Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч: Б.П, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014000000177 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /*******/-тай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.П нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3-13 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Гын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн

 ... 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн “Хөх толгойд” хаягийг нь тодорхой мэдэхгүй ******* гэх айлд архи ууж байгаад унтаад сэрсэн чинь цуг хөдөө явна гэж байсан Д.Д орхиод явсан байсан. Түүнтэй хамт 2-3 хоног архи уусан. Тэгээд тэдний гэрээс гараад зүүн тал руу алхаж байтал модон хаалгатай хашааны гадаа ногоон бүтээлэгтэй Хятад мотоцикль толгойнд нь түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь манил дээр нь гишгэтэл мотоцикль асахаар нь унаж яваад Хөх толгойд Б.Б гэх айлын хашаанд мотоциклио оруулж тавиад тэндээс 10000 төгрөг аваад дэлгүүр ганцаараа явж жижиг пиво авч уусан. Тэгээд тэр өдөр айлд хоночихоод маргааш нь буцаад мотоциклио авах гээд очтол Б.Б чи хүний мотоцикль хулгай хийгээд унаад ирсэн байна. Цагдаа ирээд мотоциклийг чинь аваад явсан гэхээр нь буцаад *******гийнд яваад очтол чи хүний мотоцикль хулгай хийсэн байна гэсэн. Би хохирогч Б.Га гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/

Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Би 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 9-3-13 тоот хашааныхаа гадна 17 цагийн үед мотоциклио үлдээгээд 20 цагийн үед гарч ирэхэд миний Charming гэх нэртэй улаан өнгийн, суудал дээрээ ногоон өнгийн хулдаасан бүтээлэгтэй, төмөр багтай, гялтгар мотоцикль байхгүй байсан мөрийг нь харахад бакалтай хүн түрж яваад төв гудамжны төв зам ороод асаагаад явсан байсан. Тэгээд би цагдаагийн алба хаагчид манай хажуу талын айлд баахан банди нар архи уугаад байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч тус айл руу ороод танай гэрээс 19- 20 цагийн хооронд хэн гарч явсан талаар асуухад Баянхонгор аймгийн Баян-Овооны сумын Б.П/ *******/ гэх залуу цэнхэр өнгийн дээлтэй, бакалтай, хар өнгийн малгайтай гарч яваад манай хашааны ард 20-30 минут сууж байгаад гэнэт алга болсон гэж хэлсэн. Тэгээд тус гэрт байсан нэг залуу наад залуу чинь урд өмнө машин хулгайлж байсан таны мотоциклийг авсан байх магадлалтай гээд “Хөх толгойд” байдаг саахалт айлынх нь гэрийг би мэднэ гэж хэлээд цагдаад зааж өгөхөөр нь цуг явсан. Тус айлын гадаа очиход 2 гэр байсан бөгөөд үүдний хаалгаар нь харахад миний мотоциклийг оруулж ирээд тавьсан байсан. Тэгээд хашааны эзэн ирээд асуухад Б.П /*******/ гэх залуу ирээд цэнхэр өнгийн дээлээ тайлаад бид хоёроос 10.000 төгрөг аваад өглөө би хүрээд ирье мотоциклио үлдээлээ, өглөө ирж мотоциклио авахдаа мөнгийг чинь өгнө гээд хэлээд явсан гэж хэлсэн. Миний мотоцикль бүрэн бүтэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23- 24/,

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би гэртээ байж байхад манай хашаанд Б.П /*******/ аавыг нь Буяа гэж дууддаг, манай хөдөөний саахалтын айлын залуу манай гэрт орж ирээд цэнхэр өнгийн дээлээ тайлснаа 5-6 хоночихлоо гээд надаас мөнгө сурсан. Тэгэхээр нь би 10000 төгрөг өгсөн чинь мотоциклио үлдээлээ өглөө ирж авна хэлсэн. ******* гэх хүний бүтэн нэрийг би мэдэхгүй. Аавыг нь Буяа гэж дууддаг манай хөдөө гэр саахалт байдаг төдий , ээж, аав нь ******* гэж дуудаад байдаг санагдаж байна. Мустанг маркийн улаан өнгийн, суудал дээгүүрээ ногоон юм уу цэнхэр өнгийн бүтээлэгтэй мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,     

Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би гэртээ унтаж байхад ******* намайг сэрээгээд 10000 төгрөг байна уу гэхээр нь өгсөн. Тэгэхэд ******* гэх залуу цэнхэр өнгийн дээлээ тайлаад мотоциклио танайд хашаанд оруулаад тавьчихлаа өглөө ирээд авна гэж хэлээд гараад явсан. ******* гэх хүний бүтэн нэрийг би сайн мэдэхгүй. Аавыг нь ******* гэж дууддаг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин айл байдаг. Манай хашаанд авчирсан мотоцикль улаан шаргал өнгийн суудал дээрээ ногоон билүү цэнхэр өнгийн бүтээлэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч М.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би усанд яваад ирэхэд ******* гэх залуу манай хашааны урд сууж байсан гэртээ ороод сууж байхад цагдаа, нэг залуугийн хамт орж ирээд танай гэрээс 20-30 минутын өмнө гарсан хүн байна уу гэхэд манай нөхөр ******* гэх залуу гарч явсан гэж хэлсэн. Намайг усанд яваад ирэхэд алдсан гэх мотоцикль хашааны ард талд байж байсан мөн хажуухан талд нь ******* гэх залуу сууж байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа манай нөхөр дүү Д.Дийг дагуулаад *******гийн очдог гэх айл руу явсан. Тэгээд 1 цагийн дараа Дамдинсүрэн буцаад гэртээ ирэхэд ******* гэх хүний хашаанд хулгай хийсэн мотоциклио үлдээгээд мөн цэнхэр өнгийн дээлийг тайлаад гараад явсан байна гэж хэлсэн. ******* гэх залуу манайхаас цэнхэр өнгийн дээл, бакал, шар бүс, хар малгайтай гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Гэрч Ю.Юын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... ******* гэх залуу манайд орж ирээд ганц хоёр пиво ууж байгаад манай хашааны ард сууж байгаад яваад өгсөн. Тэгээд төд удалгүй байж байгаад цагдаа, нэг залуугийн хамт орж ирээд танайхаас 20-30 минутын өмнө хэн гарч явсан гэж асуухад би ******* гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа манай дүү С.Д хамт *******гийн очиж болох нэг газар луу явсан. Тэгээд манай дүү гэртээ ирэхдээ надад мотоцикль болон өмсөж явсан дээл нь саахалт айлынх нь Б.Б гэх хүний хашаанд байна өөрөө гараад явсан байна гэж хэлсэн. ******* гэх залуу манайхаас цэнхэр өнгийн дээл, хар өнгийн бакалтай гарсан. Цагдаагийн машины ард талд байсан цэнхэр дээл, шар бүс ******* гэх хүний өмсөж явсан дээл мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/,

Гэрч С.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... манайд ******* гэх гэх залуу ирээд бид хэд цуг архи ууж байгаад гэр лүүгээ явлаа гээд гэрээс гаргаад явуулсан. Тэгтэл манай гэрийн ард талд бараг 20-30 минут сууж байгаад гэнэт алга болсон байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нэг залуугийн хамт манайд орж ирээд танайхаас 20-30 минутын өмнө гарч явсан хүн байна уу гэхэд ******* гэх залуу цэнхэр өнгийн дээлтэй, бакалтай, хар малгайтай гарч явсан гэж хэлэхэд танай хашааны хажуу талаас мотоцикль алга болсон байна гэж хэлсэн. Би ******* гэх залуу урд өмнө машин хулгайлж байсан. Наад залуу чинь авсан байх магадлалтай гэж хэлэхэд цагдаа намайг цуг яваад очдог газар нь очоодохъё гэж хэлсэн. Тэгээд “Хөх толгойд” байхад айлынх нь ахын хашааг зааж очтол тус хашаанд хулгайд алдагдсан гэх мотоцикль байж байсан бөгөөд тус хашаа нь эзэнгүй байсан хүлээхэд саахалт айлын ах нь эхнэр, хүүхдийнхээ хамт ирсэн. Тэгээд цагдаа энэ юун мотоцикль гэж асуухад ******* ирээд дээлээ тайлаад мотоциклио тавьчихаад гараад явсан гэж хэлсэн. ******* гэж ******* гэж дуудаад байдаг санагдаж байна. Аавыг нь ******* гэж дууддаг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн малчин байдаг. ******* гэх залуу хулгай хийх талаар надад ямар ч тийм юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ний шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай

...Charming нэртэй улаан өнгийн мотоцикль 1 ширхэг 1400,000 төгрөг, Цэнхэр өнгийн хамгаалах малгай 1 ширхэг 10,000 төгрөг. Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 1.410.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 60-р тал/,     

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 02-14/, рүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 69-70/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 83/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84/, депозит дансны хуулгууд /хх-ийн 86-88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.П нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3-13 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Гын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Пгийн / хх-ийн 79-81/, хохирогч Б.Гын 23-24/, гэрч Б.Бгийн /хх-ийн 33-34/, гэрч Б.Нын /хх-ийн 37-38/, гэрч М.Цгийн /хх-ийн 41-43/, гэрч Ю.Юын /хх-ийн 46-48/,гэрч С.Дийн /хх-ийн 51-54/, нарын мэдүүлэг, Энх нахиа ХХК-ний шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай...Charming нэртэй улаан өнгийн мотоцикль 1 ширхэг 1400,000 төгрөг, Цэнхэр өнгийн хамгаалах малгай 1 ширхэг 10,000 төгрөг. Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 1.410.000 төгрөгийн үнэтэй ... гэх дүгнэлт /хх-ийн 60/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна

Шүүгдэгч Б.Пгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.П нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3-13 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Гын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах буюу өөрийн өмчийн адил эзэмшилдээ авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, түүнчлэн өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Пг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.П нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн № 108 дугаар тодорхойлолт... Б.П нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн № 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба торгох ял биелэгдсэн, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.... хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.П нь хохирогч Б.Гад тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн буцаан өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар нь хэргийн нөхцөл байдал , зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Пгийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Га нь нэхэмжлэх зүйлгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн нударгатай дээл 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Пд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Пг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1.2 , 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Пд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3.Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн нударгатай дээл 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Пд буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Пд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА