Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 404

 

Г.Саранхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 566 дугаар магадлалтай, Г.Саранхүүгийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Саранхүүгийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаар тушаалын Г.Саранхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ижил төрлийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох бичилтүүдийг хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 566 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Төрийн албаны тухай хуулийг /26 дугаар зүйлийн 26.4-т заасныг/ буруу тайлбарлан хуулийг буруу хэрэглэж байгаад гомдолтой байна. Г.Саранхүүг зөрчил гаргасныг илрүүлсэн гэх өдөр нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бөгөөд Төв аймгийн Цагдаагийн хэлтсийг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж байсан үед нь Алтанбулагт зөрчил илэрлээ гээд 2 албаны ахлах байцаагч явуулсан байдаг. Харин тухайн үед байгаагүй албаны дарга нь зарим нэг зүйлийг нөхөу бүрдүүлсэн байж болзошгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, ...илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж хуульчилсан. Тийм байхад Төрийн албаны тухай хуулийн илрүүлснээс хойш 1 сар гэх хоёрдмол утгагүй үг, түүний утга санааг анхан болон давж заалдах шатны шүүх нь олж мэдсэн үеэс зөрчлийг илрүүлсэн мэт үзэх нь зүйтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл Г.Саранхүүгийн зөрчлийг илрүүлсэн нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бөгөөд хариуцлага тооцож болох хугацаа нь 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн дотор байх юм. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлалгүйгээр 44 хоногийн дараа хариуцлага тооцсон нь хууль зөрчсөн байна. Түүнчлэн маргаан бүхий дээрх захиргааны акт нь бүрэн эхээрээ хэрэгт авагдаагүйд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ. 

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэн Г.Цэрэндэжидээс 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргад “...Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгч Г.Саранхүү нь миний өргөдлийг шалгахгүй байна” гэж гомдол гаргасны дагуу мөн газрын дэд дарга нь албаны шалгалт явуулахад Г.Саранхүү нь тус иргэний 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “гэмт хэргийн талаарх өргөдлийг” нь гомдол, мэдээллийн нэгдсэн тоо бүртгэлд оруулж, дугаар аваагүй ба шалгалт хийхээр очсон өдөр нь ажлын цагаар, дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг үйл баримт тогтоогдсон, үүнтэй нэхэмжлэгч Г.Саранхүү маргаагүй байна.

Уг албаны шалгалтын дүнг Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Г.Саранхүүг байлцуулан хэлэлцээд, түүнийг албанаас халах санал гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын “шийдвэр” гартал ажлаа хэвээр үргэлжлүүлэн хийхийг Г.Саранхүүд мэдэгдсэн байна.

Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ; ...8.3.5-т “хууль тогтоомжид заасны дагуу ...сахилгын шийтгэл ногдуулах,...”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”, 26.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заажээ.

Тухайн тохиолдолд Г.Саранхүүгийн гаргасан зөрчлийг түүний ажиллаж буй нутаг дэвсгэр хариуцсан Төв аймаг дахь Цагдаагийн газар нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр илрүүлж гаргасан зөрчил, авах арга хэмжээний талаар тэндээ 1 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцэж, “ажлаас халуулах” санал гаргаж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд саналаа хүргүүлсэн, уг санал, албаны шалгалтын баримтыг Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан чиг, үүргийнхээ дагуу хянан үзэж 2 дугаар сарын 23-ны өдөр “сахилгын шийтгэл” ногдуулах үндэслэлтэй талаар танилцуулга бичсэн, уг танилцуулгыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын дарга нь 2 дугаар сарын 25-ны өдөр “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийдвэр гаргасан зэргээс үзвэл зөрчил илрүүлснээс Цагдаагийн төв байгууллага нь зөрчил шалгасан материалтай  танилцах, хянах, судлах ажиллагаа явуулж, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацааны дотор сахилгын шийтгэл ногдуулсан байх тул хөөн хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар” гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын эрх бүхий албан тушаалтны бичсэн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “танилцуулга”-аар буюу Г.Саранхүүг зөрчил гаргасныг “олж мэдсэн” энэ үеэс зөрчил илрүүлсэн хугацааг тооцно гэж дүгнэсэн нь хуулийн агуулгыг алдагдуулсан, буруу болсон хэдий ч шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын гомдолдоо “...албаны шалгалтыг хийх эрхгүй 2 ахлах байцаагч шалгалт явуулсан, албаны дарга нөхөж бүрдүүлсэн байж болзошгүй” гэсэн нь анхан шүүхэд маргаагүй асуудал боловч хэрэгт авагдсан баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 566 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ