Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар   2021/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч У.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас У.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005000001392 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******************, урьд

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, У.Б /РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим үйлчлүүлэгч Д.Ны таксинд гээгдүүлсэн Самсунг эс-9 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 420.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар тухайн завшсан гар утасны Мобайл банкийг ашиглаж 3 удаагийн үйлдлээр 1.246.900 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч бусдын дансанд шилжүүлэн нийт 1.666.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

 

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим үйлчлүүлэгч Д.Ны таксинд гээгдүүлсэн Самсунг эс-9 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 420.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар тухайн завшсан гар утасны Мобайл банкийг ашиглаж 3 удаагийн үйлдлээр 1.246.900 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч бусдын дансанд шилжүүлэн нийт 1.666.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 00 цагийн үед байх 99 нэртэй караоке орж ууж сууж байгаад Од кинотеатрын урдаас такси бариад Сонгинохайрхан дүүргийн арван буудлын тэнд байдаг найз дээрээ очих гэсэн боловч манай найз утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь буцаад нөгөө такситайгаа хамт 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг найз дээрээ очсон. Энэ хугацаанд такси дотор байхдаа өөрийнхөө Самсунг эс-9 маркийн гар утас байхгүй байгааг мэдээд хамт байсан найз руугаа залгаж асуух гэтэл утсаа авахгүй байсан. Уг таксины жолооч бид хоёр машин дотор нэлээн хайсан боловч олдохгүй байсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор яг нарийн зүйлсийг санахгүй байна. Ямар ч байсан өглөө нь дансаа шалгахад миний хадгаламжийн данснаас 1.246.900 төгрөг гарсан байхаар нь гүйлгээний мэдээллээ хартал тухайн өдрийн шөнө нийт 3 удаагийн гүйлгээ гарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******** тоот дансанд 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 546.000 төгрөгийн орлого орсон. ...Би тухайн үед бараа зарсан. Тамхи, бохь зэргийг зарсан. Ямар төрлийн тамхи, бохь зарсан болохоо санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө би эрүүлжүүлэх байранд байсан юм. Гэрийн түлхүүр байхгүй учраас манай эхнэр дуудлагаар хаалга онгойлгуулах гэж хүнээс мөнгө авч онгойлгуулсан гэсэн. Би тухайн үед дансанд мөнгө байгааг мэдээгүй. ...Миний дансыг манай эхнэр болох Ж.О тухайн өдөр гэрийн хаалга онгойлгуулах зорилгоор ашигласан байсан. Хүнээс 50.000 төгрөг авсан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 22-ны шөнө манай нөхөр эрүүлжүүлэх байранд байсан юм. Надад гэрийн түлхүүр байхгүй учраас түлхүүрээ авах гэж 05 цагийн үед сансарын туннел орчимоос соната-7 загварын таксинд суугаад Дэнжийн мянгад байдаг эрүүлжүүлэх байранд очсон боловч нөхрөөсөө түлхүүр авч чадаагүй. Тэгээд буцаад ирсэн такситайгаа явсан. Явах замд таксины жолооч хаалга онгойлгодог хүн дуудаад онгойлгуулчих, 45.000-50.000 төгрөг орчмоор онгойлгодог байх, би чамд хаалга онгойлгох мөнгө өгье чи тэр мөнгөөр буудалд орох, хаалгаа онгойлгуулах чинь чиний асуудал гээд Жуковын автобусны буудал дээр буулгасан. Тэгээд би автобусны буудал дээр буугаад дансаа шалгахад миний дансанд 60.000 төгрөг болсон байсан. ...эмэгтэй хүнд тус болъё гэж хэлээд өгсөн. Би тухайн хүнийг ямар учиртай мөнгө ашиглаж байгаа талаар нь мэдээгүй. Би танд мөнгийг чинь эргүүлж өгнө гэж хэлэхэд чи миний нэрийг мэдэх шаардлагагүй гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн хүнийг танихгүй тухайн өдөр танилцсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №ТХҮ-720/425 дугаартай “самсунг эс-9 загварын гар утсыг 420.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний дүгнэлт /хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч У.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад газ авах гээд машинтайгаа гарсан чинь зам дээр хүмүүс гараа өргөөд зогсож байхаар нь би Од кинотеатрын урд 2 хүн зогсож байхаар нь зогстол нэг эрэгтэй суугаад нэг нь суулгаж өгчихөөд машинд суугаагүй. Уг хүн нэлээн согтуу байсан ба арван буудал оръё гэсэн ба замдаа явж байхдаа миний утсаар яръя гээд 2, 3 хүн рүү залгаж ярих гээд авснаа яриагүй утсаа авахгүй байна гээд буцаагаад надад өгсөн. Арван буудлын тэнд байдаг бэлэн мөнгөний машин хамт оръё гээд Хаан банкны карт гаргаад мөнгө авах гэсэн пин код буруу байна гээд байсан бөгөөд надад картаа өгснөө чи мөнгө аваад өг гэснээ пин кодоо хэлсэн ба 1230 билүү код хэлсэн. Тэгэхээр нь би кодыг нь хийгээд 10.000 төгрөг авсан. Энэ мөнгөө намайг ав гэсэн. Тэгээд ба машин руугаа суусан чинь машины арын суудал дээр хар өнгийн эс-9 маркийн гар утас асаалттай байхаар нь аваад оролдоод сууж байсан чинь нөгөө залуу эргэж машин дотор орж ирээд би утсаа огт хайгаад олохгүй байна. Би хаанаас суусан юм тэр газар луугаа эргээд явъя гэхээр нь хамт явсан. Замдаа явж байхдаа миний гар утаснаас хэд хэдэн хүн рүү залгаад байсан ба нөгөө хүмүүс нь утсаа авахгүй байгаа бололтой байсан. Ингээд найзтайгаа яриад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын тэнд байх, буугаад найзынхаа утсаар мобайл банкаар миний данс руу 10.000 төгрөгийг шилжүүлээд буусан. Гарсан хойгуур нь би утсыг нь оролдоод мобайл банкийг нь үзээд Хаан банкных нь банкны картынх нь кодыг хийсэн чинь орчихсон. Тэгээд үлдэгдлийг нь үзэхэд сая хоёр зуугаад мянган төгрөг байсан. Тэгээд би замдаа явж байхдаа үл таних эмэгтэй гараа өргөхөөр нь зогсоод автал нөхрөө эрүүлжүүлэхээс авах гээд явж байна гэрийнхээ түлхүүрийг авах гэсэн юм, намайг аймар зодоод хамаг хувцас тайлчихсан гэхээр нь би өмнөх хүний дансаар ороод 2020 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 03 цаг өнгөрч байхад гүйлгээний утган дээр нь е гэж бичээд 2 удаагийн үйлдлээр ***** тоот данс руу 10.000 төгрөг, ***** тоот данс руу 50.000 төгрөгийг тухайн эмэгтэй рүү шилжүүлсэн. Тэр эмэгтэй Жуковын автобусны буудал дээр буусан. Би гэр лүүгээ харьчхаад маргааш өглөө нь 8 цаг өнгөрч байхад Барс зах орж 546.900 төгрөгт эссэ, парламент зэрэг тамхи авсан. Ингээд барс захаас гараад 9 цагийн үед Нарантуул зах орж Эссэ, парламент зэрэг тамхи бөөндөж 640.000 төгрөгөөр авахаар Хаан банкны данс руу шилжүүлчхээд уг хүний дансны үлдэгдлийг нь үзэхэд мөнгө нь дууссан байсан. Гар утсыг нь би Нарантуул захын хашааны ар руу цаасанд боогоод шидсэн. Яагаад гэвэл утсаар нь Мобайл банк орж шилжүүлэг хийж тамхи авсан болохоор баригдчих байх гэж бодоод хаячихсан. Би хохирогчид бүх хохирлыг  нь төлсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Бусад нотлох баримтууд:

 

“Хаан банк” ХХК-иас ирүүлсэн шүүгдэгч Д.Ны ***** тоот депозит дансны гүйлгээний баримт /хэргийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 95 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 96 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 103 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч У.Б нь 2020 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим үйлчлүүлэгч Д.Ны таксинд гээгдүүлсэн Самсунг эс-9 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 420.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар тухайн завшсан гар утасны Мобайл банкийг ашиглаж 3 удаагийн үйлдлээр 1.246.900 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч бусдын дансанд шилжүүлэн нийт 1.666.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн дансны хуулга, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэжээ.

 

Дээрх нөхцөл байдал буюу шүүгдэгч У.Б нь хохирогч Д.Ны гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг автомашинд орхиж буусныг мэдсээр байж завшсан,  улмаар шүүгдэгч У.Б уг гар утсыг авч, бусдын эзэмшил, өмчлөлийн данс руу цахим хэрэгсэл буюу интернет банк аппликэйшнээр нэвтэрч өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр гүйлгээ хийж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр тус тус хангаж байна. 

 

Товчоор дүгнэвэл шүүгдэгч У.Б нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, хүн тээвэрлэх явцдаа түүний автомашинд хохирогчийн орхисон гар утсыг авч, улмаар гар утасны эзэмшигчийн өмчлөл, эзэмшигчийн данс руу гар утсыг ашиглан нэвтрэн орж, хохирогчид мэдэгдэлгүйгээр төлбөр тооцооны гүйлгээ хийж 1.246.900 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж гээгдэл эд хөрөнгө завших, хулгайлах гэмт хэргийг тус тус үйлджээ.

 Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг, харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших, Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах  гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч У.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч У.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нд баримтаар 1.666.900 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...1.240.000 төгрөг болон самсунг эс-9 маркийн гар утсыг буцааж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 93-94 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 262 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч У.Бэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч У.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Бэд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан шүүгдэгч У.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч У.Бийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”,

   “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бэд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

    Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО