| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/164 |
| Огноо | 2021-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч С.Б,
шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000162 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол улсын иргэн, Д.Ц,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Д.Ц нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 3-3 тоотод иргэн Д.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.
Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 09-нд миний төрсөн өдрийг тэмдэглэн, хамгийн сүүлд манай ах М, бэр эгч Ц бид гурав үлдсэн, юунаас болсныг мэдэхгүй, бэр эгч бид хоёр маргалдан, хоорондоо зодолдож, би эгчийн нүд рүү гараараа цохиход эгч миний толгой, нүүр рүү гараараа цохисон. Зодооны дараа толгойноос цус гараад, эмнэлэг дээр очиж духандаа гурван оёдол тавиулсан. ...Би өөрийнхөө төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэхээр болоод ах, дүү нараа гэртээ дуудсан. ...М ах эхнэр Ц нар үлдээд хэсэг хугацааны дараа явах гэж байснаа болиод, хууч хөөрч суухаар болоод би нэг шил архи авсан. ...М ах, Ц эгч бид гурав нэг шил архи хувааж уугаад үхэр мал ярьж байтал харилцан хэрүүл маргаан болсон. Бид хоёрыг зодолдож байхад М ах гараад явсан байсан. ...Миний буруу үйлдэл байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-10, 14/,
Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай эмэгтэй дүү М-ыд очсон. ...бид нэлээд согтсон байсан. Би 00 орохоор гадаа хашаанд байх хооронд сүүлийн нэг шил архиа ууж дуусаад дүүгийн нүд нь хөхрөөд, духнаас нь цус гарчихсан манай эхнэр байхгүй байсан. ...Би бие засах гээд гарсан хойгуур манай эхнэр Ц, дүү М нар харилцан маргалдаж, зодолдсон байна.” гэсэн мэдүүлэг /хх-10, 16/,
Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхрийн төрсөн дүү Д.М-ы төрсөн өдөр болоод нөхөр бид хоёрыг уриад 15 цагийн үед М-ы гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 3-3 тоотод очсон. Нөхөр бид хоёрыг очиход төрсөн хоёр эгч нь, мөн төрсөн дүү нар нь байсан. Бид нар хоол унд хийж идээд түүний дараа 0.75гр хоёр шил экс архи хувааж уусан, 17-18 цагийн хооронд эгч, дүү нар нь яваад өгсөн. ...М нэлээн согтсон, тухайн үед би М-д хандаж “танай ах дээр чинь хоёр үхэр тавьсан, тэгсэн ах чинь “манай нэг үхрийг үхэрт мөргүүлээд гэдэс нь цувсан байна, тэжээл авч ирж өгөөрэй” гэхээр нь “одоо наад үхэр чинь онд орохгүй, махлаад зарья” гээд үхрээ махлах гэж очтол намайг хэл амаар доромжилсон шүү” гэж хэлтэл над руу “хохь чинь, манай ах үхрийг чинь хараад л өгөө биз” гэж хэлээд дайраад орилоод байсан. Түүнээсээ болоод бид хоёр хэрүүл маргаан хийсэн, М өөрийнхөө гэрийн шилэн аяга зэргийг агсан тавьж хагалсан, миний нүд рүү цохисон. ...харилцан зодолсон, хэрүүл маргаан болох үед нөхөр байхгүй байсан. Би Мы гэрээс ганцаараа гараад цагдаа дуудсан. Манай нөхөр намайг зодсон асуудал байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-20, 23-24/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-ийн 2021 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаартай,
“...1.Д.М-ы биед духанд нэг тооны зүсэгдсэн шарх, зүүн дал, баруун гуя, шилбэнд зөөлөн эдэд дөрвөн тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн дөрвөн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-28-29/,
Д.Ц-ийн өөрийнх нь “...Манай нөхөр, гэр бүлийн хүн хүчирхийлэл үйлдээд байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Д.Ц-ийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-6/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-7-8/,
Д.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 3-3 тоотод иргэн Д.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.М-ы “...2021 оны 4 дүгээр сарын 09-нд ах М, бэр эгч Ц бид гурав үлдсэн, юунаас болсныг мэдэхгүй, бэр эгч бид хоёр маргалдан, хоорондоо зодолдож, би эгчийн нүд рүү гараараа цохиход эгч миний толгой, нүүр рүү гараараа цохисон. Зодооны дараа толгойноос цус гараад, эмнэлэг дээр очиж духандаа гурван оёдол тавиулсан.” гэх,
гэрч Д.М-ын “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай эмэгтэй дүү Мыд очсон. ...бид нэлээд согтсон байсан. ...Би бие засах гээд гарсан хойгуур манай эхнэр Ц, дүү М нар харилцан маргалдаж, зодолдсон байна.” гэх,
Д.Ц-ийн “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхрийн төрсөн дүү Д.М-ы төрсөн өдөр болоод нөхөр бид хоёрыг уриад 15 цагийн үед М-ы гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 3-3 тоотод очсон. ...бид хоёр хэрүүл маргаан хийсэн, М өөрийнхөө гэрийн шилэн аяга зэргийг агсан тавьж хагалсан, миний нүд рүү цохисон. ...харилцан зодолсон.” гэх мэдүүлгүүдээр болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-ийн 2021 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаартай дүгнэлт, Д.Ц-ийн өөрийнх нь “...Манай нөхөр гэр бүлийн хүн хүчирхийлэл үйлдээд байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Д.Ц-ийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Д.Ц-ийн үйлдэл нь хохирогч Д.М-ы эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ц-ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хавтаст хэргийн 14 дүгээр талд хохирогчийн нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгч Д.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, түүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 267 дугаартай дүгнэлт, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ц-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 75.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тогоо овогт Дамгагийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ц-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 75.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ