Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Н.Нямдорж

Шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014000000152 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******-тай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Стэй түүний хүүхдийг хулгайч гэж хэлж доромжилсноос болж марган Б.Сийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Мын мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 05 дугаар сарын 08-ны орой хашаа ачаад зогсож байтал Н.Б ах ирээд танай малд манай малаас нийлсэн байхад хэлсэнгүй гээд хэрүүл өдөж байгаад өшиглөөд авахаар нь би зөрүүлээд нүд рүү нь цохиод авсан. Тэгээд бид ноцолдож байгаад салаад эхнэртэйгээ мал дээрээ явж байтал араас ирээд дахиад мал хэлсэнгүй гээд хэрүүл хийгээд намайг мотоцикльтой хамт өшиглөж унагаахаар нь босож ирээд барилцаж аваад удалгүй салаад явцгаасан ба 30 орчим минутын дараа эхнэртэйгээ машинтай буцаж ирээд эхнэр Б.С нь машинаас бууж ирээд шороо самарч чулуугаар цохиод намайг заамдаж аваад янз бүр болоод байхаар нь би цээж рүү нэг удаа түлхээд унагаачихсан юм. Тэгээд босч ирээд дахиж хэрүүл хийж байгаад салаад явцгаасан... гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/,

Хохирогч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2021 оны 05 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр Н.Б малнаас ирээд манай хүү *******ыг ойр хавийн айлын амбаар ухсан хулгайч гээд Г.М тэгээд байна гэхээр нь Г.М дээр очоод манай хүүхэд хэзээ, хаана хулгай хийсэн, хариуцлагаа хүлээе, үгүй бол нэр төрөө сэргээж авна гээд тиймэрхүү байдлаар хэрүүл болоод цагдаа руу явъя гээд Г.Мын цамцнаас таттал чи юу юм алмас шиг авгай минь гээд цамцаа тайлж шидээд миний цамцаар намайг боож унагаасан. Сэргэж босоод дахиад явъя чамаас айдаг хүн хэн байдаг Цагдаа руу явъя гээд очтол шууд зүүн нүд рүү цохиод унагаачихсан. Босч ирээд дахиад явъя гэтэл дахиж боож унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/,

Гэрч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед мал тууж явж байтал Г.М хаваржсан газраасаа хашаагаа ачаад байж байхаар нь очоод танай малаар манай мал байна уу гээд асуутал мэдэгдэхгүй гэхээр нь манай мал танай малд нийлчихсэн байхаар хамаатан, садан улсууд байж хэлчихэж болдоггүй юм уу гэтэл улсын аврага малчин хүн байж малаа уруудуулдаг тань шиг хүн байдаг юм уу гээд хэл амаар доромжлоод байхаар нь зүүн гуя руу нь 2 удаа өшиглөөд автал миний зүүн нүд рүү 1 удаа гараараа цохиод авсан. Тэгээд танай хүүхдийг бодвол би нэртэй сүртэй хүн, танай хүүхэд хулгайч гээд хэл амаар доромжлоод байхаар нь тэгсхийгээд цагдаа шүүхээр үнэнийг олж нэр төрөө сэргээж авна гэчихээд гэртээ очоод манай хүүхдийг элдэв янзаар хэлээд байна гээд эхнэртээ хэлтэл уулзаж нэр сүрээ олж авъя гээд Г.М дээр очоод “агдаа руу явъяг ээд манай эхнэр хэлтэл цамцаа тайлж шидээд манай эхнэрийг боож унагаагаад цохиод байгаа бололтой гар хөл нь гозгоноод байсан. Яг хаашаа цохисныг нь хараагүй тэгээд салгах гээд явтал манай эхнэр битгий хөдөл би энэ нөхөртэй нэгийгээ үзнэ, намайг алвал алаг гээд байхаар нь би хөдлөлгүй хараад зогсож байсан. Тэгээд удалгүй эхнэрээ салгаад аваад явсан ба Г.Мын гадаа очоод машинд суу цагдаа руу явъя гэтэл мотоциклио унаад алга болчихсон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 18-19/,

Гэрч Т.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2021 оны 05 дугаар сарын 08-ны орой нөхрийн хамт мал дээрээ явж байтал Н.Б ах ирээд манай нөхрийг мотоцикль дээрээ мордчихсон байхад өшиглөж унагаагаад би мотоциклио босгоод нөгөө 2 барилцаад авсан. Тэгсхийгээд хэрэлдэж байгаад салаад яваад өгсөн. Удалгүй эхнэртэйгээ машинтай ирээд манай нөхөр лүү 2 зэрэг чулуу шидээд байсан. Тэгтэл эхнэр нь манай нөхрийг заамдаад хэрэлдээд нэлээн удсан тэгж байгаад манай нөхөр Б.С эгчийг холд гээд цээж рүү нь түлхээд унагаачихсан. Тэгсэн босч ирээд дахиад дайраад хэрэлдэж байгаад салаад явцгаасан... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27/,     

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 238 дугаартай шинжээчийн

1.Б.Сийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 40-41/, депозит дансны хуулгууд /хх-ийн 50/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Сийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Мын.. Б.С нь машинаас бууж ирээд шороо самарч чулуугаар цохиод намайг заамдаж аваад янз бүр болоод байхаар нь би цээж рүү нэг удаа түлхээд унагаачихсан... гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/,

Хохирогч Б.Сийн...миний зүүн нүд рүү цохиод унагаачихсан, босч ирээд дахиад явъя гэтэл дахиж боож унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/,

Гэрч Н.Бын... манай эхнэр С нь Г.М дээр очоод цагдаа руу явъя гэхэд цамцаа тайлж шидээд манай эхнэрийг боож унагаагаад цохиод байгаа бололтой гар хөл нь гозгоноод байсан, яг хаашаа цохисныг нь хараагүй.. гэх мэдүүлэг / хх-ийн 18-19/

Гэрч Т.Огийн... манай нөхөр Г.М нь Б.С эгчийг холд гээд цээж рүү нь түлхээд унагаачихсан... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 238 дугаартай шинжээчийн...Б.Сийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Сийг зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 29-30/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон хохирогч Б.С, шүүгдэгч Г.М нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Г.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.М нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Б.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.

Хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлэхтэй холбоотой гаргасан болон цаашид гарах төлбөрийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.М үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.С нь мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мад холбогдуулан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.Мад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Хохирогч Б.С нь цаашид хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА