| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0160/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/162 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч С.Б,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000900158 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол улсын иргэн, Б.С,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.С нь 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хоорондох хугацаанд фейсбүүк хаягаас бусдыг мөрийтэй тоглоом тоглохыг уриалж, Техас покер гэх тоглоом тоглуулж 1.518.900 төгрөгийн ашиг олсон буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би өөрийн хаягаар 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр цахим орчинд 4 удаа өглөөний 10.00-11.30 минутын хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны дансанд хүмүүсийн мөнгийг нэгтгэж “Техаc Покер” мөрийтэй тоглоомыг тоглуулж, хожсон мөнгийг нь буцаагаад өөрийн хаан банкны дансны интернэт банк ашиглан шилжүүлж байсан, 1 удаа 20.000 төгрөгийн цэнэглэлтээр нэг хүн 5 удаа тоглолт хийдэг бөгөөд нийт 6 хүний 120.000 төгрөгийг нэгтгэж гараа болгонд 20.000 төгрөгийг шилжүүлж 5 гараан дээр 100.000 төгрөгийг хожсон хүмүүсийнхээ дансаар буцаан шилжүүлж, өөрөө нэг хүний мөнгө болох 20.000 төгрөгийн ашиг олдог байсан. ...фэйсбүүк орчинд лайв хийхдээ ганцаараа, гар утсаа хананд тогтоож байгаад лайв хийдэг байсан. ...Би өөрийн амьдардаг Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-7-921 тоот гэрийнхээ буланд тоглуулдаг, уг тоглоомд хөзөр, утас тогтоогч, дансны дугаар, орж ирж байгаа хүмүүсийн суудлыг зурж харуулсан самбар зэрэг эд зүйлүүдийг ашигласан. ...би 2021 оны 2 дугаар сарын 08-20-ны өдрийг хүртэл тоглуулахдаа 9 удаа тоглуулж, гурав хоног огт тоглуулаагүй. Мөн тухайн үнийн дүн 1.518.900 төгрөгтэй санал нийлж байна. Би уг мөнгөөр өөрийн гэр бүлийн хоол хүнсний бүтээгдэхүүн мөн ээжийнхээ эм тариаг авч өгсөн. ...Манай гэр бүлийн гишүүд энэ тоглоомыг тоглуулдаг гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-15-17, 19, 36/,
Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.С-оос 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 11/1342 дугаартай албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлсэн “нийтийн цахим сүлжээнд “...фэйсбүүк хаягтай этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг шалгуулах” тухай мэдээлэл, түүний хавсралт, иргэний мэдээлэл /хх-5-6-8/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-12/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ОРХ/21-037 дугаартай “...Samsung a6 маркийн гар утасны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 2 дугаар сарын байдлаар 250.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-24-28/,
Б.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, Хаан банкны дансны хуулга /хх-63-73/, банкнуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-74-79/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 2 дугаар сарын 08-20-ны өдрийн хоорондох хугацаанд фейсбүүк хаягаас бусдыг мөрийтэй тоглоом тоглохыг уриалж, Техас покер гэх тоглоом тоглуулж 1.518.900 төгрөгийн ашиг олсон буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
Б.С-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хаягаар 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр цахим орчинд 4 удаа өглөөний 10.00-11.30 минутын хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны дансанд хүмүүсийн мөнгийг нэгтгэж “Техаc Покер” мөрийтэй тоглоомыг тоглуулж, хожсон мөнгийг нь буцаагаад өөрийн хаан банкны дансны интернэт банк ашиглан шилжүүлж байсан, 1 удаа 20.000 төгрөгийн цэнэглэлтээр нэг хүн 5 удаа тоглолт хийдэг бөгөөд нийт 6 хүний 120.000 төгрөгийг нэгтгэж гараа болгонд 20.000 төгрөгийг шилжүүлж 5 гараан дээр 100.000 төгрөгийг хожсон хүмүүсийнхээ дансаар буцаан шилжүүлж, өөрөө нэг хүний мөнгө болох 20.000 төгрөгийн ашиг олдог байсан. ...би 2021 оны 2 дугаар сарын 08-20-ны өдрийг хүртэл тоглуулахдаа 9 удаа тоглуулж, гурав хоног огт тоглуулаагүй. Мөн тухайн үнийн дүн 1.518.900 төгрөгтэй санал нийлж байна.” гэх,
Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.С-ын “нийтийн цахим сүлжээнд фэйсбүүк хаягтай этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг шалгуулах” тухай мэдээлэл, түүний хавсралт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.С-ын банкнуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “гэмт этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл” байх бөгөөд дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгчийн хувьд түүний энэ үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, амар хялбар аргаар богино хугацаанд их хэмжээний ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай шунахай зорилготой,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, мөн шүүгдэгч Б.С-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирол төлбөрийн талаар;
Энэ гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, бодит хохирол үл шаардах бөгөөд шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Б.С-ыг “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөртэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,
харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ..................... төгрөгөөр торгох ял оногдуулах, ...хууль бусаар олсон орлого 1.518.900 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх.” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Б.С нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хөнгөн ял өгнө үү.” гэсэн санал, хүсэлт гаргав.
Шүүхээс шүүгдэгч Б.С ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын сонгох санкцуудаас “торгох” ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 45.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1.518.900 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгч Б.С хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөртэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 45.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1.518.900 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 191 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ