| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0176/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/184 |
| Огноо | 2021-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч Б.Бат-Оргил
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000175 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар *******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт байх гэртээ эхнэр Т.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шуу, хэвлий, нуруу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн
... манай эхнэр ангийн нийллэгтэй гэж худлаа хэлээд гадуур хоносон. Ангийн нийллэг нь болоогүй гадуур өөр хүнтэй явалдсан байсан. Гараараа хэд хэдэн удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 07-08/,
Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн
... Би 2021 оны 05 дугаар сарын 24-ний үдээс хойш 12 цагийн үед гэртээ байж байхад миний утас дуугарсан чинь манай нөхөр Б.Г нь ямар пиздаатайгаа яриад байгаа янхан гичий гэх зэргээр дайрч хэрүүл нэхэж хардаад намайг гараараа толгой руу нүдсэн. Би айсандаа өөрийн эгч Б.У эгчид хэлсэн. Тухайн үед Б.Г эрүүл байсан, толгой руу гараараа хэд хэд удаа цохьсон, хөлийн шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн. Ер нь бол байнга архи уудаг, уухаараа хэрүүл нэхээд зодож цохьдог. 2019 онд намайг хутгаар хутгалж байсан асуудал байгаа,...Б.Гын хувьд архи дарс их уудаг, архи уучихаараа агсам тавьж намайг зодож гэрээс хөөж гаргадаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-6, 18-20/
Гэрч Б.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Төрсөн дүү Б.О 15 цагийн орчимд манайд ганцаараа ирэхдээ нүүр ам нь хөхөрсөн, нүд нь улайсан цус хурсан байсан. Б.Г намайг зодсон гэж хэлсэн. Б.Гын хувьд архи дарс их уудаг, агсам тавьж эхнэрээ зодож гэрээс нь хөөж гаргадаг. Миний мэдэхийн хэд хэдэн удаа баривчилгаанд явж байсан. 2019 онд манай дүүг Б.Г хутгалсан гээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Ер нь л архи уухаараа эхнэртээ агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаартай
1.Б.Оын биед нуруунд сорви, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шуу, хэвлий, нуруу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин нурууны сорви гэмтлийг үүссэн хүчин зүйлийг тогтоох боломжгүй.
3.Дээрх нурууны сорви болон цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх цус хуралт гэмтлүүд тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой, харин нурууны сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 06-08/, депозит дансны хуулгууд /хх-ийн 75-78/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 80/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/,тзэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт байх гэртээ эхнэр Т.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шуу, хэвлий, нуруу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Гын ...эхнэрээ гараараа хэд хэдэн удаа цохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 07-08/
Хохирогч Б.Оын... Б.Г хэрүүл нэхэж хардаад намайг гараараа толгой руу нүдсэн,... толгой руу гараараа хэд хэд цохьсон, хөлийн шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-6, 18-20/,
Гэрч Б.Уийн... төрсөн дүү Б.О 15 цагийн орчимд манайд ганцаараа ирэхдээ нүүр ам нь хөхөрсөн, нүд нь улайсан цус хурсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаартай ...Б.Оын биед нуруунд сорви, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шуу, хэвлий, нуруу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,.. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.О , шүүгдэгч Б.Г нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг гараараа толгой руу нь цохиж, хөлөөрөө өшиглөн зодсон нь үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Оын толгой руу цохиж, хөл рүү нь өшиглөн зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед нуруунд сорви, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шуу, хэвлий, нуруу, гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 17-18/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Б.Г, хохирогч Б.О нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр толрхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог.
Иймд Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Г нь эхнэр Б.Оыг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас эхнэрээ хардаж, улмаар зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин Б.Г нь эхнэр Б.Оад байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, эрх чөлөөнд нь халдаж уг асуудлаар шалгагдаж шийдвэрлэгдэж байсан байна.
Шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Гыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.О нь Б.Гын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Гын эзэмшлийн “...Самсунг эс 6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Г буцаан олгож, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1.2 , 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Гын эзэмшлийн “...Самсунг эс 6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Г буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА