Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/163

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, 

улсын яллагч Н.Д,  

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000153 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Б,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 2-3 дугаар гудамжинд 2021 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтуурсан үедээ, иргэн М.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ; “...Тэр орой би хүнд зодуулсан, тэр хүмүүс автобустай явж байхад Н тэнд байсан. Тэгээд гэртээ орчихоод тэнд байна гээд гүйгээд очоод “Оросоо хааччихваа” гэж асуусан, тэгсэн “би мэдэхгүй” гээд маргаан үүссэн юм.” гэв.

Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-23-ныг шилжих шөнө 00 цаг 30 минутанд найз охин А-тай түүний гэрийн харалдаа, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг манхан 2 дугаар гудамжинд уулзаад зогсож байхад танихгүй ах, эгч хоёр ирээд шууд миний баруун талын хөмсөг хэсэг рүү гартаа барьж байсан зүйлээрээ нэг удаа цохисон, би тэр ахыг өөрөөсөө салгаад ноцолдсон. Тэр үед хамт явж байсан эмэгтэй нь миний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, найз охин А тэр эмэгтэйг надаас салгасан. ...Миний баруун хөмсөгнөөс цус их гарсан, гурван оёдол тавиулсан. ...Би өөрийн эмчилгээнд 150.000 төгрөгийг зарцуулсан, Б.Б 150.000 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-11, 12, 14, 16/,

Гэрч Р.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны орой хүү Н найз нартайгаа уулзаад гадуур явж байсан. ...өглөө сэрэхэд Н гэртээ ирчихсэн, нүүр, баруун хөмсөг нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад “өнгөрсөн шөнө хүнд зодуулчихлаа” гэж хэлж байсан. ...Н “толгой их өвдөөд байна” гэж байсан. Баруун хөмсөг хэсэгт нь гурван оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хх-18/,

Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...шөнийн 00 цаг өнгөрчихсөн байсан архи уучихсан, согтуу ах их ууртай бид хоёрын хажуугаар зөрөөд өнгөрсөн. Түүний араас нэг эмэгтэй хүн дагаад явж байсан ба тэр ууртай ах шууд бид хоёр дээр ирээд Н-ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Н ах хойшоогоо зугтаах гээд зайгаа бариад “та яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нөгөө ах баруун гартаа хутга мэт үзүүртэй нарийхан зүйл барьчихсан байсан ба Н ахыг бариад хоорондоо ноцолдсон, Н ах тэр ахыг түлхээд холдуулсан. Би тэр ахад хандаж “та болиоч ээ, хутга барьчихсан хүн алах гэж байгаа юм уу, цагдаад дуудлага өглөө шүү” гэж хэлэхэд тэр ах миний ярьж байгааг сонсохгүй, Н руу дайраад байсан. Н ах нөгөө ахтай маргаад газар унагаагаад дээр нь гараад “та болиоч ээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд хамт явж байсан эмэгтэй Н ахын биеийн баруун тал хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Би тэр эгчийг салгаад “та болиоч ээ” гэж хэлсэн. Тэр эгч надад хандаж “та нар энэ хүний нүүрийг хараач, яаж байгаа юм бэ” гэхээр нь “та хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлсэн. ...Ямар ч шалтгаангүй байхад Н ахыг зодсон, Н ах ямар нэгэн хүнтэй маргалдаагүй, тэр ах хүн андуурчихсан юм шиг байсан. Н ах тэр согтуу ахад гар хүрээгүй, цохиж зодоогүй, биед нь халдаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-20/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны орой 23-24 цагийн хооронд би хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад гаднаас нөхөр Б.Б хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Б-той хамт Намхай орж ирсэн, тухайн үед Б-оос архи үнэртэж байсан ба нүүр хэсэг нь хавдчихсан байсан. Б гэрт орж ирчихээд “хүнд зодуулчихлаа” гэж хэлчихээд эргээд гараад явсан, би Б-ын араас гараад гудамжаар явж байхад өндөр нуруутай эрэгтэй Б-ыг газар унгаачихсан, дээр нь гараад хоолойг нь боож байсан ба түүний хажууд нэг эмэгтэй хараад зогсож байсан. Би Б-ын дээр байгаа өндөр нуруутай эрэгтэйд хандаж “болиоч ээ” гэж хэлэхэд миний үгийг тоохгүй байсан болохоор тэр залуугийн биеийн баруун тал руу нь нэг удаа өшиглөөд, Б-ын дээрээс холдуулсан. Быг газраас босгоод “одоо боль” гэж хэлээд дагуулаад гэртээ харьсан, би өндөр нуруутай залуугийн биеийн баруун тал руу өшиглөсөн. Н гэх хүний биед хэн гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. Намайг тэд нар дээр очиход манай нөхөртэй Н гэх залуу зодолдчихсон, дээр доороо орчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-24/,

Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Н залгаад “би хүнд зодуулчихлаа, миний нүд юм харахгүй байна, хүрээд ирээч” гэж хэлсэн, ...Д бид хоёр Н-ы байсан газарт очиход Н нэг эмэгтэй хүнтэй хамт, нүүр нь цус болчихсон явган сууж байсан. Наас юу болсон талаар асуухад “та нартай маргалдсан хүн намайг андуураад зодчихлоо” гэж хэлсэн, би Н-ыг эмнэлэг рүү авч явна гээд машинд суулгаад явахад “би эмнэлэгт очихгүй, гэртээ харина” гэхээр нь хүргэж өгсөн. Н-ыг Б зодсон гэдгийг тэр орой мэдсэн, Н-ы баруун талын хөмсөг, хамарнаас нь цус гарч байсан. ...Н зодуулахаас өмнө би Д-ийн хамт байхад Б-той маргалдаад түүнийг мөргөсөн асуудлаар мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д-д шалгагдаж байгаа, Б цагдаад өргөдөл гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-26/,

Шинжээч Ж.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...М.Н-ын биед үүссэн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, хоёр гарын сарвуунд олон тооны зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун хөмсөг дээр нэг тооны зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Чулуу нь ирмэгтэй байж болно.” гэсэн мэдүүлэг /хх-32/,

Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...манай гэрийн харалдаа байх жалганы хажууд танихгүй хүмүүстэй таараад би зодуулсан. Н тэр хүмүүсийг надаас салгаад гэрт хүргэж өгсөн, би гэрт ороод уурандаа цэцгэн толгойтой автирка аваад намайг зодсон хүмүүстэй очиж зодолдох гээд гарсан. Миний араас эхнэр Д гэрээс гарсан, би нөгөө залуучуудыг хайгаад ар талын гудамжаараа явж байхад өндөр нуруутай залуу, нэг эмэгтэйтэй хамт явж байхаар нь “намайг зодсон хүмүүсийн сууж байсан машин хаашаа явсан бэ” гэж асуухад өндөр нуруутай залуу “явчихсан” гэж хэлсэн. Би газраас чулуу аваад тэр залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохиод авахад намайг боогоод газар унагаасан. Тэр үед манай эхнэр өндөр нуруутай залууг “одоо болиоч ээ” гээд нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн. Өндөр нуруутай залуутай хамт явж байсан охин бид нарыг салгасан. ...Би өндөр нуруутай залууг автиркаар хатгаагүй, газраас чулуу аваад цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-40, 44/,

Хохирогч М.Н-ын “2021 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 00.30 минутанд Даваат баг манхан 2 дугаар гудамжинд хүнд зодуулчихлаа.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, мөн түүний Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-4, 6/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-гийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 231 дугаартай “...1.М.Н-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг дээр нэг тооны зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, хоёр гарын сарвуунд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг дээрх зүсэгдсэн шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Гэмтэл нь хэрэг гарсан өдөр үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хх-29-30/,

Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/,

Хохирогчоос гаргасан “Medipas hospital” эмнэлэгт зураг авахуулсны үнэ 150.00 төгрөг баримт /хх-66, 67/, 

Хохирогч М.Н-ын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Миний бие Н нь Б.Б 150.000 төгрөг хүлээн авлаа” гэсэн баримт,

Хохирогчоос 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн “...150.000 төгрөгийг гаргуулж авсан, өөрийн биеийн гоо сайхан, хөмсөг, хамраа цаашид эмчлүүлэх шаардлагатай болсон, иймд цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Б иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Намайг эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү.” гэсэн хүсэлт,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-61/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 2-3 дугаар гудамжинд 2021 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтуурсан үедээ, иргэн М.Н-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

хохирогч М.Н-ын “...2021 оны 3 дугаар сарын 22-23-ныг шилжих шөнө... танихгүй ах, эгч хоёр ирээд шууд миний баруун талын хөмсөг хэсэг рүү гартаа барьж байсан зүйлээрээ нэг удаа цохисон, ...Миний баруун хөмсөгнөөс цус их гарсан, гурван оёдол тавиулсан” гэх,

гэрч Р.Т-ийн “...2021 оны 3 дугаар сарын 22-ны орой хүү Н найз нартайгаа уулзаад гадуур явж байсан. ...өглөө сэрэхэд Н гэртээ ирчихсэн, нүүр, баруун хөмсөг нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад “өнгөрсөн шөнө хүнд зодуулчихлаа” гэж хэлж байсан. ...Баруун хөмсөг хэсэгт нь гурван оёдол тавиулсан” гэх,

гэрч Б.А-гийн “...шөнийн 00 цаг өнгөрчихсөн байсан архи уучихсан, согтуу ах их ууртай бид хоёрын хажуугаар зөрөөд өнгөрсөн. ...тэр ууртай ах шууд бид хоёр дээр ирээд Н-ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. ...Ямар ч шалтгаангүй байхад Н ахыг зодсон” гэх,

гэрч Б.Д-гийн “...2021 оны 3 дугаар сарын 22-ны орой 23-24 цагийн хооронд би хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад гаднаас нөхөр Б.Б хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. ...Б гэрт орж ирчихээд “хүнд зодуулчихлаа” гэж хэлчихээд эргээд гараад явсан, би Б-ын араас гараад гудамжаар явж байхад өндөр нуруутай эрэгтэй Б-ыг газар унгаачихсан, дээр нь гараад хоолойг нь боож байсан...Намайг тэд нар дээр очиход манай нөхөртэй Н гэх залуу зодолдчихсон, дээр доороо орчихсон байсан” гэх,

гэрч А.Б-ын “...Н залгаад “би хүнд зодуулчихлаа, миний нүд юм харахгүй байна, хүрээд ирээч” гэж хэлсэн, ...Д бид хоёр Н-ын байсан газарт очиход Н нэг эмэгтэй хүнтэй хамт, нүүр нь цус болчихсон явган сууж байсан. Наас юу болсон талаар асуухад “та нартай маргалдсан хүн намайг андуураад зодчихлоо” гэж хэлсэн” гэх,

шинжээч Ж.Г-гийн “...М.Н-ын биед үүссэн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, хоёр гарын сарвуунд олон тооны зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун хөмсөг дээр нэг тооны зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Чулуу нь ирмэгтэй байж болно.” гэх,

Б.Б-ын “...Би газраас чулуу аваад тэр залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохиод авахад намайг боогоод газар унагаасан. ...Би өндөр нуруутай залууг автиркаар хатгаагүй, газраас чулуу аваад цохисон” гэх мэдүүлгүүдээр,

мөн хохирогч М.Н-ын “2021 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 00.30 минутанд Даваат баг манхан 2 дугаар гудамжинд хүнд зодуулчихлаа.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, мөн түүний Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-гийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 231 дугаартай дүгнэлт, хохирогчоос гаргасан “Medipas hospital” эмнэлэгт зураг авахуулсны үнэ 150.00 төгрөг баримт, хохирогч М.Н-ын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Миний бие Н нь Б.Б 150.000 төгрөг хүлээн авлаа” гэсэн баримт, хохирогчоос 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн “...150.000 төгрөгийг гаргуулж авсан, өөрийн биеийн гоо сайхан, хөмсөг, хамраа цаашид эмчлүүлэх шаардлагатай болсон, иймд гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Б иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, намайг эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь хохирогч М.Н-ын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч М.Н “...өөрийн биеийн гоо сайхан, хөмсөг, хамраа цаашид эмчлүүлэх шаардлагатай болсон, иймд гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Б иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, намайг эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү.” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хохирогч М.Н-ын “шүүгдэгч Б.Б хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн хүсэлтийг хүлээн авч, хохирогч М.Н энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын талаар баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б хохирогч М.Н-д “Medipas hospital” эмнэлгийн баримтын дагуу 150.00 төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...ар гэрийн амьдрал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 231 дугаартай дүгнэлт, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, 6 сараас 11 насны 6 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б-ыг шүүхээс оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн баримтаар нэхэмжилсэн хохирол болох 150.000 төгрөгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. 

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.Шүүгдэгч Б.Б хохирогчид 150.000 төгрөг төлснийг дурьдаж, хохирогч М.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ