| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0174/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000168 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Б,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Г.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг зүүн дэнжийн 5-25 тоотод 2021 оны 4 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Б-г халуун тогооны залгуураар ороолгож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.
Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт нөхөр, түүний дүү Б бид гурав хоёр шил 0.75л “Хараа” архи хувааж уусан, ...би тэр хоёроос түрүүлээд гэрийн баруун талд байх орон дээр охиноо аваад унтсан, ...тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглээд унтаж байсан болохоор орноосоо унаад газар хэвтэж байсан дүү Б-гийн хажууд унаад тэр чигтээ унтсан, ...өглөө 8 цагийн үед сэрэхэд миний бие хөндүүр болчихсон байсан, тэгээд би Б-гийн эхнэр Б-аас юу болсон талаар асуухад “...таныг Б-той хардаад шөнө халуун тогооны хар залгуураар ороолгочихсон шүү дээ” гэж хэлж байсан. ...Энэ асуудлыг өглөө нь манай ээж П.О мэдээд манай гэрт ирсэн, ирээд цагдаа дуудсан юм шиг байна лээ. ...өглөө сэрэхэд миний баруун талын гуя хөхөрчихсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
“..2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр Г.Б-ийн төрсөн дүү Б, Б- эхнэр Б бид дөрөв зүүн дэнжийн 5-25 тоот манай гэрт хоёр шил 0.75л, нэг шил 0.5л “Монгол стандарт” архи хуваан ууж ...би архиндаа согтоод орон дээр унтаж байгаад газар унан Б-ийн хажууд унтаж байсан юм шиг байна лээ, тэгсэн чинь Б-тэй манай нөхөр Г.Б намайг хардан гэнэт л халуун тогооны хар залгавраар намайг 4-5 удаа ороолгож, миний зүүн гуя болон нуруунд гэмтэл учруулсан, намайг зодуулж байхад Б нам унтаж байсан, харин Б харсан. ...миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-27/,
Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...төрсөн охин болох Баярмааг хүргэн болох Б нь зодож дарамталсан байна, би цагдаад дуудлага өгүүлсэн. Намайг ирэхэд миний охины бөгсөн хэсэг нь нуруутайгаа нийлж хөх алаг болсон байсан, халуун тогооны залгуураар зодсон байна.” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
Гэрч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...“манай эхнэр манай дүү Б хоёр шалдан тэврэлдээд унтаж байхаар нь миний уур хүрээд гупрээр ороолгосон” гэхээр нь би хүүгээ загнаад “яахаараа ийм харгис юм бэ” гээд хэлсэн. ...биеийг нь харахад зүүн гуяны хэсэг нь хөх, хүрэн болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-33, 35/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-гийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаартай “...1.Б.Б-гийн биед зүүн гуя, нуруунд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт, зүүн гуянд нэг тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, хэрэг болсон өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4.Зүүн гуяны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-37-38/,
Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...эхнэр Б.Б, төрсөн дүү Б, Б-ийн эхнэр Б бид дөрөв 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр манай зүүн дэнжийн 5-25 тоот гэрт хоёр шил 0.75л, нэг шил 0.5л “Монгол стандарт” архи ууж байгаад би архиндаа согтож өөрийн эхнэр Б.Б-г халуун тогооны залгавраар зодсон юм шиг байна лээ. ...эхнэр Б.Б-гийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-49/,
иргэн П.О-гийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг зүүн дэнж 5-25 тоотод төрсөн охин Б-г нөхөр болох Б удаа дараа зодож хүчирхийлэл үйлдсэн.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,
аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-9-11/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/,
Цагдаагийн ерөнхий газрын зөрчлийн санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-14-18/,
эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20/,
нэг ширхэг залгуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-21/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-60/,
Г.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-65/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-76-77/,
1100-1269 дугаартай, Г.Б-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн хуулбар /хх-79-83, 84-89/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг зүүн дэнжийн 5-25 тоотод 2021 оны 4 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Б-г халуун тогооны залгуураар ороолгож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Б-гийн “...өглөө 8 цагийн үед сэрэхэд миний бие хөндүүр болчихсон байсан, тэгээд би Б-гийн эхнэр Б-гаас юу болсон талаар асуухад “...таныг Б-той хардаад шөнө халуун тогооны хар залгуураар ороолгочихсон шүү дээ” гэж хэлж байсан. ...миний баруун талын гуя хөхөрчихсөн байсан.” гэх,
гэрч П.О-ийн “...миний охины бөгсөн хэсэг нь нуруутайгаа нийлж хөх алаг болсон байсан, халуун тогооны залгуураар зодсон байна.” гэх,
гэрч Ч.Ц-ийн “...биеийг нь харахад зүүн гуяны хэсэг нь хөх, хүрэн болсон байсан.” гэх,
Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...би архиндаа согтож өөрийн эхнэр Б.Б-г халуун тогооны залгавраар зодсон юм шиг байна лээ. ...эхнэр Б.Б-гийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-ийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаартай дүгнэлт, иргэн П.О-гийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг зүүн дэнж 5-25 тоотод төрсөн охин Б-г нөхөр болох Б удаа дараа зодож хүчирхийлэл үйлдсэн.” гэх гомдол, нэг ширхэг залгуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл нь хохирогч Б.Б-гийн эсрэг биемахбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирогч Б.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 255 дугаартай дүгнэлт, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
эд мөрийн баримтаар хураагдсан халуун тогооны хар өнгийн залгуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг халуун тогооны хар залгуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ