Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1004

 

 

 

    2021        09         16                                     2021/ШЦТ/1004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Х.Еркебулан,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох эрүүгийн 2106 02369 1688 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 04 дүгээр гудамжны 220 тоот хашаанд хамтран амьдарч байгаад больсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Урангоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “манай эхтэй зүй бус харьцсан, хүүхдийн мөнгө нэхсэн” гэх шалтгаанаар маргалдаж, хоолой тус газар нь гараараа боох, газар унагаах зэргээр,

улмаар 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны В-1 давхарт хохирогч М.Урангоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” гэх шалтгаанаар маргалдаж, гарын шуунаас чанга атгах, газар унагаах зэргээр тус тус түүний эрүүл мэндэд хүзүү, шуу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 02369 1688 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Э.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.Урангоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч М.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ...хадам ээж Болор-Эрдэнэ намайг янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би өөрийн Хуавэй маркийн Конор загварын гар утсаар бичлэг хийхэд хадам ээж Болор-Эрдэнэ газраас хадаастай мод аваад “яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ? чамайг энд ална” гэж хэлээд над руу дайраад миний гар утсыг модоор цохиж унагаад дээрээс нь дэвсээд байсан. Гэтэл хамтран амьдрагч А миний хоолойг 2-3 удаа боогоод “ална шүү” гэж хэлсэн. ...тухайн үед хадам ээж Болор-Эрдэнэ надтай хамт явсан манай ажлын эгч Бат-Энэрэлийн машин руу чулуу шидээд байсан ба хадам дүү Чаминцэцэг миний гар утсыг булааж аваад газар шидээд дэвсээд байсан.

2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр оёдлын цех дээрээ байж байх үед А ирээд миний хоёр гарын шуунаас атгаад янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжилсон. ...өмнө нь намайг олон удаа зодож байсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгнө гэхээр миний гар утсыг булааж аваад өгдөггүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Гэрч Т.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...М.Урангоо манай хашаанд ороод ирэхээр нь би яах гэж ирсэн талаар асуухад хүүхдийн тоглоом авах гэж ирсэн юм гэхээр нь би “чиний оронд байсан бол энд ирэхээсээ ичих байсан юм” гэж хэлэхэд “авгай минь чамд ямар хамаатай юм бэ” гэж хариулсан. Урангоо бид хоёрын хооронд маргаан болсон. ...Би Урангоогийн биед хүрээгүй, гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь гар утсыг нь аваад шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Гэрч И.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад Урангоогийн хамт түүний салсан нөхрийн гэрт очсон. ...хашааны завсраар харахад Урангоо нөхөртэйгөө гэрийнхээ хажууд юм яриад зогсож байсан ба хадам ээж хэл амаар доромжлоод зогсоод байсан. Нөхөр нь Урангоогийн хоолойг боогоод газарт унагахаар нь би хашаа руу явж ороод “болиоч” гэж хэлсэн. Хадам ээж нь хадаастай мод бариад Урангоог цохих гээд дайраад байхаар нь Урангоо гар утсаараа бичлэг хийхэд хадам ээж нь гартаа барьсан модоороо гар утсыг цохиж унагаад дээрээс нь дэвсээд эвдчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Анужины мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 18-ны орой дүүтэйгээ эгчийн гэрт байх үед манай эгч гаднаас орж ирсэн. Удалгүй хүргэн ах А орж ирээд хүүтэйгээ тоглосон. Манай эгч хадам ахад хандаж “чи дандаа шөнө орой ирэх юм аа эрт ирж болдоггүй юм уу? гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Дүү уйлаад байхаар нь тэвэрч авахад ах, эгч хоёр барилцаж аваад ах эгчийг тонгорч унагаад цохиод байх шиг байсан. Гэрэл унтраатай байсан учир бүдэг гэрэлд харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6475 дугаартай:

“М.Урангоогийн биед хүзүү, шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Шүүгдэгч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Урангоотой маргалдаж байгаад хоёр гараас нь атгахад миний хажуугаар талаар гарах гээд зүтгээд байхаар нь хоёр гарыг доошоо хүчтэй дараад тэврээд холдуулсан. Мөн 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Урангоогийн гэрт очиход маргалдаж шууд  над руу дайраад намайг үсдээд байхаар нь гарыг тавиулаад ноцолдож байх үед хувцсаар хоолойг нь боосон байж магадгүй юм. Намайг гарах гэхэд хаалга хааж зогсоод гаргахгүй байхаар н ь хоёр гараас нь суга татаж унагаагаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

- Прокурорын хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу тухай тогтоол, зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 01, 04/

- цагдаагийн байгууллагад хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 05/,

-  аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 06-08/,

- мөрдөгчийн “Баянзүрх дүүргийн 02 дугаар ИДЭ 04-220 тоотод ажлын хүнийг нөхөр нь зодоод байна гэх дуудлагыг очиж шалгахад дуудлага өгсөн иргэн Идэр овогт Батгэрэл нь ажлын дүү болох Мөнхжаргал овогтой Урангоогийн салсан найз залуугийн гэрт очиж хүүхдийн тоглоомыг авах гэж очоод Энхбаяр овогт Аийн ээж болох Тогоохүү овогтой Болор-Эрдэнэтэй хэрүүл маргаан болж цагдаад дуудлага өгсөн байна. Т.Болор-Эрдэнэ нь М.Урангоогийн гар утсыг эвдсэн байсан ба найз залуу болох Э.А нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан тул хохирогч, холбогдогч нараас тайлбар мэдүүлэг авч материалжуулав. Э.Аийг ээж болох Т.Болор-Эрдэнэд хүлээлгэн өгсөн болно.” гэх илтгэх хуудас /хх-ийн 09/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, оршин газрын тодорхойлолт /хх-ийн 54/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-62-63/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Аийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч М.Урангоогийн эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч Э.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Аийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Урангоогийн бие махбодод хүзүү, шуу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч М.Урангоо нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Э.Ад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Эын Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ