Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 18

 


Р.Дашдондовын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар шийдвэртэй,
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын 8 дугаар баг, Индэрт 1 гудамжны 1 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ56022215, Тугчин овогт Раднаасэдийн Дашдондовын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-нд холбогдох,
тэтгэмжийн зөрүү 5.614.080 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Дашдондов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Дашдондов нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 онд Эрчим хүчний үйлдвэрт орж ажиллаад 1977-1980 онуудад цэргийн албанд татагдаж алба хааж ирээд тус үйлдвэрт дахин орж ажиллаад 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэтгэвэрт гарч ажлаасаа чөлөөлөгдсөн. Би улсад 37 жил ажилласан бөгөөд үүнээс 3 жилд нь цэргийн алба хаасан. Эрчим хүчний сайдын 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар баталсан гэрээнд салбарын төлөөлөл оролцсон, энэ гэрээг үндэслэн Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ний захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2013-2014 оны хамтын гэрээнд нийгмийн бүх асуудал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уяалдаж байхаар тусгагдсан. Уг хамтын гэрээг байгуулахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг байгаад 2013 оны 4 дүгээр сард 192.000 төгрөг байхаар нэмэгдэж 2013 оны 9 дүгээр сараас дагаж мөрдөхөөр тусгасан байсан. Хамтын гэрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөсөн дүнгээр тооцож цалинг баталж мөрдөхөөр заасан. Гэтэл 34 жил тус салбарт ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарахад 140.000 төгрөгөөр тооцож 15.275.520 төгрөгний тэтгэмж олгосон.
Миний нэхэмжлэлийн гол шаардлага бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2013 оны 4 дүгээр сард нэмэгдэж 9 дүгээр сараас дагаж мөрдөхөөр байсан. Би 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул нэмэгдсэн 


2

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 1.6 дахин өсгөхөд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 307.200 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 2 дахин өсгөхөөр нэг жилд 614.400 төгрөг болж байгааг ажилласан 34 жилээр үржихээр 20.889.600 төгрөг гарч байна. Энэ мөнгөнөөс миний авсан мөнгө 15.275.520 төгрөгийг хасаж тооцохоор үлдэгдэл 5.614.080 төгрөг гарч байгаа. Ингэж тооцохдоо ажилласан 34 жилээр тооцсон бөгөөд цэргийн алба хаасан 3 жилийн хугацааг яаж тооцохыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ хугацаанд би ажилгүй байгаагүй эх орноо хамгаалаад явж байсан тул энэ талаар хуульд юу гэж заасан байгаа талаар мэдэх учраас үүнийг шалгаж хуулийн дагуу зөрүү мөнгийг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Дашдондов нь эрчим хүчний салбарт 34 жил ажиллаад 2013 оны 12 дугаар сарын 31-нд ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон байна. Ингэж тэтгэвэрт гарах үед нь үйлдвэрчний эвлэл, байгууллагатай хамтран байгуулсан хамтын гэрээний дагуу байгууллагаас нэг удаагийн тэтгэмжид 15.275.520 төгрөг өгсөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.400 төгрөгөөр бодохгүй 192.000 төгрөгөөр бодох ёстой гэсэн тайлбар хэлдэг. Үүнийг тухайн үеийн санхүүгийн хүмүүсээс асууж тодруулахаар анх хамтын гэрээнд 140.400 төгрөг байхаар тооцож салбарын хөдөлмөрийн хөлс 224.640 төгрөг гэж заасан тул энэ дүнгээр байгууллагын жилийн төсөв тооцоо гарсан байсан учраас энэ мөнгөөр нь тооцож олгох ёстой гэсэн тайлбар хэлсэн. Мөн нэхэмжлэгч тухайн үед тэтгэмжээ авч байгууллагатай эцсийн тооцоогоо хийгээд тэтгэвэрт гарсан бөгөөд жилийн дараагаас энэ асуудал яригдаж эхэлсэн байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой асуудлыг байгууллага салбарын хэмжээнд хатуу мөрдөж тогтоох талаар тодорхой заасан хууль эрх зүйн акт байхгүй. Эцсийн байдлаар мөрдөгдөж байгаа акт нь Засгийн газрын тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бөгөөд тухайн үед 140.400 төгрөг гэж тогтоож дагаж мөрдсөн. Манай компани төрийн өмчит компани тул Засгийн газрын тогтоолоор баталсан хэмжээг мөрдөж энэ хүний тэтгэмжийг олгосон тул одоо 2017 онд яригдаж байгаа тэтгэмжийн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цэргийн алба хаасан 3 жилийн хугацааны асуудал яригдаж байна. Энэ нь хамтын гэрээнд салбарт ажилласан гэж заасан тул цэргийн албыг тухайн салбарт ажилласан гэж тооцож болохгүй. Иймд Р.Дашдондовын тэтгэмжийн зөрүү олгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.4.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХКомпаниас тусламжийн зөрүүд 5.614.080 /таван сая зургаан зуун арван дөрвөн мянга наян/ төгрөг гаргуулахыг хүссэн Тугчин овогт Раднаасэдийн Дашдондов /ДЮ56022215/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 104.775 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун далан таван/ төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний 


3

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Дашдондов давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 03 дугаар сарын 13-нд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-иас тэтгэвэрт гарсны тэтгэмжийн зөрүү 5.614.080 төгрөгийг нэхэмжилсэн юм. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр болсон анхан шатны шүүх хурлаас гаргасан шийдвэр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг би зөвшөөрөхгүй гомдолтой байна.  1976-2014 он хүртэл аймгийн эрчим хүчний үйлдвэрт тасралтгүй 34 жил ажилласан 3 жилд нь цэргийн алба хаасан. 2013 оны 12 дугаар сарын 31-нд ажлаас чөлөөлөгдсөн. 15.275.520 төгрөгийг авсан. Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ний  захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээгээр зохицуулсан байдаг. Монгол Улсын хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоол 7-д 192.000 төгрөг болгож өөрчилсөн. 2013 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдөх болжээ. Үүнийг үндэслэн Үйлдвэрчний эвлэлийн хороо Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрчим хүчний салбарын 2013-2014 оны тарифын хэлэлцээр, Эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны 2013 оны 10 дугаар сарын 14-ний 82 дугаартай албан тоотыг үндэслэн салбарын хөдөлмөрийн доод хэмжээ 224.640 төгрөгийг 307.200 төгрөг болгох саналыг хамтын гэрээнд тусгахаар хуралд оруулж байсан боловч олон шалтгаанаас болж дэмжлэг аваагүй юм. 2014 онд тэтгэвэрт гарсан 16 ажилтан 5-33 жил салбарт ажиллаад 3.5-20.3 сая төгрөгийг салбарт ажилласан жилээр тооцож олгосон байна. Гэтэл надад 224.640 төгрөгөөр, салбарт ажилласан жилээр тооцож ялгавартай хандаж ирсэнд гомдол гаргаж байна.  2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс дахиад ажилдаа томилогдсон. Яагаад томилогдсон юм бэ гэхээр оны эцэс болсон байсан тул тайлан гаргадаг. 1 сард 1.234.848 төгрөг, нийгмийн даатгалд 25.918 төгрөг, 2 сард нь 749.360 төгрөг аваад нийгмийн даатгалд 17.183 төгрөг нийгмийн даатгалд төлсөн. 3 сард 157.987 төгрөг авсан. Энэ нийгмийн даатгалын дэвтэрт байж байна. Мөн 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дахиад ажлаас чөлөөлөгдсөн баримт байж байна. Мөн үйлдвэрчний хороонд төлсөн 3 сарын татвар батлахтайгаа байж байна. Тэгэхээр би бас 2014 онд ажилласан. Энэ талаарх баримтыг эхний материалд оруулаагүй алдаа гаргасан байгаа. Анхан шатны шүүхэд нотлох баримт дутуу бүрдүүлж өгсөн учраас шийдвэр буруу гарлаа гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа гэв.

Нэхэмжлэгч Р.Дашдондовын өмгөөлөгч Ж.Дорждэрэм тайлбартаа: Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр буюу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 180 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлын агуулга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм гэдэг утгаар гаргасан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс тухайн шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь Р.Дашдондов нь  тухайн хавтаст хэргийн материалаас харахад ажлаас чөлөөлөгдсөн нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний гэтэл үйлдвэрчний 


4

эвлэлийн хороотой 2013 оны 03 дугаар сард гэрээ байгуулсан байгаа. Хавтаст хэргийн материалын 12 дугаар хуудаст Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн холбоо гээд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар холбооны даргын албан тоот байдаг. Энэ нь эрчим хүчний  2013-2014 оны Хамтын хэлэлцээрийн салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгэм зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 307.200 төгрөгөөр тогтоож тогтоолын заалтыг хэрэгжүүлж цалингийн хэмжээг шинэчлэн мөрдөж ажиллахыг зөвлөж байна гэсэн албан тоот байдаг. Үүнээс харахад 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан гэрээн дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөр тооцож 307.200 төгрөг болгож ажиллахыг удирдамж өгч даалгасан байгаа. Үүнээс харахад Р.Дашдондов гуайг ажлаас чөлөөлсөн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдсөн. Тухайн тэтгэмжийн зөрүүг тухайн үед шинээр мөрдөгдөх болсон 192.000 төгрөгөөр тооцож 307.000 төгрөгөөр тооцож авах хууль зүйн бүрэн боломжтой байсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэтгэмжийн зөрүү 5.614.080 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. Хариуцагч талаас тайлбар гаргасан боловч хариуцагчийн зүгээс гаргасан ямар нэгэн нотлох баримт байдаггүй.  Нэхэмжлэгч бас хэлээд байна. 16 хүн үйлдвэрчний эвлэлийн гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр Үйлдвэрчний эвлэлийн даргын гаргасан албан тоот удирдамжийн дагуу 307.200 төгрөгөөр тооцож авсан байдаг. Нэхэмжлэгч Р.Дашдондов нь тухайн тэтгэмжийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр авах бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна гэв.


ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.Дашдондов хариуцагч Говь-Алтай аймаг  Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан тэтгэмжийн зөрүү 5.614.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Р.Дашдондов нь Говь-Алтай аймгийн Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК /төрийн өмчит хувьцаат компани/-д монетёроор ажилд орж улмаар ашиглалтын инженерээр тус байгууллагад 34 жил ажиллаад 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсч ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан “Алтай-Улиастай Эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаний захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2013-2014 оны хамтын гэрээний 4.9 дэх хэсэгт “тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд салбарт ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ” гэж заажээ. 

 

Гэрээний 2.1 дэх хэсэгт “Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөсөн буюу 224.640 төгрөг байна” гэж заажээ. 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор 2013 оны 9 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөг байхаар тогтоож, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч Р.Дашдондов нь 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөр тооцож тэтгэмж олгох нь үндэслэлтэй байна. 

Хамтын гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000х1.6=307.200 төгрөг байх бөгөөд үүнийг мөн гэрээний 4.9 дэх хэсэгт зааснаар 307.200х2=614.400, 614.400х34=20.889.600 төгрөгний тэтгэмж Р.Дашдондов нь авах эрхтэй байна. 

Гэтэл Тус байгууллага нь хамтын гэрээний 2.1 дэх заалтын эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөсөн хэмжээтэй байна гэсэн заалтын гол агуулгыг анхааралгүй зөвхөн “224.640 төгрөг” байна гэсэн тоонд хөтлөгдөн тухайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлж, гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар 12.579.840 төгрөгний тэтгэмж олгосон нь ажилтны хууль, гэрээнд заасан эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Нөгөө талаар ажилтан нь хууль буюу гэрээнд заасан хэмжээгээр тэтгэмж авах эрхтэй байхад ажил олгогч нь хамтын гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хамтын гэрээний зарим заалтуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудтай уялдуулан зөв тайлбарласан хэдий ч гэрээний 2.1 дэх хэсэгт заасан салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлохдоо уг гэрээний зорилго, агуулгаас харахад шинэчлэн тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд үндэслэхээр байтал зөвхөн тоон утгад ач холбогдол өгч, уг заалтыг хэрэглэснийг оновчтой тайлбарлаж чадаагүй гэж үзнэ.

Иймд Р.Дашдондовын хамтын гэрээний дагуу авах ёстой тэтгэмж болох 20.889.600 төгрөгнөөс авсан гэх 15.275.520 төгрөгийг хасч, зөрүү 5.614.080 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Алтай –Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-иас тэтгэмжийн зөрүүд 5.614.080 төгрөг гаргуулж Р.Дашдондовт олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “улсын тэмдэгтийн хураамж 104.775 төгрөгийг хариуцагч “Алтай–Улиастай эрчим хүчний систем ТӨХК-иас нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

                                ШҮҮГЧИД                                  Б.АРИУНБАЯР

                                                                                   Т.ЖАРГАЛСАЙХАН