| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0169/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/176 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,
улсын яллагч Н.Д,
хохирогч П.Т,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000163 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Г,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 65-7 тоотод иргэн П.Т-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ; “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б, Б, Б бид дөрөв архи уусан, 15 цагийн үед Т согтуу орж ирээд Б, Б нартай маргаад агсраад байсан. Би хүрзээр цохиогүй, намайг хүрзээр цохисон гээд байх юм. Би “цагдаа, шүүхээр шалгуулья” гэдгээ хэлсэн, хохирогч өөрөө л агсраад байсан, би зодож, цохиогүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Т мэдүүлэхдээ; “...Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 65-7 тоотод амьдрах болсон гэдгээ найз Б надад хэлсэн, тэгээд би тэднийд очсон. Б.Г над руу дайраад төмөр иштэй юмаар цохисон, гэтэл Б “цагдаа гээд яахав, мөнгө өгье” гэж байсан. Энэ хүн согтохоороо онгироо зантай болж “Булганд хүчингийн хэргээр ял эдэлж байгаад өлсгөлөн зарлаад гарч ирсэн” гэдэг. Би энэ хүнээс мөнгө нэхээгүй, харин энэ хүн олдохгүй байсан юм. Энэ хүнд цохиулсны дараа 15 орчим хоногийн дараа утсаар залгаад “явдаг юмаараа яв, зулбасга минь” гэсэн, би их гомдолтой байна. Би энэ хүнийг гүтгээгүй, миний нүүр сорвитой болсон, бас хамар хугарсан тул эмчлүүлнэ.” гэв.
Хохирогч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд “Б-ын байгаа газарт очъё” гээд ганцаараа очсон. Ингээд намайг гэрт нь ороход Б, Б, Г ах, танихгүй нэг эрэгтэй, нэг эмэгтэй байж байсан. Тэд нар архи уугаад байж байсан, надад архинаасаа өгсөн. Г ах хэвтэж байснаа босож ирээд над руу дайраад “энэ хэн юм, юу хийж байгаа юм, чамайг ална шүү” гээд байхаар нь “чамд алуулна гэж юу байхав” гээд бид хоёрын дунд маргаан болсон. Маргалдаад байхаар нь гэрийнх нь тамбар хэсэгт гараад Б-ын хамт тамхи татаад зогсож байсан чинь Г ах гарч ирээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон, тэгэхээр нь хартал гартаа төмөр иштэй зүйл барьчихсан байсан, яг юугаар цохисон гэдгийг харж чадаагүй, цохиулаад би байшин дотор ороод толинд харсан чинь миний баруун нүдний булан, хамраас их цус гарч байсан. ...гомдолтой байна. ...баруун талын нүд рүү төмрөөр цохичихсон...тэр ах “алнаа би чамайг” гээд байсан. ...намайг цохиж байхыг Б, Б хоёр хажууд зогсож байгаад харсан.” гэсэн мэдүүлэг /хх-11, 13/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би их согтсон, ямар ч байсан Т ороод ирчихсэн байсан, тэгээд энгийн хувцастай цагдаа ирэхэд сэрсэн, ...миний санаж байгаагаар эхнэрийг ирсэн байхад Т байсан, нүднийхээ орчимд цагаан наалт наасан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Б-ын найз гэх сайн танихгүй залуу ганцаараа согтуу орж ирсэн. Би Ө-ын хамт усанд яваад ирсэн чинь танихгүй залуугийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-20/,
Гэрч О.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Г ахынд буюу Наран багт байдаг гэрт нь 20 цагийн үед очсон чинь Б, Б, О, Б нар архи уучихсан байсан, ...намайг байхад ямар нэгэн хэрүүл зодоон болоогүй. Харин намайг ирэхэд Б-ын найз Б гэх залуу ирээд агсам тавьж байгаад Г ахтай маргалдаад гэж ярьсан, хэн нь хэнийгээ цохисон талаар яриагүй.” гэсэн мэдүүлэг /хх-22/,
Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд найз О над руу залгаад “Б эхнэртэйгээ, бас хуурай хоёр ах хамт байна” гээд намайг Наран багт дуудсан, ...бид нар ойрд уулзаагүй юм чинь гээд архи, пиво уусан, 17 цагийн орчимд манай найз болох Т согтуу ороод ирсэн. Тэгээд гэрийн эзэн Г ах “энэ яах гэж ирсэн юм, явуул” гэсэн чинь Т “чи намайг хөөдөг хэн бэ” гээд маргалдаад барьцалдаад заамдалцаад байсан. Тэгээд Б бид хоёр салгаад Г ахад “манай найз байгаа юм, та боль” гээд Б Тыг аваад гарсан. Би араас нь гараад Б, Т хоёрыг үлдээгээд бие засчихаад гараад иртэл Тын нүдний доод хэсэг хацар орчмоос нь цус гоожсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “Г ах намайг цохичихлоо” гэсэн ...хажууд нь Б байсан.” гэсэн мэдүүлэг /хх-23/,
Гэрч С.А-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Энэ өдөр найз залуу болох Быг архи уучихсан байхаар нь “очиж авъя” гээд Наран баг 65-7 тоотод орой 22 цагийн орчимд байх очиж авсан. Намайг очиход тэр байшинд Б түүний эхнэр М, Б нар байсан, Б надтай утсаар ярихад “Т-ыг согтуу ирээд хэрүүл хийгээд байна” гэж ярьсан гэхдээ зодооны талаар яриагүй. Намайг очиход Г байгаагүй, харин Т нүднийхээ ойр орчимд цагаан өнгийн бинт наачихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-30/,
Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...согтуу танихгүй залуу орж ирээд хүн, хүн рүү үсчээд, агсамнаад байсан. Тэгээд би нөхөртэйгөө гадаа хойд хаалганых нь тэнд зогсоод “явна, явахгүй” гээд маргалдаад байж байсан чинь тэр залуу байшингаас гарч ирэхдээ нүдээ дарсан цус гоожсон байсан. ...тэр залуу Г ахыг цохичихлоо гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-31/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-ийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 252 дугаартай “...1.П.Т-ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний гадна өнцөгт нэг тооны няцарсан шарх, нүүрэнд нэг тооны зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний гадна өнцөгт үүссэн няцарсан шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-34-35/,
Шинжээч эмч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...П.Т нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ирж үзүүлсэн, 4 дүгээр сарын 06-ны өдрийн хамрын ясны рентген зурагтай, амбулаторийн картанд гэмтлийн эмчийн бичигдсэн үзлэгт баруун нүдний гадна өнцөгт 2см урт оёдол тавигдсан, няцарсан шархтай, баруун нүдний доод зовхи хавдартай, хамрын нуруунд эмзэглэлтэй байсан зэргээс үзэхэд П.Т-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...гэмтэл нь гараар цохиход үүсч болно.” гэх мэдүүлэг /хх-38-39/,
Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...дуу чимээ их гараад байхаар нь босоод ирсэн чинь тэр залуу агсан тавиад, салаавч гаргаад байхаар нь би “манай гэрээс зайл” гэсэн чинь “ийм гэр байдаггүй юм” гээд олон юм яриад байсан, бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдаад барьцалдаад авсан чинь хамт байсан хүмүүс салгаад, Б “зайл” гээд хөөсөн. Т гэх залууг зодож, цохисон зүйл байхгүй. ...Би тэр зодоон болсон гэх өдөр түрүүлээд яваад өгсөн, ... Т гэх залууг хэн ч дуудаагүй байхад өөрөө согтуу машинаа бариад ирсэн, тэгээд гэрт орж ирчихээд Бтой ч маргалдаад, Бтой ч маргалдаад байсан, тэгээд салаавч гаргаад байхаар нь “наадахаа зайлуулаач” гээд маргалдсан, гэхдээ биед нь огт гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-15, 44/,
иргэн П.Т-ын “Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 66 дугаар гудамжинд байх найзынхаа гэрт үл таних залууд зодуулж гэмтэл авсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
иргэн П.Т-ын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-6/,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8/,
Б.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/,
хохирогч П.Т-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-68-72/, эмчилгээтэй холбоотой 94.100 /30.000+20.000+3600+30.000+8500+2000/ төгрөгийн хохирлын баримтууд /хх-73-78/,
Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-82-90/,
хохирогч П.Т-ын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Миний бие П.Т Б.Г-аас хохирол болох 600.000 төгрөгийг хүлээн авлаа, цаашид хохирол, гомдолгүй болно.” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 65-7 тоотод иргэн П.Т-ын нүүрэн тус газарт цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.Т-ын “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр...намайг гэрт нь ороход Б, Б, Г ах, танихгүй нэг эрэгтэй, нэг эмэгтэй байж байсан. Тэд нар архи уугаад байж байсан, ...Г ах хэвтэж байснаа босож ирээд над руу дайраад “энэ хэн юм, юу хийж байгаа юм, чамайг ална шүү” гээд байхаар нь “чамд алуулна гэж юу байхав” гээд бид хоёрын дунд маргаан болсон. ...Г ах гарч ирээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон, ...цохиулаад би байшин дотор ороод толинд харсан чинь миний баруун нүдний булан, хамраас их цус гарч байсан.” гэх,
гэрч Б.Б-ын “...Би нилээн их согтсон ямар ч байсан Т ороод ирчихсэн байсан, ...нүднийхээ орчимд цагаан наалт наасан байсан.” гэх,
гэрч Э.О-ын “...танихгүй залуугийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан.” гэх,
гэрч Ч.Бын “...манай найз болох Т согтуу ороод ирсэн. Тэгээд гэрийн эзэн Г ах “энэ яах гэж ирсэн юм, явуул” гэсэн чинь Т “чи намайг хөөдөг хэн бэ” гээд маргалдаад барьцалдаад заамдалцаад байсан. ...бие засчихаад гараад иртэл Т-ын нүдний доод хэсэг хацар орчмоос нь цус гоожсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “Г ах намайг цохичихлоо” гэсэн.” гэх,
гэрч С.А-ны “...намайг очиход Г байгаагүй, харин Т нүднийхээ ойр орчимд цагаан өнгийн бинт наачихсан байсан.” гэх,
гэрч Б.М-ийн “...тэр залуу байшингаас гарч ирэхдээ нүдээ дарсан цус гоожсон байсан. ...тэр залуу Г ахыг цохичихлоо гээд байсан.” гэх,
шинжээч эмч Ж.Г-ийн “...баруун нүдний гадна өнцөгт 2см урт оёдол тавигдсан, няцарсан шархтай, баруун нүдний доод зовхи хавдартай, хамрын нуруунд эмзэглэлтэй байсан зэргээс үзэхэд П.Тын биед үүссэн дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...дээрх гэмтэл нь гараар цохиход үүсч болно.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-ийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 252 дугаартай дүгнэлт, иргэн П.Т-ын “Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 66 дугаар гудамжинд байх найзынхаа гэрт үл таних залууд зодуулж гэмтэл авсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, иргэн П.Т-ын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч П.Т-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмчилгээтэй холбоотой гарсан зардлын талаарх 94.100 төгрөгийн хохирлын баримтууд, хохирогч П.Т-ын “Миний бие П.Т Б.Г-аас хохирол болох 600.000 төгрөгийг хүлээн авлаа, цаашид хохирол, гомдолгүй болно.” гэсэн хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь хохирогч П.Т-ын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирол төлбөрийн тухайд;
Хохирогч П.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 94.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар баримтыг хэрэгт хавсаргуулсан бөгөөд эдгээр баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан байх тул 94.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэсэн болно.
Харин хохирогч П.Т нь шүүхийн хэлэлцүүлгийн үед “цаашид эмчилгээ хийлгэж, хамраа тэгшлүүлэхэд зарцуулагдах 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаар баримт гаргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Г нь хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаснаар шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь хохирогчид 600.000 төгрөгийг төлсөн, хохирогч П.Т нь “Б.Г-аас хохирол болох 600.000 төгрөгийг хүлээн авлаа, цаашид хохирол, гомдолгүй болно.” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 252 дугаартай дүгнэлт, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг,
шүүгдэгч нь хохирогчид нотлох баримтаар тогтоогдсон 94.100 төгрөг, мөн цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд 505.900 төгрөг нийт 600.000 төгрөгийг төлснийг, мөн хохирогч П.Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ