Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О, 

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125000000151 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, А.Лувсанчоймбол,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч А.Л нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг 36-8 тоотод 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр биеэ хамгаалж чадахгүй, 80 настай Д.Д-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Тухайн үед манай хүргэн гаднаас орж ирээд...миний баруун талын гарны шууны хэсгээс татаад газар унагаасан, намайг газар унагаачихаад миний цээж энгэр хэсэгт хүчтэй суусан, сууж байснаа нэг өндийгөөд дахин суусан, миний мөрнөөс барьчихаад наашаа, цаашаа хөдөлгөөд байсан, тухайн үед манай гэрт С.Э охин маань байсан боловч А.Л-ыг салгах гээд дийлэхгүй байсан...тухайн үед амьсгаа авч чадахгүй байсан....миний дээр гарч суусан учраас миний хавирга хугарч маш их өвдсөн. Би бүсийн оношилгоо эмчилгээний төвд гэмтлийн тасагт хагалгаанд орсон, эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэж эмчлүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-11-16/,

Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...гаднаас орж ирээд “унт” гэж хэлэхэд нөхөр ээжийн ор руу очоод, ээж маань орон дээрээ хэвтэж байхад нь татаад газар унагаасан, газар унагаагаад ээжийн мөрнөөс сэгсрээд “үхээч чи” гээд байсан. Би болиулах гээд хичээсэн боловч чадахгүй, дийлэхгүй байсан. Манай нөхөр ээжийн цээжин хэсэгт өвдөглөж, дарж суучихаад мөрнөөс нь хоёр гараараа бариад хүчтэй сэгсрээд байсан. ...Тухайн үед манай нөхөр нэлээн согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хх-18-20/,

А.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай ажлынхан цэргийн баяр гээд эмэгтэйчүүд нь эрчүүдийгээ хоолонд оруулаад 3 шил архи уусан. ...Тэгээд гэр лүү ороод бид нар хоол унд идээд, 1 шил архи ууцгаасан. ...гадаа нойлд нэлээн удаан суучихаад буцаад ороод ирсэн, эхнэртэй хамт гарч тамхи татсан, тэгээд цаашаа юу ч санахгүй байгаа юм. ...нэг мэдэхэд би дээгүүрээ нүцгэн, доогуураа биеийн тамирын өмдтэй, гуталгүй, гараа гавлуулчихсан цагдаагиййн машинд сууж байсан гэдгээ мэдээд байгаа, тухайн өдөр ийм асуудал гаргасан учраас эрүүлжүүлэхэд хоносон. ...Надад хадам ээж Д.Д-г зодож гэмтээх санаа зорилго байгаагүй, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас ямар үйлдэл хийснээ ч санахгүй байгаа юм. Гэхдээ ийм асуудал гаргасан нь миний буруу, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-23-24, 52-53/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 224 дугаартай “...1.Д.Д-гийн биед зүүн эгэмний ясны далд хугарал, цээжний зүүн талын 2, 3-р хавирга далны шугамаар, 6-7-р хавирга суганы шугамаар хугарал, цээж, хоёр гар, хөлөнд олон тооны цус хуралт тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн, ямар ч чиглэлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн эгэмний ясны далд хугарал, цээжний зүүн талын 6-7-р хавирга суганы шугамаар хугарал, цээж, хоёр гар, хөлөнд олон тооны цус хуралт нь шинэ гэмтлүүд байна. Цээжний зүүн талын 2, 3-р хавирга далны шугамаар хугарсан нь хуучин гэмтэл байна. 3.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Зүүн эгэмний ясны далд хугарал, цээжний зүүн талын 2, 3-р хавирга далны шугамаар, 6-7-р хавирга суганы шугамаар хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цээж, хоёр гар, хөлөнд олон тооны цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-26-27/,

Иргэн Г.Э-аас ирүүлсэн “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шанд багийн 36-8 тоотод 82 настай Д.Д-г А.Л зодсон” гэх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/,

Хохирогч Д.Д бусдад зодуулан улмаар БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудын хуулбар /хх-32-47/,

Шүүгдэгч А.Л эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 801 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-60/,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-74, 75/,

Шүүгдэгч А.Л “Зул бэст” ХХК-д массажистаар ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-78/, түүний хувийн бичиг баримтууд /хх-79-82/,

А.Л-ын “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-95/,

Хохирогч Д.Д-гийн “...эмчилгээний зардлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-96/ зэрэг болно.

         Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч А.Л нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг 36-8 тоотод 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр биеэ хамгаалж чадахгүй, 80 настай Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; шүүгдэгч А.Л-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Д.Д-гийн “...миний баруун талын гарны шууны хэсгээс татаад газар унагаасан, намайг газар унагаачихаад миний цээж энгэр хэсэгт хүчтэй суусан, сууж байснаа нэг өндийгөөд дахин суусан, миний мөрнөөс барьчихаад наашаа, цаашаа хөдөлгөөд байсан, ...тухайн үед амьсгаа авч чадахгүй байсан....миний дээр гарч суусан учраас миний хавирга хугарч маш их өвдсөн.” гэх,

гэрч С.Э-ын “...ээж маань орон дээрээ хэвтэж байхад нь татаад газар унагаасан, газар унагаагаад ээжийн мөрнөөс сэгсрээд “үхээч чи” гээд байсан.  ...Манай нөхөр ээжийн цээжин хэсэгт өвдөглөж, дарж суучихаад мөрнөөс нь хоёр гараараа бариад хүчтэй сэгсрээд байсан.” гэх,

А.Л-ын “...ийм асуудал гаргасан нь миний буруу, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 224 дугаартай дүгнэлт, иргэн Г.Э-аас ирүүлсэн “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шанд багийн 36-8 тоотод 82 настай Д.Д-г А.Л зодсон” гэх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Д бусдад зодуулан улмаар БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудын хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Д-гийн “...эмчилгээний зардлыг төлсөн.” гэсэн хүсэлт хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч А.Л-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч А.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, бүрэн хараагүй хувийн байдал болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан,

          “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчмуудад нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

          хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, 

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

Бусад асуудлын талаар;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч А.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр зодож, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Шүүгдэгч А.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Шүүгдэгч А.Л-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, 

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүгдэгч А.Л нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч А.Л-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван зургаа, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгч А.Л-д хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ