Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/609

 

 

 

  2021        05          21                                  2021/ШЦТ/609

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

насанд хүрээгүй шүүгдэгч А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Гэрэлсайхан, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт насанд хүрээгүй А.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б,

нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2120 00000 0003 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нар нь бүлэглэн 2020 оны 12 сарын 16-ны өдөр Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаас гэмт хэрэгт мөрдөн шалгаж байгааг мэдсээр байж зориуд зайлсхийх зорилгоор Монгол Улсын Дорноговь аймгийн Замын Үүд сумын нутаг дэвсгэр дэх хилийн зурвас дотор буюу 816-817 дугаар тэмдэгтийн хооронд явганаар БНХАУ-ын хил рүү зорчин явж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан,

шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 240 тоотод насанд хүрээгүй иргэн Ц.Үүрийнбаярыг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                       

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

1. Шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нар нь бүлэглэж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь хэрэгт авагдсан:

 

- Хил зөрчигчдийн зургууд /1 хх-ийн 24/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 48-49, 50-56/,

- Өсвөр насны яллагдагч А.Бий нас тоолсон мөрдөгчийн “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 нас, 6 cap, 12 хоног”-той гэх тэмдэглэл /1 хх-ийн 32/,

- Хойшлуулшгүй ажиллагааны явцад А.Б, Б.Б нарын цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 11-13/,

 

Гэрч П.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19.00-ээс 21.00 цагийн хооронд теле камерт үүрэг гүйцэтгэж байхад хилийн 817 дугаар тэмдгийн чиглэлд 2 явган хүн явж байсныг илрүүлж шуурхай жижүүрт мэдэгдсэн. Тусгай томилгоот бүлэг үүрэг гүйцэтгэж, би камераар хаана явж байгаа чиглэлийг нь зааж өгч 2 хүнийг саатуулсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19/,

 

Гэрч Н.Санжпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Теле камерын хянагч, ахлах ахлагч Н.Санжпүрэв би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19:00-21:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байхад 817 дугаар тэмдгийн чиглэлд 2 явган хүн явж байсныг илрүүлж, шуурхай жижүүрт мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21/,

 

Гэрч Н.Тамжидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...тухайн өдөр 19 цаг өнгөрч байхад ээлжийн дарга, ахлах дэслэгч Э.Чинбат командлаад, тэгээд би бэлэн байдлаа хангасан. Тэгээд машиндаа суусан Э.Чинбат “Хилийн 1 заагт, дотоодоос гадаад руу чиглэсэн хоёр хил зөрчигч байна” гэж хэлсэн. Тэгээд манай бүлэг хөдөлгөөн илэрсэн газарт машинтай явж очсон. Тухайн газарт очиход харанхуй болчихсон, үзэгдэх орчин хязгаарлагдмал, цас ороогүй, цэлмэг байсан. Бид нарын машины гэрлийг хараад 2 хил зөрчигч нуугдаад доошоо хараад хэвтчихсэн байсан. Тэр 2 хил зөрчигчийн нэг нь хар, нэг нь улаан өнгөтэй куртиктэй байсан. Бас тэр хоёрын хажууд нэхий ханцуйвч байсан. Бид нар 2 хил зөрчигчийг саатуулаад араас ирсэн бүлэгт хүлээлгэж өгсөн. Тэр хоёр хил зөрчигч Монгол улсын хилээс дотогш 300 гаран 400 орчим метрийн зайтай, хилийн 816 дугаартай баганатай ойрхон байсан. Харанхуй байсан болохоор хилийн тэмдгээс ямар зайтай байсныг мэдэхгүй байна. ойролцоогоор 2 км зайтай байсан байх, Тэр 2 хил зөрчигч Монгол улсын хилийг даваагүй байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34/,

 

Гэрч Э.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад:

"...Манай бүлэг хөдөлгөөн илэрсэн бүс рүү очсон. Тухайн үед орой болсон, харанхуй байсан бөгөөд хил зөрчигч 2 иргэн машины гэрлээс нуугдаад газар хэвтсэн байдалтай байсан. Тухайн 2 иргэнээс “Та 2 монгол уу” гэж асуухад “Монгол” гэж хариулсан. Манай бүлгийг очиход тэр хоёр хил зөрчигч давхар куртикнууд өмссөн, нэхий ханцуйвчтай, маш их дулаалсан, хол алхахад бэлтгэсэн байдалтай байсан. ...Монгол Улсын хилээс 816 дугаар тэмдгээс зүүн тийш 2.6 километрт газраар дотоодоос гадаад руу чиглэлтэй, Монгол Улсын хилийн шугамаас дотогш 420 метр газарт байсан. Улсын хил даваагүй байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст мөрдөгч Бүжинлхам дээр 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэргээр шалгагдаж байгаа. Уг нь би тэр охиныг 16 насанд хүрсэн гэж бодож байсан. Надад тэр охин өөрийгөө 16 настай гэж хэлж байсан. Би тэр охинтой 2020 оны 11 дүгээр сарын 12,13-ны үед фейсбүүкээр танилцаад мессежээр харьцаж байгаад 2020 оны 11 сарын 20-нд БЗД-н Саруул тэнгэр хотхонд байх тэр охины байрны орцонд нь анх уулзсан. Тэр охин надад өөрийгөө Үүрийнбаяр, 16 настай, 10 дугаар ангид сурдаг гэж хэлсэн. Тэгээд бид 2 нэг хоёр хоногийн зайтай уулздаг болсон. 2020 оны 12 дугаар сарын 08-ны үдээс хойш Үүрийнбаяр надтай уулзахаар КТМС-ийн буудал дээр ирсэн. Тэгээд би өөрийн түрээсэлдэг байрандаа Үүрийнбаярыг авч ирсэн. Би БЗД-ийн 2 хороо, цэргийн хотхон 805 дугаар ангийн хойно нийтийн байранд байр түрээсэлж байсан. Тэнд Үүрийнбаяр надтай хамт 3-4 хоносон. Бид хоёртой хамт манай найз Б, өөр бас найзууд ирж буцаад явж байсан. Би тэр охинтой 4-5 удаа бэлгийн харьцаанд орсон. 1 удаа л бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон. Би Үүрийнбаяртай сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Үүрийнбаяр тухайн үед корсет өмсчихсөн “энийг яах гэж өмссөн гэж бодож байна” гэж яриад л бэлгийн харьцаанд орсон. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед манай байранд цагдаа нар гэнэт орж ирсэн. Цагдаа нартай хамт Үүрийнбаярын ээж нь орж ирсэн. Тэгээд Б, Баасансүрэн бид гурвыг БЗД-ийн Цагдаагийн 2 хэлтэс рүү авч явсан. Тэгээд маргааш нь би Цагдаагийн газраас гараад түрээсэлж байсан нийтийн байрандаа очсон. Намайг очиход Б байранд байсан. Байрны эзэн “юун цагдаа сэргийлэх болоод байгаа юм, байрнаас гар” гэсэн. Тэгээд бид 2 байрнаас гараад зугтахаар шийдсэн.

Өмнө нь бид Хятад руу гараад тойрч аялах талаар ярьдаг байсан. Тэгээд хэрэг намжтал хил даваад нуугдъя гэж бодсон. Тэгээд шууд Замын-Үүд яваад цаашаа Хятадын хилийг давъя гэж бодсон. Тэгээд Ботаникийн буудлаас Налайхын автобусанд суугаад Налайх руу салдаг зам дээр буусан. Цаашаагаа 10 орчим км алхаж байгаад хар өнгийн суудлын машинд суугаад Багахангайд ирсэн. Багахангайд байрны орцонд хоносон. Ямар байрны орцыг нь мэдэхгүй байна. Маргааш нь 11 цагийн үед Багахангайгаас гараад зам дагаж алхаж байгаад замын унаанд сууж Баян суманд ирсэн. Баян суманд ирж дэлгүүр ороод би өөртөө ноосон малгай авсан. Тэгээд дэлгүүр дээр уурхайд ажилтан авна гэсэн зарлал байсан. Бид 2 тэр уурхайд нь очоод ажил хийх гэсэн боловч бичиг баримтгүй гээд болоогүй. Тэгээд уурхайдаа хоночхоод маргааш өглөө нь зам дагаж алхсан. Алхаад явж байтал хар өнгийн суудлын жижиг тэрэг зогсоод бид хоёрыг авсан. Тэгээд тэр машинтай явж байгаад Далан дээр Болор-2 гээд цайны газарт түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгөхдөө бид 2 өөрсдийн нэр, регистр, утасны дугаарыг худал хэлсэн. 30 минут орчмын дараа шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэгээд хариугаа аваад Сайншандад ирсэн. Сайншандад ирээд бас нэг байрны орцонд хоносон. Маргааш нь дэлгүүр орж 5л ус, “nipples” чихэр, тамхи аваад зам дагаад 7-8 км алхсан. Тэгээд явж байтал дунд зэргийн “ГОЁ” жүүс гэх бичигтэй түгээлтийн машинд 30 орчим км дайгдаж Монцемент гэх хаягтай самбарын дор буугаад үргэлжлүүлэн 2 км орчим алхсан. Тэгээд том оврын шаланз машинд сууж Замын-Үүдэд ирсэн. Замын-Үүд рүү орохдоо худал мэдээллээр авсан шинжилгээний хариуг үзүүлж орсон. Тэгээд Мандах наран хорооллын нэг орцонд орж хоносон. Маргааш нь 11 цагийн үед гараад Замын-Үүдээр тойрч алхаж, хилээр гарахад тохиромжтой газрыг харж явсан. Буцаж орцондоо ирээд унтаж байгаад 16:30 цагийн үед гараад төмөр замын зүүн талаар нь гараад урагшаа чигээрээ нуур шиг юм дээгүүр алхсан. 400-500м яваад сараалжин тор таарсан. Торыг өргөж байгаад доогуур нь гарсан. Дахиад цаашаагаа явтал жижигхэн ногоон тор таарсан. Тэр тор дээгүүр харайгаад гарсан. Цаашаа 50-100м явахад ороосон хадаастай тор байсан. Тэр торыг даваад 20м орчим явахад хөндлөн татсан 3 эгнээтэй торон хаалт байсан. Бид 2 доогуур нь шургаж гараад 300м явж байтал холоос гэрэл гараад, хүмүүс шуугилдаад ирсэн. Тэгээд бид 2 баригдаад 0108 дугаар ангид хүргэгдэж ирсэн. Ийм л зүйл болсон.  ...Надад гадаад паспорт байгаа. Улсын хилээр хэрхэн яаж давдгийг мэднэ. Энэ удаад нууцаар зугтаж явсан болохоор хууль бусаар хил зөрчсөн. Өмнө нь Б бид 2 Хятад руу гараад цаашаагаа Энэтхэг зэрэг улсаар явган аялах талаар ярьж байсан юм. Тэгээд тэр өдөр би Цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд, хэрэгт холбогдчихлоо гэж бодоод зугтах санааг анх гаргаж Бд хэлсэн. Б намайг дэмжиж бид 2 хамтдаа Хятад руу хил давж зугтахаар болсон. Ийм л зүйл болсон. Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолын үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна /1 хх-ийн 26-27, 74/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Манай найз Б 2020 оны 12 дугаар сарын 08-ны үед Баянзүрх дүүргийн 805 дугаар ангийн ойролцоо нийтийн байр түрээсэлсэн байсан. Би Быг байр түрээсэлсний дараа 1-2 хоногийн дараа очсон. Намайг очиход Б, найз охин Үүрийнбаяртайгаа, бас манай хэдэн найзууд байсан. Бид нар хөзөр тоглосон. Би тэднийд хоносон. Намайг тэднийд байх хугацаанд Б Үүрийнбаяр гэх найз охинтойгоо 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон, би харсан. Тэгээд 2020 оны 12 сарын 10, 11-ний үед Бын түрээсэлсэн нийтийн байранд цагдаа орж ирсэн. Цагдаа орж ирэхэд Б, Үүрийнбаяр бид 3 байсан. Цагдаа нар Б бид хоёрыг аваад БЗД-н 2-р хэлтэст авч ирсэн. Бын найз охиныг ээж нь аваад явсан. Цагдаа нар Баас мэдүүлэг авсан. Надаас мэдүүлэг аваагүй. Би цагдаагийн газар байж байгаад нийтийн байр руугаа явсан. Маргааш нь Б ирээд бид 2 зугтахаар шийдсэн.

Өмнө нь шүүхээс тэнсэн харгалзах ял авсан байсан. Бас тэгээд саяны асуудалд би орооцолдчихлоо гэж бодоод зугтахаар шийдсэн. Тэгээд л бид 2 зугтаад Замын-Үүдээр Хятад улс руу гарч ажиллаж амьдрахаар хотоос 2020 оны 12 дугаар сарын 11-ний үед гарсан. Замын унааг гуйж, дайгдаж явсан. Тэр өдрөө бид 2 Ботаникаас Налайхын автобусанд сууж Налайх руу салдаг зам дээр буугаад цаашаагаа Багахангай руу зам дагаж алхаж байгаад суудлын жижиг тэргэнд сууж Багахангайд ирсэн. Багахангайд орцонд хоноод маргааш өглөө нь зам дагаж алхаж байгаад замын унаанд дайгдаж Баян сум орсон. Баян сумын дэлгүүр орж идэж уух юм авсан. Тэгтэл дэлгүүрийн хаалга дээр уурхайд ажилд авна гэсэн зар байхаар нь бид 2 уурхай руу ажил хийхээр очсон. Уурхай нь 2-3 км зайтай байсан. Уурхайд очтол бичиг баримтгүй гээд ажилд аваагүй. Тэгээд бид 2 тэндээ /уурхайд/ хоносон. Маргааш нь зам дагаж алхаж байгаад хар өнгийн суудлын жижиг тэргэнд суугаад Сайншанд орсон. Орох замдаа буюу Далангийн пост дээр түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгөхдөө худлаа нэр, регистр зохиож хэлээд өгсөн. Түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан. Сайншандад нэг байрны орцонд хоносон. Маргааш нь замаа дагаж алхаж байгаад цагаан цэнхэр жижгэвтэр ачааны машинд суугаад 30 орчим км яваад буусан. Тэгээд алхаж байгаад том оврын ачааны машинд дайгдаж Замын-Үүд рүү орж ирсэн. Замын-Үүдэд орж ирээд Ургах наран хорооллын орцонд 6 давхарт хоносон. Өглөө нь босоод Замын-Үүдийг 1 бүтэн тойрч эргэн тойрныг ажаад буцаад орцондоо ирж дулаацсан. Тэгээд төмөр замын цаад тал буюу ертөнцийн зүгээр зүүн талаар нь хил давахаар алхсан. 2 торон хашаа давсан. Тэгээд цаашаагаа явж байтал хөдөлгөөн мэдрэгч, камер байсан. Тэгээд удалгүй машинтай хүмүүс ирээд бид хоёрыг бариад 0108 дугаар ангид авч ирсэн. Ийм л зүйл болсон. Би прокурорын яллагдагчаар татсан үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-31, 77/,

 

2. Шүүгдэгч Б.Б нь арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 88/

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 90-93/,

-насанд хүрээгүй хохирогч Ц.Үүрийнбаярын нас тоолсон мөрдөгчийн “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 нас, 12 хоног”-той гэх тэмдэглэл / 1 хх-ийн 115/,

-насанд хүрээгүй хохирогч Ц.Үүрийнбаярын төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 116/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Үүрийнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

Би Б гэх залуутай фейсбүүкээр 2020 оны 11 сарын 20-ны өдөр танилцсан. Бид хоёр 2020 оны 11 сарын 24, 26, 29-ний өдрүүдэд уулзаж юм ярьж байсан. Тэгээд 2020 оны 12 сарын 08-ны өдөр “...Б намайг хүрээд ирээч, уулзъя” гээд байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд ирэхэд Б, Зулсар нар байсан. ...Зулсар найзтайгаа уулзана гээд гараад явсан. Тэгээд Б бид 2 үлдээд хэвтэж байгаад тэврэлдээд бэлгийн харьцаанд 1 удаа орсон. ...Б бид хоёр дахин бэлгийн харьцаанд ороод буцаж унтаад өдөр 15 цагт сэрсэн. Бид хоёр бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвчтэй орсон. Бэлгэвчээ хогийн саванд хийсэн. Намайг бэлгийн харилцаанд орохыг тулгаж, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Би Бад “9 дүгээр ангид сурдаг 14 настай гэдгээ хэлж байсан. надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96-98/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай:

 “Ц.Үүрийнбаяр нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ц.Үүрийнбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Үүрийнбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Үүрийнбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Үүрийнбаярт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хх-ийн 107-108/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13457 дугаартай:

“Ц.Үүрийнбаяр биед зүүн гуя, 2 шилбэ, зүүн дунд хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Ц.Үүрийнбаярын бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй. Ц.Үүрийнбаяр нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Ц.Үүрийнбаярын үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно...” гэх хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1 хх-ийн 102-103/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 12 сарын 07-ны орой Үүрийнбаяр өөрийн фейсбүүк хаягаас “санаж байна, уулзмаар байна” гэж бичихээр нь маргааш уулзъя гэж бичсэн. Маргааш нь КТМС-ийн автобусны буудал дээр тосож аваад 14 цагийн үед гэртээ аваачсан. Бид хоёр 2020 оны 12 сарын 09-ний өдөр 4 удаа, 2020 оны 12 сарын 10-ны өдөр 2 удаа бэлгийн харилцаанд орсон. Үүрийнбаяраас өөрөөс нь асуухад 16 настай, 44 дүгээр сургуулийн 10 дугаар ангид сурдаг гэж байсан. Намайг хэвтэж байхад Үүрийнбаяр цамцаа дээшлүүлээд “энэ корсетийг хар, би энийг яах гэж өмссөн гэж бодож байна” гэж хэлхээр нь орой болохыг хүлээсэн. Тэгээд шөнө хамт унтахдаа бэлгийн харилцаанд орсон. Үүрийнбаярт хүч хэрэглэж, тулгаж бэлгийн харилцаанд ороогүй. Тэр өмнө нь бэлгийн харилцаанд орсон байсан. Онгон биш байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-125/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 Хавтаст хэргээс шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгч нарын нэр дээрх банкны дансны мэдээллүүд, цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх-ийн 137-187/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилжээ.

 

 Завдалтын шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаарддаг.

 

Улсын хилийн халдашгүй дархан байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн”, Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэж зааснаар тодорхойлогдоно.

Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай байгуулсан гэрээг үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршдог.

 

Шүүгдэгч нар нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Хилийн тухай хууль, Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, Эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдэж байсан хэдий ч бүлэглэн Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг санаа зорилгын хувьд санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, акт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан баримт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

 

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээр Монгол улсын бүрэн эрхт байдал, хилийн халдашгүй дархан байдал, үндэсний аюулгүй байдалд халдаж, Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын хилийн тухай хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан тогтоомжуудыг зөрчиж, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн гэмт халдлагыг үйлдсэн байна.

 

Энэ хэргийн хувьд шүүгдэгч нар нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч тэдний хүсэл зоригоос үл хамааран Монгол Улсын хил хамгаалах байгууллагын алба хаагчид хилийн зөрчлийг илрүүлэн, ажиллагаа явуулж барьснаар шүүгдэгч нарын гэмт үйлдэл таслан зогсоогдож, тэдний хүсэл зориг өөрсдөөс нь шалтгаалахгүй тасалдсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, хойшлуулшгүй ажиллагааны явцад А.Б, Б.Б нарын цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж шүүгдэгч, насан  хүрээгүй шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдалд халдаж, хилийн боомт бус газраар улсын хилийг газраар нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаас эрэн сурвалжилж, мөрдөн шалгаж байгаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж зориуд зайлсхийх, зугтах зорилгоор Монгол Улсын Дорноговь аймгийн Замын Үүд сумын нутаг дэвсгэрт дэх хилийн зурвас дотор буюу 816-817 дугаар тэмдэгтийн хооронд явганаар БНХАУ-ын хил рүү зорчин явж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхээр хоорондоо урьдчилан үгсэн тохиролцсон, санаатай нэгдэн хамтран гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж дүгнэлээ.

 

Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун, арван зургаан насан хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдрын зөв хөгжилд халдаж нийтээр дагаж мөрддөг зан заншлын болон хүний энгийн харилцааны ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа гэмт этгээдийн санаатай үйлдэл юм.

 

Энэ гэмт хэрэг нь халдлагад өртөгчийн бэлгийн бойжилт, бие бялдрын зөв хөгжил, нийгмийн ёс суртахуунд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд 18 насанд хүрсэн гэмт этгээд бэлгийн харьцаанд орох хүүхдийн насыг 14 нас хүрсэн, харин 16 насанд хүрээгүй болохыг ерөнхийд нь мэдсэн, мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр бэлгийн харьцаанд орсноор төгсдөг гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.Б нь Ц.Үүрийнбаярыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэж байсан, түүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй гэдгийг мэдэж өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан хэдий ч түүнийг хүсэж бэлгийн харьцаанд орсон болох нь тэдний мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь бэлгийн дур хүслээ хангах сэдэлтээр Ц.Үүрийнбаярыг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт насанд хүрээгүй А.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нарыг бүлэглэн Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Шүүгдэгч Б.Быг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролгүй байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол нэхэмжлээгүй байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хариуцлагын хэмжээ, төрлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгч А.Бий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй, шүүх хуралдаан болоход ч 18 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар түүнд оногдуулсан ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон учир гэмт хэрэг тус бүрд нь оногдуулсан ялыг нэмж нэгтгэн ялын төрөл хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нарыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг хоёр дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэхээр тогтоосон шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэж, өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тэдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан үндэслэлээр гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна”-т заасан журмаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тэдний гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, арга хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан тэдний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулж, ялуудыг дээрх байдлаар нэмж нэгтгэн төрөл хэмжээг тогтоон, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний гэм бурууд тохирно гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Бын хэргийн учир 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дуусталх хугацаанд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, насанд хүрээгүй шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Баын Быг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Т овогт Аын Бийг бүлэглэн Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Быг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Бийг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг нэмж нэгтгэн ялыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих хүнд ялд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар,

 

насанд хүрээгүй шүүгдэгч А.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих хөнгөн ялыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон нэг зуун дөчин нэг /141/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, насанд хүрээгүй шүүгдэгч А.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ