Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч Ц.Э,

гэрч Ц.О,

шинжээч эмч Ц.Ганболд,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Даваа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905038350213 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********, урьд ял шийтгэлгүй, Б.А /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 738 дугаар байрны орцонд иргэн Ц.Этай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ц.Эг жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгааж, чирэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгт шарх, эрүүнд зулгаралт, зүүн өгзөг, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 738 дугаар байр “СӨХ”-гүй ажиллаж байсан. Нэг үйлчлэгч ажиллаж байгаад больсон. Байраа цэвэрлэдэг хэдэн идэвхтэй айл байдаг. Би ажлаасаа ирээд давхраа угаагаад байж байтал 6 дугаар давхарт хүний чимээ гарахаар нь хартал 26 тоотын хүүхэн гарч ирээд бүгд цэвэрлэе гэж хэлсэн. Тэгж байтал О гэдэг бүсгүй гарч ирсэн. Би хэлээд бүгд цэвэрлэе гэхэд ам мурийсан. Тэгээд байж байтал хохирогч гарч ирээд дундуур нь ороод бужигнаад 2 эхэлсэн бөгөөд нөхөр нь согтуу нийт 5 хүн байсан. Тэгээд энэ бүсгүй ууттай хогоо над руу шидсэн. Хэн хэрүүл хийсэн бэ гэвэл энэ хүүхэн хийсэн. Жирэмсэн эмэгтэй эгчтэйгээ нийлж намайг хүчирхийлсэн. Би тэр үед юу болоод байгааг мэдээгүй. Уг хүмүүс нэлээн халамцуу байсан. Жирэмсэн гэж хэлээд доош атийгаад суусан. Тэр хүмүүс бүгд согтуу байна гэж би хэлсэн. Тэр үед О манайх хүүхдийн найранд яваад ирсэн гэж хэлсэн. Эгч дүү нар нийлээд намайг үснээс зулгаасан. Манай хажуу талын айлын хүмүүс намайг салгаж авсан. Өмнөх шүүх хурал дээр гэрчилсэн. Би шокийн байдалтай явж байсан. Цагдаагийн байгууллага учрыг нь олчих байх гэж бодсон. Тэр өдөр миний гар гэмтсэн. Яг адилхан эмнэлэгт үзүүлсэн бол надад бас гэмтэл үүсэх байсан. 14 хоногийн дараа ярьсан болохоор миний шарх бүдгэрсэн байсан. 100 хувь намайг буруутгаад дайрсан. Хөндлөнгийн гэрч олон байгаа учрыг нь олж болно. Би шүүх эмнэлэгт үзүүлэх ёстой байснаа сүүлд нь мэдсэн. Эхний өдөр үзүүлсэн бол гэмтэл гарах байсан. Би энэ хэрэгт гэмтсэн гэдгийг тогтоох боломжтой.” гэв.

 

Хохирогч Ц.Э мэдүүлэхдээ “Би тухайн үед 5 дахь удаагаа жирэмсэлсэн байсан бөгөөд миний анхны төрөлт байсан. Би тэр үед үр суулгуулж жирэмсэн болсон тул хэрэг хийхгүй. Тэр үед би архи уугаагүй эрүүл байсан. Би цагдааг ирэхэд л хаалгаа онгойлгосон. Би цагдаад эд зүйлээ алга болгосон талаараа хэлсэн чинь бүх хогийг цэвэрлэсэн байсан. Тэгээд би Цагдаагийн газраас 2 дугаар эмнэлэг рүү явсан. ...Би тэр үед 7 сартай жирэмсэн байсан. А миний үснээс зулгаагаад өшиглөөд байсан. Миний биед гэмтэл учруулсан” гэв.

 

Гэрч Ц.О мэдүүлэхдээ “ид нар тухайн өдөр хүүхдийн үсний сэвлэг найранд явсан юм. Гэртээ орж ирээд удаагүй байхад хаалга нүдээд цэвэрлэгээндээ гар гэсэн. Би охиноо хувцсыг нь солиулаад гаргах гэтэл дахиад хаалга балбаж хэлсэн. Би онгойлготол үг хэлээр дайрч давшилсан. Би та яагаад хүн доромжлоод байна вэ гэж хэлсэн. Гэтэл энэ хүн дайраад байсан. Манай дүү яагаад та доромжлоод байна вэ гэж хэлсэн чинь ууттай хог аваад шидтэл муухай муудсан хог байсан. Тэрийг нь гөвөх гэтэл намайг шат руу аваад түлхсэн. Эргээд хартал манай дүүг үсдээд 4 хөллүүлсэн байсан. Хүмүүс Э бид нарыг салгаад гэр рүү оруулсан би тэгээд цагдаа дуудсан маш хурдан ирсэн. Тэгээд байцаалт авсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ: “Б.Ад холбогдох хавтаст хэрэгт байсан. Урд нь шүүх эмнэлэгт үзүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12140 гэсэн дүгнэлтэд зүүн мөрний ард зулгаралт тогтоогдлоо гэсэн байгаа. Уг дүгнэлтээр сарвууны талаар гэмтэл дурдагдаагүй. Урд өмнөх дүгнэлтэд байгаа зургуудыг рентгений эмчээр уншуулахад гэмтэл байхгүй гэж тогтоосон. Цууралт үүссэн бол рентген зургаар тогтоогдоно. Таны зураг мөн биш эсэхийг тогтоож контрол зураг авдаг. Гэмтлийн талаар харьцуулсан зураг авуулаагүй тул тогтоох боломжгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг хянаж байдаг тул дүгнэлт үнэн гарсан. Тухайн үед Агийн гар цуурсан бол дүгнэлтээр харагдах ёстой. Энэ 2 зураг дээр гэмтэл байгаа эсэхийг шинжилсэн боловч гэмтэл байхгүй. Мөн эсэхийг тогтоохын тулд контрол зураг авхуулж болно. Гэтэл А уг зургийг өөрөө хавтаст хэрэгт гаргаж өгсөн тийм учраас маргаангүй тул контрол зураг авхуулах шаардлагагүй. Шүүгдэгч өөрөө уг зургийг шинжилгээнд авч ирж өгсөн хэрнээ одоо миний гарын зураг биш байна гээд байгааг ойлгохгүй байна. Гарын зураг өөрийнх нь биш гэж байвал контрол зураг авхуулж болно. Өөр зургаар мөн үү биш үү гэдгийг тогтоохыг хэлнэ. ... Зураг дээрх 5 дугаар чиглүүлэгч хурууг харахад цууралт байсан бол харагдана. Мөн ясны хэм нь алдагдаагүй зураас гараагүй байна. Дижитал зураг учир ямар ч цууралт харагдана. 2 байдлаар авсан тул аль аль талаасаа 3 харагдана. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт авуулсан зураг цууралт байхгүй харагдаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 738 дугаар байрны орцонд иргэн Ц.Этай маргалдаж улмаар Ц.Эг жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгааж, чирэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгт шарх, эрүүнд зулгаралт, зүүн өгзөг, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хамаатан Сүхдоржийн хүүгийн үсний найр болоод бид нар гэр бүлээрээ очоод орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 738-р байрны 27 *** төрсөн ах Эын гэрт ирээд хоол цай идээд сууж байтал хүн хаалга тогшоод цэвэрлэгээ хийнэ гэтэл охин нь гаръя гээд хувцсаа өмсөж байтал дахиад хаалга хүчтэй балбаад байсан чинь гал тогооны өрөөнд хамт юм хийж байсан бэр эгч О очтол махлагдуу эгч та нар яахаараа орцоо цэвэрлэдэггүй юм бэ хүний цэвэрлэсэн юман дээр алцайж алхдаг гээд хашхичаад байсан. Бэр эгч О мөн урдаас нь маргаж байгаад орц руу гарсан. Би энэ үед коридорт хараад зогсож байсан юм. ...Нөгөө махлаг эгч ууттай хог аваад О эгч рүү шидтэл уут нь задраад эгч болон хойно нь зогсож байсан миний хувцас руу цацраад хог болчихсон. ...Эгч бид хоёр хувцсаа гөвөөд зогсож байтал махлаг эгч О эгчийг шат руу түлхээд унагачихсан. Би очоод түшээд босгох гээд доошоо тонгойтол миний үснээс зулгаагаад доош нь дарахад би 2 хөлөөрөө өвдөглөөд суутал гэдэс рүү өшиглөөд байхаар нь би гэдсээ гараараа тэврээд хөлөө дээшээ өргөөд аминдаа гэдэс рүүгээ цохиулахгүй гээд хааж байхад нөхөр болон орцонд байсан хүмүүс ирээд салгах гэтэл тавихгүй байсан. Бүгдээрээ наадах чинь жирэмсэн хүн байна шүү дээ гэж хэлж байж тавиулсан. ...Би гэр лүү ортол баруун талын чихнээс цус гараад хүзүү рүү урсаж байхаар нь арчаад үзтэл өрөөсөн ээмэг болон хүзүүн дэх гинж алга болчихсон цамцны зах урагдчихсан байсан. ...Баруун талын чих сэтрээд дотор талд нь шалбарсан байсан. Баруун шанааны хажууд маажсан байсан. Хүзүү урагдсан, 2 өвдөг болон зүүн талын хонго, зүүн хөлийн булчин дээр хөхөрсөн байсан.Толгойны хойд хэсэгт хавдсан байсан. Махлагдуу эмэгтэй миний үснээс зулгааж доош нь дараад чирч дээрээс цохиж зулгаахдаа уг гэмтлүүдийг учруулсан. ...Тонус өгч хатууран хүүхэд доошоо суусан байна гээд эмчийн бичиж өгсөн эмийг 70.000 гаран төгрөгөөр авч уусан. Тухайн өдрөө 103-н түргэнээр 2-р төрөхөд очиж үзүүлэн эмчилгээ хийлгэсэн. ...миний ээмэг алга болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 738-р байрны 27 тоотод гэртээ эхнэр хүүхдүүд болон төрсөн дүү Э, хүргэн Б нарын хамт байхад хаалга тогшиход эхнэр, охин хоёрын нэг нь очиж хаалга тайлаад цэвэрлэгээ хий гэж байна гэсэн. ...Нэг эмэгтэй хурдан гараач та нар цэвэрлэгээний 5000 төгрөг төлчихөж чадахгүй муу сайн гуйлгачид та нараас болоод үйлчлүүлэгч ажлаасаа гарчихсан гээд нилээн чанга дуугаар загнаад ...дүү Э гарч ирээд юу болоод байгаа юм манай эгчийг яаж байгаа юм гээд хоорондоо маргалдаад орилж чарлаад байтал эхнэр лүү хог шидсэн эмэгтэй Эгийн үснээс зулгаагаад газар унагатал Э гэдсээ 2 гараараа тэврээд хэвтэж байхад нөхөр Б болон манай эхнэр О 2 очиж үснээс нь гарыг нь тавиулах гэж нилээн ноцолдож байхад эхнэр Оийг нөгөө эмэгтэй гараараа түлхэхэд асгасан хогон дээр ахин гишгээд шат руу уначихсан. ...Бид нар уг эмэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй. Эгийн үснээс зулгааж доош нь дарж унагаад толгой руу нь өшиглөөд гараараа цохиод байх шиг байсан. ...хувцас нь салгах гээд татаж байхад урсан байж магадгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ үед том өрөөнд зурагт үзээд сууж байсан. Тун удалгүй хүмүүс орилж чарлаад байхаар нь юу болов гээд гараад хартал манай эхнэр Эг махлаг том биетэй үл таних эмэгтэй үснээс нь зулгаагаад доош нь 4 хөллүүлчихсэн чирч байсан. О эгч шатны хажууд уначихсан нөхөр охин 2 нь татаад босгож байсан. Би хүүе яаж байнаа наадах чинь жирэмсэн хүн ш дээ гараа тавиач гээд гарыг нь тавиулж салгаад эхнэрийгээ түшиж босготол орцонд байсан хүмүүс нөгөө махлаг эмэгтэйг цааш нь татаж аваад бүгдээрээ салаад гэр гэртээ ороод О эгч цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ...Гэрт орж ирээд хартал эхнэрийн нүүрийг маажаад, баруун чихний доод хэсэгт сэтрээд чихнээс нь цус гарчихсан өрөөсөн ээмэг болон хүзүүндэх гинж нь алга болчихсон байсан. ...Тэр эмэгтэйд бид нар огт гар хүрээгүй манай эхнэрийг үсдээд доош дараад чирээд байж байхад нь би гарч салгасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн үед айлууд хогоо цэвэрлэнэ гэхээр нь би хийж байсан юмаа дуусгаад гарах гэтэл орцонд хүмүүс маргаад байгаа чанга дуу чимээ гараад байсан. ...27 тоотын эхнэр нь Агийн үснээс зулгаачихсан А болохоор жирэмсэн хүүхний үснээс зулгаагаад доош нь татчихсан байсан. ...А хогоо битгий хаяарай ээмэг алга болчихсон гээд байна цагдаа ирэхээр үзүүлнэ гээд байсан. ...Намайг гарч ирэхэд хоорондоо зууралдаж байснаас нэгнийгээ цохиж зодсон юм бол байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Өмнө өгсөн мэдүүлгүүдийг сонслоо, надад мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэрчийн мэдүүлэг болон шүүх хурлын үеэр нэг л зүйлээ ярьсан. ...Жирэмсэн эмэгтэйгийн үснээс А үсдсэн байдалтай байсан. ...Гинж байсан эсэхийг би анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 194-196 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн үед. ...Би хүүхдээ аргадаж байгаад уйлахыг нь болиулаад 3-4 минут болоод эргээд гартал 28 тоотын эгчээс бусад нь байхгүй гэр гэр лүүгээ орчихсон байсан. ...Хог шидсэнээс болж зодоон болсон учир эд мөрийн баримт гээд хаяхгүй зогсож байхад хоёр цагдаа ирсэн. Бүдүүн эгч хоёр цагдаатай ярьж байгаад 27 тоотын хаалгыг цагдаа тогшиход хоёр эмэгтэй нь гарч ирээд цагдаагийн хажууд бүдүүн эгчтэй гурвуулаа хэрэлдээд байсан. 27 тоотоос гарч ирсэн 2 эмэгтэйн нэг жирэмсэн том гэдэстэй нь бүдүүн эгчийг чи миний чихийг сэтэлсэн, маажсан гээд цагдаад үзүүлээд байсан. ...Би зодолдож байхыг нь бол хараагүй. ...28 тоотын эгч 27 тоотын хүүхний нэг нь жирэмсэн юм байна лээ гэж хэлсэн ...Жирэмсэн эмэгтэй нь чи миний чихийг сэтэлсэн байна. Ээмэг алга болчхож гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-28 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ...Нэг эмэгтэй аймар орилоод хоорондоо чанга дуугараад хэрэлдэж байгаад эмэгтэй хүмүүс хашхирахаар нь дээшээ гартал 19 тоотын эгч 27 тоотын эмэгтэйтэй үснээс нь зулгаалцчихсан зогсож байсан. ...Нэг мэдсэн жирэмсэн хүүхэн зодоон дунд орчихсон байсан. ...Маргааш нь билүү нөгөөдөр нь 24 тоотын эгчтэй таараад 19 тоотын эгчтэй зодолдсон хүмүүсээс нэг ээмэг алга болсон сурагтай байна гэж хэлсэн. Тухайн үед бол мэдээгүй. Уржигдар 19 тоотын эгчээс гинж алга болсон надаар төлүүлнэ гээд байна та нар харсан уу гэж асууж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хурлын үеэр яг адил зүйлийг ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Хүзүүндээ гинж зүүсэн эсэхийг анзаараагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 192-193 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ...Э араас гарч ирээд намайг өмөөрөөд та юу гээд байгаа юм хүн яагаад доромжлоод байгаа юм гэтэл жижиг хар ууттай хог над руу өшиглөтөл Э аваад нөгөө бүдүүн эгч рүү шидтэл бүдүүн эгч буцаагаад ахиад нэг ууттай хог аваад шидтэл намайг оноод уут нь задраад Э руу цацраад бид хоёрын хувцас шингэн муудсан хоол болчихсон. Э бид хоёр хувцсаа гөвж байхдаа би та ямар бүдүүлэг заваан авгай вэ гээд хэлчихсэн чинь бүдүүн эгч ирээд шууд намайг түлхтэл би хогон дээр халтираад шат руу уначихсан. Би 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн боловч хүүхдээ алдаад аарцгийн яс ханзарсан учир хөл дээрээ сайн тогтож чаддаггүй учир босож чадахгүй хэвтэж байхад Э ирж намайг татаад босгох гэтэл би жаахан жинтэйг хэлэх үү асгасан хогон дээр нь хоёулаа халтирч унаж байхад охин гарч ирээд хоёулаа нийлж намайг арай гэж босгосон. Энэ үед нөгөө бүдүүн эгч Эг үснээс зулгаагаад өвдгөөр нь газар суулгачихсан толгойг нь 2 тийш савчуулаад байсан.Тэнд байсан хүмүүс салгах гэтэл үсийг нь гараараа ороочихсон тавихгүй зулгааж байхад хүргэн Б гарч ирээд хүмүүстэй нийлж гарыг нь салгаж авсан. Эгийн баруун чих нь сэтрээд цус гарчихсан. ...Эгийн ээмэг, гинж хоёр алга болсон байсан. ....” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хэргийн 70-75 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11631 дугаартай шинжээчийн

“1.Ц.Э-н биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгт шарх, эрүүнд зулгаралт, зүүн өгзөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 38 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...Баруун чихний ар хэсгийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12140 дугаартай шинжээчийн

“1.Б.Агийн биед зүүн мөрний ард зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 43 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ №957 дугаартай шинжээчийн

“1. Б.А-н биед 2019.10.06-ны өдрийн үзлэгээр баруун сарвууны ясанд гэмтэлгүй байсан бөгөөд одоогийн ирүүлсэн материалаар дахин дүгнэлт гаргах боломжгүй байна.

2. Тухайн үед тогтоосон гэмтлээр 12140 дүгнэлт гаргасан болно.

3. Тухайн үеийн үзлэгээр зүүн мөрний ар хэсэгт хуучин зулгаралтаас өөр гэмтэл тогтоогдоогүй болно. “ гэсэн дүгнэлт /хэргийн 183-184 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1110 дугаартай шинжээчийн

“1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12140 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.4.5.6. Ирүүлсэн рентген зургуудыг ШШҮХ-ийн  ШЭШГазрын дүрс оношилгооны эмчээр дахин уншуулахад 2019.10.08 болон 2019.10.25-ны баруун сарвууны 2 байрлалын рентген зургаар баруун гарын сарвууны яснуудад гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй байна.

3. Дээрх ирүүлсэн 2 ширхэг рентген зураг нь Б.Агийнх мөн эсэхийг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 206-207 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

 

         Бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хэргийн 62- 64 дүгээр хуудас/, эрүүл мэндийн хяналтын карт /хэргийн 85-86 дугаар хуудас/, дүрс оношилгооны эмч С.Энхзулын залруулга /хэргийн 91 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн мэдүүлэг /хэргийн 100 дугаар хуудас/, гэрч Алтантуяагийн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:        

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 738 дугаар байрны орцонд иргэн Ц.Этай маргалдаж улмаар Ц.Эг жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгааж, чирэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгт шарх, эрүүнд зулгаралт, зүүн өгзөг, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэх шинжийг хангасан байна. 

 

        Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Эг үсдэж чирэхэд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

        Энэ гэмт хэргийн “жирэмсэн байгааг мэдсээр байж” гэх шинж нь хохирогчийн жирэмсэн гэдгийг түүний гадаад төрх байдал, эсвэл бусад эх сурвалжаас мэдэж байсан, мэдэх боломжтой байсан нөхцөл байдлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл “мэдсэн” гэдэг нь жирэмсэн гадаад шинж болон бусад бодит мэдээлэлтэй байхыг хэлнэ.

         Шүүгдэгч Б.А нь хохирогчийг жирэмсэн гэдгийг тухайн хэрэг учрал болох үед мэдээгүй байсан гэх боловч хохирогчийн “...наадах чинь жирэмсэн хүн байна шүү дээ гэж хэлж байж гарыг нь тавиулсан...”, гэрч С.Бий “…Би хүүе яаж байна наадах чинь жирэмсэн хүн ш дээ гараа тавиач гээд гарыг нь тавиулсан...”, гэрч Б.Эгийн “...2 эмэгтэйн нэг жирэмсэн том гэдэстэй нь бүдүүн эгчийг чи миний чихийг сэтэлсэн, маажсан гээд цагдаад үзүүлээд байсан...” гэх зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан байна.

         Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаас үзэхэд хохирогч Ц.Э нь хэрэг учрал болохоос 14 хоногийн өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсний үзлэгт орсон бөгөөд ураг 28 недельтай байсан нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогч 8 сартай жирэмсэн байсан бөгөөд нүдээр харахад хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан байна.

         Тиймээс шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

         Мөн түүнчлэн шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн биед хохирогчийн адил гэмтэл учирсан хэмээн маргаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шинжээч эмч нарын дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч эмчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар түүний биед гэмтэл учирсан гэдгийг үгүйсгэж байх тул шүүгдэгч Б.Агийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүгдэгч удаа дараа гаргаж байсныг шүүх, прокурор тухай бүр ханган шийдвэрлэж байсныг дурдах нь зүйтэй байна. 

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “...тухайн хэрэг үйлдэгдэх үед 154.800 төгрөгийн үнэлгээтэй өрөөсөн монетн ээмэг, 1.014.800 төгрөгийн үнэлгээтэй монетн гинж /хэргийн 48 дугаар хуудас/ зэргийг алдсан, нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хэрэг учрал болох үед хохирогчид монетн гинж байсан эсэх нь эргэлзээтэй, бүрэн тогтоогдохгүй байна.  

 

Харин хохирогчид монетн ээмэг байсан эсэх тухайд хохирогчийн “...миний баруун талын чих сэтрээд дотор талд нь шалбарсан байсан”,  гэрч С.Бийн “...баруун чихний доод хэсэгт сэтрээд чихнээс нь цус гарчихсан байсан...”, гэрч Б.Эгийн “...жирэмсэн эмэгтэй нь чи миний чихийг сэтэлсэн байна, ээмэг алга болчхож гээд байсан...”, гэрч Ц.Оийн “...Эгийн баруун чих нь сэтрээд цус гарчихсан байсан..”, ШШҮХ-ийн №11631 дүгнэлт “1.Ц.Э-н биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгт шарх, эрүүнд зулгаралт, зүүн өгзөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”, Шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...Баруун чихний ар хэсгийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”,  гэсэн дүгнэлт, мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн үснээс үсдэж, чирэх үйлдэл гаргах үед чихэнд байсан ээмэг угзрах хүчний нөлөөллөөр чихийг сэтлэх буюу шарх үүсгэж, улмаар ээмэг чихнээс мултран унаж алга болсон байх магадлалтай байна.  Иймээс хохирогч тухайн хэрэг учрал болох үед чихэндээ ээмэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч хохирогчийн ээмгийг би аваагүй гэх боловч шүүхээс шүүгдэгчийг нэгэнт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тодорхойлсны дагуу алга болсон ээмгийг хор уршигт тооцож, шүүгдэгчээс 154.800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

         Харин хохирогч өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хортой холбоотой гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Амарзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд өмгөөлөгч Д.Даваа нь шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр маргаж байх тул эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Агийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг  хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ........ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ............ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн

510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Агаас 154.800 төгрөг гаргуулж хохирогч Ц.Эд олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО