| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрпүрэвийн Жаргалсайхан |
| Хэргийн индекс | 217/2017/0143/и |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 19
М.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэртэй,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Очир төвийн 3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ханбуурал авто сургуулийн залгаа байранд оршин суух Боржигон овгийн Монхоодойн Бадамцэцэгийн /РД: ДС78072306/ нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Толгойт 1-12 тоотод оршин суух Олхонууд овгийн Сүрэншигийн Баасандуламд /РД: ДЗ63080302/ холбогдох
Хөргөгч, 2 жаазтай хатгамал зураг, 1 жижиг ширээ нийт 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Бадамцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
Нэхэмжлэгч М.Бадамцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хэрэг ингэж удааширч байгаа нь харамсалтай байна. 2016 оны 7 дугаар сарын 9-ны өдөр хичээл тараад танилцах дадлагын хуудас бичүүлж авсан. Би түүрээслэж байсан байрандаа юмаа цоожлоод явдаг, өмнө нь 3 жил тэгж явсан юм. Цоожлоод явах гэсэн чинь түрээслэж байсан байрны эзэд нь завсар хийх гэж байгаа, юмаа нэг тийш нь зөөчих гэсэн. Тэгээд нэгмөсөн түрээслэх байр олж зөөе гэж бодоод ангийнхаа хүүхэдтэй түрээслэх байр хайсан. Манай найз Биржийн байрны хүнийг таньдаг гээд хамт очсон. Гэтэл 9 дүгээр сарын 01-нийг хүртэл юмаа тавь, манайх байраа түрээслэхгүй гэж хэлсэн. Би залхуураад нэгмөсөн түрээслэх байр олж юм тавина, хөргөгчийг даахгүй гэж бодсон. Тэгээд О.Борис, С.Баасандулам нарын байранд очсон. Би энэ хүмүүсийг өмнө нь танихгүй, манай найз таьдаг байсан. Ярилцаад 9 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээслэнэ, түүнээс өмнө юмаа тавина, түүнээс хий мөнгө төлж чадахгүй, яагаад гэхээр өмнө нь түрээслэж байсан байрандаа цоожлоод яваад 9 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөрөө хийгээд явдаг, хий мөнгө төлж чадахгүй 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ирж байна гэж тохиролцсон. Тэр өрөөнд О.Борис гуай хаалга хийгээд модны үртэс зомгол болчихсон энэ өрөөнд хасах юмыг нь хасаад тавих юмыг нь тавь, 3 ортой гэж яриад байж байсан. Би юмаа зөөж тавиад цоожоо зүүгээд нэг түлхүүрийг нь үлдээгээд үдээс хойш нь Гуулин руу явсан. 8 дугаар сарын дундуур ирэх үед тэр өрөөний хаалга нээлттэй, хийсэн хаалгаа будаад тавьчихсан, манай хөрөгчийг залгаад мах сүүгээ хийчихсэн байсан. О.Борис манай хүүхдүүд баяраар зайрмаг зарах гээд манай хөргөгчийг аваад явсан гэж байсан. Би 8 дугаар сарын 31-ний үед ирнэ гээд 2 хүүхдийнхээ хувцсыг тавиад авч ирсэн цайны сүүгээ өгөөд явсан. 8 дугаар сарын 31-ний өдөр ирээд 2 хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж оруулаад 9 дүгээр сарын 02-ны өдөр хот руу явах ажил гараад хот явсан. Тэр байранд 2 хоноод л явсан. Тэгээд 9 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн. О.Бористой уулзаад би хот яваад мөнгөний боломжгүй болчихлоо, мөнгө орохоор төлбөрөө хийнэ гэж ярьсан. Манай хадам эгч хямдхан байр оллоо, чи хямдхан байранд бай гэж зааж өгсөн. Тэгээд би 9 дүгээр сарын 22-23-ны үеэр би 2 хоногийн дараа гарлаа мөнгө орох үед төлбөрөө хийнэ гэж хэлсэн. Тэр үед хагас бүтэн сайн байсан, манайх хичээлтэй тул 2 хүүхдээ айлд харуулах гэж явсан араар миний цоожийг аваад өөр цоож зүүсэн байсан. Тэгээд би 2 хоног гэрийн хувцастайгаа хичээлдээ явсан. Бүтэн сайны орой хүүхдүүддээ боорцог, мөн мах авах гээд цонхыг нь түлхэж хүүхдээ оруулж байгаад юмаа авсан. Хажууд түрээслэж байсан охиныд 2 хүүхэддээ хоол хийж өгч байгаад энэ хүнтэй нэлээд маргалдсан. Энэ хүмүүсийг тус тусдаа амьдардаг талаар нь ч мэдээгүй, хоорондоо би мэдэхгүй гэж явуулсаар байгаад намайг залхаасан. Би авсан хувцас хүүхдийнхээ боорцог зэргийг хадам эгчийн зааж өгсөн байранд тавьсан. Хажуу өрөөний хүүхэд танай өрөөг түжигнүүлээд байна гэхээр нь ирэх үед миний цоожийг зүүсэн байсан. Ороод ирэх үед хөргөгч, хоёр жаазтай хатгамал, хүүхдийн жижиг ширээ байгаагүй тэгээд би юмаа зөөсөн. Нэг дэх өдөр нь цагдаад хандах үед эвлэрүүлэн зуучлал руу явуулсан. Ө.Сувдаа эгч дээр тохиролцож яваад маргааш нь илүү мөнгө нэхэмжлээд ирсэн. Хичнээн байр түрээсэлж байгаа ч гэсэн хүний эд зүйлийг ингэж хулгайлж авч болдог юм уу, үүнийг үнэн зөвөөр шүүж өгнө үү. Би үүнийг хулгай гэж үзэж байгаа, яагаад гэхээр миний нүүрэн дээр чиний энийг барьцаалж авлаа гэж хэлээгүй, байхгүй байхад өөр цоож зүүж байгаад авсан. Тэр хүүхэд хэлээгүй бол би мэдэхгүй л яваад байх байсан. Иймд хөргөгч, 2 жаазтай хатгамал, 1 жижиг ширээг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Баасандулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш энэ хүн би байрыг чинь түрээслэж суугаад 9 дүгээр сарын 03-ны өдөр ирээд тооцоо хийнэ гэж ярьсан. Би мэдэхгүй гэж нэг ч хэлээгүй, энэ талаар эндүүрсэн байна. Аргаа барсан хүмүүс байр түрээслүүлж амьдардаг шүү дээ. Би тэр байрыг мөнгө олох гэж л түрээслүүлдэг, түүнийг ажиллуулж л амьдарч байна. 2 сар байраа хүнд ашиглуулна гэж байхгүй, тэр бол эндүүрсэн асуудал. Хөрөнгөт нийгэмд амьдарч байгаа хүн тэгж бодож болохгүй гэж үзэж байна. Би хүний хөргөгч ашиглаж байгаагүй, манайх өөрөө хөргөгч хөлдөөгчтэй бүх зүйл байгаа тул манайх хүний хөргөгч ашиглахгүй. Манайд байсан залуу танай энэ хүүхэн юмаа зөөгөөд байна гэсэн. 11 цаг 30 минутын үед юмаа зөөгөөд өгсөн. Би утсаар залгаад чи яагаад юмаа зөөгөөд байгаа юм тооцоо төлбөрөө яах юм миний дүү гэхэд өмнөөс битий галзуу солиотой юм яриад байгаарай гэсэн. Би утсаа салгаад цоожоо сольсон. Яагаад гэхээр би энэ хүнд ашиглуулсан түрээсээ авах, танай хэллэгээр барьцаалан саатуулсан. Махаа авна гээд ирэх үед нь махыг нь гаргаж өгөөд би хөргөгчийг чинь өгөхгүй шүү, мөнгөө төлж байгаад аваарай би хохирлоо барагдуулж байж өгнө гэхэд нэгдэх өдөр мөнгө орно, эгчээ нэгдэх өдөр өгье гэсэн. Би хөргөгчөө үлдээчих, чи нэгдэх өдөр мөнгөө орох үед өөрийнхөө боломжоор мөнгөө өгөөд аваарай гэхэд аймаар чанга дуугарч уйлж байгаа юм. Үхэж үзээгүй, түүнээс бусдыг үзсэн намайг чи уйлаад айлгалаа юу. Би төлбөрөө авч байж л юмыг нь өгнө ийм учраас энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож, байрны хөлс 312.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Баасандуламаас хятад, цагаан өнгийн Prestige хөргөгч, эмээлний зурагтай шар болон цагаан хүрээтэй хоёр жаазтай хатгамал, 50х60 харьцаатай жижиг бор ширээг гаргуулж нэхэмжлэгч М.Бадамцэцэгт олгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох орон сууц хөлсөлсөн төлбөр 156.000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бадамцэцэгээс гаргуулж хариуцагч С.Баасандуламд олгож, үлдэх 156.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.350 төгрөг, хариуцагч С.Баасандуламын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 10.010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баасандуламаас 27.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бадамцэцэгт олгож, нэхэмжлэгч М.Бадамцэцэгээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 156.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5.330 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Баасандуламд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Баасандулам давж заалдах гомдолдоо: Миний бие С.Баасандулам сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: М.Бадамцэцэг нь 2016 оны 7 сараас эхлэн манай байрыг түрээслэнэ гэж түлхүүр авч 2016 оны 9 дүгээр сарын 23-нд түлхүүр өгсөн. Би 2 сар 15 хоногийн хөлс 312.000 төгрөгөөс анхан шатны шүүх 156.000 төгрөг надад олгосон. Одоо үлдэгдэл 156.000 төгрөгийг М.Бадамцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Бадамцэцэг нь хариуцагч С.Баасандуламд холбогдуулан хөргөгч, 2 ширхэг жаазтай хатгамал зураг, ширээ зэрэг нийт 950.000 төгрөгний эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц хөлсөлсний төлбөр 312.000 төгрөгийг төлсөн тохиолдолд уг эд хөрөнгийг буцаан өгөх боломжтой гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Нэхэмжлэгч М.Бадамцэцэг нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр С.Бадамцэцэг, О.Борис нарын эзэмшлийн байрыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэн сууна гэж тохиролцон эд хогшлоо уг байранд оруулж тавиад зайлшгүй шаардлагын улмаас Улаанбаатар хот явсан болох нь зохигчид болон гэрч Д.Эрдэнэтуяагийн тайлбараар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд хөлс төлөх үүрэг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх байсан байна гэж үзэхээр байна.
Хариуцагч С.Баасандуламыг байрны эзэмшлийг М.Бадамцэцэгт шилжүүлсэн байх тул байрны хөлс төлүүлэхэээр шаардах эрхтэй бөгөөд, Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар энэ үүрэгтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй байна харин зохигчдыг орон сууц хөлслөх гэрээний хугацааны хувьд харилцан ойлголцолд хүрээгүй нь талуудыг буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Талуудын гэрээгээр тохиролцсон хөлсийг шүүх санаачилгаараа багасгах боломжгүй боловч шүүхийн шийдвэрээр гарсан 156.000 төгрөгийг М.Бадамцэцэг нь хүлээн зөвшөөрч байгаа учраас давж заалдах шатны шүүхээс түүнийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Орон сууц хөлслөх гэрээгээр хугацааны хувьд харилцан ойлголцолд хүрээгүй нь зохигчдыг буруутай гэж дүгнэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 312.000 төгрөгийг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч С.Баасандуламын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Т.ЖАРГАЛСАЙХАН