Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч С.Б,

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, С.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000160 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол улсын иргэн, С.Х,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч С.Х нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хорооны 8-02 тоот дахь гэртээ, өөрийн бэр Б.А-тай маргаж, хэрүүл маргаан үүсгэн, улмаар Б.А-ыг шат руу түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би хадам ээж болох Х-ээс “ханш нээж байна, ээжээ та 30.000 төгрөг зээлээч” гэхэд хадам ээж “хүнээс мөнгө зээлж буян хийдэггүй юм” гэж хэлсэн, тэгээд үүнээс болж хэрүүл маргаан үүсч хадам ээж намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлохоор нь би тэсэхгүй урдаас нь хэл ам, хэрүүл маргаан хийсэн. Манай хадам ээж намайг “миний хүүгээс салахгүй байсаар байгаад 4 хүүхэдтэй болж, хашаа байшинг минь авах гээд байна” гэж хэлээд байшингийн мансардны шатан дээр зогсож байтал шатнаас түлхсэнээс болж миний зүүн нүд хөхөрч гэмтсэн, ...намайг цохиж зодоогүй, надад учирсан гэмтлийг манай хадам ээж намайг шатнаас түлхэхэд үүссэн. Тухайн үед хадам ээж бид хоёр л хамт байсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-10, 11/,

С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө ажил дээрээ байж байтал манай ач охин Х миний гар утас руу залгаад “эмээ ээж 30.000 төгрөг байвал зээлээч гэж байна” гэж хэлсэн, тэгэхлээр нь “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “өнөөдөр ханш нээгдэж байгаа сайн өдөр гэнэ, ээж хүүхэд баярлуулж буян хийнэ” гэж хэлэхээр нь би “хүнээс мөнгө зээлж хүүхэд баярлуулна гэж байдаггүй юм” гэж хэлээд ач охин руугаа жаахан уурлаад гар утсаа салгасан. Удалгүй манай бэр А над руу залгаад “мөнгө байхгүй бол байхгүй гээд хэлчихгүй хүүхэд загналаа” гэж хэлэхээр нь бид хоёр утсаар хэрэлдэж, маргалдсан. Орой ажлаасаа буугаад гэртээ хариад хоолныхоо махыг татаад сууж байтал манай бэр байшингийн хоёр давхарт миний амьдардаг хэсэг рүү гарч ирээд “та намайг утсаар доромжилсон” гээд хашхираад хэрүүл хийгээд байхаар нь би бэрийгээ шат руу түлхчихээд гэрээс гараад яваад өгсөн. Тухайн үед манай бэр А-ын нүд хөхөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-13, 35/,

Иргэн Б.А-ын “хадам ээж болох С.Х гэрээс хөөж намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Иргэн Б.А-ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-7/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 253 дугаартай “...1.Б.А-ын биед зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-19-20/,

С.Х-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч С.Х нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хорооны 8-02 тоот дахь гэртээ, өөрийн бэр Б.А-тай маргаж, хэрүүл маргаан үүсгэн, улмаар Б.А-ыг шат руу түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

С.Х-гийн “...А над руу залгаад “мөнгө байхгүй бол байхгүй гээд хэлчихгүй хүүхэд загналаа” гэж хэлэхээр нь бид хоёр утсаар хэрэлдэж, маргалдсан. Орой ажлаасаа буугаад гэртээ хариад хоолныхоо махыг татаад сууж байтал манай бэр байшингийн хоёр давхарт миний амьдардаг хэсэг рүү гарч ирээд “та намайг утсаар доромжилсон” гээд хашхираад хэрүүл хийгээд байхаар нь би бэрийгээ шат руу түлхчихээд гэрээс гараад яваад өгсөн. Тухайн үед манай бэр А-ын нүд хөхөрсөн байсан.” гэх,

хохирогч Б.А-ын “...манай хадам ээж намайг “миний хүүгээс салахгүй байсаар байгаад 4 хүүхэдтэй болж, хашаа байшинг минь авах гээд байна” гэж хэлээд байшингийн мансардны шатан дээр зогсож байтал шатнаас түлхсэнээс болж миний зүүн нүд хөхөрч гэмтсэн, ...намайг цохиж зодоогүй, надад учирсан гэмтлийг манай хадам ээж намайг шатнаас түлхэхэд үүссэн.” гэх мэдүүлгүүдээр,  

иргэн Б.А-ын “хадам ээж болох С.Х гэрээс хөөж намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, түүний цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 253 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч С.Х-гийн үйлдэл нь хохирогч Б.А-ын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч С.Х-гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч С.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч С.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, түүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 253 дугаартай дүгнэлт, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Х-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 75.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Х-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард  75.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ