Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Н.Нямдорж

Шүүгдэгч: Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.О ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000182 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.О 2021 оны 05 дугаар сарын 17-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-2-248 тоот хашаанд иргэн Р.Н ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Оын мөрдөн байцаалтад өгсөн.

...Би гэр дээр нь гарахад араас нэг ах хөөе чи яагаад айлын гэр дээр гараад байгаа юм гэхээр нь би ах уучлаарай гээд гэрээс буухад тэр ах намайг шууд цохиод газарт унагаагаад өшиглөсөн. Тэгээд би босоод нүүр рүү нь цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 63-64/

Хохирогч Р.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай хадам дүү Б.М нь эхнэр ******* руу 16 цагийн үед залгаад нөхөртэйгээ жаахан маргаад ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд би машинаараа хадам дүү Б.Мыг 2 хүүхэдтэй нь очиж авсан. Тэгээд манай гэрийн хажууд нэг илүү гэр байдаг. Орой 22 цагийн үед Б.М нь манай хажуу гэр лүү 2 хүүхэдтэйгээ ороод унтахаар болсон. Нөхөр ирэх байх намайг байхгүй гээд хэлчих гэсэн. Тэгээд эхнэр бид 2 хажуу гэр лүү оруулаад “гаднаас нь цоожил гэхээр нь цоожлоод буцаад гэртээ орж ирээд унтах гээд хэвтсэн. Тэгтэл шөнө 00 цаг өнгөрч байхад Б.Мын нөхөр Б.Б нэг залуугийн хамт манай гэрт орж ирээд эхнэрээ асуусан эхнэр бид хоёр мэдэхгүй гэж хэлээд гаргасан. Тэр хоёр гараад явсан. Би ч явчих байх гэж бодоод хэвтэж байхад манай эхнэр нөгөө хоёр чинь хаалгыг нь эвдээд орчиж байгаа юм биш үү гэхээр нь би гараад харахад Б.Б байхгүй, гэр дээр нөгөө хамт ирсэн залуу нь гарсан сууж байсан. Тэгэхээр нь би яагаад чи айлын гэр дээр гарчихсан байгаа буу гэхэд тэр залуу буугаад ирэхээр нь би заамдаж аваад нэг цохьсон газар унахаар нь нуруу руу 1 өшиглөсөн. Тэгээд тэр залуу босож ирээд намайг нүүр лүү нэлээн хэдэн удаа цохьсон. Б.М салгах гээд хүчрээгүй. Тэгээд би хүчрэхгүй болохоор нь гэрлүүгээ зугтаад орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,    

Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

...******* эгч манай хаалгыг онгойлгож өгөөд би нөхөртэйгээ хамт гарахад Р.Н ахын нүүр нь нил цус болсон зогсож байсан. Г.О нь дахиад зодох гээд дайраад байхаар нь болиулах гэж зөндөө үзсэн хүчрээгүй. Дахиад Г.О нь Р.Н ахыг нэг цохиж авсан. Тэгээд Р.Н ах цаашаа гэрлүүгээ гүйсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /,

 Гэрч Б.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 05 дугаар сарын 16-ны өглөө нь би эхнэр Б.Мтай жаахан маргасан тэгсэн гэрээсээ гараад явсан. Тэгээд 17 цагийн үед манай эхнэр над руу залгаад ******* эгчийнх рүү явлаа гэж хэлсэн. Орой 18 цагийн үед найз Г.Отай уулзаад бид хоёр манайд 1 шил архи хувааж уучихаад орой 23 цагийн үед би эхнэртэйгээ уулзаж уучлалт гуйхаар Р.Н ахын гэрт Г.Отай хамт очсон. Гэрт нь ороход манай эхнэр байхгүй байхаар нь эхнэрийгээ асуухад байхгүй гэхээр нь Г.Отай шууд гараад илүү гэрт байгаа байх гэж бодоод гэр дээр нь гараад тооноор харсан. Тэгэхэд манай эхнэр хоёр хүүхэдтэйгээ байхаар нь ороод уучлаарай хайраа, яагаад утсаа авахгүй байгаа гээд байж байсан чинь гадаа хүн ноцолдоод байх шиг байсан. Цаанаас нь ******* эгч орилоод гэрийн хаалга онгойлгож өгсөн. Тэгээд намайг гарч ирэхэд Г.О, Р.Н ахыг зодоод байсан. Би яг хаана нь цохиж байгааг хараагүй. Р.Нын хамарнаас нь цус гарсан байсан шүд уначихлаа гээд орилоод байсан. Г.Оын хамарнаас нь бас цус гарсан байсан өөр зүйл харагдаагүй. Г.О л миний араас орох гээд гэр дээр байж байхад нь Р.Н ах чи яагаад айлын гэр дээр гарч байгаа буу гээд буулгаад Г.Оыг цохьсон гэсэн. Надад Г.О, Р.Н хоёр хоёулаа тэгж хэлсэн... гэх мэдүүлэг /25-26 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 255 дугаартай.

1.Р.Нын биед зүүн доод 2,3 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1,4 дүгээр шүдний сулрал, дээд, доод, уруул, эрүү, хамар, чих, хүзүү, мөр, бугалга, шуу, цээж, хэвлийд шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 10 хувь алдагдуулна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үүсгэгдэх ба тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 12/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, депозит дансны хуулгууд /хх-ийн 70-72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 17-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-2-248 тоот хашаанд иргэн Р.Ныг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Оын / хх-ийн 63-64/, хохирогч Р.Нын/ хх-ийн 17-18/, гэрч Б.Мийн /хх-ийн 21-22/, гэрч Б.Бий /хх-ийн 25-26/, нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.О нь хохирогч Р.Ныг зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... .Нын биед зүүн доод 2,3 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1,4 дүгээр шүдний сулрал, дээд, доод, уруул, эрүү, хамар, чих, хүзүү, мөр, бугалга, шуу, цээж, хэвлийд шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 31-32/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон гэх өдөр хохирогч Р.Н, шүүгдэгч Г.О нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Г.О нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Г.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.О нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Р.Н нь шүүгдэгч Г.Оаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бай баян овоо овогтой Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бай баян овоо овогтой Г.Оад холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.Оад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Оад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА