Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Хохирогч: Б.М / онлайнаар/

Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000164 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 9-24 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хамтран амьдрагч болох Б.Мын нүүр, хэвлий, нуруун тус газруудад гараараа болон сандлаар цохин, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэнд нь тархи доргилт, 2 нүдний алимны салстын тархмал цус харвалт, дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа, сарвуу, нуруунд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* гэх айлд хамтран амьдрагч Б. Мын хамт очсон. Айлд байхад айлын эхнэртэй намайг Б.М хардаад байсан. Тэгээд Б.Мын хамт Баянхонгор сумын 6 дугаар баг 2-57 тоот гэрт бид хоёр эмэгтэй дүүгийн хамт цуг ирсэн. Гэрт байхад ******* ирж намайг авч явах гэсэн Б.М явуулахгүй гэж би явахаар болж маргалдсан. Миний уур хүрч нүүрэнд нь гараараа цохьсон хаана хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгээд би Б.Мынхаас гарч аавынхаа гэрт очсон ...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Л.Б бид хоёр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу ямаа самнах гэж явах байсан чинь хойшилж хамт явах хүнтэй нийлж Л.Бгийн дүү *******гийн гэрт нь 2 шил архийг хувааж уусан. Гэрт ирэхэд Л.Б намайг үгээр өдөж эхэлсэн. Мөн чиний ах болох шар ******* чинь намайг хөдөө дарамталж зоддог гэлүү, одоо би чамаас хариугаа авна гэж хэлээд эхлээд миний нүд рүү алгадаж би тонгойсон. Тэгтэл элэгдэж сандлаар миний дээрээс цохиж зодсон. Тэр сандал хүртэл эвдэрсэн, мөн гүйцээгээд хаячихъя гэж хэлээд хөлөөрөө дээрээс дэвсэлж нэг мөсөн гүйцээчихээд яланд чинь явъя гэж хэлээд зодоод байсан. Би нэг мэдсэн гэртээ ганцаараа сэрсэн. Тэгээд гудамжинд явж байхад надад нэг охин цагдаа дуудаж дуудлага өгсөн байсан. Хөдөө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд манай ах ******* хэдэн үг хэлж Л.Бг цохиж авсан тэрнээс болж намайг цохиж зодсон. Намайг зодох үед Л.Б, түүний дүү ******* нар байсан. Б намайг өмнө нь зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Гэрч Т.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.....Манай ээж Б.М нь хамтран амьдрагч Л.Бд зодуулж одоо Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Надад хэлэхдээ Л.Бд зодуулсан гэж хэлж байсан. Урьд өмнө нь Л.Б манай ээжийг зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Ээж Б.М, Л.Б хоёр хоёулаа нийлж архи их уудаг, уухлаараа зан авир муутай их ууртай болчихдог юм. Манай ээжийг нэг удаа зодож байсныг санаж байна. Тэр үед ээжийн минь хамар хугарчихсан байсан. Ээж Б.М, Л. Б хоёр хөдөө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд мал дээр байхад ах Мөнхөө тэр хоёрт хандаж битгий архи ууж бай та хоёр амьдрал ахуйгаа бод гэж хэдэн үг хэлсэн. Тухайн үед ээж Б.М, Л.Б хоёр архи уучихсан байсан гэсэн. Тэрнээс болж ээжтэй таарамжгүй харилцаа гаргаж зодсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Гэрч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... ах Л.Б, хамтран амьдрагч Б.М хоёрын арван мянгатад байх гэрт очсон. Л.Б, Б.М хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед би айгаад тэр гэрээс гарч явсан. Урьд өмнө нь тэр хоёр хоорондоо маргалдаж хэрүүл хийдэг талаар би мэддэг юм. Миний хөл гэмтсэн бэртэлтэй тэр хоёроос болж миний хөл дахин гэмтэж магадгүй гэж бодоод шууд гарч явсан. Тэр гэрт Л.Б, Б.М хоёр үлдсэн өөр хүн тэнд үлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаартай

1.Б.Мын биед тархи доргилт, 2 нүдний алимны салстын тархмал цус харвалт, дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа, сарвуу, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 40-41/, депозит дансны хуулгууд /хх-ийн 50/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 9-24 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хамтран амьдрагч болох Б.Мын нүүр, хэвлий, нуруун тус газруудад гараараа болон сандлаар цохин, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэнд нь тархи доргилт, 2 нүдний алимны салстын тархмал цус харвалт, дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа, сарвуу, нуруунд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Бгийн/ хх-ийн 39-40/, хохирогч Б.Мын 6-7/, гэрч Т.Яын /хх-ийн 9-10/, гэрч Л.Бийн /хх-ийн 20-21/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.М, шүүгдэгч Л.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг нүүр, хэвлий, нуруун тус газруудад гараараа болон сандлаар цохин, хөлөөрөө өшиглөн зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Мийг зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед тархи доргилт, 2 нүдний алимны салстын тархмал цус харвалт, дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа, сарвуу, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 26-27/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч Л.Б, хохирогч Б.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Иймд Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Шүүгдэгч Л.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1400018 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийг шаардлагаас цаашид хамарт эмчилгээ хийлгэх 1000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 400018 төгрөгийг шүүгдэгч Л.Бгоос гаргуулж, хохирогч Б.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлэхтэй холбоотойгоор гарсан болон цаашид гарах төлбөрийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болох дурьдаж шийдвэрлэлээ.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Бд эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Л.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.Бгоос 400018 төгрөг гаруулж, хохирогч Б.Мд олгож, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас цаашид хамарт эмчилгээ хийлгэх 1000000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Хохирогч Б.М нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА