| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/152 |
| Огноо | 2021-06-17 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Ц.Мөнхтуул /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Пт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014002230436 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.П нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений кабинетаас өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат зэрэг 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг рентген техникчийн албан тушаалаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч Б.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт
... 2023 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарах байсан. Тухайнт 2 аппаратууд актлагдсан байсан тул багшаасаа зөвлөгөө аваад ирээд үзээд өгчихөө гэсний дагуу ирж үзээд хоцрогдсон ажиллахгүй, сургалтад хэрэглэж болохоор юм байна гэсэн. Угаасаа акталсан аппаратууд төмрийн хогонд хаягддаг учраас багшийг сургалтад хэрэглэмээр байна гэхээр нь төмрийн хогонд өгснөөс тэр нь дээр гэж бодоод өгсөн. Акталсан гээд Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоол гарсан байсан. Тухайн эд хөрөнгийг би захиран зарцуулах эрхгүй. Би тухайн аппаратуудыг мөнгөөр зараагүй. Албан ёсны эд хариуцагч нь би биш. Бүх рентген техникч ээлжилж ажиллуулдаг. Тооллогын комисст би акталсан хойно нь хувьдаа хэрэглэж болох уу гэж асууж байсан тухайн үедээ зөвшөөрч байсан. Энэ хэргээс болж Нэгдсэн эмнэлэгт хохирол учраагүй., өмнө нь жил бүр эд хөрөнгийн тооллого хийгээд эд хариуцагчаар гарын үсэг зуруулж нэг хувийг өгдөг байсан, сүүлийн 10 жилд эд хөрөнгийн тооллогын бүртгэл хийгээд ямар эд хөрөнгө тухайн эд хариуцагч байгаа талаар мэдэхгүй, баримтыг өгдөггүй болсон,.. 2019 онд ямар эд хөрөнгө хариуцаж байсан талаар болон актлагдсан гээд байгаа 2 ширхэг аппарат миний нэр дээр бүртгэлтэй байсан талаар мэдэхгүй надад хүлээлгэж өгөөгүй
Шүүгдэгч Б.Пийн мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн эд хөрөнгийг актлах шийдвэр нь гарчихсан, нэгдсэн эмнэлгийн хөрөнгөө гаргачихсан, үхмэл хөрөнгө болчихсон эд зүйлийг хүнд өгсөн нь үнэн. Тэгтэл уг эд зүйлийг намайг хулгайлсан гэхээр нь би буцаагаад авчирч өгсөн. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/
Хохирогч, байгууллагын төлөөлөгч С.Аын мөрдөн байцаалтанд өгсөн
... 2020 оны 03 дугаар сарын 08-ны өглөө инженер А.А над руу утсаар залгаад рентген кабинтаас том машин юм ачаад явсан гэнэ очоод үзээдэх гэж дарга ******* утсаар хэллээ гэхээр нь гэрээсээ рентген кабинет дээр ирээд ороход рентген кабинтын урд талын өрөөнд байсан к-50 маркийн аппарат алга болсон байсан. Тухайн рентген аппаратын хоолойноос өөр хоолойг өрөөнд үлдээсэн байсан, тэгээд хойд талын том өрөө рүү ороход Шимазу маркийн аппарат мөн удирдлагын өрөө рүү ороход удирдлага нь байхгүй байсан мөн Шимазу маркийн аппаратын рентген хоолойн оронд ондоо рентген хоолой тавьсан байхаар нь эмнэлгийн даргад рентген аппаратуудыг алга болсон талаар А.А утсаар хэлээд дарга ирж үзээд цагдаад дуудлага өгсөн. к-50 маркийн аппарат нь 2006 онд ашиглалтад орсон, рентген зураг авдаг аппарат байгаа юм, харин шимазу маркийн аппарат нь 2008 оны 12 сард ашиглалтад орсон... Тухайн 2 аппаратыг рентген техникч Б.Пээ ажиллуулж байсан, мөн Б.Пээ эгчийн нэр дээр бүртгэлтэй байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-29/,
гэрч Д.Сын мөрдөн байцаалтанд өгсөн
... Нэгдсэн эмнэлгийн өмч хамгаалах зөвлөлийн хурлаар хэлэлцээд Шимадзу болон Х-50 маркийн рентген аппаратууд нь ашиглалтын хугацаа дууссан, элэгдэлээрээ зардлаа нөхсөн учраас актлуулж, устгуулах санал хүргүүлж, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн акталж, утгах тогтоол ирсэний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үндсэн хөрөнгөөс хасч блансад тайлагнасан, одоо тухайн рентген аппаратууд манай хөрөнгийн ямар ч бүртгэлд байхгүй гэх мэдүүлэг.. 1-р хх-ий. 73-74/
Гэрч Н.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн
... Б.Пт хуучин акталж байгаа аппарат болон хуучин аппаратын эд анги байна уу гэж хэлж байсан. Тэгтэл Б.П манайд 2 ширхэг рентген аппаратыг актална гэж байна гэж хэлж байсан. 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр Б.П залгаад нөгөө 2 аппаратыг төрийн өмчийн хорооноос актлах шийдвэр гарсан эмнэлгийнхэн устгалд оруулна ирэх 1 дэх өдөр устгалд оруулна гэнэ, хүрээд ир гэхээр нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн үед рентген кабинтад ирээд тухайн аппаратуудыг үзэхэд ямар нэгэн ажиллагаа байхгүй байхаар нь ажиллахгүй байна гэж хэлэхэд Б.Пт нэгэнт төмрийн хогонд хаях юм чинь бид нар аваад явъя гэж хэлээд аппаратуудыг задалж эхлээд өглөө 05 цаг өнгөрч байхад дуусаад утсаар ачааны машин дуудаж ачаад зарим жижиг эд ангийг өөрийнхөө ирсэн машинд ачаад Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд явж байхад Баянхонгор аймгийн цагдаагаас ярьж байна буцаад ирээ гэсний дагуу буцаж ирсэн харин ачааны машин аймгаас хөдлөөгүй байсан юм.. ...бид нарын хувьд бол Б.Пт итгээд л ирсэн юм. Зарим зүйлийг нь сэлбэгт авна, үлдэгдлийг нь төмрийн хогонд өгнө, сэлбэгэнэ авах үйл нь гэвэл пульт, кабель решеток, центерийн гэрэл, рентген туяа гаргадаг анод катод буюу хоолой дотор байдаг зүйлс бусад эд ангиуд гэх мэт зүйлсийг сургалтад ашигладаг ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,
Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн
... 2020 оны 03 дугаар сарын 06-нд Улаанбаатар хот Баянхонгор аймгийн 2-ын хооронд ачаанд явдаг ах ******* над руу залгаад Баянхонгор аймгаас тоног төхөөрөмж ачих юм уу гэж хэлэхээр нь би ачна гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байхад ******* ах нөгөө тоног төхөөрөмжөө маргааш өглөө ачихаар болсон гэж хэлсэн тэгтэл удалгүй утас дуугарахаар нь авахад нэг хүүхэн өглөө 07 цаг өнгөрөөгөөд тоног төхөөрөмжөө ачъя эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байхад эмнэлгийн урд хашаагаар ороод рентген кабинтын урд зогссон тэгтэл тухайн кабинтаас утсаар ярьж байсан эмэгтэй рентген кабинтаас ачна гэж хэлсэн тэгээд цагаан өнгийн тоног төхөөрөмжүүдийг 09 цаг өнгөртөл ачсан ачиж дуусаад би гэр лүү яваад дугуй янзлаад захын ачаа ачдаг зогсоол дээр зогсож байтал цагдаагаас ярьж байна хүрээд ир гэхээр нь цагдаа дээр ирж уулзсан...******* ахтай чинь ярьсан хөлсийг 450000 төгрөгөөр тохирсон гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49/
Гэрч А.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн
...Солонгос улсад үйлдвэрлэсэн имижи Х-50 маркийн аппарат нь 2006 онд ашиглалтад орсон, рентген зураг авалтын аппарат, Шимазу маркийн харалттай рентген аппарат нь 2008 онд ирж шинээрээ ирж байсан, Х-50 Шимазу маркийн аппаратуудыг 2014 оноос ашиглахаа больсон юм тэр үед манай дижитал рентген аппарат ирсэн юм. Х-50 аппарат нь рентген нь туяа алдалт ихтэй, Шимазу нь зөвхөн нурууны зураг авахад гэрэл цохидог байсан мөн харалт нь бүдэг байсан юм. Ашиглалтын хугацаа хэтэрсэн учраас аппаратуудыг ашиглаагүй мөн шинэ дэвшилтэд аппарат орж ирсэн учраас ер нь бол дижитал аппарат орж ирснээс хойш актлуулах талаар ярьж байгаад 2019 онд өмч хамгаалах комиссын хурлаар ороод 2019 оны 12 дугаар сарын 25-нд Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар орж актлах шийдвэр гарсан...Б.Пийн хувьд тэтгэвэрт гарчихаад Шимазу аппаратыг ашиглаж хувиараа ажиллуулах бодолтой байгаа талаар хэлж байхаар нь аймгийн өмчийн газраас Б.Пт ашиглуулах боломжтой гэсэн албан бичиг авчрах юм бол цөмийн энергийн газарт тухайн бичгийг явуулж таны нэр дээр шилжүүлж өгөх боломж байгаа гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаар шинжээчийн
1. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130 тоот ... Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар ...Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 508 нэрийн 806.170.699 төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг акталж данснаас хасах тухай шийдвэр гарсан байна. Уг 508 нэрийн хөрөнгийн жагсаалтад 291 тоот бүртгэлийн дугаартай 145.843.000 төгрөгийн анхны үнэтэй, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орсон Япон улсад үйлдвэрлэгдсэн харалттай рентген аппарат, 00001349 тоот бүртгэлийн дугаартай 44.647.000 төгрөгийн анхны үнэтэй, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтанд орсон Солонгос улсад үйлдвэрлэгдсэн К-50 маркийн дээрх 2 ширхэг рентген аппарат орсон бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлээс хассан байна.
2. Дээрхи 2 ширхэг рентген аппаратууд нь ашиглалтын хугацаа дууссан, чанар байдал муудаж эвдэрсэн, ашиглалтын хугацаанд өртгөө бүрэн нөхсөн, үлдэгдэл өртөг байхгүй, данс бүртгэлээс хассан, цаашид ашиглах боломжгүй зэргээс үүдэн үлдэх болон үлдэгдэл өртөг тэг гэж үзлээ... гэх дүгнэлт / 1 хх-ийн 84-85/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаар шинжээчийн ...
1,2... Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130 тоот ... Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар ...Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 508 нэрийн 806.170.699 төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг акталж данснаас хасах тухай шийдвэр гарсан байна. Уг 508 нэрийн хөрөнгийн жагсаалтад 291 тоот бүртгэлийн дугаартай 145.843.000 төгрөгийн анхны үнэтэй, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орсон Япон улсад үйлдвэрлэгдсэн харалттай рентген аппарат, 00001349 тоот бүртгэлийн дугаартай 44.647.000 төгрөгийн анхны үнэтэй, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтанд орсон Солонгос улсад үйлдвэрлэгдсэн К-50 маркийн дээрх 2 ширхэг рентген аппарат орсон бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлээс хассан байна...Уг рентген аппаратуудын рентген хоолойнууд болон хэргийн газарт үлдээсэн гэх 2 ширхэг рентген хоолойнууд нь бүгд ашиглалтын хугацаа дууссан, актлаж устгах үед чанар муудаж, эвдэрч гэмтсэн, цаашид ашиглаж болохгүй учир үнэлэх боломжгүй... гэх дүгнэлт / хх-ийн 91-92/
“Номгон аудит “ ХХКийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн № 06 дугаар шинжээчийн
1.Нэгдсэн эмнэлгийн өмчлөлд байсан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн К-50 маркийн рентген аппарат 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтанд орсон нийт 13 жил ашиглагдаж байгаад Баянхонгор аймгийн ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130 тоот ..Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтад 00001349 бүртгэлийн дугаартай 44.647.000 төгрөгийн анхны өртөгтэй, мөн Япон улсад үйлдвэрлэгдсэн Шимадзу маркийн харалттай рентген аппарат 2008 оны 12 дугаар сарын 25 -нд ашиглалтанд орсон нийт 11 жил ашиглагдаж байгаад Баянхонгор аймгийн ИТХ ын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130 тоот “Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтад 291 бүртгэлийн дугаартай 145,843,000 төгрөгийн анхны өртөгтэй зүйлсийг дээрх шийдвэрийг үндсэн 2019 оны 12 дугаар сарын 31 өдөр үндсэн хөрөнгийн данснаас хассан байна.
2.Иймд дээрх хөрөнгүүд данснаас хасагдсан шалтгаан нөхцөлийг хөрөнгийг данснаас хасах үеийн техникийн комиссийн дүгнэлтийг үндэслэдэг бөгөөд байгууллагаас томилогдсон өмч хамгаалах комисс дээрхи хөрөнгийг цаашид ямар байдлаар ашиглах дүгнэлт үйлдэх ёстой байдаг, иймд нэгэнт ашиглалтын хугацаа дууссан эмнэлгийн нарийн мэргэжлийн аппарат байх тул үнэлгээг хийх боломжгүй болно.
Хэрэв хөрөнгүүд цаашид ашиглагдах боломжтойг мэргэжлийн техникийн комиссийн шийдвэр гарсан бол бид түүнд тулгуурлан зах зээлийн үнийг судлан шинжлэх боломжтой. Гэхдээ эмнэлгийн тоног төхөөрөмж учир нарийн мэргэжлийн үнэлгээчин үнийг тогтооно... гэх дүгнэлт / хх-ийн 98-99/
“Сонгомол” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн
Нэгдсэн эмнэлгийн өмчлөлд байсан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн К-50 маркийн рентген аппарат 2006 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтанд орсон нийт 13 жил ашиглагдсан, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 130-р тогтоолоор “Үндсэн хөрөнгө актлаж, данснаас хасах” тухай тогтоолын 1-р хавсралтад 00001349 бүртгэлийн дугаартай 44.467.000 анхны өртөгтэй, мөн Япон улсад үйлдвэрлэсэн Шимадзу маркийн рентген аппарат 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд орсон нийт 11 жил ашиглагдсан Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 130-р тогтоолоор “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай тогтоолын 1-р хавсралтад 291 бүртгэлийн дугаартай 145.843.000 төгрөгийн анхны өртөгтэй зүйлсийг дээрх шийдвэрийг үндэслэн 2019 оны 12-р дугаар сарын 31-ний өдөр үндсэн хөрөнгийн данснаас хассан байна.
Иймд дээрхи хөрөнгүүдийн данснаас хасагдсан шалтгаан нөхцөл, хөрөнгийг данснаас хасах үеийн техникийн комиссын дүгнэлтийг үндэслэдэг бөгөөд байгууллагаас томилогдсон өмч хамгаалах комисс дээрх хөрөнгийг цаашид ямар байдлаар ашиглах дүгнэлт үйлдэх ёстой байдаг, тухайн үед хэргийн газар үлдээсэн 2 ширхэг рентген хоолойнууд нь ашиглалтын хугацаа дууссан, актлагдсан, эвдэрч гэмтсэн, цаашид ашиглаж болохгүй тул үнэлгээг хийх боломжгүй болно.
Дээрх хөрөнгүүд нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг хөрөнгийн талаархи 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хурлын тэмдэглэлд үндсэн хөрөнгөөс ашиглалтын шаардлага хангахгүй, чанар муудсан, ашиглах хугацаа дууссан хөрөнгийг нэг бүрчлэн шалгаж актлах санал хэлэлцсэн тэмдэглэл 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийнх хурлын 130 дугаар тогтоолоор үндсэн хөрөнгө акталж авсан, данснаас хасах тухай шийдвэрийг үндэслэн үнэлэх боломжгүй гэж үзсэн... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 215-216/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 хх-ийн 08/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 08-16/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / 1 хх-ийн 100-101/, хөдөлмөрийн гэрээ / 1 хх-ийн 122-129/, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн хурлын тэмдэглэл / 1 хх-ийн 143-145/, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор актлагдсан хөрөнгийг хураан авсан авч устгал хийсэн ажлын хэсгийн тайлан / 1 хх-ийн 149-151/, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол / хх-ийн 1 хх-ийн 230-231/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 хх-ийн 236/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 237/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 238/, депозит дансны хуулгууд /хх-ийн 240-247/, шүүгдэгч Б.Пийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 248/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Пт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.П нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений кабинетаас өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат зэрэг 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг рентген техникчийн албан тушаалаа ашиглан завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэсгүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т…Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна... гэж томъёолжээ.
Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч… гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээд тусгасан байна.
Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн № 01 дугаар.... Б.П рентгэн техникчийн ажилд, ТҮЭМ-3 зэрэглэл, 4 шатлал... тушаалд ажил , албан тушаалын жагсаалтыг тасаг , нэгжээр гаргаж, хавсаралтаар баталсан байна.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Хөрөнгө завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэнд оруулахдаа өмчлөгчид эд хөрөнөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байх, гэмт этгээд нь завшсан эд хөрөнгийг өөрийг эзэмшилд оруулсан боловч түүнийг үрэгдүүлээгүй байх, түүнчлэн бусад руу шилжиж, үр дүнд нь шунахай зорилгоор эд хөрөнгийг хууль бусаар ашиглах бололцоо олгодог байна.
Хохирогч, байгууллагын төлөөлөгч С.Аын.... к-50 маркийн аппарат нь 2006 онд ашиглалтад орсон, рентген зураг авдаг аппарат байгаа юм, харин шимазу маркийн аппарат нь 2008 оны 12 сард ашиглалтад орсон... Тухайн 2 аппаратыг рентген техникч Б.Пээ ажиллуулж байсан, мөн Б.Пээ эгчийн нэр дээр бүртгэлтэй байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-29 /
гэрч Д.Сын ... Нэгдсэн эмнэлгийн өмч хамгаалах зөвлөлийн хурлаар хэлэлцээд Шимадзу болон Х-50 маркийн рентген аппаратууд нь ашиглалтын хугацаа дууссан, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн акталж, устгах тогтоолын дагуу үндсэн хөрөнгөөс хасаж блансад тайлагнасан, одоо тухайн рентген аппаратууд манай хөрөнгийн ямар ч бүртгэлд байхгүй ....гэх мэдүүлэг.. 1-р хх-ийн 73-74/
Шүүгдэгч Б.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...өмнө нь жил бүр эд хөрөнгийн тооллого хийгээд эд хариуцагчаар гарын үсэг зуруулж нэг хувийг өгдөг байсан, сүүлийн 10 жилд эд хөрөнгийн тооллогын бүртгэл хийгээд ямар эд хөрөнгө тухайн эд хариуцагч байгаа талаар мэдэхгүй, баримтыг өгдөггүй болсон,.. 2019 онд ямар эд хөрөнгө хариуцаж байсан талаар болон актлагдсан гээд байгаа 2 ширхэг аппарат миний нэр дээр бүртгэлтэй байсан талаар мэдэхгүй надад хүлээлгэж өгөөгүй,..тухайн эд хөрөнгийг би захиран зарцуулах эрхгүй. Би тухайн аппаратуудыг мөнгөөр зараагүй. Албан ёсны эд хариуцагч нь би биш, тооллогын комисст би акталсан хойно нь хувьдаа хэрэглэж болох уу гэж асууж байсан тухайн үедээ зөвшөөрч байсан. Энэ хэргээс болж Нэгдсэн эмнэлэгт хохирол учраагүй... гэх мэдүүлгээс үзэхэд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар томилогдсон тооллогын комисс нь үндсэн хөрөнгөөс хасаж блансад тайлагнасан, одоо тухайн рентген аппаратууд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн акталж, устгах тогтоолын дагуу үндсэн хөрөнгөөс хасаж блансад тайлагнасан хөрөнгийн ямар ч бүртгэлд байхгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн жилийн эцсийн тооллолын бүртгэлд Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөөнөөс хасагдсан 2 ширхэг тоног төхөөрөмжийг эд хариуцагчаар Б.Пт хариуцуулсан, тухайн эд хөрөнгийн тооллогын бүртгэлийг эд хариуцагч болох Б.Пт танилцуулаагүй, хэзээнээс тухай эд хөрөнгийг хариуцуулж өгсөн нь тодорхойгүй, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу явагдаагүй, эд хариуцагч Б.Пийн эзэмшигчийн карт хөтөлсөн талаар хэрэгт авагдаагүй, эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй байна.
Түүнчлэн Б.П нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, ТҮЭМ-3–р шатлалаар цалинждаг ба төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэж үзэх боломжгүй, мөн шүүгдэгч Б.Пийг рентгэн техникчээр ажиллаж байх хугацаанд нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентгений кабинетад суурьлуулсан Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат буюу 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг хариуцуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө гэж үзэхгүй боломжгүй буюу тухайн 2 ширхэг техник тоног төхөөрөмж нь Нэгдсэн эмнэлгийн бүртгэлээс хасагдсан, ашиглалтын хугацаа дууссан, актлаж устгах үед чанар муудаж, эвдэрч гэмтсэн, ашиглалтын хугацаанд өртгөө бүрэн нөхсөн, цаашид ашиглах боломжгүй бөгөөд дур мэдэн ашиглагдаж байсан эд хөрөнгөөс бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ямар нэгэн хэсгийг тасдаж авах, өөрийн мэдэлд эзэмшилд оруулсан, өөр авч завшсан түүнчлэн бусад руу шилжиж, үр дүнд нь шунахай зорилгоор эд хөрөнгийг хууль бусаар ашиг олсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаад тогтоогдохгүй тул шүүгдэгч Б.Пт хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу шүүгдэгч Б.Пийн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хоолой, тасдагчны ир 1 ширхэг, цагаан өнгийн төмрийн тасархай, аймгийн Нэгдсэн эмнэлгийн авто гражид хадгалагдаж байгаа 2 ширхэг рентген аппаратуудыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт буцаан олгож шийдвэрлээ.
Шүүгдэгч Б.П нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2.1,2.2,2.3,2.5,2.6, 36.9 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд тус тус заасны удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Аймгийн прокурорын газраас Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хоолой, тасдагчны ир 1 ширхэг, цагаан өнгийн төмрийн тасархай, аймгийн Нэгдсэн эмнэлгийн авто гражид хадгалагдаж байгаа 2 ширхэг рентген аппаратуудыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт буцаан олгосугай.
4. Б.П нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА