Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 62

 


                                            

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Баярмаа, улсын яллагч А.Дүүрэнбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, хохирогч М.Мөнхтүвшин, хохирогчийн өмгөөлөгч М.Чулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чогсом овогт Цэвэгжавын Эрхэмбатад холбогдох эрүүгийн 201610000074 дугаарт хэргийг 2016 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1971 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, халх, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 15 дугаар гудамж 402а тоотод тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чогсом овогт Цэвэгжавын Эрхэмбат /ЕЮ71020115/ нь Прокурорын яллах дүгнэлтээр:

 

 Яллагдагч Ц.Эрхэмбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дуни” хүнсний дэлгүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хохирогч М.Мөнхтүвшинг “дэлгүүр хаачихсан” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Эрхэмбат шүүхийн хэлэлцүүлэгт: би тэр өдөр найзтайгаа 0.33 гр архи уучихаад явж байгаад эхнэртэйгээ таараад, эхнэртээ ариун цэврийн хэрэглэл авах гээд дэлгүүр орсон. Би тэр дэлгүүрээр байнгын үйлчлүүлдэг байсан. Би өөрөө үйлчилгээний зориулалтын ажил хийдэг. Эхнэртээ ариун цэврийн хэрэглэл авахын төлөө ийм таагүй асуудал болсон. Миний буруу байгаа ч гэсэн арилжаа, үйлчилгээний маргаан маягийн зүйл болсон. Тэгтэл энэ маань ийм том асуудал болоод явж байгаа нь харамсалтай байна. Гэрчүүд намайг илт танхайрсан мэтээр мэдүүлэг өгсөн байна. Харилцаанаас болсон маргаан маань ийм ноцтой эрүүгийн хэргийн шинжтэй болчихоод явж байна...камерын бичлэгээс харахад би Мөнхтүвшинг гараараа цохиж байгаа мэт боловч энэ нь цохих түлхэх хоёрын хооронд байгаа юм, мөргөсөн гэж үзэхгүй байна, энэ нь шөргөөж байгаа гэж үзнэ. Тэгэхээр би Мөнхтүвшинд гэмтэл учруулахаар цохиогүй болохоор хохирлын мөнгөнд эм тарианы үнэ 102000 төгрөг өгсөн...би 2 удаа л цохисон гэв.

 

Хохирогч М.Мөнхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт: 2016.02.23-ны өдөр 21 цаг өнгөрсөн байхад дэлгүүр хаачихсан байхад Эрхэмбат ах хаалга балбаад байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ? ахаа гэхэд нэг ариун цэврийн хэрэглэл авъя гэсэн. Би тэгээд хаачихсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хаалга тогшоод байхаар нь Нандинцэцэг эгчид хэлсэн чинь нээчих гэсэн. Тэгээд Саранчимэг хаалга нээсэн. Эрхэмбат ах орж ирээд Нандинцэцэг рүү 5000 төгрөг өгөөд ариун цэврийн хэрэглэл өгчих гэхэд нь Нандинцэцэг өгөхгүй, манай дэлгүүр хаачихсан байна гэж хэлсэн. Тэгээд над руу чи ямар овоо муу бацаан бэ, намайг мэдэх үү, би Шандын ууган хүүхэд шүү гэж хэлчихээд намайг 2 цохьчихоод, цээж рүү толгойгоороо бас цохьсон. Чи хүний зарц хийдэг биз дээ гэж хэлсэн...би одоо эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд шаардлагатай 312420 төгрөг, 10 хоногийн цалин 324000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1000000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Эрхэмбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 сарын 23-ны орой 21 цаг 40 минутанд ... Баяраа эмчийн бөөний дэлгүүр очтол дэлгүүр хаачихсан байсан. Би дэлгүүрийн цонхоор хартал худалдагч нь лангууныхаа ард зогсож байсан. би танайх хаах цаг чинь болоогүй байна гээд хаалгыг нь тогштол нээхгүй байсан. Би дэлгүүрийн цонхыг тогштол Мөнхтүвшин ирээд цонхоо онгойлгоод хаачихсан байна, яах гээд байгаа юм бэ?, цаашаа гэж хэлэхээр нь би: ах нь нэг леди авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь дэлгүүрийнхээ цонхыг Мөнхтүвшин хаахад би цонхны торон хамгаалалт, төмөр хамгаалалт хоёрын завсар гараа эвгүй хийсэн байсан чинь би гараа татаж авахдаа төмрөнд эвгүй нидрээд авчихсан. Би дэлгүүрийн цонхонд нүүрээ тулгаж байгаад нээгээч дээ гэж цонхыг балбасан чинь эхнэр Дэлгэржаргал болъё, явъя гэсэн. Тэгэхээр нь би нөгөө муухай ааштай худалдагч чинь байна ороод хэлье гэж хэлээд дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт ороод худалдагчаас 1 леди авъя гэсэн чинь өгөхгүй гэж хэлсэн. Би танайх хаах цаг болоогүй байхад хаачихаад 1 леди авъя гэхэд өгөхгүй гэдэг нь ямар учиртай юм бэ? гэсэн чинь Мөнхтүвшин хажуунаас манайх хаачихсан байна, гар гэж хэлсэн. Би та нар ер нь хүний юман дээр суучихаад яасан онгироо юм бэ?, чи муу юу юм бэ? гээд чамайг цохивол үхнэ дээ гэж хэлээд 2 удаа зүүн шанааруу нь гараараа түлхсэн. Тэгээд сүүлд худалдагч дээр очоод чи ер нь удаа дараа надад муухай аашилж байгаа, инээж чадахгүй бол дэлгүүр битгий нээ гэж үг байдаг юм. Би энэ байрны чинь унаган хүн танайхаар олон жил үйлчлүүлж байгаа, 1 леди авахын төлөө хүнд ингэж үйлчилж болохгүй шүү гэж хэлсэн чинь худалдагч нь өгөхгүй гэсэн. Тэр үед Мөнхтүвшин миний хажууд зогсож байхаар нь би цээж рүү нь толгойгоороо 2 удаа түлхээд гараараа бас зүүн шанааруу нь 1 удаа түлхчихээд эргэж худалдагч дээр очоод 5000 төгрөгөө аваад явсан. ... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-83-85, 87-89/,

 

           Хохирогч М.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад дэлгүүрийн хаалгыг маш хүчтэй балбахаар нь би хаалганы зүүн талын цонхон дээр очсон чинь нэг танихгүй ах зогсож байсан. Би тэр ахад манай дэлгүүр хаачихсан байна гэж хэлсэн чинь тэр ах 1 леди авъя гэж хэлэхээр нь би хаачихсан байна гэж хэлээд цонхоо хаасан чинь цонх хагалчих гээд балбаад байсан. Худалдагч Нандинцэцэг наад хүн чинь цонх хагалчих гээд байна нээчих гэж хэлэхээр нь цэвэрлэгч Сарантуяа хаалга нээж өгсөн чинь нэг танихгүй согтуу ах худалдагч Нандинцэцэгт 1 леди авъя гээд 5000 төгрөг лангууруу чулуудсан. Тэгснээ намайг лангууны хажууд зогсож байхад тэр согтуу ах ирээд миний зүүн чихрүү гараараа 3 удаа цохисон, бас цээж рүү 2 удаа толгойгоороо мөргөчихөөд чи муу намайг мэдэх үү, би дошин дээрээ байгаа шүү, чи хүний зарц хийж байгаа биздээ, гэр оронгоор чинь сүйрүүлнэ шүү гэж заналхийлчихээд 5000 төгрөгөө аваад буцаад гараад явсан. Эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлэх 312 420 төгрөг, гэртээ эм тариа авч эмчлүүлсэн 102 000 төгрөг, ажилгүй байсан 12 хоногийн ажлын хөлс 324 000 төгрөг, эрх зүйн туслалцааны хөлс 350 000 төгрөг, эрүүл мэндийн дэвтэр шинээр нээлгүүлсэн 23 040 төгрөг, 2016 оны 4, 5 сарын цалин 648 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг, нийт 3 136 420 төгрөг нэхэмжилнэ. Хохирлоо төлчихвөл надад гомдол санал байхгүй  гэсэн мэдүүлэг /хх-41-44/,

 

             Хохирогч М.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: ... Манай ээж Одончимэгийн ХААН банкны 5360222461 тоот дансанд 102 000 төгрөг хийсэн гэдгийг 2016 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр би мэдсэн. Өөр эмчилгээний зардал гэж мөнгө өгөөгүй. Баримтаар 2 033 920 төгрөгний хохирол, сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг нэхэмжилнэ. Зүгээр ажлаа хийж байгаад Эрхэмбат гэх хүнд зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөгүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-45/,

     

           Гэрч Х.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 23-ны орой манай дэлгүүр 21 цагт хаалгаа барьсан. Дэлгүүрээ хаачихаад байж байхад 21 цаг 47 минутын орчим дэлгүүрийн хаалгыг маш хүчтэй нүдсэн. Тэр үед М.Мөнхтүвшин цонхоор дэлгүүр хаачихсан гэж хэлээд цонхоо хаасан. Гэтэл дахиад дэлгүүрийн цонх, хаалгыг хүчтэй нүдээд байсан. Би Мөнхтүвшинд хаалгаа нээчих гэж хэлсэн чинь үйлчлэгч Сарангэрэл хаалгаа нээгээд өгөхөд  согтуу хүн орж ирсэн. Тэгээд лангууны өмнө ирээд 5000 төгрөг гаргаж лангууруу шидээд ариун цэврийн хэрэглэл өгчих гэж хэлээд Мөнхтүвшинрүү тэр согтуу хүн чи яахаараа хаалгаа тавьж өгдөггүй юм гэж хэлээд Мөнхтүвшинг хажууд нь зогсож байхад баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгснээ надруу тэр согтуу хүн ирээд чи ариун цэврийн хэрэглэл өгөх юм уу үгүй юм уу, та муу сайн хүний юмыг зарж байж надад ариун цэврийн хэрэглэл өгсөнгүй гээд заналхийлээд байхаар нь би тэр ахыг та яахаараа зүгээр байсан хүүхдийг зоддог юм бэ?, би танд ариун цэврийн хэрэглэл өгөхгүй гэж хэлсэн чинь би дошин дээрээ байгаа гэж хэлээд орилоод байсан. Мөнхтүвшин дээр дахиж тэр согтуу хүн очоод толгойгоороо цээж рүү нь 3-4 удаа мөргөсөн. Тэгээд тэр согтуу хүн би энэ нутагт багаасаа өссөн, чамайг яавал ч яана шүү гэж хэлээд надруу гараараа чичлээд, хэл амаараа доромжилсон ... тэгээд удаагүй 5000 төгрөгөө лангуун дээрээс аваад гарсан. ... Мөнхтүвшин  тухайн үед Эрхэмбат гэдэг хүний өөдөөс юу ч дуугараагүй, юу ч хэлээгүй зүгээр зогсож байгаад зодуулаад байсан ... гэсэн мэдүүлэг /хх-46-50/,

 

           Гэрч Ч.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 23-ны орой 21 цагт хаалгаа барьсан. 21 цаг 47 минутын орчим дэлгүүрийн зүүн талын урд цонхыг маш хүчтэй балбаад юм авъя гээд эрэгтэй хүн хашгираад байсан. ... дэлгүүрийн зүүн талын цонхны цаанаас дэлгүүр хаачихсан, хаалгаа барьсан гэж Мөнхтүвшинг хэлсэн чинь улам цонх хүчтэй балбаад, цохиод байсан. Тэр үед манай цэвэрлэгч Сарантуяа цэвэрлэгээ хийчихээд явах гэж байсан.  Бид хэд хаалгаа нээгээд өгчих гэж хэлсэн чинь нэг танихгүй согтуу хүн орж ирээд Мөнхтүвшинг лангууны хажууд зогсож байхад нь очоод нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Нандинцэцэгээс ариун цэврийн хэрэглэл авъя гээд байхаар нь өгөхгүй, та яахаараа зүгээр байгаа хүүхдийг зоддог юм бэ гэж Нандинцэцэг хэлсэн. Тэр согтуу танихгүй хүн Мөнхтүвшингийн цээж рүү нь толгойгоороо 2-3 удаа мөргөсөн. Мөнхтүвшинг удалгүй гараад явсаны дараа орж ирсэн согтуу хүн гараад явсан ... гэсэн мэдүүлэг / хх-51-55/,

 

           Гэрч Д.Сарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 23-ны орой манай хүнсний бөөний төвийн дэлгүүр 21 цагт хаасан. 21 цаг 40 минутын орчимд дэлгүүрийн зүүн талын урд цонхыг маш хүчтэй цохиод байхаар нь ачигч Мөнхтүвшин цонхон дээр очоод цонхоо онгойлгоод дэлгүүр хаачихсан гэж хэлээд цонхоо хаасан чинь хаалга нүдээд байсан. Манай 2 худалдагч хаалга хүчтэй нүдээд байна, нээгээд өгчих гэж надад хэлэхээр нь би очиж дэлгүүрийн хаалгыг нээж өгсөн чинь нилээн согтуу бололтой танихгүй хүн орж ирээд шууд лангуун дээр очоод 1 леди авъя гээд 5000 төгрөг өгч байсан. Нандинцэцэг худалдагч дэлгүүр хаачихсан өгөхгүй гэж байсан. Би тэгээд ... гэрлүүгээ явлаа гэж хэлчихээд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

 

           Гэрч Ж.Дэлгэржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би эхлээд дэлгүүрийн хаалгыг тогшсон чинь нээж өгөхгүй цаанаас нь эрэгтэй хүн хаачихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Эрхэмбат дэлгүүрийн хаалганы хажуу талд байрны шатны хажуу талын цонхыг балбасан чинь нэг залуу зүүн талын цонхоо нээгээд хаачихсан гэж уцаартай хэлээд цонхоо хаахад нь Эрхэмбат гараа урчихлаа гэж байсан. ... дэлгүүрийн хаалгыг дахиад цохиход хаалгаа нээсэн. Би дэлгүүр рүү ороогүй, замын урд зогсож байсан... гэсэн мэдүүлэг / хх-58-59/,

 

           Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... Мягмаржавын Мөнхтүвшингийн биед гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор үзлэгийг хийв.

           1. М.Мөнхтүвшингийн биед тархи доргилт, уруул, чихний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-71/,

 

           Камерийн бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-18/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Ц.Эрхэмбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дуни” хүнсний дэлгүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хохирогч М.Мөнхтүвшинг “дэлгүүр хаачихсан” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байх тул танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Эрхэмбат нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Мөнхтүвшинг гэмтэл учруулахаар цохиогүй, камерын бичлэгээс харахад би Мөнхтүвшинг гараараа цохиж байгаа мэт боловч энэ нь цохих түлхэх хоёрын хооронд байгаа юм, мөргөсөн гэж үзэхгүй байна, энэ нь шөргөөж байгаа...” гэсэн тайлбар өгсөн боловч энэ нь шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар шинжлэн судалсан камерын бичлэгээр хохирогчийг 3 удаа нүүр, толгойн хэсэгт гараа зангидан цохиж байгаа, цээж орчимд 2 удаа толгойгоороо мөргөж байгаа бичлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “М.Мөнхтүвшингийн биед тархи доргилт, уруул, чихний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.  Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 22 дугаартай дүгнэлт, хавтаст хэргийн 12-18 дугаарт авагдсан фото зургууд, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2016-02-23-ны 21 цаг 55 минутад үзсэн хуудсанд “...чих хавантай, улайсан, омогны дотор талд 1см хэлбэртэй шархтай, доод уруул хавдаж хөхөрсөн, язарч цус гарна, өвчүүний бүдэрхий эмзэглэлтэй...гэсэн бичилт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

          

Хохирогчийн нэхэмжлэлээс эм тарианы төлбөр 102000 төгрөгийг шүүгдэгч Ц.Эрхэмбат төлсөн ба энэ талаар хохирогч М.Мөнхтүвшин хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

Хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эмнэлгийн төлбөр 312420 төгрөгийн талаар хавтаст хэргийн 23 дугаарт хэвтэж эмчлүүлэх бичиг байх боловч шүүх хуралдаанд Мөнхтүвшин нь эмнэлэгт хэвтээгүй гэж мэдүүлсэн, 312420 төгрөгний эмнэлгийн төлбөр гарсан талаар готлох баримт хэрэгт авагдаагүй, энэ бичиг нь хуульд заасан журмыг хангаагүй, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангаагүй, өмгөөлөгчийн зардал 350000 төгрөг нь                хохирогчид гэмт хэргийн улмаас учирч байгаа шууд зардал биш, эрүүл мэндийн даатгалын төлбөр 23040 төгрөг нь шүүгдэгчээс үүссэн шууд хохирол биш, иргэн бүр эрүүл мэндийн даатгалаа төлөх үүрэгтэй бөгөөд гэм хорын хохирлын улмаас эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлсөн гэж үзэхгүй байна.

Иймд  хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн төлбөр 312420 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөр 23040 төгрөг бүгд 685 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй 10 хоногийн цалин, хоолны мөнгө 324 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1000 000 төгрөг зэргийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Эрхэмбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Эрхэмбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 102 000 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Чогсом овогт Цэвэгжавын Эрхэмбатыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрхэмбатыг 3 /гурав/ жил 1 / нэг/  сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрхэмбатад оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн төлбөр 312420 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөр 23040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар цалин, хоолны мөнгө 324 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1000 000 төгрөг зэргийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрхэмбатад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Эрхэмбатад хяналт тавихыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Эрхэмбат нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Эрхэмбат нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч Ц.Эрхэмбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт үлдээсүгэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрхэмбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА