Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/175

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А, 

улсын яллагч Н.Д,

хохирогч О.А,  

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2025004900150 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,Л.Б,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Л.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Хаан хуушуур” цайны газрын гадна авто зогсоол дээрээс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим “Энх Мөнх Дэлхий” ХХК-д бүртгэлтэй иргэн О.А-ийн 71-34УАА улсын дугаартай Тоёота марк экс загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван уг тээврийн хэрэгсэлд 958.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Ялаа эдэлж дуусаад ажил хийгээд хохирлоо төлнө.” гэв.

Хохирогч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Үнэлгээг зөвшөөрч байна, хохирлоо төлчихвөл гомдол саналгүй. Тухайн үед утсаа авсан бол цагдаа, шүүх гэхгүй асуудлыг шийдэх боломжтой байсан.” гэв.

Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Эрдэнэт рүү өөрийн 7134УАА улсын дугаартай Toyota Mark Х маркийн хөх өнгийн машинтайгаа найз Б.П-тай хамт явах гэж байхад 28 орчим насны залуу “Эрдэнэт явах уу” гэж асуухаар нь “явна” гээд бид хамт хөдөлсөн. Тэгээд 17 цагийн үед Эрдэнэт орж ирээд...гурвуулаа Уурхайчин баг “Баян” худалдааны төвийн ард “Хаан хуушуур” цайны газрын орчимд засмал зам дагуу машинаа байрлуулаад “Эрхэс” караокед ороод 500гр “Чингис” архи нэг шил, хүн тус бүр нэг, нэг пиво авч ууцгаасан, тэр танихгүй залуу архинаас бага зэрэг уугаад нэг мэдсэн чинь алга болчихсон байхаар нь явчихсан юм байна гэж бодсон. ...Маргааш өглөө нь машин алга болчихсон байсан болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, миний машиныг Хөвсгөл аймгаас олж өгсөн. Л.Б нь 160.000 төгрөгөөр авч байсан “Samsung s6” маркийн гар утсыг, Toyota Mark Х маркийн тээврийн хэрэгслийн хамт авч явсан байсан бөгөөд машинд 1.048.000 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг /хх-18, 20/,

Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...намхан бор царайтай, хар өнгийн куртик өмссөн, майга хөлтэй 30-аад орчим насны, зүүн талын хөмсөгний орчимд хүнд цохиулсан гэмээр шархтай залуу ирээд “ахаа тамхи байна уу” гэж асуухаар нь “надад тамхи байхгүй” гэсэн чинь “машинаа асаах гэсэн юм би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас ирсэн, хэдэн самарт явсан хүмүүстэй явсан чинь машины түлхүүр, гар утсыг маань аваад явсан байна” гэж байсан. Тэгээд надаас “машины түлхүүрээ өгөөч машинаа асаах гэсэн юм” гэхээр нь “миний түлхүүр таарахгүй” гээд өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Гэрч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би найз О.А-ийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Танил" техникийн захын хойд талд “Сайхан” нэртэй авто засварын газар ажиллуулдаг. Миний найз 2020 оны 7 дугаар сарын эхээр 06-12ОРО улсын дугаартай ОРТIMA маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад удаагүй байхад үл таних залуу 71-34УАА улсын дугаартай Toyota Mark Х загварын тээврийн хэрэгсэл засуулах гээд ирсэн. Тэр залуу өөрийнхөө машиныг зарах санаатай байна, нэг бол машинаар солино гэж ярьсан чинь А тэр залуутай ярьж байгаад өөрийнхөө 06-12ОРО улсын дугаартай ОРТIMA маркийн тээврийн хэрэгслийг нөгөө залуугийн 71-34УАА улсын дугаартай Toyota Mark Х загварын тээврийн хэрэгслээр сольж авсан. ...2020 оны 9 дүгээр сарын дундуур самар түүх гээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу...самарт явахдаа О.А өөрийнхөө 71-34УАА улсын дугаартай Toyota Mark Х маркийн машинтай, би 78-86ОРО улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Орхон аймаг руу ирсэн. Хүдэр сумаас гарахдаа би О.А-ийн 71-34УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, О.А миний 78-86ОРО улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гарсан. Би сумын төвийн авто вокзал дээрээс Дархан-Уул аймаг руу очих хоёр эрэгтэй хүн, О.А мөн Хүдэр сумын төвийн авто вокзал дээрээс Орхон аймаг руу ирэх нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүнийг суулгаад явсан. ...Бид хоёрыг хотын төв рүү орж ирээд явж байсан чинь О.А нэг хүнтэй утсаар ярьж дуусаад “сая надтай хамт Хүдэр сумаас ирсэн залуу Хөвсгөл аймаг руу явах гэсэн чинь машин олдохгүй байна, уулзая гэж байна” гэхээр нь “хүрээд ир гээд хэлчих” гэсэн. Тэгээд О.А бид хоёр “Хүлэг” захын хойд талын “Хаан хуушуур” цайны газрын хойд талд уулзаад хамт “Эрхэс” караоке орж үйлчлүүлсэн. Бааранд орох үедээ О.А машинаа “Хаан хуушуур” цайны газрын ойролцоо авто зогсоол дээр байрлуулсан. Бааранд ороод бид гурав пиво, архи авч уусан. Миний хувьд архи ууж байгаад согтсон, өглөө сэрсэн чинь гэртээ унтаж байсан. О.А над руу утсаар яриад “машин алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсанаас хойш 3-4 хоногийн дараа 71-34УАА улсын дугаартай машиныг “Хөвсгөл аймагт байна” гэхээр нь О.А бид хоёр хамт очиж, авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,

Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...“хөх өнгийн Toyota Mark Х маркийн машинаа хулгайд алдчихлаа” гэж үл таних хоёр залуу манай өрөөнд ирсэн, гэхдээ “энэ залуу унаад явсан байна” гээд зураг үзүүлсэн, “зургийг Эрдэнэтийн камерын бичлэг дээрээс хуулж авлаа” гэж хэлсэн, би зураг дээр байсан хүнийг таниагүй, “та хоёр Мөрөн сумын 4 замын утас зардаг хүмүүс дээр очоод зургаа харуулаа, тэдгээр хүмүүс танина байх” гэж хэлээд явуулсан, төд удалгүй нөгөө хоёр залуу “Б гэдэг хүн байна” гэсээр буцаж ирсэн...би тэгээд Б гэдэг хүнийг таньдаг байсан, урд өмнө над дээр хэрэг хийж шалгагдаж байсан учраас эрэн сурвалжлах ажил зохин байгуулж ажиллахад нэг хоногийн өмнө Л.Б нь хөх өнгийн Toyota Mark Х маркийн машин унасан, “Арбулаг сум руу явна” гээд явж байсан гэсэн мэдээлэл авсан...Арбулаг сум руу явдаг зам зааж өгөөд явуулсан төд удалгүй “нуурын хажууд машины дугуйнууд хагарсан байна, унаж яваа хүн нь энд байна” гэж хэлсэн...би нөгөө хоёр залууд машиныг нь хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны намар би Хөвсгөл аймгийн гаралтай Х гэж залуугийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самар түүхээр яваад ууланд очиж 7 хоног самар түүсэн. Би өөрөө Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хулгайн хэргээр шалгагдаж байсан болохоор 7 хоноод эргэж Хөвсгөл аймаг руу явах гээд уулнаас ганцаараа бууж Хүдэр суманд орж ирээд сумын төвийн “Намуун” буудалд нэг хоноод маргааш өдөр Орхон аймагт ирсэн. Би Орхон аймагт ирсэн өдрөө Хөвсгөл аймаг руу явах гэсэн чинь Хөвсгөл явах машин олдоогүй, тэгээд тэр орой Хүдэр сумаас хамт ирсэн хоёр залуугийн хамт караоке орохдоо би өөрийнхөө гар утсыг машинд үлдээсэн байсан бөгөөд бааранд үйлчлүүлж байгаад машинаас нь гар утсаа авах гээд хохирогчийн машин дээр ганцаараа очсон чинь цоожтой байсан. Тэгэхээр нь хохирогчийн машины хажуу талд байсан таксины жолоочид “машиныхаа түлхүүрийг хаячихсан байна” гэж худлаа хэлж тэр хүний машины түлхүүрийг нь авч хохирогчийн машиныг онгойлгож тухайн машиныг асааж унаад Хөвсгөл аймаг руу явсан. Маргааш өглөө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум ороод Мөрөн сумын 10 дугаар хороонд байх эзэнгүй хашаанд оруулж нөгөө машинаа тавьсан. Тэгээд хэд хоногийн дараа эргэж очоод нөгөө машинаа үзсэн чинь байж байхаар нь унаад Мөрөн сумаас Арбулаг сум руу явах гэж байгаад машины дугуй нь хагараад зогсож байхад машины эзэн залуу ирээд намайг цагдаа дээр дагуулж очсон.” гэсэн мэдүүлэг /хх-70-71/,

Иргэн О.А-ээс “2020 оны 10 дугаар сарын 28-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” дэлгүүрийн урд байсан 71-34УАА улсын дугаартай Toyota Mark Х машин алдагдсан байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-9/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-11/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-16/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ОРХ/20-046 дугаартай, Samsung s6 маркийн утасны өнөөгийн зэх зээлийн үнэ цэнийг 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 160.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт /хх-50-53/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаартай, Toyota Mark Х загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5.000.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 958.000 төгрөг, ажлын хөлс 90.000 төгрөг, нийт 1.048.000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээ /хх-57/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-58-59/,

Л.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг /хх-87/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-88-90/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-93-98/,

Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/68 дугаартай “Хоригдол шилжүүлэх тухай” албан бичиг /хх-137-138/,

Ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх-139/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Л.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Хаан хуушуур” цайны газрын гадна авто зогсоол дээрээс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.А-ийн 71-34УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч Л.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О.А-ийн “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр...Л.Б нь 160.000 төгрөгөөр авч байсан “Samsung s6” маркийн гар утсыг, Toyota Mark Х маркийн тээврийн хэрэгслийн хамт авч явсан байсан бөгөөд надад “Samsung s6” гар утас болон машинд 1.048.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх,

гэрч Б.П-гийн “...Бид хоёрыг хотын төв рүү орж ирээд явж байсан чинь О.А нэг хүнтэй утсаар ярьж дуусаад “сая надтай хамт Хүдэр сумаас ирсэн залуу Хөвсгөл аймаг руу явах гэсэн чинь машин олдохгүй байна, уулзая гэж байна” гэхээр нь “хүрээд ир гээд хэлчих” гэсэн. ...О.А над руу утсаар яриад “машин алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсанаас хойш 3-4 хоногийн дараа 71-34УАА улсын дугаартай машиныг “Хөвсгөл аймагт байна” гэхээр нь О.А бид хоёр хамт очиж, авч ирсэн.” гэх,

гэрч Г.Г-ын “...хөх өнгийн Toyota Mark Х маркийн машинаа хулгайд алдчихлаа гэж үл таних хоёр залуу манай өрөөнд ирсэн, ...нөгөө хоёр залуу “Б гэдэг хүн байна” гэсээр буцаж ирсэн...би тэгээд Б гэдэг хүнийг таньдаг байсан, урд өмнө над дээр хэрэг хийж шалгагдаж байсан учраас эрэн сурвалжлах ажил зохин байгуулж ажиллахад нэг хоногийн өмнө Л.Б нь хөх өнгийн Toyota Mark Х маркийн машин унасан, “Арбулаг сум руу явна” гээд явж байсан гэсэн мэдээлэл авсан...Арбулаг сум руу явдаг зам зааж өгөөд явуулсан төд удалгүй “нуурын хажууд машины дугуйнууд хагарсан байна, унаж яваа хүн нь энд байна” гэж хэлсэн...би нөгөө хоёр залууд машиныг нь хүлээлгэж өгсөн.” гэх,

Л.Б-ын “...Би Орхон аймагт ирсэн өдрөө Хөвсгөл аймаг руу явах гэсэн чинь Хөвсгөл явах машин олдоогүй, тэгээд тэр орой Хүдэр сумаас хамт ирсэн хоёр залуугийн хамт караоке орохдоо би өөрийнхөө гар утсыг машинд үлдээсэн байсан бөгөөд бааранд үйлчлүүлж байгаад машинаас нь гар утсаа авах гээд хохирогчийн машин дээр ганцаараа очсон чинь цоожтой байсан. Тэгэхээр нь хохирогчийн машины хажуу талд байсан таксины жолоочид “машиныхаа түлхүүрийг хаячихсан байна” гэж худлаа хэлж тэр хүний машины түлхүүрийг нь авч хохирогчийн машиныг онгойлгож тухайн машиныг асааж унаад Хөвсгөл аймаг руу явсан.” Гэх мэдүүлгүүдээр, мөн

иргэн О.А-ээс “2020 оны 10 дугаар сарын 28-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” дэлгүүрийн урд байсан 71-34УАА улсын дугаартай Toyota Mark Х машин алдагдсан байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ОРХ/20-046 дугаартай, Samsung s6 маркийн утасны өнөөгийн зэх зээлийн үнэ цэнийг 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 160.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаартай, Toyota Mark Х загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5.000.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 958.000 төгрөг, ажлын хөлс 90.000 төгрөг, нийт 1.048.000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээ зэргээр тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүх шүүгдэгч Л.Б-ын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шууд санаатай, шунахай сэдэлтэй, мөн хохирогчтой ямар нэгэн харилцаагүйгээр автомашиныг нь авсан, улмаар хохирогчийн өмчлөх эрхийг нь зөрчсөн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

 

Хохирол төлбөрийн талаар;

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаартай, Toyota Mark Х загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5.000.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 958.000 төгрөг, ажлын хөлс 90.000 төгрөг, нийт 1.048.000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээ хэрэгт авагджээ.

Дээрх баримтуудаар тогтоогдсон 1.048.000 төгрөгийг шүүгдэгч Л.Б-аас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүгдэгч Л.Б-ыг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, торгох ялын 900.000 төгрөгийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 60 хоногийн хорих ялаар тооцож, шүүгдэгч Л.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулах, мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор, оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 9 сар 7 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн дүгнэлтийг гаргаж,

шүүгдэгч Л.Б нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял өгнө үү, ялаа эдэлж дуусаад хорих ангиас суллагдаад ажил хийж хохирлыг төлнө.” гэв.

Шүүх шүүгдэгч Л.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлөөгүй, мөн шүүгдэгчийн удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт 60 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах,  

мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 9 сар 7 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах  зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан, шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 60 хоногийн буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч Л.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-аас 1.048.000 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багт оршин суух,  хохирогч О.А-д олгосугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ