Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Адъяа |
Хэргийн индекс | 136/2016/0050/э |
Дугаар | 58 |
Огноо | 2016-06-07 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Баярмаа, улсын яллагч А.Дүүрэнбилэг, иргэдийн төлөөлөгч Х.Энх-Амгалан, хохирогч Э.А, хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, гэрч Л.Д, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дын Бд холбогдох эрүүгийн 201510000307 дугаарт хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Адъяагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
М Дын Б нь Прокурорын яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Б нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нуруун тус газар нь хутгалж хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А согтуу ирээд тэгээд муудсан. Намайг А боочихсон байсан. Хажууд байсан Учрал, Ганбаа нарыг салгаад өгөөч ээ гэтэл салгаж өгөөгүй. Атай заамдалцаад боогдож унах гэж байхдаа өөрийн амиа хамгаалах гэж санамсаргүйгээр даланд нь нэг удаа хутгалсан. Эмчилгээний зардалд 540000 төгрөг, унаж байсан хятад мотоциклио өгсөн. Хэрэг хийсэндээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Бийг гэрээс нь уулзая гээд дуудсан. Тэгээд манай ахыг хэвтэрт ортол зодсон байна лээ, эмчилгээний мөнгө төгрөг өгөхгүй юм уу гэж хэлээд эргэтэл араас 2, 3 удаа цохих шиг болохоор нь би эргэж хараад заамдаж аваад алгадсан. Тэгэхэд намайг хутгалчихсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 10 сарын 20-ны өдөр би Иххэт сумаас 10 цаг өнгөрөөгөөд Хаяат гэх газарт очиж хөрзөн цэвэрлэж байгаад нэг ямаа аваад 17 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд би гэрийнхээ хашаандаа ороод ямаагаа буулгах гэж байхад манай сумын А Өлзий-Учралтай мотоцикль дээр сундалдаад ирсэн. Тухайн үед А архи уучихсан бууж ирээд хашааны гадаа гараад ир, гөлөг минь чамтай ярих юм байна, Чи тийм том болчихсон юм уу? гээд намайг зуураад манай хашааны шонгийн модны хажууд ирээд намайг эхлээд цохисон. Тэгээд бид барьцалдаж аваад “Би, чи намайг яаж байгаа юм бэ?” гэхэд чи их том болжээ гэсэн. Би өмнө нь Бор-Өндөр суманд ажил хийж байхад Аын ах Очгэрэл гэдэг хүн манай найз Хургаатай маргалдсан юм. Тэгээд би тухайн үед салгах гэхэд надруу Аын ах дайраад 2 удаа цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохисон. Тэгээд архи уусандаа ахыгаа өмөөрч байна гэж ойлгосон. Тухайн үед би гутлынхаа түрийнд байсан хутгаа аваад Аыг айлгах санаатай гаргаж ирэхэд А надруу дайраад намайг боочихоод тавихгүй байхаар нь түүнийг тавиулах санаатай зууралдаж байгаад ар дал хэсэг рүү нь хутгаараа хатгачихсан. Тэгэхэд манай ээж гэрээс гарч ирээд Аыг яв гээд хэрүүл хийсэн. Тэгэхэд Өлзий-Учрал Аыг аваад явчихсан. Манай ээж Д надад чи хүн хутгалчихсан байна гэж хэлсэн. Удалгүй манай гэрт сумын цагдаа Бат-Эрдэнэ ирээд намайг аваад гарсан. ... 2015.10.22-ны өдөр Ат 60000 төгрөг, 2015.10.26-ны өдөр 40000 төгрөг, 2015.10.29-ний өдөр 400000 төгрөгийг тус тус эмчилгээний зардалд хэрэглээрэй, миний буруу гэдгээ хэлж өгсөн. Цаашид гарсан хохирлыг бүрэн барагдуулах болно” гэсэн мэдүүлэг / хх-н 60-62/,
Хохирогч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ... дэлгүүрийн хажуу талын хашаанд гэр нь байдаг Бтэй тааралдсан. Би Бтэй тааралдаад “Чи яах гэж хөгшин хүнийг зодсон юм бэ, нохойд уруулаад хэвтэрт оруулсан байна лээ гэж хэлэхэд Б чи тэгээд яах гээд байгаа юм, үхмээр байна уу? гэснээ доошоо тонгойсон. Тэгээд би Бийг “чи яасан хэгжүүн бацаан бэ” гээд 1 удаа хацарлуу нь алгадсан. Тэр үед гэрийнхээ гадаа Бийн ээж, эгч нар нь гарч ирээд намайг нийлээд зодоод байсан... миний нуруу руу 2-3 удаа цохих шиг болсон. Тэр үедээ намайг хутгалсан байсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний хувьд гомдолтой байгаа. Учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх болно гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/,
Хохирогч Э.Аын мөрдөн байцаалтанд дахин өгсөн: … би эмчилгээндээ 1 000 000 / нэг сая / төгрөг зарцуулсан. Үүнийгээ нэхэмжилмээр байна. Миний бие гайгүй болсон. Гэхдээ хүнд хүчир ажил хийж болохгүй нуруу өвддөг, амархан ядарч сульддаг болсон гэсэн мэдүүлэг / хх-н 130-132/,
Гэрч Д.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ бие өвдөөд халуураад хэвтэж байхад 19 цагийн үед байх хашааны гадаа хүмүүс хашгиралдаад манай ээж Д “салгаад өг” гэж хашгирсан. Тухайн үед нөхөр Эрдэнэбаярыг гаргахад удалгүй эргэж гэрт орж ирсэн. Би юу болов гэж асуухад Б хүнтэй муудалцсан байна, салгаад Бийг хашаа руу оруулчихсан байна, хэдэн хүн хашаанаас гараад явж байна гэж хэлсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа байж байхад эгч Ариунчимэг нь “манай дүү Аыг Б нуруу руу нь хутгалчихсан байна” гэж хэлсэн, тэгээд би мэдсэн...Б архи согтууруулах ундаа хэрэглээгүй, А согтуу байсан ... гэсэн мэдүүлэг / хх-н 21-22 /,
Гэрч Ж.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 10 сарын 20-ны орой 19 цагийн үед намайг хөдөө гэртээ байхад манай дүү Ариунчимэг утсаар яриад манай хүү Аыг хутгалуулсан байна гэж хэлсэн юм. Тэгээд яасан юу болсон талаар асуухад Бд хутгалуулсан байна, нуруундаа 3 хутгалуулсан гэж хэлсэн юм. Тухайн үед яг юунаас болсон талаар хэлээгүй, би сүүлд нь хүүгээсээ асуухад урьд нь манай төрсөн ах Очгэрэлийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд явж байхад нь Б нь зодсон юм билээ, тэрийг манай хүү хэлээд яагаад 50 гаруй настай хөгшин ахыг зодож байгаа юм бэ? гээд тэр 2 жаахан маргалдсан юм билээ. Тэгтэл хутга гаргаж ирээд нуруунд нь хутгалсан гэж байсан ба манай хүү ярихдаа эхлээд тонгойхоор нь чулуу авч байгаа юм байх гэж бодсон чинь хутга гаргаж ирж байсан юм билээ тэгээд л намайг хутгалсан гэж байсан. Ер нь манай хүү ааш зангийн хувьд төлөв томоотой зантай, олон таван үггүй, этгээд ааш араншингүй хүүхэд байгаа юм. Тухайн үед манай хүү архи уугаагүй эрүүл саруул явсан гэж байсан ба хэр баргийн хүнтэй муудаж сайдаад байдаггүй юм. Манай хүүхэд хаа нэг л найз нөхөдтэйгээ архи уудаг байх, миний нүдэнд архи уусан байгаа нь харагдаж байгаагүй юм. Манай хүү урьд нь Бтэй муудаж сайндаж байгаагүй байх, бид нарын хувьд маш их гомдолтой байна... гэсэн мэдүүлэг / хх-н 23-24/,
Гэрч Ш.Ариунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 10 сарын 20-ны үдээс хойш ... А, Өлзий-Учрал, Ганбаатар 3 байгаа бололтой А хөлөө жийгээд суучихсан амьсгалж чадахгүй байгаа бололтой сонин дуугараад байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Өлзий-Учрал, Б энэ 2 муудаад гэж байсан ба тухайн үед нээх санаанд ороогүй Аыг согтуу байгаа юм уу гэхэд Өлзий-Учрал архи уугаагүй эрүүл байгаа гэж байсан. Тэгээд би Өлзий-Учрал, Ганбаатар 2-оор гэртээ сугадуулж хүргүүлсэн юм. Гэрт ороод дээлийг нь тайлаад хэвтүүлэх гэтэл ар нуруу нь нил цус болчихсон байсан. Тэгээд л би цагдаа болон түргэн дуудсан. Би Бийг хутгалчихлаа гэж шууд ойлгоод гэрт нь очиход гэрт нь хүн байгаагүй ба хажуу талын гэр буюу эгч Одончимэгийнд нь орж танай дүү манай дүүг хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод байж байхад Бийн эгч Одончимэг нь манай дүү хутга бариагүй харин хугархай халбага билүү сэрээ барьчихсан байхыг нь манай нөхөр авч хаясан гэж байгаа бололтой байсан юм. Тухайн үед тэнд байсан Ганбаатар, Өлзий-Учрал 2 л бүх зүйлийг сайн мэдэж байгаа гэсэн мэдүүлэг / хх-н 27-28/,
Гэрч Ө.Өлзий-Учралын мөрдөн байцаалтанд өгсөн: “... А надад хэлэхдээ найз нь үхмээргүй байна, Б намайг дүрчих шиг боллоо гэсэн. Тэгээд гэрт нь ороод хувцсыг нь тайлахад нуруунд нь хутгалчихсан байсан. Тухайн үед тэр 2 юунаас болж муудаж маргалдсаныг мэдэхгүй байна. Миний хувьд Б Аыг хутгалахыг хараагүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 29-30/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 473 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Аын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэг хийлээ. 1. Э.Аын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хавирга хоорондын тараагуур судасны хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ
Гэрч Л.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад орой 19 цагийн үед байх манай хүү Б хөдөөнөөс мотоцикльтой хашаанд орж ирж байгаа сонсогдсон. Тэгтэл нэг залуу гараад ир п... минь гээд хашгираад хашаагаар орж ирсэн. Би гэрээсээ гараад харахад А согтуу, манай хүүтэй барьцалдаж аваад зодолдсон. Тэгээд би гараад очиход барьцалдчихсан А Бийн хоолойг нь боогоод барьчихсан Аын гарыг Б давхар барьчихсан байсан. Би очоод Аын ардаас хүрэмнээс нь татахад дийлээгүй, тэгэхэд Өлзий- Учрал гараа халаасандаа хийчихсэн зогсож байсан. Би тэгээд хүүхэд аллаа гэж орилж хашхирсан. Тэгээд Аыг Өлзий-Учрал салгаад хашаанаас гарсан. Би хүүгээ аваад гэр лүүгээ орсон. Тэгээд би А дээр араас нь очиж “чи ямар хаашаа юм, ахтай нь өчнөөн жил хамт нэг ангид суралцсан, чи яасан гэж ядарсан дүүг нь зодоод байгаа юм” гэж загнасан. Би Өлзий-Учралыг загнаж чи яах гэж согтуу хүн хашаа руу оруулсан юм гэж загнасан... гэсэн мэдүүлэг / хх-н 117-119/,
Гэрч Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байж байхад манай гэрийн хойд талд Цэрэннадмид ахын хүнсний мухлагийн хажууд эмэгтэй хүн уйлж байгаа дуу сонсогдсон. Тэгээд гэрээсээ ганцаараа гараад очиход манай эгч Д уйлаад байж байсан. Яагаад муудалцсан талаар асуухад юу ч дуугараагүй. Намайг очиход Д эгч, А их согтуу, Өлзий-Учрал нар байсан. Би юу болсныг мэдээгүй, эгчийн гэр лүү нь орсон...маргааш өглөө нь эгчийн гэр лүү ороход Б, Аыг хутгалчихсан гэж байсан. Би юунаас болж маргалдаж, муудалцсан гэдгийг огт мэдээгүй...Б архи уугаагүй эрүүл байсан. А согтуу байсан ба өмнө нь зодолдсон юм шиг байна лээ намайг очихоос өмнө... гэсэн мэдүүлэг / хх-н 122-123/,
Гэрч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед .... хүмүүс муудалцаад, хашгиралдаад байгаа бололтой байсан. Хашааны хаалгаар Б, А 2 заамдалцаад хоёулаа гараад ирсэн. А арагшаа савж унаад байсан. Өлзий-Учрал ирээд наадах чинь хутгалуулсан юм шиг байна гэж хэлсэн. Хөнхөр гэдэг эгч нь ирээд намайг мотоциклийнхоо гэрлийг тусгаад өгөөч гэхээр нь тусгаж өгсөн чинь Аын ар нурууны далны доод хэсэгт нилээн ангайчихсан байхыг би гэрт ороод хувцасаа тайлахад нь харсан. ...Ааас тухайн үед архи үнэртэж байсан. Бийг тухайн үед архи уусан эсэхийг би мэдээгүй. ...Д гуайн хашаан дотор юу болсныг би хараагүй. А, Б 2 Д гуайн хашаанаас хоёулаа заамдалцаад гараад ирэхийг би харсан. Тэр 2 хашаанаас гарч ирсэн хойноо зодолдож цохилцоогүй, харин А хашаанаас гарч ирсэн хойноо газар 3 удаа ойчиж босож ирээд 3 удаа арагшаагаа савж унаад байхыг харсан ... гэсэн мэдүүлэг / хх-н 128-129/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-5/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 66/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Б нь хохирогчид боолгож байхдаа өөрийгөө хамгаалахаар 1 удаа хутгалсан гэж мэдүүлсэн ч хохирогчийн: “... миний араас 2-3 удаа цохих шиг болсон. Дараа нь би боосон...” гэсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн тухайн үед өмсөж явсан хувцас дээр 3 газар зүсэгдсэн байдал ба цус бүхий зүйлийн толбо, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч нь боолгож байхдаа хохирогчийг хутгалсан нь тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Д.Б нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нуруун тус газар нь 3 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А согтуу ирээд тэгээд муудсан. Намайг А боочихсон байсан. Хажууд байсан Учрал, Ганбаа нарыг салгаад өгөөч ээ гэтэл салгаж өгөөгүй. Атай заамдалцаад боогдож унах гэж байхдаа өөрийн амиа хамгаалах гэж санамсаргүйгээр даланд нь нэг удаа хутгалсан. Эмчилгээний зардалд 540000 төгрөг, унаж байсан хятад мотоциклио өгсөн. Хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:..”Би Бийг гэрээс нь уулзая гээд дуудсан. Тэгээд манай ахыг хэвтэрт ортол зодсон байна лээ, эмчилгээний мөнгө төгрөг өгөхгүй юм уу гэж хэлээд эргэтэл араас 2, 3 удаа цохих шиг болохоор нь би эргэж хараад заамдаж аваад алгадсан. Тэгэхэд намайг хутгалчихсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 10 сарын 20-ны өдөр би Иххэт сумаас 10 цаг өнгөрөөгөөд Хаяат гэх газарт очиж хөрзөн цэвэрлэж байгаад нэг ямаа аваад 17 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд би гэрийнхээ хашаандаа ороод ямаагаа буулгах гэж байхад манай сумын А Өлзий-Учралтай мотоцикль дээр сундалдаад ирсэн. Тухайн үед А архи уучихсан бууж ирээд хашааны гадаа гараад ир, гөлөг минь чамтай ярих юм байна, Чи тийм том болчихсон юм уу? гээд намайг зуураад манай хашааны шонгийн модны хажууд ирээд намайг эхлээд цохисон. Тэгээд бид барьцалдаж аваад “Би, чи намайг яаж байгаа юм бэ?” гэхэд чи их том болжээ гэсэн. Би өмнө нь Бор-Өндөр суманд ажил хийж байхад Аын ах Очгэрэл гэдэг хүн манай найз Хургаатай маргалдсан юм. Тэгээд би тухайн үед салгах гэхэд надруу Аын ах дайраад 2 удаа цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохисон. Тэгээд архи уусандаа ахыгаа өмөөрч байна гэж ойлгосон. Тухайн үед би гутлынхаа түрийнд байсан хутгаа аваад Аыг айлгах санаатай гаргаж ирэхэд А надруу дайраад намайг боочихоод тавихгүй байхаар нь түүнийг тавиулах санаатай зууралдаж байгаад ар дал хэсэг рүү нь хутгаараа хатгачихсан. Тэгэхэд манай ээж гэрээс гарч ирээд Аыг яв гээд хэрүүл хийсэн. Тэгэхэд Өлзий-Учрал Аыг аваад явчихсан. Манай ээж Д надад чи хүн хутгалчихсан байна гэж хэлсэн. Удалгүй манай гэрт сумын цагдаа Бат-Эрдэнэ ирээд намайг аваад гарсан. ... 2015.10.22-ны өдөр Ат 60000 төгрөг, 2015.10.26-ны өдөр 40000 төгрөг, 2015.10.29-ний өдөр 400000 төгрөгийг тус тус эмчилгээний зардалд хэрэглээрэй, миний буруу гэдгээ хэлж өгсөн...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан дээрхи гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн дээл 1 ширхэг, хүрэн хантааз 1 ширхэг, цагаан өнгийн подвольк 1 ширхэг, малгайтай эрээн цамц 1 ширхэг, эрээн судалтай саарал өнгийн мак 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Хохирогч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...520 000 төгрөгийг Бээс бэлнээр авсан ба үлдэх хохиролдоо мотоциклийг тооцон авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, санал хүсэлтгүй...” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Дын Бийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Д.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн дээл 1 ширхэг, хүрэн хантааз 1 ширхэг, цагаан өнгийн подвольк 1 ширхэг, малгайтай эрээн цамц 1 ширхэг, эрээн судалтай саарал өнгийн мак 1 ширхэгийг устгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Н.АДЪЯА
Д.АДЪЯАСҮРЭН