Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Нийслэлийн Боловсролын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0363 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2022/0494/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0363 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 363 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

3.1. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар 27-ны өдрийн А/433 дугаар захирамжийн эзэмшүүлсэн 69,944 м.кв газраас 12,000 м.кв газрыг хүчингүй болгосон. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд нь тухайн газрыг бүхэлд нь хамруулж дүгнэсэн бөгөөд маргаан бүхий захиргааны актад дурдсан 12,000 м.кв газарт хамааралтай дүгнэлт огт гаргаагүй.

3.2. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн 1.1-д нэхэмжлэгч “Н” ХХК нь “нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна гэж тодорхойлсон. 2.1-д хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/433 дугаар захирамжаар газар эзэмшсэн гэж дүгнэсэн.

Тэгэхээр шүүхийн дүгнэснээс үзвэл нэхэмжлэгчийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл огт газар эзэмших эрхгүй байсан гэж харахаар байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г анх байгуулсан гэрээнээс тооцох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд бусад шүүхээс анх байгуулсан гэрээний хугацаанаас тооцдог байхад шүүх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинээр олгогдсон гэрээний хугацаанаас тооцно гэж дүгнэсэн нь шүүхээс хэт нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэхээр байна.

3.3. Дээрх захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-06/1367 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, үүний хариуд нэхэмжлэгчээс хариу тайлбар хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж заасан тул нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчээс ирүүлсэн саналыг заавал тусгах үүрэг хүлээхгүй.

3.4. Мөн “Н” ХХК нь “нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргаж, газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж бичгээр тайлбар гаргасан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актын огноог зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасантай нийцжээ.

3. Хэргийн үйл баримтаас үзвэл нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/433 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1780600561 дугаартай, 69,944 м.кв талбай бүхий газрыг “Монгол корпорэйшн” ХХК-иас нэхэмжлэгч “Н” ХХК-д шилжүүлж, орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

3.1. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” тухай 01122-2020/00396 дугаар гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн 0016883 дугаартай гэрчилгээг олгосон байна.

3.2. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай” А/577 дугаар захирамжаар “... Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 69,944 м.кв газар эзэмшигч “Н” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12,000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай” гэж шийдвэрлэснээр энэхүү маргаан үүсжээ.

3.3. Анхан шатны шүүх “... “Н” ХХК нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй буюу шилжүүлэн авсан тухайн газраа ашиглахтай холбоотойгоор өөрсдийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн барилгаа барих, зайлшгүй хийх ёстой ажлуудыг хийж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан, эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авсан байхад газар эзэмших эрхийг нь хэсэгчлэн хүчингүй болгож, гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна ... захиргааны акт нь зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй ... хариуцагчаас хуульд зааснаар сонсох ажиллагаа хийж, тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

4.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг бий болсон тохиолдолд харьяалах шатны Засаг дарга газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, энэ тухайгаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүдэд мэдэгдэхээр байна.

4.2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь маргаан бүхий газрыг гэрээнд заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь дараах байдлаар тогтоогдохгүй байна. Үүнд:

4.2.1. Гэрээнд заасны дагуу газрыг эзэмшихтэй холбоотой олж авсан эрх, зөвшөөрлийн хувьд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Н” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Монгол корпорэйшн” ХХК-тай “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж маргаан бүхий газрыг худалдан авсан, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглахын тулд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 049/2020 дугаар “Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл”, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 50/2020/87 дугаар техникийн нөхцөл, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2020/Ц-50 дугаар “Цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл боловсруулах даалгавар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Силк рөүд” үйлчилгээний орон сууцны цогцолборын загвар зураг батлуулсан үйл баримт,

4.2.2. Гэрээнд заасны дагуу эзэмшил газартаа бодитоор хийж, хэрэгжүүлсэн ажлын хувьд Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1757 дугаар албан бичиг, түүний хавсралт бүхий сансрын зураг, цахилгааны шугам, станц барих батлагдсан төлөвлөгөө болон барилгын үйл ажиллагааг эхлүүлэн 4 блок бүхий барилга байгууламжийн ажил 1 давхар хүртлээ хийгдсэн болох нь маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна.

5. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эдврэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

5.1. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж Газрын тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт заасан дээрх үндэслэл, нөхцөл бий болсон эсэхийг тодруулаагүй байна.

6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” гээд 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж тус тус заасан.

6.1. Гэтэл маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар гаар эзэмших эрх олгох тухай” А/577 дугаар захирамжид нэхэмжлэгч “Н” ХХК нь эзэмшиж буй газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл заасан хэр нь маргаан бүхий газраас 1,200 м.кв газрыг гуравдагч этгээд болох Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, мөн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/433 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “69,944 м.кв” гэснийг “57,944 м.кв” гэсэн өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зарим хэсгийг гуравдагч этгээдэд шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцээгүй байна.

6.2. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг шилжүүлэх харилцаа нь зөвхөн газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд хэрэгжихээр байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшлийн газраас гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь дээрх байдлаар хууль зөрчсөн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан маргаан бүхий актад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь газар эзэмших эрхийг хэзээ олж авсан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан 2 жилийн хугацааг ямар хугацаанаас эхлэн тооцохоос үл хамааран маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамж нь Газрын тухай хуулийг зөрчиж гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй байна.

7.2. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар” гэж маргаан бүхий захиргааны актыг огноог буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0363 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2020” гэснийг “2022” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ