Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х, 

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2131000310187 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Т.М,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Т.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг 17-03 тоот гэртээ 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан буюу “Open Jok” /Опен Жок/ гэх нэртэй фэйсбүүк хаягнаас ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ; “...Хууль бус тоглоом гэж мэдээгүй, энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, мэдэлгүйгээр тоглуулсан. Нэг удаа тоглохдоо 6 хүн тоглуулж, нэг хүний мөнгө нь ашиг болдог байсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 7.624.543 төгрөгийг хүлээн зөвшөөрнө.” гэв.

Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би фэйсбүүкээр “Тэгшбаяр М”, “Ореn jok” зэрэг хаягийг ашигладаг. “Ореn jok” хаягийг дахин ашиглахгүйгээр устгасан шалтгаан нь 2020 оны 12 дугаар сарын хорьдоор санагдаж байна, би Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манхан 17-03 тоот гэртээ “Ореn jok” хаягаараа Live хийж хөзрөөр “Техаs Poker” тоглоомыг тоглуулсан. Тоглуулахдаа өөрийн Samsung Galaxy Note-4 маркийн гар утасны фэйсбүүк аппликейшинд “Ореn jok” хаягаа оруулан, гар утсаа утас тогтоогчид гэрийн хананд хавчуулан тогтоож, ватум цаасан дээр дөрвөлжин зураад 1-6 хүртэл дугаарлаж ширээн дээр тавьж гар утасны камерыг харуулан байрлуулсан. Live-ийн тайлбартаа 5000 төгрөгөөр таван удаа тоглуулна, нэг хожиход 5000 төгрөгийн шагналтай гэж бичсэн. Тоглолтын дүрэм нь Live-ийн коммент хэсэгт иргэд 1-6 хүртэл дугаартай дөрвөлжин суудлын дугаарыг фэйсбүүк хаягийн хамт миний Хаан банкны дансанд гүйлгээний утга дээр нь бичин 5000 төгрөгийг хийснээр баталгаажиж 6 хүнтэйгээр тоглолт эхэлж, уг 6 хүнтэй таван удаа тоглодог, би өөрөө тоглохгүйгээр зохион байгуулах бөгөөд хөзөр тараах буюу теллерийн ажлыг хийдэг. Тоглолтыг олон улсын Техаs роker-ийн үндсэн дүрмээр явуулсан, нэг тоглолт дуусахад хожсон хүний данс руу би өөрийн Хаан банкны 5127019047 данснаасаа 5000 төгрөгийг хийж нийт таван тоглолтын дараа надад ашиг 5000 төгрөг үлддэг. Би хожсон хүмүүсийн дансыг коммент хэсгээрээ авч, эргүүлэн 5000 төгрөгийг шилжүүлдэг. Хожсон хүнд мөнгийг “az”, “yondoo” эсхүл надруу шилжүүлсэн гүйлгээний утга дээрх нэрээр нь эргүүлэн шилжүүлдэг...мөнгө олох зорилготой байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-26-27, 215-216, 218, 220-221/,

          “Open Jok” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-14/,

          2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан иргэдийн мэдээлэл /1-р хх-15/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-17-20/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-21-23/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ОРХ/21-103 дугаартай “...2020 оны 11 дүгээр сард худалдан авч байсан Samsung Galaxy Note-4 маркийн гар утасны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 3 дугаар сарын байдлаар 85.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-34-38/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21/214 дугаартай “...М-ын эзэмшлийн Хаан банкны 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сард гарсан орлого, зарлага бүрийг нэг бүрчлэн харьцсан данс бүрээр шалгаж, зөвхөн цахим орчинд зохион байгуулсан мөрийтэй тоглоомоос нийт 26.652.693 төгрөгийн орлого, 19.028.150 төгрөгийн зарлага гарч, 7.624.543 төгрөгийн ашиг олсон.” гэсэн дүгнэлт /1-р хх-46-205/,  

Т.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-228/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-235/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Т.М нь Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг 17-03 тоот гэртээ 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан буюу “Open Jok” нэртэй фэйсбүүк хаягнаас ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн Т.М-ын “...Би фэйсбүүкээр “Тэгшбаяр М”, “Ореn jok” зэрэг хаягийг ашигладаг. ...Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манхан 17-03 тоот гэртээ “Ореn jok” хаягаараа Live хийж хөзрөөр “Техаs Poker” тоглоомыг тоглуулсан. ...Тоглолтыг олон улсын Техаs роker-ийн үндсэн дүрмээр явуулсан, нэг тоглолт дуусахад хожсон хүний данс руу би өөрийн Хаан банкны данснаасаа 5000 төгрөгийг хийж, нийт таван тоглолтын дараа надад ашиг 5000 төгрөг үлддэг. ...мөнгө олох зорилготой байсан.” гэх мэдүүлэг,

          “Open Jok” гэх нэртэй фейсбүүк хаягнаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан иргэдийн мэдээлэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

         “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21/214 дугаартай, “...М-ын эзэмшлийн Хаан банкны 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сард гарсан орлого, зарлага бүрийг нэг бүрчлэн харьцсан данс бүрээр шалгаж, зөвхөн цахим орчинд зохион байгуулсан мөрийтэй тоглоомоос нийт 26.652.693 төгрөгийн орлого, 19.028.150 төгрөгийн зарлага гарч, 7.624.543 төгрөгийн ашиг олсон.” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “гэмт этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл” байх бөгөөд дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгчийн хувьд түүний энэ үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, амар хялбар аргаар богино хугацаанд их хэмжээний ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай шунахай зорилготой,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, мөн шүүгдэгч Т.М-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирол төлбөрийн талаар;

Энэ гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, бодит хохирол үл шаардах бөгөөд шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Т.М-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,

харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ...хууль бусаар олсон орлого 7.674.543 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч Т.М нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хөнгөн ял өгнө үү.” гэсэн санал, хүсэлт гаргав.

Шүүхээс шүүгдэгч Т.М-т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын сонгох санкцуудаас “торгох” ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.

          Шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 7.674.543 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгч Т.М-т хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 7.674.543 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 191 дүгээр зүйлүүдэд  зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Шүүгдэгч Т.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХТУНГАЛАГ