Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.У-, С.С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Г.Ганчимэг,

          шүүгдэгч Ү.У-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбатын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 451 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганчимэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ү.У-, С.С- нарт холбогдох эрүүгийн 2015 2501 3076 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д овгийн Ү.У, 1983 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

2. Г овгийн С.С, 1953 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 64 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, зээ хүүгийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Ү.У- нь С.С-тай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хохирогч Б.Дайчинхүүд “7-14 хоногийн дотор арматур төмөр нийлүүлнэ” гэж хуурч, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрчний гудамжны 121 тоот 52.25 м2 талбайтай, 2 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42в байрны 17а тоот 128.92 м2 талбайтай, 4 өрөө орон сууцнуудыг С.С-гийн эзэмшлийн “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн залилан, улмаар дээрх орон сууцнуудыг иргэн С.Жанчивдоржид 200.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, үүний 80.000.000 төгрөгийг иргэн П.Сэргэлэнгийн өрөнд өгч, хохирогч Б.Дайчинхүүд 129.375.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Л.Адъяасүрэнгийн эзэмшлийн 50-18 УНВ улсын дугаартай, “Ланд крузер-100” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр зарж өгнө хэмээн хуурч, улмаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үл таних хүнд 28.000.000 төгрөгөөр зарж, хувьдаа зарцуулан иргэн Л.Адъяасүрэнд 47.700.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 127.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

С.С- нь Ү.У-тай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хохирогч Б.Дайчинхүүд “7-14 хоногийн дотор арматур төмөр нийлүүлнэ” хэмээн хуурч, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрчний гудамжны 121 тоот, 52.25 м2 талбайтай, 2 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 42в байрны 17а тоот, 128.92 м2 талбайтай 4 өрөө орон сууцнуудыг С.С-гийн эзэмшлийн “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн залилан, улмаар дээрх орон сууцнуудыг иргэн С.Жанчивдоржид 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 200.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, үүнээс 120.000.000 төгрөгийг авч, хохирогч Б.Дайчинхүүд 222.674.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ү.У-, С.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч Ү.У-, С.С- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг буцаах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг нарийвчлан тогтоож чадаагүй гэж үзнэ.

Хавтаст хэрэгт С.Жанчивдоржийг хохирогчоор тогтоосон боловч цаашид энэ хэрэгт ямар байр суурьтай оролцох талаар тодорхойгүй, мөн яллах дүгнэлтэд дурдагдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэн Ү.У-, С.С- нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд гэм буруугийн хуралдаан дээр өмгөөлөгч Ш.Баасанцэрэнгийн гаргасан “мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэг дээр ажиллагаа дутуу хийгдсэн, нотолбол зохих байдлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршиг, санаа сэдэлт, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл зэргийг бүрэн гүйцэд нотлоогүй байна... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагаанууд зөрчигдсөн байна. Яллах дүгнэлт гэдэг нь хураангүй хэрэг бөгөөд яллах дүгнэлт дээр хохирогч С.Жанчивдорж гэх хүний нэр байхгүй байна... хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын гэм буруутай гэдгийг нотолсон баримт байхгүй байгаа бөгөөд хэргийг цагаатгах үндэслэл болно. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах саналтай байна. Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд хэн нь хохирогч гэдгийг мэдэхгүй байна. Өмчлөх эрхийг асуудлынхаа хүрээнд мэдээгүй байна. С.Жанчивдорж нь өөрөө жинхэнэ хохирогч, яллах дүгнэлт дээр С.Жанчивдоржийн нэр байхгүй байна...” гэсэн тайлбар нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

Учир нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... шийтгэх, цагаатгах хэлбэртэй” шийдвэр гаргахаар заасан байхад “хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргаж хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг баримталж өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг буцаах үндэслэл бүхий заалтыг баримталсан нь буруу байна.

Шүүгдэгч Ү.У-, С.С- нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул эрүүгийн шүүх хуралдаанаар тэдгээрийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан хэлэлцэх боломжтой.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Ү.У-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... энэ хэргийн жинхэнэ хохирогч бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг зохиомол байдлыг зориуд бий болгосон эд хөрөнгийг өгөөд, 200.000.000 төгрөгөө алдаж байгаа С.Жанчивдорж жинхэнэ хохирогч юм. Тэгэхээр иргэний нэхэмжлэгчээр Б.Дайчинхүү өмчлөх эрхээ сэргээлгэхээр орж ирнэ. С.Жанчивдорж 200.000.000 төгрөгөөр бодитой хохирсон гэж үзэж байна. Прокурорын бичсэн эсэргүүцэлд дүгнэлт хийхэд, шүүхийн шүүн таслах ажиллагаанд халдсан байдал харагдаж байна. Энэ хэрэг их удаан шалгагдсан. Шүүгдэгч С.С- нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхэд эргэлзээтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн буцаасан 451 дүгээр шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцэлд дурдагдсан урьдчилсан хэлэлцүүлэгт гараагүй санал, шүүмжлэл цагаатгах, яллах хэлбэртэй тогтоол гарах ёстой байтал үүнийг зөрчсөн гэсэн гол үндэслэл нь анхан шатны шүүхээр шийдэгдэх боломжгүй ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүх Ү.У-, С.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ү.У-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаажээ.

 

Шүүх, шүүгдэгч Ү.У-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг няцаасан прокурорын үндэслэлүүдийн талаар тус тусд нь дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн аль хүсэлтийг нь ямар үндэслэлээр хүлээн авч байгаа талаар “Хэргийг прокурорт буцаах” тухай шийдвэртээ дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг нарийвчлан тогтоож чадаагүй гэж үзнэ...” гэж тодорхойгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж тайлбарлаагүй, хуулийн хэм хэмжээний зохицуулалт, тэдгээрийн хоорондын хамаарал, уялдаа зэргийг бүрэн илэрхийлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан эсэх нь эргэлзээтэй дүгнэлт хийжээ.

 

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг хэрэглээний болон үйл ажиллагаанд эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан хүсэлтийг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

 

Шүүхийн дүгнэлт нь хэргийн оролцогч нар өөрсдийн гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт хийхэд чухал бөгөөд талуудад маргааныг хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэрлэснийг ойлгуулдагаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлнө.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх захирамждаа тодорхой заалгүй, “хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна” гэж ерөнхий байдлаар дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Шүүх, хэрэг цугларсан нотлох баримтуудад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

Шүүгдэгч Ү.У-, С.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа байгаа, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхэд анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

 

Шүүхээс хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд чухам ямар ажиллагааг нөхөн хийх, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар тодорхой бичих үүрэгтэй.

 

Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 451 дүгээр захирамжид дээрх байдал тодорхой бус байгаа нь тухайн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилго зарчимд нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүх хуралдаанаараа хэлэлцсэн хүсэлтэд дүгнэлт хийгээгүй байхад  давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийх, нөхөн тайлбарлах, бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцнэ.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ү.У-, С.С- нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 451 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ү.У-, С.С- нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Ү.У-, С.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ