Sky town” хотхоны гадаа иргэн О.Одбаяртай маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь мөргөж, биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Одбаярын өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 09-ний 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 7 давхар 42 тоотод оршин суудаг найз Батбилэгийн гэрт очиж мотоциклийн группийн найз болох Э, Батбилэг нарын хамт 1 литрийн хэмжээтэй “Эдэн” нэртэй архийг ууж байх үедээ ... нэг нэгнийхээ хэлж ярьсан зүйлийг үгүйсгэж маргалдаж байх явцад найз Э намайг заамдаж аваад нүүр хэсэгт нэг удаа мөргөж миний хамраас цус гарсан. Тэгээд хамраас цус гараад байхаар нь хамраа барьж үзэхэд чихэгдээд орчихсон байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6184 дугаартай:

 “1. О.Одбаярын биед баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 09-ны 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 42 тоотод оршин суудаг найз Батбилэгийн гэрт очиж найз Одбаяр, Батбилэг нарын хамт 1 литрийн “Эдэн” нэртэй архинаас 2 шилийг хуваан ууж байх үедээ би Одгэрэлтэй ямар нэгэн шалтгаагүй нэгнийхээ ярьсан зүйлийг үгүйсгэн маргалдаж байгаад найз Батбилэгийн гэрээс гарсан. Тэгээд 16 дугаар байрны гадна дахин маргалдах үедээ нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөхөд хамар хэсгээс нь цус гарсан. Тэгээд найз Одбаяр эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн өөр бол зодож цохисон зүйл байхгүй. Бид хоёрыг 16 дугаар байрны гадна маргалдаж намайг Одбаярын нүүр хэсэг рүү нь мөргөхийг Батбилэг харсан өөр хүн бол хажууд байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.22/,

 “... Би Одбаярыг эмнэлгийн байгууллагаар үзүүлж эмчилгээ хийлгэж, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулж, гомдол саналгүй болгож хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх.45/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.24/,

Шүүгдэгч Э.Эын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.23-37/,

Хохирлын баримт /хх.48/,

Хохирогч О.Одбаярын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.52/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Sky town” хотхоны гадаа иргэн О.Одбаяртай маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь мөргөж, биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Одбаярын өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 09-ний 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 7 давхар 42 тоотод оршин суудаг найз Батбилэгийн гэрт очиж мотоциклийн группийн найз болох Э, Батбилэг нарын хамт 1 литрийн хэмжээтэй “Эдэн" нэртэй архийг ууж байх үедээ... нэг нэгнийхээ хэлж ярьсан зүйлийг үгүйсгэж маргалдаж байх явцад найз Э намайг заамдаж аваад нүүр хэсэгт нэг удаа мөргөж миний хамраас цус гарсан. Тэгээд хамраас цус гараад байхаар нь хамраа барьж үзэхэд чихэгдээд орчихсон байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6184 дугаартай:

 “1. О.Одбаярын биед баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эын яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 09-ны 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 42 тоотод оршин суудаг найз Батбилэгийн гэрт очиж найз Одбаяр, Батбилэг нарын хамт 1 литрийн Эдэн нэртэй архинаас 2 шилийг хуваан ууж байх үедээ би Одгэрэлтэй ямар нэгэн шалтгаагүй нэгнийхээ ярьсан зүйлийг үгүйсгэн маргалдаж байгаад найз Батбилэгийн гэрээс гарсан. Тэгээд 16 дугаар байрны гадна дахин маргалдах үедээ нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөхөд хамар хэсгээс нь цус гарсан. Тэгээд найз Одбаяр эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн... Бид хоёрыг 16 дугаар байрны гадна маргалдаж намайг Одбаярын нүүр хэсэг рүү нь мөргөхийг Батбилэг харсан...” гэх мэдүүлэг /хх.22, 45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхжамцын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Э.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Э.Эын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Э.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч О.Одбаяр нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч Э.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Э.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Эад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Эад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Дүүдээ овогт Эгийн Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Эад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Эад сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Одбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР