Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 20

 

 

Б.Дашдаваагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19-1-5 тоотод оршин суух Боржигон овгийн Бузгайн Дашдаваагийн /РД: ДЮ57102417/ нэхэмжлэлтэй,  Алтай-Улиастайн Эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох

Тэтгэмжийн зөрүү 4.623.360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ,   шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дашдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов

Нэхэмжлэгч Б.Дашдаваа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1985 оноос 2013 оныг дуустал эрчим хүчний салбарт 28 жил ажилласан. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 307.200 төгрөг болсон байсан. Миний тэтгэмжийг энэ мөнгөөр биш өмнөх мөнгөөр бодсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг байсан боловч 2013 оны 4 сард 192.000 төгрөг болж өөрчлөгдсөн бөгөөд 2013 оны 9 сараас эхлэн мөрдөж эхэлжээ. АУЭХС ТӨХК-ий захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2013-2014 оны хамтын гэрээнд нийгмийн бүх асуудал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж тусгагдсан байдаг. Миний бие нь 1985 оноос 2013 оны 12 сарыг дуустал Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байгаад 2013 оны 12 сараар дуусгавар болгож тэтгэвэртээ гарсан. Салбарт тасралтгүй 28 жил ажилласан. Энэ хугацааны буцалтгүй тэтгэмж 12.579.840 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авсан. Үүнийг тооцохдоо 140.400*1.6=224.640, 224.640*2=449.280, 449.280*28жил=12.579.840 төгрөг авсан. Миний бодлоор бол 2013 оны 9 сарын 01-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тогтоогдсон тул хамтын гэрээний заалтаар бол 192.000*1.6=307.200, 307.200*2=614.400, 614.400*28жил=17.203.360 төгрөг 17.203.360-12.579.840=4.623.360 төгрөг гарч байгаа тул Монгол Улсын хууль, тогтоол, компаний Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний заалтуудыг шалгаж хуулийн дагуу зөрүү 4.623.360 төгрөгийг АУЭХС ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Дашдаваа нь эрчим хүчний салбарт 28 жил ажиллаж, 2013 оны 12 дугаар сарын 31-нд ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон байна. Тэтгэвэрт гарах үед нь хамтын гэрээний дагуу байгууллагаас нэг удаагийн тусламж олгосон. 12.5 сая төгрөгийн тэтгэмж олгоод байгууллагатай эцсийн тооцоо хийгээд явсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөөд 224.640 төгрөгөөр олгохоор маш тодорхой заасан тул тэр үеийн хамтын гэрээний дагуу олгосон. Хамтын гэрээ хэлэлцээрийг 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож тэтгэмжийг олгож, эцсийн тооцоог хийсэн болно. Оны эхэнд энэ хүмүүсийг тэтгэвэрт гарна гээд төсөв баталсан байсан, түүнийхээ дагуу ажилласан. Сая яриад байгаа шиг хамтын гэрээнд өөрчлөлт орсон зүйл байдаггүй юм. Хуульд заасны дагуу гэрээнд өөрчлөлт хийх ёстой эрх зүйн баримт бичиг шүү дээ. 2013 онд тэтгэвэрт гараад 2014 онд тэтгэмжийн зөрүү гаргуулна гэж өргөдөл өгсөн нь одоо болтол шийдэгдээгүй. Иймд Б.Дашдаваагийн тэтгэмжийн зөрүү олгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: .Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.4.1, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Б.Дашдаваагийн нэхэмжлэлтэй, Алтай-Улиастайн Эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох тэтгэмжийн зөрүү 4.623.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 88.924 төгрөгийг нэхэмжлэгч Б.Дашдаваагаас нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Дашдаваа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дашдаваа би тэтгэмжийн зөрүү болох 4.623.360 төгрөгийг Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-иас нэхэмжилж сум дундын шүүхэд гомдлоо гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг минь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр 2017 оны 5 дугаар сарын 16-нд гаргасан. Иймд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь би 2013 онд бүтэн ажиллаад тэтгэвэртээ гарсан 2013-2014 оны тэтгэвэрт гарсан 16 ажилтанд салбарт ажилласан жил бүрийг 307.200 төгрөгөөр бодож олгосон байдаг. Минийх болохоор 224.640 төгрөгөөр бодсон. Иймд дээрх хүмүүсийн адилаар бодож өгөхийг хүссэн тул миний материалыг дахин танилцаж өгнө үү. 2013 оны 12 дугаар сарыг дуусгавар болгоод тэтгэвэрт гарсан. 2014 оны 1, 2 дугаар сард ажилласан. Яагаад ингэж ялгавартай хандсан юм бэ. 2014 онд тэтгэвэрт гарсан 16 ажилчин 307.200 төгрөгөөр тооцож тэтгэмжээ авсан байгаа. Эрчим хүч, геологи уур уурхайн газраас салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн албан бичиг ирсэн юм байна. Энэ албан бичгийг тэтгэвэрт гарахдаа мэдээгүй байсан. Бичиг ирснийг мэдээд өргөдлөө байгууллагад гаргасан. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Дашдаваа  хариуцагч Говь-Алтай аймаг  Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан тэтгэмжийн зөрүү 4.623.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Дашдаваа нь Говь-Алтай аймгийн Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК /төрийн өмчит хувьцаат компани/-д түлш тос, аж ахуйн няраваар тус байгууллагад 28 жил ажиллаад 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсч ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан “Алтай-Улиастай Эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаний захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2013-2014 оны хамтын гэрээний 4.9 дэх хэсэгт “тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд салбарт ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ” гэж заажээ.

Гэрээний 2.1 дэх хэсэгт “Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөсөн буюу 224.640 төгрөг байна” гэж заажээ.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос 2013 оны 9 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөг байхаар тогтоож, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Дашдаваа нь 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөр тооцож тэтгэмж олгох нь үндэслэлтэй байна.

Хамтын гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000х1.6=307.200 төгрөг байх бөгөөд үүнийг мөн гэрээний 4.9 дэх хэсэгт зааснаар 307.200х2=614.400, 614.400х28=17.203.360 төгрөгний тэтгэмж Б.Дашдаваа нь авах эрхтэй байна.

Гэтэл Тус байгууллага нь хамтын гэрээний 2.1 дэх заалтын эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөсөн хэмжээтэй байна гэсэн заалтын гол агуулгыг анхааралгүй зөвхөн “224.640 төгрөг” байна гэсэн тоонд хөтлөгдөн тухайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлж, гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар 12.579.840 төгрөгний тэтгэмж олгосон нь ажилтны хууль, гэрээнд заасан эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Нөгөө талаар ажилтан нь хууль буюу гэрээнд заасан хэмжээгээр тэтгэмж авах эрхтэй байхад ажил олгогч нь хамтын гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хамтын гэрээний зарим заалтуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудтай уялдуулан зөв тайлбарласан хэдий ч гэрээний 2.1 дэх хэсэгт заасан салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлохдоо уг гэрээний зорилго, агуулгаас харахад шинэчлэн тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд үндэслэхээр байтал зөвхөн тоон утгад ач холбогдол өгч, уг заалтыг хэрэглэснийг оновчтой тайлбарлаж чадаагүй гэж үзнэ.

Иймд Р.Дашдондовын хамтын гэрээний дагуу авах ёстой тэтгэмж болох 20.889.600 төгрөгнөөс авсан гэх 15.275.520 төгрөгийг хасч, зөрүү 5.614.080 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Алтай –Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-иас тэтгэмжийн зөрүүд 5.614.080 төгрөг гаргуулж Р.Дашдондовт олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “улсын тэмдэгтийн хураамж 104.775 төгрөгийг хариуцагч “Алтай–Улиастай эрчим хүчний систем ТӨХК-иас нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

                                ШҮҮГЧИД                                  Б.АРИУНБАЯР

                                                                                   Т.ЖАРГАЛСАЙХАН