Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

                              

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, 

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б, М.Э-д нарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б-т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103000530067 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, М.Э,

Монгол Улсын иргэн М.Б,

Монгол Улсын иргэн, Л.Б,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч М.Б нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэг Эрдэнэт солилцох тасаг”-ийн туслах машинчаар ажиллаж байхдаа “Вагон ашиглалтын депогийн Эрдэнэт техник үйлчилгээний газар”-ын зэхэгч ажилтай Л.Б-ээс түлш худалдаж авах талаар гаргасан саналыг тус тасгийн машинч М.Э-ын хамт хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Эрдэнэт өртөөний 23 дугаар зам дээр тус нийгэмлэгээс итгэмжлэн хариуцуулсан 3201 дугаартай “2ZАGАL-003” илчит тэрэг дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа тус тэрэгний А секцийн кабинаас 195.3 литр дизель түлшийг Л.Б-ийн хамт 6 ширхэг саванд хийж, М.Э-ын эзэмшлийн Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад 410.310 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.Э нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэг Эрдэнэт солилцох тасаг”-ийн машинчаар ажиллаж байхдаа “Вагон ашиглалтын депогийн Эрдэнэт техник үйлчилгээний газар”-ын зэхэгч ажилтай Л.Б-ээс түлш худалдаж авах талаар гаргасан саналыг тус тасгийн туслах машинч М.Б-ын хамт хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Эрдэнэт өртөө дээр тус нийгэмлэгээс итгэмжлэн хариуцуулсан 3201 дугаартай “2ZАGАL-003” илчит тэрэг дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа илчит тэргийг 23 дугаар зам дээр зогсоож М.Б, Л.Б нараар тэрэгний А секцийн кабинаас 195.3 литр дизель түлшийг 6 ширхэг саванд хийлгүүлэн, өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад 410.310 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Б нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн Эрдэнэт техник үйлчилгээний газар”-ын зэхэгчээр ажиллаж байхдаа тус нийгэмлэгийн “Дархан татах хэсэг Эрдэнэт солилцох тасаг”-ийн машинч М.Э, туслах машинч М.Б нарт өөрсдийн итгэмжлэн хариуцсан илчит тэрэгнээс түлш худалдахыг санал болгон бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулж, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Эрдэнэт өртөөний 23 дугаар зам дээр 3201 дугаартай “2ZАGАL-003” илчит тэрэг дээр албан үүргээ гүйцэтгэж байсан М.Э, М.Б нартай харилцан тохиролцож, илчит тэрэгний А секцийн кабинаас М.Б-ын хамт 195.3 литр дизель түлшийг 6 ширхэг саванд хийж, “Тоуоta Ргеmio” маркийн 54-32ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зөөвөрлөн, өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаас 300.000 төгрөгийг М.Э-ын эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлж, завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад 410.310 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хорихоос өөр төрлийн хөнгөн ял өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хорихоос өөр төрлийн хөнгөн ял өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хорихоос өөр төрлийн хөнгөн ял өгнө үү.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр машинч М.Э, туслах машинч М.Б нар нь “2ZАGАL-003” илчит тэрэгтэй Эрдэнэт өртөөнөөс Салхит өртөөнд 266172тн ачаа ачиж аялалд явсан. Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн аж ахуйн албанд илчит тэрэгний машинчийн аяллын үзүүлэлт, түлшний зарцуулалтыг харуулсан программ байдаг, тухайн программаас М.Э, М.Б нарын аялсан хугацаанд явсан чиглэлийн түлшний зарцуулалтыг шүүж үзэхэд 10875л түлш авч аялалд гараад дараагийн машинчид 9800л түлштэй илчит тэргээ хүлээлгэж өгсөн. Эрдэнэтээс Салхит өртөө хооронд 819л түлш зарцуулах норматив байдаг боловч 1075л түлш зарцуулж, 256л түлш илүү зарцуулсан. Эдгээр машинч нар түлш дутааснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түлшний лацыг хөндсөн байдаг. ...М.Э, М.Б нарын завшсан түлшийг хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-27-28/,

Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...О-тай ярихад “2ZАGАL-003” дугаартай илчит тэрэгнээс түлш хулгай хийсэн байна” гэж хэлсэн, тэгэхээр нь “2ZАGАL-003” илчит тэргийг Салхит өртөөнд 5 цаг 20 минутын үед тосч Эрдэнэт өртөөнд 9 цаг 30 минутад үзлэг хийхэд А секцийн кабины баруун талд байрлалтай түлш халаагчийн хаалт, лац, ломбогүй байсан тул зургийг дарж удирдах ажилчдад мэдэгдэж үүрэг, чиглэл авсан. ...М.Э, М.Б нар нь түлш итгэмжлэн хариуцагч мөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-48-49, 51/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...54-32ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3-4 жилийн өмнө “Да хүрээ” техникийн зах дээрээс хувь хүнээс авч байсан. ...Миний нэр дээр байдаг ч гэсэн манай гэр бүлийн хүмүүс дундаа хэрэглэдэг. ...аавыг машин унаад явсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-53/,

Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2021 оны 2 дугаар сарын 26-ны орой ажил үүргийн хуваарийн дагуу 19.30 цагаас хойш Эрдэнэт өртөөн дээр паркийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Ажил авснаас хойш 23 цагийн орчим галт тэрэг гол замаас орж ирсэн галт тэргийг туслах жижүүр Б-ийн хамт шалгаж авсан. Дараа нь тухайн зүтгүүр Эрдэнэт өртөөний 4 дүгээр зам дээрээс 14 вагонтой зэсийн баяжмал ачаатай Салхит чиглэлд аялсан. Галт тэрэг явсны дараа 7 дугаар зам дээр байсан нүүрстэй вагоныг шалгаад явж байтал депогийн харалдаа зам дээр хүн явж харагдсан. Би яваад очтол нэг машинд юм ачиж байх шиг харагдсан, тэгэхээр нь гүйгээд очиход жолооч нь руль дээрээ суусан хөдлөх гэж байсан. ...Тэгээд би жолоочийг “та буугаад ир, багажаа шалгуул” гээд онгойлгуулахад тус бүр 25л савлагаатай 6 ширхэг канистертай түлш байсан. Хаанаас авсан талаар асуухад “сая хөдөлсөн галт тэрэгнээс авсан” гэж хэлсэн. ...Цагдаа ирэхээр нь түлшийг нь хурааж авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-55/,

Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2021 оны 2 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн хооронд 3900л түлшээр зэхсэн. Түлшний зэхэлт хийсний дараа ажил үүргийн хуваарийн дагуу би лац ломбыг тавьдаг. Тухайн орой №8 гэсэн дардастай ломбыг түлшний банкны хоёр таган дээр ломбодсон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-57/,

Гэрч Ч.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би үүрээр зүтгүүр хүлээж авсан, Эрдэнэт солилцох хэсгийн машинч Э-оос “2ZАGАL-003” зүтгүүрийг хүлээж авсан. Баруун талын А секцийн түлш халаагчийн хий авдаг виндэлний лац байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-59/,

Шинжээч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Манай гаргасан үр дүнгээр 15 градуст /хэвийн нөхцөлд/ нягт нь буюу хувийн жин нь 0.8276 г/см3 гэж үзсэн. Ингэхлээр 161.6 килограмм дизель түлш нь оронд шилжүүлэхэд 161.600 грамм болно, 161.600 граммаа хувийн жиндээ хуваагаад үзэхэд 195.263.4 мл буюу литр лүү шилжүүлэхэд 195.3 литр болж байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-88/,

М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 26-ны орой 23.00 цагийн орчимд галт тэрэгнээсээ Б ахад 25 литрийн 6 саванд түлш авч өгсөн, Б ах надруу түлшний мөнгө гэж 1л 2000 төгрөгөөр бодож миний хаан банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Манай туслах Б надаас “Б ах залгаад “хөдөө явах гэсэн юм, жаахан түлш хэрэгтэй байна” гээд гуйгаад байна яах уу” гэж асуусан, тэгэхээр нь би “за за, тэгээ” гээд хэлсэн. Миний дансанд Б ахын данснаас 300.000 төгрөг 01.00 цаг өнгөрч байхад орж ирсэн. ...Би “2ZАGАL-003” дугаартай элчит тэргийг 23 дугаар зам дээр түр зогсоогоод туслах машинч Б, Б нарыг кабины баруун талд байрлах А секцээс 6 сав түлш авахуулж, Б-т өгч буулгасан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-38, 40, 121/,

М.Б-гын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...би ажил дээрээ 2021 оны 2 дугаар сарын 26-ны орой 22.10 цагийн үед ирээд байж байтал Дархан чиглэлээс Эрдэнэтэд ирсэн “2ZАGАL-003” дугаартай галт тэрэг депо дотор орж ирж түлш хийсэн. Галт тэрэг түлш хийж дууссаны дараа депогоос гараад зогсож байсан тэр үед Б ах ирээд “ажил явдал гарчихлаа, 150л түлш өгөөч” гэж Э бид хоёроос гуйсан, бид хоёр “ав, ав” гэж хэлсэн. ...лацыг би таслаад авсан, ...Би Б ахтай хамт “2ZАGАL-003” элчит тэрэгний баруун талын А секцээс 6 савандаа крантаар нь татаж дүүргээд 23 дугаар замын цаана харанхуй жалга руу буулгасан.” /1-р хх-33-34, 36, 129/,

Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 26-ны орой 23.00 цагийн үед Төмөр зам руу явсан, тэр үед Дарханаас Эрдэнэт рүү галт тэрэг орж ирсэн байсан, тэгээд би гадаа нь зогсож байгаад галт тэрэгний машинист Э-той уулзаж, “би хөдөө явах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, надад жаахан түлш өгөөч” гэж хэлэхэд Э “ав, ав” гэхээр нь “2ZАGАL-003” галт тэрэгний А секцийн кабин талаасаа 3 байна уу, 4 дэх хэсгийн хаалгыг онгойлгож, нарийнхан шланкаар 6 сав руу түлш гоожуулан дүүргэж аваад 5432ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад гэр рүүгээ хөдлөх гэж байгаад хамгаалалтын албаны ажилтан О-т баригдсан. ...Машинч Э намайг түлш зүтгүүрээс авч байхад “та литрийг нь 2000 төгрөгөөр аваарай” гэж хэлсний дагуу 150л түлшийг 300.000 төгрөгөө бодож, Э-ын хаан банкны данс руу өөрийн  данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн. ...Э, Б хоёр депогоос гараад “2ZАGАL-003” зүтгүүртэй 23 дугаар зам дээр зогсож байсан, машинаасаа 6 саваа аваад зүтгүүр лүү очиход Б намайг тосож аваад бид хоёр дээшээ гараад зүтгүүрийн баруун талын А секцийг Б онгойлгоод, богино шланк гаргаж ирээд бид хоёр цуг савласан, савлаж дуусаад дохионы ард гарч зогсоод жалга руу буулгаад явсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-42-43, 45-46, 137/,

Иргэн Х.Д-ээс “Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын нутаг дэвсгэр дээр галт тэрэгний түлш хулгайлсан хүмүүсийг барьсан” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 6-9/,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.И-ийн хэргийн газрын үзлэгээр хураан авсан дотор нь шингэн агууламжтай гэх 6 ширхэг усны саванд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-15/,

2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.С-ын “М.Э-ын 5097052948 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 16-17/,

2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 5 ширхэг цэнхэр өнгийн савтай шингэн дизель түлш, 1 ширхэг хар өнгийн савтай нийт 6 ширхэг 159 килограмм бүхий дизель түлшийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-18/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “...1л дизель түлшний зах зээлийн өнөөгийн үнэ, цэнэ нь 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 2100 төгрөг байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-73-74/, 

“Амбер” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1442/03 дугаартай шинжилгээний тайлбар, сорилтын үр дүнгийн тайлан, /1-р хх-81-82/,

Б.М-ийн эзэмшлийн 54-32ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /1-р хх-100/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “...Б.М-ийн эзэмшлийн 54-32ОРА улсын дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн, Premio маркийн суудлын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 6.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-101-103/,

М.Э-оос хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, үүрэн холбооны мобикомын  дугаарын ярианы хуулга, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 242 дугаартай “Дагалдангаар ажиллуулах тухай” тушаал, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 636 дугаартай “Үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал /1-р хх-139-184/,

М.Б-ас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Хас банкны дансны хуулга, үүрэн холбооны Юнителын дугаарын ярианы хуулга, ажлын байрны тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 581 дугаартай “Дагалдангаар ажиллуулах тухай” тушаал, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 893 дугаартай “Үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-186-202/,

Л.Б-ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Хаан банкны 5097014209, 5097067433, 5097064023, 5097007224, 5097005465 тоот дансны хуулга, үүрэн холбооны Мобикомын 99359231 дугаарын ярианы хуулга /1-р хх-204-233/,

М.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-235/,

М.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-239/,

Л.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-242/,

М.Э урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-245/,

М.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-246/,

Л.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-11/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-250, 2-р хх-1-10/,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 218 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2-р хх-14-16/,

Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албанаас гаргаж өгсөн;

М.Э-ын талаарх, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 636 дугаартай “Үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал, мөн газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-16 дугаартай “М.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, Хөдөлмөрийн гэрээ, цалингийн карт, ажлын байрны тодорхойлолт /2-р хх-47-58/,

М.Б-ын талаарх, Хөдөлмөрийн гэрээ, Дархан татах хэсгийн даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаартай “М.Б-ыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-15 дугаартай “М.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, цалингийн карт, ажлын байрны тодорхойлолт /2-р хх-59-68/,

Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогоос гаргаж өгсөн;

Л.Б-ийн талаарх, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалингийн карт, Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн даргын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-72 дугаартай “Л.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /2-р хх-71-79/,

Машинч М.Э-ын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт-Салхит чиглэлд аялсан түлшний зарцуулалт судалгаа /2-р хх-86/,

Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн хурлын тэмдэглэл /2-р хх-88-95/,

Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн хурлын тэмдэглэл /2-р хх-98-103/,

Л.Б-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-107/,

М.Э-ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-124/,

2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр М.Э-оос түүний эзэмшлийн Хаан банкны дансанд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөгийг гаргуулан авсан тухай Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Чиглэлийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Б-гийн тэмдэглэл /2-р хх-159-160/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

         Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

Шүүгдэгч М.Б нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэг Эрдэнэт солилцох тасаг”-ийн туслах машинчаар ажиллаж байхдаа “Вагон ашиглалтын депогийн Эрдэнэт техник үйлчилгээний газар”-ын зэхэгч ажилтай Л.Б-ээс түлш худалдаж авах талаар гаргасан саналыг тус тасгийн машинч М.Э-ын хамт хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Эрдэнэт өртөөний 23 дугаар зам дээр тус нийгэмлэгээс итгэмжлэн хариуцуулсан 3201 дугаартай “2ZАGАL-003” илчит тэрэг дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа тус тэрэгний А секцийн кабинаас 195.3 литр дизель түлшийг Л.Б-ийн хамт 6 ширхэг саванд хийж, М.Э-ын эзэмшлийн Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад 410.310 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Э нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэг Эрдэнэт солилцох тасаг”-ийн машинчаар ажиллаж байхдаа “Вагон ашиглалтын депогийн Эрдэнэт техник үйлчилгээний газар”-ын зэхэгч ажилтай Л.Б-ээс түлш худалдаж авах талаар гаргасан саналыг тус тасгийн туслах машинч М.Б-ын хамт хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Эрдэнэт өртөө дээр тус нийгэмлэгээс итгэмжлэн хариуцуулсан 3201 дугаартай “2ZАGАL-003” илчит тэрэг дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа илчит тэргийг 23 дугаар зам дээр зогсоож М.Б, Л.Б нараар тэрэгний А секцийн кабинаас 195.3 литр дизель түлшийг 6 ширхэг саванд хийлгүүлэн, өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад 410.310 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Б нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн Эрдэнэт техник үйлчилгээний газар”-ын зэхэгчээр ажиллаж байхдаа тус нийгэмлэгийн “Дархан татах хэсэг Эрдэнэт солилцох тасаг”-ийн машинч М.Э, туслах машинч М.Б нарт өөрсдийн итгэмжлэн хариуцсан илчит тэрэгнээс түлш худалдахыг санал болгон бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулж, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Эрдэнэт өртөөний 23 дугаар зам дээр 3201 дугаартай “2ZАGАL-003” илчит тэрэг дээр албан үүргээ гүйцэтгэж байсан М.Э, М.Б нартай харилцан тохиролцож, илчит тэрэгний А секцийн кабинаас М.Б-ын хамт 195.3 литр дизель түлшийг 6 ширхэг саванд хийж, “Тоуоta Ргеmio” маркийн 54-32ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зөөвөрлөн, өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаас 300.000 төгрөгийг М.Э-ын эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлж, завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад 410.310 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөн мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-ын “...2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр машинч М.Э, туслах машинч М.Б нар нь “2ZАGАL-003” илчит тэрэгтэй Эрдэнэт өртөөнөөс Салхит өртөөнд ачаа ачиж аялалд явсан. ...Эрдэнэтээс Салхит өртөө хооронд 819л түлш зарцуулах норматив байдаг боловч 1075л түлш зарцуулж, 256л түлш илүү зарцуулсан. Эдгээр машинч нар түлш дутааснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түлшний лацыг хөндсөн байдаг.” гэх,

гэрч М.Б-ын “...Отай ярихад “2ZАGАL-003” дугаартай илчит тэрэгнээс түлш хулгай хийсэн байна” гэж хэлсэн, тэгэхээр нь “2ZАGАL-003” илчит тэргийг Салхит өртөөнд 5 цаг 20 минутын үед тосч Эрдэнэт өртөөнд 9 цаг 30 минутад үзлэг хийхэд А секцийн кабины баруун талд байрлалтай түлш халаагчийн хаалт, лац, ломбогүй байсан.” гэх,

гэрч Ц.О-ын “...зүтгүүр Эрдэнэт өртөөний 4 дүгээр зам дээрээс 14 вагонтой зэсийн баяжмал ачаатай Салхит чиглэлд аялсан. Галт тэрэг явсны дараа 7 дугаар зам дээр байсан нүүрстэй вагоныг шалгаад явж байтал депогийн харалдаа зам дээр хүн явж харагдсан. ...гүйгээд очиход жолооч нь руль дээрээ суусан хөдлөх гэж байсан. ...Тэгээд би жолоочийг “та буугаад ир, багажаа шалгуул” гээд онгойлгуулахад тус бүр 25л савлагаатай 6 ширхэг канистертай түлш байсан. Хаанаас авсан талаар асуухад “сая хөдөлсөн галт тэрэгнээс авсан” гэж хэлсэн.” гэх,

гэрч М.Э-ын “...Би 2021 оны 2 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн хооронд 3900л түлшээр зэхсэн. Түлшний зэхэлт хийсний дараа ажил үүргийн хуваарийн дагуу би лац ломбыг тавьдаг.” гэх,

гэрч Ч.Б-ны “...Эрдэнэт солилцох хэсгийн машинч Эоос “2ZАGАL-003” зүтгүүрийг хүлээж авсан. Баруун талын А секцийн түлш халаагчийн хий авдаг виндэлний лац байхгүй байсан.” гэх,

шинжээч Б.А-гийн “...Манай гаргасан үр дүнгээр 15 градуст /хэвийн нөхцөлд/ нягт нь буюу хувийн жин нь 0.8276 г/см3 гэж үзсэн. Ингэхлээр 161.6 килограмм дизель түлш нь оронд шилжүүлэхэд 161.600 грамм болно, 161.600 граммаа хувийн жиндээ хуваагаад үзэхэд 195.263.4 мл буюу литр лүү шилжүүлэхэд 195.3 литр болж байна.” гэх,

М.Э-ын “...2021 оны 2 дугаар сарын 26-ны орой 23.00 цагийн орчимд галт тэрэгнээсээ Б ахад 25 литрийн 6 саванд түлш авч өгсөн, Б ах надруу түлшний мөнгө гэж 1л 2000 төгрөгөөр бодож миний хаан банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

М.Б-ын “...Б ах ирээд “ажил явдал гарчихлаа, 150л түлш өгөөч” гэж Э бид хоёроос гуйсан, бид хоёр “ав, ав” гэж хэлсэн. ...150л түлшийг Б ахтай хамт 6 саванд хийгээд дохионы цаана буулгасан.” гэх,

Л.Б-ийн “...галт тэрэгний машинист Этой уулзаж, “би хөдөө явах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, надад жаахан түлш өгөөч” гэж хэлэхэд Э “ав, ав” гэхээр нь “2ZАGАL-003” галт тэрэгний А секцийн кабин талаасаа 3 байна уу, 4 дэх хэсгийн хаалгыг онгойлгож, ...6 сав руу түлш дүүргэж аваад 5432ОРА дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад гэр рүүгээ хөдлөх гэж байгаад хамгаалалтын албаны ажилтан От баригдсан.” гэх мэдүүлгүүдээр болон,  

иргэн Х.Д-ээс “Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын нутаг дэвсгэр дээр галт тэрэгний түлш хулгайлсан хүмүүсийг барьсан” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэгээр хураан авсан дотор нь шингэн агууламжтай гэх 6 ширхэг усны саванд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 5 ширхэг цэнхэр өнгийн савтай шингэн дизель түлш, 1 ширхэг хар өнгийн савтай нийт 6 ширхэг 159 килограмм бүхий дизель түлшийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учуулж, итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашигласан, захиран зарцуулсан байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинж юм.

Шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэргийн үйл баримт болон нотлох баримтаас үзэхэд тэдгээр нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ажилчид байх ба ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажил олгогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас байгууллагад учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэж, мөн бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилнэ” гэж,

мөн хуулийн 3.4 дүгээр зүйлд “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, ...гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж тус тус зааж хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Б нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, улмаар шүүгдэгч нар нь бүлэглэн Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Эрдэнэт өртөөний 23 дугаар зам дээр 3201 дугаартай “2ZАGАL-003” илчит тэрэгний А секцийн кабинаас 195.3 литр дизель түлш завшсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б, М.Э нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б-ийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.  

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч М.Б, М.Э, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч байгууллагын хууль хууль ёсны төлөөлөгч Б.Т-ын “...завшсан түлшийг хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар талд авагдсан тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүхээс шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарыг “бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч М.Э, М.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч М.Э, М.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч М.Э-оос хураан сан 300.000 төгрөгийг Орхон Төрийн сан банкинд шилжүүлэх, Б.М-ийн эзэмшлийн 54-32ОРА улсын дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн, Premio маркийн суудлын автомашины үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулах” дүгнэлтийг,

шүүгдэгч нараас “...хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна.” гэж хуульчилжээ.  

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан заалтад нийцүүлэн, шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох үндэслэлтэй байна.  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний ... хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч М.Э-ын гэмт хэрэг үйлдэж олсон, хөрөнгө орлого болох 300.000 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

          Харин шүүгдэгч Л.Б-ийн унаж явсан, Б.М-ийн эзэмшлийн 54-32ОРА улсын дугаартай, Premio маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого биш, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэхгүй бөгөөд тухайн 6 сав бүхий түлшийг уг тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлээгүй гэж дүгнэв.   

Шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Э тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч нар нь учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.  

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 37.1, 36.8, 38.1, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Э, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч нарт сануулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны байршуулсан, шүүгдэгч М.Э-ын гэмт хэрэг үйлдэж олсон, хөрөнгө орлого болох 300.000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

8.Шүүгдэгч М.Э, М.Б, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХТУНГАЛАГ