Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2017/00015

 

Ц.Х хүсэлттэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч:  онд төрсөн, эрэгтэй, 56 настай, Говьсүмбэр аймгийн С сумын  дүгээр баг,  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, М б овогт Ц Х /РД:/ хүсэлттэй

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134/ШШ2017/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Х хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 37 242 682 төгрөгийг төрөөс гаргуулах тухай иргэний хэргийг тум аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х, прокурор Б.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Говьсүмбэр аймгийн Б сумын З даргаар томилогдсон. Мөн 2012 оны ээлжит сонгуулийн дараа дахин томилогдож, үргэжлүүлэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын албыг хашиж ирсэн. Гэтэл намайг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт хууль бусаар удаан хугацаагаар шалгаж, тэрхүү ажиллагаатай холбогдуулан мөрдөн байцаагчийн тогтоол, Говьсүмбэр аймгийн Прокурорын зөвшөөрөл бүхий тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Ц.Х албан үүргээ гүйцэтгүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай захирамж гарсан.

Түдгэлзүүлсэн үйл ажиллагаа нь намайг шалгасан эрүүгийн хэргийн явцаас хамаарч удааширан 19 сар буюу 1 жил 7 сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд миний бие эрхэлсэн ажилгүй, олон нийтийн дунд нэр хүнд унасан байдлаар өнгөрч, сэтгэл санааны хямралд орж, удаа дараа эмчлүүлэн, олсон орлогогүй, зээлээ төлөхөд хүндрэл учирсан байдалтай өнгөрүүлсэн.

Ингээд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/366 дугаартай албан бичгээр “Ц.Х холбогдох үйлдлийг... хэрэгсэхгүй болгож....албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон болно...” гэсэн бичгийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга /Г.Б/-д хаяглан хүргүүлснийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас мэдсэн.

Иймд би 5 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт анх 19 сарын цалин хөлс нэхэмжилсэн. Энэ цалин хөлс нь Захиргааны хэргийн шүүхээр хянагдаад сүүлийн сарын цалин хөлс нь шийдэгдсэн тул 18 сарын цалин 15 298 893 төгрөг нэхэмжилж байна.

Хоёрдугаарт өмгөөлөгчийн хөлс нэхэмжилж байгаа. Үүнд эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа хоёр өмгөөлөгч авсан. Захиргааны хэргийн шүүхэд нэг өмгөөлөгч, иргэний хэргийн шүүхэд мөн өмгөөлөгч авсан. Эрүүгийн хэргээр өмгөөлүүлсэн өмгөөлөгчийн хувьд нэг өмгөөлөгчөө 1 500 000 төгрөгөөр, нөгөө өмгөөлөгчөө 3 000 000 төгрөгөөр авч байсан. Нийт өмгөөлөгчийн зардалд 6 500 000 төгрөг нэхэмжилж байна.

Гуравдугаарт эмчилгээний зардал 280 000 төгрөг орж байгаа. Яагаад гэвэл би шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааснаас хойш маш их айдастай болж, даралт ихсэж, зүрх дэлсэж, эмчилгээ хийлгэсэн.

Дөрөвдүгээрт зээлийн хүү нэхэмжилсэн. Үүнд зээлийн төлбөр нэхэмжлээгүй. Ажил хийж цалингийн зээл авсан, гэтэл ажлаас түдгэлзүүлсэн учраас хугацаандаа зээлээ төлж чадахгүй болж ломбардаас зээл авсан. Үүнтэй холбоотой шууд зардал нь хүү үүсч байгаа. Хүү нь үндсэндээ цалингийн зээл төлөхийн тулд үүссэн.

Тавдугаарт сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг нэхэмжилсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар иргэнийг хууль бусаар яллах, ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцна гэж заасан. Үүнд албан үүргээ биелүүлэхээс түр түдгэлзүүлсэн гэж байна. Энэ хүрээнд прокурорын тогтоолыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйлдэл байгаа болохоор гомдолтой байна гэсэн агуулга байхгүй. Хамгийн гол нь хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэдгийг талуудад хэлмээр байна.

Би яллагдагчаар татагдсан хоёр жилийн хугацаанд сэтгэл санаагаар маш их хохирсон. Аливаа юманд итгэхээ больдог юм байна. Намайг дарга байх үед хүн болгон сайхан харьцдаг байсан. Гэтэл одоо хүнтэй уулзахаар намайг албан тушаалаа ашиглаад их мөнгө авсан, энэ одоо шоронд орох гэж байгаа гэж харьцдаг болсон, мөн гэр бүлийн хэвийн орчин алдагдсан, өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл санаагаар маш их унасан, энэ байдлаас болж татаж унаад 6 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдох байх гэж бодож байна.

Мөн намайг тус хэрэгт шалгагдах хугацаанд ТВ-9 телевизийн Монгол комент нэвтрүүлэг, интернетийн сүлжээгээр гэмт хэрэг үйлдсэн мэт мэдээллийг тарааж байсан. Миний хувьд хийсэн хэрэг байхгүй, 10 000 000 төгрөг байтугай хэдэн жил, сэтгэл санаагаар хохирч байна. Эмчилгээ хийлгэх санхүүгийн бололцоо байхгүй. Түүнээс биш янз бүрийн сувилал эмчилгээнд явмаар байна. Миний зүрх байнга дэлсэж өвддөг, гэнэт зүрхний шигдээс болох вий гэж айж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 Прокурор Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х нь 18 сарын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн. Үүнийг төрөөс гаргах үндэслэл байхгүй. Үндэслэл нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн  268.1 дэх хэсэгт зааснаар Ц.Х холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч Ц.Х нь Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байсан болохоор тухайн хэрэг дээр ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн үндэслэлээр албан тушаалыг нь түдгэлзүүлсэн.

Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд цалин хөлс аваагүй гэдэгт маргахгүй. Нэгэнт цалин гарах үндэслэлгүй болохоор нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварт нөхөн бичилт хийх үндэслэлгүй. Хамгийн гол нь гэмт хэргийн мэдээллийг прокурор, цагдаа шалгах үүрэгтэй. Энэ үүргийн дагуу хэргийг шалгасан байгаа.

Хоёрдугаарт өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилсэн байна. Үүн дээр ЭБШХуулийн 40 дүгээр зүйл өмгөөлөгчийг заавал оролцуулах заалттай. Энэ хуулийн Эрүүгийн  40.1.1-д “хэлгүй, дүлий, хараагүй, зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, насанд хүрээгүй, монгол хэл бичиг мэдэхгүй,...”  гэсэн хэд хэдэн зүйлийг заасан. Гэтэл энэ хэргийн хувьд хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул энэ нь заавал өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах шаардлагагүй юм.

Сэжигтэн, яллагдагч нь өөрөө өмгөөлөгч авах эрхтэй. ЭХТА-н 268 дугаар зүйлд заасан зүйл,заалтаар эрүүгийн хэрэг үүсгэснээс биш, заавал өмгөөлөгч авах ёстой гэсэн ойлголт биш. Тэгэхээр энэ хэрэгт өмгөөлөгч авах авахгүй нь хувь хүний эрхийн асуудал, харин өмгөөлөгч авсан  тохиолдолд зардлыг нь өөрөө хариуцна.

Ц.Х холбогдох эрүүгийн хэрэгт Т.Баярбат өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгаа. Энэ гэрээ нь хэрэгт байгаа гэрээтэй зөрүүтэй байдаг. Эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь гараар бичигдсэн байсан. Мөн тухайн гэрээний огноо засвартай,  2017 он гэж бичсэн байсныг засварлаад 2015 гэж бичсэн гэрээ байсан.

 Иймд нотлох баримтын хүрээнд дүгнэхэд өмгөөлөгч авч ажиллуулсан гэрээ гэдэг нь эргэлзээтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хасуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Гэнэндулам өмгөөлөгчтэй 1 500 000 төгрөгийн гэрээ эрүүгийн хэрэгт байхгүй байна. Ийм гэрээ байхгүй болохоор нэгэнт гэрээ байгуулаагүй гэж үзэж байна, мөн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон баримт байхгүй болохоор өмгөөлөгчийн зардал 1 500 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Ц.Х нь өөрийн эрхийн дагуу өмгөөлөгчийг сонгож авсан тул зардлаа өөрөө хариуцах ёстой. Тэгэхээр өмгөөлөгчийн зардлыг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдсан байна. Өмгөөлөгч авах нь хүний эрхийн асуудал учраас ямар нэгэн тайлбар байхгүй байна.

Гуравдугаарт, төрийн үйл ажиллагаанд итгэл алдаж сэтгэл санаагаар унаж, эрүүл мэндээрээ хохирч хэд хэдэн удаа эмчлүүлж байсан гэж 280 000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч Ц.Х нь энэ гэмт хэргээс болоод сэтгэл санаагаар хохирсон гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй. Шинжилгээтэй холбоотой зардал гарахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл би нарийн мэргэжлийн эмч биш учраас биеийн эрүүл мэндтэй холбоотой зардал гарахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ албан ёсны шинжээчийн дүгнэлт юм уу? сэтгэл санааны байдлаас хамааран ингэж эмчлүүлж байсан гэх эмнэлгийн магадлал байхгүй. Зөвхөн амбулаториор эмчлүүлэгсдийн карт байна. Үүн дээр бичигдсэн нарийн мэргэжлийн эмчийн бичгийн нотлох баримтаар хэлэлцүүлэх боломжгүй.  

Дөрөвдүгээрт эдийн засгаар маш их хямарсан гэж байна. Зээлтэй холбоотой хэд хэдэн баримт хэрэгт авагдсан байсан. Өөр хүний нэртэй зээлийн баримт хэрэгт авагдсан байсан. Ц.Х өөрөө мөнгө авсан, барьцаалан зээлдэгчээс мөнгө зээлсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь өөрийн нэрээр биш өөр хүний нэрээр авсан зээлийн баримтыг гаргасан байсан. Албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлснээс болоод зээлээ төлөхгүй байгаа үндэслэл нь энэ хэрэгт хамааралгүй.

Яагаад гэвэл албан тушаалтай холбоотой гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан учраас албан тушаалыг нь түдгэлзүүлэхээс өөр аргагүй болсон. Нэгэнт банкнаас зээл авсан эсхүл өөр байгууллагаас зээл авсан тохиолдолд зээлийн эрсдлээ тухайн зээл авсан хүн өөрөө хариуцах ёстой. Энэ мөнгийг юунд зарцуулсан гэдэг нь тодорхой бус байгаа болохоор нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Тавдугаарт олон сараар албан үүргээ түдгэлзүүлэн шалгах, хэргийг заавал хоёр жилийн хугацаанд удаашруулахгүйгээр шийдэх боломжтой байсан гэж  боддог гээд сэтгэл санааны хохирол шаардсан байна. Тэгэхээр хэргийг шалгуулах үндэслэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Гэтэл энэ хэрэгт шалгагдаж эхлэснээс болоод эрүүл мэндээрээ ийм байдлаар хохирсон, ийм, ийм эмчилгээ хийгдсэн, хичнээн төгрөгний зардал гарсан гэх мэт гэм хорын хохиролтой холбоотойгоор гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд хэдий хэр насны хүн билээ, ямар хууч өвчинтэй билээ, ердийн журмаар бие нь өвдөөд эмчилгээ хийлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн олон нийтийн сүлжээгээр доромжилсон гэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд “иргэнийг хууль бусаар яллах, ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцна” гэж заасан зүйлийг хэлж байна.

Эрүүгийн хэрэгт холбогдоод шалгах үндэслэл байсан болоод шалгаад албан тушаалаас түдгэлзүүлсэн. Тэрнээс хууль бусаар шалгасан юм байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5/03 дугаартай Прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол хэрэгт авагдсан байгаа. Тухайн хэрэг дээр хяналт тавьж байсан прокурорын хувьд эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ц.Х холбогдох 75 айлын орон сууцны  асуудлыг шийдвэрлэсэн.

Гэтэл уг тогтоол дээр дээд шатны прокурор өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй байдаг. Энэ утгаараа прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Эүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д гэж заасны өмнө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг нэмж оруулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх, түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийн тайлбарлахад эргэлзээ гарахад түүнийг сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж заасан.

Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгах ёстой. Дээр нь хэрэгт холбогдуулаад хэдийгээр шалгасан боловч энэ хүнийг гэм буруутай эсэх дээр эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтаар энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд эргэлзээ төрсөн учраас ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёлмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас цалинтай холбоотой 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны цалинг бодож гаргасан. Үүн дээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс 500 773 төгрөгийн зөрүү үүссэн. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд албан үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө цалин хөлс олгох ёстой учраас ажил хийгээгүй хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурортой санал нэг байна гэв.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-т зааснаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 18 283 289 /арван найман сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун наян есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 18 959 393 /арван найман сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун ерэн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Х эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж,

энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.8-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг болон давж заалдах гомдол гаргах эрхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

        Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Мөнхдөл  гомдолдоо:... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр гомдол гаргаж байгаа үндэслэл:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 дэх хэсэгт “Хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого”-ыг нөхөн төлөхөөр заасныг үндэслэн шүүхээс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажлын 17 сар 17 хоногийн хугацааны цалин 15 283 289 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х олгохоор шийдвэрлэжээ.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлд заасан -...Иргэнийг хууль бусаар .. албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн ... хохирлыг...төр хариуцан арилгана” гэж заасан. Гэтэл шүүхээс дээрх хуулийн заалтанд хамаарах “хууль бусаар” гэдгийг хэрхэн тогтоосон, шүүхийн шийдвэрт энэ талаар хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй...” гэж заасны дагуу иргэн Н.У гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Б.Нандинболор 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Ц.Х холбогдуулан эрүүгийн 201408000288 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь уг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бусаар явагдсан гэх нотлох баримт эрүүгийн 201408000288 дугаартай хэрэгт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс иргэний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдсон зүйл байхгүй. Гэтэл шүүхээс хууль бусаар албан тушаалыг нь түдгэлзүүлж, шалгасан гэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Мөн шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хэсэгт заасан “хууль зүйн тусалцаа авахад төлсөн хөлс”-ийг нөхөн төлнө гэсний дагуу Ц.Х Л э к  ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өмгөөлөгч Т.Баярбатаас хууль зүйн тусалцаа авсан 3 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ц.Х холбогдох 201408000288 дугаартай хэрэгт  түүнд ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд багтдаг.

 Гэтэл Ц.Х нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах гэмт хэрэгт холбогдоогүй, өөрөө сайн дураараа өмгөөлөгч Т.Баярбатыг сонгон авсан. Иймд шүүхээс өмгөөлөгчийн зардлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Х нь хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 37 242 682 төгрөгийг төрөөс гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа “... хууль бус ажиллагааны улмаас албан тушаалаас түдгэлзүүлж  18 сарын цалин хөлсөөр хохирсон тул 15 298 893 төгрөг, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 1 871 468 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 1 614 321 төгрөг нийт 3 485 789 төгрөгийг нөхөн гаргуулж улсад төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 6 500 000 төгрөг, эмчилгээний зардал 280 000 төгрөг, зээлийн хүү болох 1 678 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг нийт 37 242 682 төгрөг” гэж тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн прокурор Б.Мөнхдөл оролцсон байх ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, учир нь тухайн үед Ц.Х албан тушаалаас нь түдгэлзүүлэн энэ хэргийг шалгах шаардлагатай байсан, шалгах үндэслэл байсан, хэргийг шалгах хугацаа шаардлагатай байсан,  прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд цалин хөлс аваагүй гэдэгт маргахгүй, мөн энэ хэрэг нь хүндэвтэр төрлийн хэрэг учир заавал өмгөөлөгч авах шаардлагагүй, эмчилгээ хийлгэсэн талаар гаргаж өгсөн  нотлох баримт байхгүй, зээлийн хүү нь нотлох баримтаар нотлогдоогүй, энэ нь гэм хороос учирсан зардал гэж үзэх үндэслэлгүй, ямар учраас сэтгэл санаагаар хохироод 10 000 000 төгрөг гарсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх цалин хөлстэй тэнцэх олговорт 15 283 289 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 18 283 289 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 18 959 393 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

мөн нэхэмжлэгч Ц.Х эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын  Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнхдөл нь ... Ц. холбогдуулан ...ртай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь уг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бусаар явагдсан гэх нотлох баримт эрүүгийн хэрэгт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс иргэний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдсон зүйл байхгүй байтал анхан шатны шүүх хууль бусаар албан тушаалыг нь түдгэлзүүлж, шалгасан гэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулахаар шийдвэрлэсэн,

 мөн Ц.Х  ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд багтдаг ба Ц.Х нь өмгөөлөгч заавал  оролцуулах гэмт хэрэгт холбогдоогүй, өөрөө сайн дураараа өмгөөлөгч Т.Баярбатыг сонгон авсан, шүүхээс өмгөөлөгчийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн материалаас үзэхэд: Ц.Х Г аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байхад нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Нандинболор 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр яллагдагчаар татсан,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял нэмж сонсгосон, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч албан тушаалтай комиссор Ж.Мөнхжаргал 2015 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн тогтоолоор  Ц.Х албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, /хх-135/

 Улмаар тус аймгийн Прокурорын газраас Ц.Х Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тус тус яллагдана хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, /хх-138-144/

Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа  хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн /хх-19-22/,

 Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/20 дугаартай  “Зарим яллагдагчийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Ц.Х нь тус аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж ... нийт 1 399 498 565 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол бусдад  учруулсан гэх үйлдэл нь иргэний эрх зүйн маргаан байх тул уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /хх-54/,

 Тус аймгийн Прокурор нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаартай  “Прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор  Ц.Х холбогдох  10 000 000 төгрөгийн хээл хахууль авсан гэх үйлдэл нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй,  мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байгаа тул Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан шийдвэрлэх нь зүйтэй гэж 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/20 дугаар тогтоолын тогтоох хэсэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 ... гэж, Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг журамлан гэж тус тус  нэмж,  мөн тогтоолоор Ц.Х албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон нэмэлт заалт оруулж шийдвэрлэсэн  зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. /хх- 56/

Үүний улмаас нэхэмжлэгч Ц.Х нь хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 19 сарын цалинг төрөөс гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тэрээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 19 сарын цалинг 18 сарын цалин болгон багасгаж цалинд 15 298 893 төгрөг гаргуулах, харин эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт  3 485 789 төгрөгийн нөхөн бичилт хийлгүүлэх, өмгөөлөгчийн хөлс 6 500 000 төгрөг, эмчилгээний зардал 280 000 төгрөг, зээлийн хүү 1 678 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг гэж 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага нэмж гарган нийт 37 242 682 төгрөгийг төрөөс гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага  гаргасан   байна.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/20 дугаартай  “Зарим яллагдагчийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай”,  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаартай “Прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай”  прокурорын тогтоолоор Ц.Х холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул Ц.Х хууль бусаар яллагдагчаар  татаж, албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн  гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэнийг хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн бол үүний улмаас учирсан хохирлыг төр хариуцахыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт,  эд хөрөнгийн  хохирлыг нөхөн төлүүлэх  талаар мөн  хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт тус тус  заасан байна.

Нэхэмжлэгч нь яллагдагчаар татагдаж улмаар түүнийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэний улмаас ажлаа хийж чадаагүй, 17 сар 17 хоногийн  цалин хөлсөөр хохирсон тул  хэрэгт авагдсан түүний цалингийн тооцоололийг /хх-91,92,195/ үндэслэн цалингийн дундаж хэмжээг тогтоож ажилгүй байсан хугацааны олговор 15 283 289  төгрөг , мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гарсан зардал 3 000 000 төгрөг, нийт 18 283 289 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин  анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн  эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх гэсэн шаардлагаас шимтгэл, хураамжийн төлбөрийн мөнгөн дүн болох 3 485 789 төгрөгийг хасч тооцсон нь буруу байна.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Х ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо хэрэгт авагдсан  цалингийн тооцоололыг үндэслэн  тооцсон байх ба үүнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийн төлбөр орж тооцогдоогүй, зөвхөн гарт олгогдох цалин олговрыг тооцож гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх нь Ц.Х эрүүл мэнд,нийгмийн даатгалын дэвтэрт...хугацааны шимтгэл,хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Мөн  нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тус Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас биш, Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Үүнээс  үзэхэд  Баянтал сумын Засаг даргын  тамгын газар ямар эх үүсвэрээс Ц.Х эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь  тодорхойгүй, улмаар  шүүхийн шийдвэр биелэгдэх  боломжгүй  болсон байна.

Иймээс нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15 283 289 төгрөг, эрүүл мэнд,нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ын нөхөн төлбөрт нийт 3 485 789 төгрөг /1 871 468 төг + 1 614 321 төг/,  эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гарсан зардал 3 000 000 төгрөг, бүгд 21 769 078 төгрөг /15 283 289 + 3 485 789 + 3 000 000 / -ийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, үүнээс цалин 15 283 289 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсэний зардал 3 000 000 төгрөг нийт 18 283 289 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 3 485 789 төгрөг нь  Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын  газарт шилжигдэх бөгөөд үүнийг үндэслэн  нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгдэх учиртай, харин нэхэмжлэлийн нийт шаардлагаас 15 473 604 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Иймд хуулийн хэрэглээг зөвтгөж, мөн дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт  нэмэлт, өөрчлөлт оруулж, прокурорын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05  сарын 03-ны өдрийн 134/ШШ2017/00093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д зааснаар”  гэсэн дээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар” гэж нэмж, Засгийн газрын нөөц сангаас  нийт 21 769 078 төгрөгийг гаргуулж, 18 283 289 төгрөгийг  нэхэмжлэгч Ц.Х, 3 485 789 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 473 604 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т  зааснаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газар нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийнхээ дагуу Засгийн газрын нөөц сангаас олгогдох  3 485 789 төгрөгийг холбогдох газруудад нь шилжүүлж нэхэмжлэгч Ц.Х эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт 2015.04.01-ний өдрөөс 2016.09.25-ны өдрийг дуустал хугацаанд шимтгэл, хураамжийг төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай“ гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад  заалтыг  хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                                          ШҮҮГЧИД                                Н.БОЛОРМАА

                                                                                          Х.БАЙГАЛМАА