Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

улсын яллагч Ц.Л,  

хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Н,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2125000000104 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.А,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.А нь согтуурсан үедээ 2021 оны 1 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-26-00 тоотод Б.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ; “...2021 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө бид хоёр архи уусан, тэгээд маргааш нь “таньд зодуулсан байна” гэхэд нь би итгээгүй. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу, боломжоороо хохирлыг төлнө.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ; “...Тухайн өдөр бид хоёр 0.75л хоёр архи уусан, эмэгтэй дүү “шинэ байранд орсон, найз залуу надаас ах” гэж ярьсан. Гэтэл Б.А “янхан, шоронгийн хадаас” гэж доромжилсон. А надтай уулзахгүй байсан, өнөөдөр харин зодсон гэдгээ хэлж байна. Би суулгадаг үүдэн шүд хийлгэнэ, хүнд үүдэн шүд маш их хэрэгтэй юм байна, шүд 4.000.000-5.000.000 төгрөгөөр суулгана гэсэн тул энэ мөнгийг нэхэмжилнэ.” гэв. 

Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-26-00 тоотод 0.5л болон 0.75л хэмжээтэй, хоёр шил “Хараа” архийг ах А, Б ах бид гурав ууж, Б ах эхний архийг ууж дууссаны дараа гараад явсан. А ах бид хоёр үлдсэн нэг шилтэй архийг уугаад талдаа орж байхад охин дүү О-ийг “баян залуутай биеэ үнэлээд суучихлаа” ухааны юм яриад муулаад байхаар нь “та төрсөн дүүгээ юунд муулдаг юм бэ, танаас юу ч гуйгаагүй амьдарч байхад” гэж хэлсэн чинь намайг учир зүггүй зодож эхлэхээр нь би зугтаан Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлж нэг хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 1 дүгээр сарын 08-ны өглөө ах намайг эмнэлэг дээрээс ирж аваад “ах нь шүд, хамрыг чинь янзалж өгнө” гээд гэртээ авч ирээд гурав хонуулахад ямар нэгэн тусламж үзүүлэхгүй байсан болохоор нь 1 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед А ахыг гуйж бид хоёр “Медипас” эмнэлэг орж нүүрнийхээ зургийг авахуулчихаад, дараа нь “Бичигт” шүдний эмнэлэг рүү очиж би хоёр шүдээ авахуулсан. Уг нь төрсөн ах минь болохоор “цагдаад өгөхгүй” гэж бодож байсан чинь хоёр хоногийн өмнө гэрт нь яваад очиход “хоёр шүдний төлөө юун сүртэй юм бэ” гээд намайг загнаад, зодох гээд байхаар нь би арга ядаад цагдаад өгч байна. ...нүүр лүү гараа атгаж байгаад нэлээн хэдэн удаа цохисон, нүд, хамар, ам руу цохисон, миний үүдэн хоёр шүд унах гээд эргэчихсэн байсан, ...хамрын таславч муруйсныг янзлуулна. ...намайг зодчихоод маргааш нь гар нь хавдчихсан шүдний ором орсон байсан, тэгээд намайг “цагдаагаар яах юм бэ, ах нь бүх шүд, хамрыг чинь янзлуулж өгнө, танихгүй хүмүүс байгаа биш” гээд гуйгаад байхаар нь би янзлаад өгчихвөл яахав дээ гэж бодсон. Тэгтэл миний хоёр шүд буглаад, хавдаад янзалж өгөхгүй байхаар нь хэлж байж хоёр шүдээ авахуулсан, сүүлд архи уучихаад уурлаад “ганц хамар, хоёр шүдний төлөө үхлээ юу, хүнд гай болоод” гээд байсан. ...намайг ерөөсөө эмнэлэгт үзүүлэхгүй гэртээ байлгаад байсан. 2-3 хоногийн дараа миний уруул, хавдаад өвдөөд байхаар нь түргэн тусламж дээр ганцаараа очиж үзүүлсэн, дараа нь шүдний эмчид үзүүлсэн. А “мөнгө байхгүй” гээд би О-өөс 20.000 төгрөг А-гийн данс руу хийж авсан, шүдний зураг авахуулчихаад үдээс хойш хоёр шүдээ 100.000 төгрөөр авахуулсан тэрний 60.000 төгрөгийг А гаргаад, үлдэгдэл мөнгийг дүү О А лүү явуулж би шүдээ авахуулсан. Би 2020 оны 12 дугаар сард тэрнээс өмнө, хойно хүнд зодуулаагүй, Ад зодуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-10,12-13, 69-70/,

Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...А ажил дээрээ нэг архи гаргасан, ...Тэгээд тэнд нь А, Т нарын хамтаар уусан, А-гийн гэрт очиж бид гурав бас нэг шил архи уусан, ...намайг байхад зодоон, цохион огт болоогүй, А, Т нар жаахан маргалдаад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-15/,

Гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын эхээр байх шөнө 3 цагийн үед Т нүүр ам нь хөхөрсөн, үүдэн хоёр шүд нь хөдөлчихсөн, хамар нь далийчихсан, нүүр амнаас нь цус гарчихсан “ахдаа зодуулчихлаа” гээд хүрээд ирсэн. Тэгээд би өөрийн эмээгийн утсаар түргэн тусламж дуудсан, ...“түргэн ирж үзүүл” гээд Т “эмнэлэг явлаа” гээд гэрээс гараад явсан. Тухайн үед бид нар “хэнд зодуулчихваа” гэхэд “ах маань намайг ийм болгочихлоо, төрсөн ах маань байгаа юм” гэсэн. ...Т нүд нь хавдчихсан, шүдээ хөдөлгөж харуулж байсан, үүдэн хоёр шүд нь санжиганаад хуруугаараа хөдөлгөхөд хөдлөөд байсан, хамар нь далийчихсан, нүүр нь хавдсан байсан. ...Т 2020 оны 10 дугаар сараас манай гэрт, манай гэр бүлийнхэнтэй хамт амьдарч байсан, бид хоёр нэг барилгын ажил хийдэг байсан бөгөөд энэ хугацаанд манай гэрт хоёр сар байсан. Манай гэрт байх хугацаанд хүнд зодуулсан, зодолдсон асуудал гаргаж байгаагүй, ...ямар ч гэмтэл шархгүй байсан. ...1 дүгээр сарын аравдаар шөнийн 4 цагийн орчимд ганцаараа манай оёдлын өрөөний хаалгыг тогшсон, тэгэхэд нүүр ам нь цус болчихсон, хамар нь далийчихсан, ам нь хавдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-16-17, 81-83/,

Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сард цагаан сараас өмнөхөн А ахын яг аль гар гэдгийг санахгүй байна, ямартай ч нэг гар нь хавдчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-20/,

Гэрч С.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Т ганцаараа манай охины оёдлын газар...орж ирээд “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. ...миний гар утас болох эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн, эмнэлэг рүү утасдахдаа цагдаагийн байгууллага руу бас залгасан. Тэгээд эмнэлэг ирээгүй байхад гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-76-77/, 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Т, бид нар дээр нээх ирээд байдаггүй байсан. ...2021 оны 1 дүгээр сард цагаан сараас хэд хоногийн өмнө ирээд, надтай хамт гэр орон цэвэрлэлцээд тэгээд шинийн 2-нд явсан. Т над дээр ирэхдээ “үүдэн хоёр шүд нь хугарчихсан” гээд авахуулсан байсан бөгөөд нүүр нь, бас уруул нь нэлээн хавдчихсан байсан, тэгээд би гайхаад асуутал “А ах зодчихсон” гэж байсан, “согтуудаа намайг учир зүггүй зодсон, шүд янзалж өгсөн” гэж хэлсэн. Улаанбаатар хотод байгаа О надруу цагаан сарын өмнөхөн залгаад “Т ах хүнд зодуулсан байна, А ах зодсон байна, шүдийг нь хөдөлгөөд хаячихсан, нүүр ам нь авах юм алга” гээд ярьж байсан, тэгээд удалгүй Т манай гэрт ирэхэд нь би харсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-79/,

Яллагдагч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Б ус алдсан хэсгийн усыг хааж өгсөн, тэгээд Б ус хаасныхаа хөлсөнд “архи авч өг” гэхээр нь би архи аваад, 0.75гр “Хараа” архийг подвол дотор Т, Б бид гурав хувааж уусан. Архи ууж дуусаад манай гэр лүү очсон, тэгээд 0.75гр “Хараа” архийг манай гэрт ууцгаасан. Б харих гээд гараад, Т бид хоёр манай гэрт үлдсэн. ...Т бид хоёр барьцалдаж аваад тэгээд огт цохилцоогүй, салаад би Т-г “одоо яв яв” гээд гаргаад явуулсан. Тухайн үед намайг унтаж байхад шөнө 3 цагийн орчимд манай гэрийн хаалгыг тогшиход Т байсан “хаалгаа онгойлго, энд хүн зодох гээд байна” гээд байсан, тэгээд би хаалга онгойлгож өгөөгүй, “чамтай уулзахгүй” гээд. Өглөө үүрээр 6-7 цагийн орчимд Т танихгүй хүний гар утас болох нэг дугаараас “эмнэлэг дээр байна, ирээд аваач” гэсэн, би эмнэлэг дээр 7 цаг өнгөрч байхад очиход хүнд зодуулсан байдалтай “нүд хавдсан, шүд хөдөлчихсөн” гэж ярьж байсан, тэгээд би гэртээ авч ирээд амраасан. ...эмнэлгээс авсны дараа манайд ирээд өмнөх өдрийн тал шил архийг уугаад “та намайг цохичихсон юм биш үү” гэж хэлэхээр нь би нээх тоогоогүй, дуугараагүй. Тэгээд тэр өдрөөсөө хойш хоёр хоногийн дараа Т “миний шүд өвдөөд байна” гэхээр нь шүдний эмнэлэг дагуулж явсан, “Бичигт” эмнэлэгт очиж шүдийг нь үзүүлэхэд “шүдээ цохиулсан, шүд чинь хугарсан байна” гэж байсан, шүдийг нь 100.000 төгрөгөөр авахуулсан, би шүдийг нь авахуулж өгсөн. Тэгээд гадуур, дотуур явж байгаад “та намайг цохисон, би таньд өргөдөл өгнө” гээд л өргөдөл өгчихсөн байгаа юм, би болохоор “чи манайхаас гарч яваад хүнд зодуулсан” гэж хэлсэн. ...Т хамрын ясны зураг гэж рентген зураг “Медипас” дээр 30.000 төгрөгөөр авахуулсан, хоёр шүд авахуулсан 100.000 төгрөг, өвчин намдаагч эм тариа 30.000 төгрөг гээд нийт 160.000 төгрөг зарцуулсан. ...Т “ямар сүртэй пизда вэ” гээд хараасан, тэгэхээр нь уурлаад Тийн баруун хацар луу нэг удаа гараараа алгадсан. ...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Наран багт айлд Тийг согтуу байхад нь очиж авсан, ...баруун нүд нь хөхөрсөн байсан, өөрөөр ил харагдах зүйл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-37-38, 72/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-ийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаартай “...1.Б.Т-ийн биед хамрын таславчийн муруйлт, хоёр шүдний булгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хамрын таславчийн муруйлт, хоёр шүдний булгаралт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Хамрын таславчийн муруйлт, хоёр шүдний булгаралт гэмтлээр цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй. 5.Хамрын таславчийн муруйлт, хоёр шүдний булгаралт нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Дээрх гэмтэл нь хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7.Хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана. Хоёр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-25-27/,

Хохирогч Б.Т-ийн “2021 оны 1 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Зэст багийн 1-26-00 тоотод ах А нь намайг зодож, биед минь гэмтэл учруулсан.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хохирогч Б.Т-ийн Цагдаагийн байгууллагад хандан гаргасан өргөдөл /хх-4/,

Б.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-49/ болон

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн “Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах дэвтэр”-т үзлэг хийсэн тэмдэглэл /хх-97-98/, уг бүртгэлийн хуулбар /хх-99-118/,

Орхон аймгийн БОЭТ-ийн архивын 2021 оны 1 дүгээр сарын иргэдийн бүртгэл судалгаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-119-120/, уг бүртгэлийн хуулбар /хх-121-125/,

Хохирогч Б.Т-өөс гаргаж хэрэгт хавсаргуулсан;

“Медипас” эмнэлгийн 30300-Эрүүний үений рентген зураг, мөн Б.Т-ийн нүүрний гэмтлийг харуулсан 4ш гэрэл зургууд /хх-6-7/,

“Медипас” эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-28/,

С.Ө-ын утаснаас 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 5 цаг 11 минут 41 секундэд шүүгдэгчийн  дугаарт мессеж бичсэн болон 5 цаг 14 минутад яаралтай тусламжийн дугаар болох 7035102 дугаарт залгаж 5 минут 13 секунд ярьсан ярианы лавлагаа /хх-92/

Хохирогч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд гаргаж өгсөн “насан туршдаа авагддаг хиймэл шүдтэй явахыг хүсэхгүй байна. Тиймээс ясандаа суулгадаг шүд хийлгэх гэсэн боловч эмнэлгүүдэд нэг шүд 2.500.000 төгрөг, хоёр шүд 5.000.000 төгрөгөөр хийдэг юм байна, хоёр шүд хийлгэхэд шаардагдах 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт, “Шигтгэмэл” шүдний эмнэлгийн эмч Б.Б-гийн “2 шүдний хагалгааны үнэ 4.000.000-5.000.000 төгрөг болно.” гэсэн тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;  

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2021 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-26-00 тоотод Б.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Т-ийн “...Б.А 2021 оны 1 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө... намайг учир зүггүй зодож эхлэхээр нь би зугтаан Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлж нэг хоносон. ...нүүр лүү гараа атгаж байгаад нэлээн хэдэн удаа цохисон, нүд, хамар, ам руу цохисон, миний үүдэн хоёр шүд унах гээд эргэчихсэн байсан, ...хамрын таславч муруйсныг янзлуулна. ...Тэгтэл миний хоёр шүд буглаад, хавдаад янзалж өгөхгүй байхаар нь би хэлж байж хоёр шүдээ авахуулсан, сүүлд архи уучихаад уурлаад “ганц хамар, хоёр шүдний төлөө үхлээ юу, хүнд гай болоод” гээд байсан. ...Би А-д зодуулсан.” гэх,

гэрч П.Б-гийн “...А, Т нар жаахан маргалдаад байсан.” гэх,

гэрч Т.Д-ын “...2021 оны 1 дүгээр сарын эхээр байх шөнө 3 цагийн үед Т нүүр ам нь хөхөрсөн, үүдэн хоёр шүд нь хөдөлчихсөн, хамар нь далийчихсан, нүүр амнаас нь цус гарчихсан “ахдаа зодуулчихлаа” гээд хүрээд ирсэн. ...Тухайн үед бид нар “хэнд зодуулчихваа” гэхэд “ах маань намайг ийм болгочихлоо, төрсөн ах маань байгаа юм” гэсэн. ...тэгээд “ах аа хар даа” гээд шүдээ харуулж байсан, үүдэн шүднүүд нь санжиганасан хөдлөөд бараг унахад бэлэн байсан, хэнд зодуулсныг асуухад “А ахад зодуулчихлаа” гэж хэлсэн.” гэх,

гэрч О.Г-ийн “...2021 оны 1 дүгээр сард цагаан сараас өмнөхөн А ахын...нэг гар нь хавдчихсан байсан.” гэх,

гэрч Б.Б-ын “...Т...2021 оны 1 дүгээр сард цагаан сараас хэд хоногийн өмнө...ирэхдээ “үүдэн хоёр шүд нь хугарчихсан” гээд авахуулсан байсан бөгөөд нүүр, бас уруул нь нэлээн хавдчихсан байсан, тэгээд би гайхаад асуутал “А ах зодчихсон” гэж байсан, ...Т манай гэрт ирэхэд нь би харсан юм.” гэх,

яллагдагч Б.А-гийн “...Т “ямар сүртэй пизда вэ” гээд хараасан, тэгэхээр нь уурлаад Тийн баруун хацар луу нэг удаа гараараа алгадсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаартай гэсэн дүгнэлт, хохирогч Б.Т-ийн “2021 оны 1 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Зэст багийн 1-26-00 тоотод ах А нь намайг зодож, биед минь гэмтэл учруулсан.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл болон хохирогч Б.Т-ийн Цагдаагийн байгууллагад хандан гаргасан өргөдөл, “Медипас” эмнэлгийн 30300-Эрүүний үений рентген зураг, мөн Б.Т-ийн нүүрний гэмтлийг харуулсан 4ш гэрэл зургууд, “Медипас” эмнэлгийн үзлэгийн хуудас, С.Ө-ын утаснаас 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 5 цаг 11 минут 41 секундэд шүүгдэгчийн  дугаарт мессеж бичсэн болон 5 цаг 14 минутад яаралтай тусламжийн дугаар болох 7035102 дугаарт залгаж 5 минут 13 секунд ярьсан ярианы зэрэг баримуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Б.А-гийн үйлдэл нь хохирогч Б.Т-ийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Б.А-гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд;

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч нь “шүд авахуулахад гарсан зардлыг нэхэмжлэхгүй, харин хоёр шүд хийлгэхэд шаардагдах 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэсэн болно.  

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хамрын таславчийн муруйлт, хоёр шүдний булгаралт гэмтэл учирсныг, мөн энэ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаартай дүгнэлтээр тогтоосон байх бөгөөд хохирогчид учирсан хор уршиг арилаагүй гэж үзнэ.

Хохирогч Б.Т нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрийн биед учирсан гэмтэл болох хоёр шүд хийлгэх, хамрын муруйлт гэмтлийг эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч нь өөрийн хамрын муруйлтыг үзүүлж харуулсан зэргээр тогтоогдож байна.

Иймээс хохирогч Б.Т-ийн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж,

хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 123 дугаартай дүгнэлт, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгчид 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогч Б.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

Иймээс шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард  50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын талаар баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ