| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0177/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,
улсын яллагч Н.Д,
хохирогч Ц.Эын өмгөөлөгч Ц.Э,
шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Д.О,
гэрч Э.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт П.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000131 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн П.Э,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч П.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 02- 06 тоотод 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр согтуурсан үедээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу өндөр настай, хоёр удаа артерийн даралт ихсэж харвасан өвчин эмгэгтэй, согтуурсан Ц.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гутлаар цохиж зүүн гарын шууны ясыг нь хугалж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ; “...2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Э-ын гэрт ороход ганцаараа тасарчихсан байхаар нь би арай гэж орон дээр гаргаж хэвтүүлсэн. Миний нас барсан эмэгтэй дүүг их муухайгаар хэлээд байхаар нь би гарлуу нь 2-3 удаа гутлаар цохичихоод гарсан. Хохирогч ууттай нүүрсээ даахгүй зуух руугаа унасан гэж хэлж байсан, мөн “хүү тусдаа гарах гэж байгаа, мөнгө төгрөг хэрэгтэй” байгаа гэж ярьж байсан. Би хохирогчийг 7 хоногт эмнэлэгт сахисан, намайг сахиж байхад эмнэлэгт байхдаа өөрөө хөл дээрээ явдаг байсан, энэ талаар бичлэг нь байгаа. Гэтэл эмнэлгээс гарахын өмнө гурван хүү нь ирээд “15.000.000 төгрөг өгчих” гэхээр нь “ахад нь тийм их мөнгө байхгүй юм чинь юугаа өгөх вэ” гэхэд мөнгө нэхээд байсан. Би “гарыг нь эдгээж өгье” гэдгээ хэлсэн. 5.000.000 төгрөг аваад гомдол, саналгүй гэж бичиж өгсөн боловч цагдаагийн байгууллагад хандсан. Хохирогч хоёр удаа харвасан тул энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлье гэж бодож байна, гар хугарсан хүн ямар эмчилгээ хийлгэдэг юм тэр эмчилгээг нь хийлгэж, 5.000.000 төгрөгөөс гар хугарсныг эмчлүүлэхэд зарцуулагдах зардлыг хасаад илүү төлсөн мөнгөө буцааж авах хүсэлтэй байсан, одоо 5.000.000 төгрөгөөс буцаан мөнгө нэхэмжлэхгүй, харин миний хүү Солонгос Улсад ажилладаг, надад мөнгө явуулна гэсэн тул би хохирогчийн асарч, сувилуулахтай холбогдон гарсан зардал болох 1.260.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Намайг өршөөлд хамруулж өгнө үү.” гэв.
Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр миний хүү И нь ажилдаа яваад би ганцаараа үлдсэн, оройхон Э гэх танил 0.33л шилтэй тал архийг бариад манайд орж ирсэн. Э-ыг манайд орж ирэхээс өмнө би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Э-ын авч ирсэн архийг хувааж уусан, тухайн үедээ Э бид хоёр маргалдсан, тэр үед би нэлээн согтуу байсан, юунаас болж маргалдсанаа санахгүй байна, нэг мэдэхэд Э намайг шалан дээр хэвтэж байхад миний дээр гарчихсан толгой, нүүрэн хэсэг рүү гутлаараа цохиод байсан, тэгээд би өөрийнхөө толгой, нүүр хэсгийг зүүн гараараа дарсан, миний гар руу гутлаараа цохих үед өвдөлт мэдрэгдсэн. ...Э намайг зодоод гараад явсан, П.Э-тай маргалдаж байхад миний өмссөн байсан хоёр давхар өмдийг тайлах гээд татаад байхаар нь би өөрийнхөө өмдийг татан эсэргүүцэхэд намайг гараараа болон гутлаараа зодож эхэлсэн бөгөөд би өөрийгөө гараараа хамгаалсан. Би тухайн үед хоёр давхар өмд, өмдний дотуур дотоожтойгоо байсан. Гадна талын өмд бараан саарал өнгийн өмд байсан...маргааш нь сэрэхэд цайвар саарал өнгийн өмд, дотоожтойгоо сэрсэн. П.Э-ын эхнэр маргааш нь гэрт ирээд миний өмдийг манай хүү И болон И нарт хүлээлгэн өгсөн. ...Би П.Э-аас 5.000.000 төгрөг авч, цаасан дээр “гомдолгүй” гэж бичиж гарын үсэг зурсан. ...П.Э-д зодуулаад миний биеийн зүүн гар хугарсан, толгой хавдсан, баруун гар болон бөгсний хэсэг улайж зулгарсан байсан. Одоо алхаж чадахгүй байгаа учраас бусдын асаргаанд байгаа тул их гомдолтой байна. Эд хөрөнгийн ямар нэгэн хохирол учраагүй.” гэсэн мэдүүлэг /хх-14, 16-17, 19/,
Гэрч Э.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 28-нд гэртээ ирэхэд манай аав Э хүнд зодуулсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар аав Э-аас асуухад таньдаг Э гэх залууд зодуулсан гэж хэлсэн, “яагаад над руу залгаагүй юм бэ” гэхэд “би залгаж чадахгүй байсан” гэж хэлсэн. Манай аавын нүд нь хөхөрч хавдсан, зүүн гар нь хугарч, баруун гарын сарвуунууд хавдаж, хоёр өвдөг шалбарсан, нуруу бөгсний хэсгээр улайж зулгарсан байсан. ...аав Э-ыг эмнэлэгт үзүүлэхэд “зүүн гар нь хугарсан, баруун гарын сарвууны зөөлөн эд гэмтсэн байна” гэж эмч хэлсэн. Тухайн өдрөө аав Э нь “Талын булаг” гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...П.Э эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Талын булаг” эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлэхэд нь асран хамт байсан.” гэсэн мэдүүлэг /хх-25-26, 28/,
Гэрч Б.Наранцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Ц.Э манай эмнэлэгт ирэхдээ биеийн байдал хүнд, нүд хөхөрч хавдсан, босож ганцаараа явах чадамжгүй, биеийн байдлыг нь асуухаар бүдэг дуугаар хариулдаг байсан, юу болсон талаар асуухад “хүнд зодуулсан” гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан, мөн Ц.Э-ыг асарч байсан П.Э гэх хүн нь “би зодсон” гэж хэлсэн, гар нь гипстэй ирж байсан. ...манай эмнэлгээс Ц.Э гарахдаа биеийн байдал нь сайжирч, хаван хавдар нь буусан, хүнээр түшүүлж явж байсан. ...Талын булаг нэртэй дотор, уламжлалтын эмнэлэгт 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-30, 32/,
Гэрч Н.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Манай нөхөр Э нь гэртээ орж ирэхдээ нүүр, ам нь цонхийж цайсан байдалтай орж ирээд “Ц.Э их муухай, муу хүн байна” гэж хэлсэн. Гаднаас орж ирэхдээ өөрийнхөө ноосон цамцтай, гадуураа куртикгүй, малгайгүй, доогуураа өөрийнх нь биш өөр өмд өмссөн орж ирсэн. ...2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өглөө Э над руу залгаж “чи хурдан хүрээд ирээ, И манайд байна, би Э-ыг зодсон байна гэж И надад хэллээ” гэхээр нь би Э-ын гэрийн гадаа шууд очтол манай нөхөр Э, И, И нар намайг хүлээж байсан, тэгээд бид хэд дотогш байшин руу ороход Э буйдан дээрээ сууж байсан, ...И нь бид хоёрт хандаж “П.Э ах манай аавыг зодсон, гар хуруу нь хавдсан байна” гэж хэлсэн, би “Ц.Э-ыг хурдан эмнэлэгт үзүүлье” гэхэд И, И хоёр “цагдаад мэдэгдье” гэхэд Ц.Э, П.Э хоёр “цагдаа яах вэ” гэж хэлсэн. ...рентген зурган дээр “зүүн гарын шууны нэг савх нь хугарсан байна” гэсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр очиж зүүн гаранд нь гипс тавиулсан. Э бид хоёр 15 цагийн үед цагдаагийн үүдэн дээр ирээд зогсож байтал И над руу залгаад “эгчээ тохиролцьё, 5.000.000 төгрөгийг чинь авья, тэгээд салья, гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгье” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн дансанд байсан мөнгөө нөхөр П.Э-ын данс руу шилжүүлсэн, нөхөр Э нь Ц.Э-ын данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ц.Э нь “гомдол санал байхгүй, 5.000.000 төгрөг авсан” гэсэн бичиг хийж өгөөд гарын үсэг зурсан.” гэсэн мэдүүлэг /хх-37-40/,
Гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Манай “эмнэлэгт Ц.Э нь 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Ц.Э анх тэргэнцэр дээр суун хоёр хөл нь мэдээгүй, нурууны суулттай, зүүн гарын шуу хэсгээрээ хугархай, гипстэй ирж байсан. ...Ц.Э нь нурууны архаг суулттай байсан бөгөөд уг суулт нь унах үед сэдрэн мэдрэлийн ёзоор дарагдаж хоёр хөл мэдээгүй болсон байсан. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ биеийн байдал сайжирч хөлөө өөрөө хөдөлгөн, өөрөө юм түшин зогсож чаддаг болсон. Ц.Э-ын хоёр хөл нь мэдээгүй, нурууны суулт үүсэх шалтгаан нь олон жилийн дунджаас хүнд ажил хийснээс эсвэл ясны сийрэгжилт үүссэн эрдэс дутагдсанаас бий болсон. Хүний биеийн нурууны L1-L5 хүртэлх нугалмуудад суулт үүсэх юм уу, диск цүлхийсэн тохиолдолд болон бусад эмгэгүүд үүссэнээс болж хоёр хөл мэдээгүй болдог. ...тухайн үед Ц.Э-ын нурууны рентген зураг байсан бөгөөд рентген зургийг харахад ямар нэгэн нурууны ясны хугарал, цууралт харагдаагүй, харин нурууны яс ургалт, муруйлт нугалам хоорондын зай ойртсон өөрчлөлтүүд нь олон жилийн эрдсийн дутагдлаас бий болдог.” гэсэн мэдүүлэг /хх-42/,
Шинжээч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Ц.Э-ын биед үзлэг хийхэд зүүн шуунд гөлтгөнөн боолттой байсан, өөр биеийн хэсэгт ямар нэгэн гэмтлийн ул мөр байгаагүй. Шүүх эмнэлэг гэрэл зургаар дүгнэлт гаргадаггүй, надад гэрэл зураг үзүүлсэн эсэхийг санахгүй байна. Ц.Э-ын биед үүссэн зүүн шууны ясны хугарал, тархи доргилтын улмаас ямар нэгэн үлдэц үлдэхгүй эдгэрнэ. 2021 оны 1 дүгээр сарын 27-ноос 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 36 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд дээрх зурган дээрх гэмтлүүд ул мөргүй эдгэрч арилна.” гэх мэдүүлэг /хх-44/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 179 дугаартай “...1.Ц.Э-ын биед зүүн шууны ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтэл нь цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 5.Зүүн шууны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархи доргилт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 7.Гэмтэл нь 2021 оны 1 дүгээр сарын 27-нд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хх-46-47/,
П.Э-ын шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Би 2021 оны 1 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед би өөрийн гэртээ хоёр лааз пиво уучихаад, 0.33л архинаас талыг уучихаад үлдсэн архийг халаасандаа хийгээд Эад аваачиж өгөх санаатай гэрээсээ гарсан. Э-ын гэрт очиход Э нэлээн согтуу байсан, Э-ын биеийг асуутал “хоёр хөл сулраад архи уучихаар нэмэргүй болж, нүүрсээ оруулахдаа өндөр довжоон дээр унах гээд байдаг болж дээ” гэхээр нь би Э-аас “чи хэнтэй архи уусан юм” гэж асуутал “би ганцаараа “Сэржим” архи уусан” гэж хэлсэн. ...Э нь надад хандаж “чи авгайнхаа алыг маажиж долоосон уу” гэж хэлсэн. Мөн “Ц, Б хоёр явалддаг талаар хүн бүхэн мэднэ дээ” гэж хэлсэн. Тэгээд миний төрсөн дүү талийгаач Алтайг тойрон аялалаар явдаг, “танай дүү чинь ч янхан, дэвсгэр дээ” гэж хэлэхээр нь босч очоод “миний муу хайртай дүүгийн ясыг өндөлзүүлж доромжиллоо” гэж хэлээд өөрийн өмсөж явсан гутлаараа зүүн гар руу нь цохичхоод, өмдөө өмсөөд уурандаа күртик, малгайгаа ч авалгүй гараад гэртээ харьсан. ...Би хүүхдүүдэд нь хандаж “эхлээд эмнэлэгт очиж аавыг чинь үзүүлэе, би цохисон нь үнэн” гэж хэлээд эмнэлэг явсан. Медипас эмнэлэгт бүх ясны зургийг нь авахуулсан, хүүхэд, ах дүү нарынх нь хүсэлтээр “Талын булаг” гэх эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээний төлбөр болон ойр зуурын хэрэглээний зүйлийг авч өгсөн...Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ...манай дүүг “дэвсгэр, янхан байсан” гэж хэлэхэд нь маш их уур хүрэн гомдож, Ц.Э-ыг өөрийн гутлаараа гар луу нь хоёр удаа цохиж, гэмтээсэн нь үнэн.” гэсэн мэдүүлэг /хх-52-53, 58-59, 61, 159-160/,
иргэн Э.И-ийн “2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 2-6 тоотод аав Э нь бусдад зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Э.И-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-5/,
“...хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй, гутлын ирмэг хэсгээр саарал оруулгатай, гутлын улны өсгийн зузаан 3см, урд хэсгээр 2см зузаантай ул хэсэг барзгар хээтэй гутлын нийт урт 28см өргөн 10.5см хэмжээтэй хар өнгийн богино түрүүтэй гутал байна.” гэсэн шүүгдэгч П.Э-ын гэх хар өнгийн гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-7/,
П.Э-аас гаргаж өгсөн хар өнгийн нэг хос гутал, хохирогч Ц.Э-ын гарын рентген зураг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8-9/,
П.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-69-72/,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-73/,
хохирогч Ц.Э-ын гарын үсэг бүхий “энэ хүнд гомдолгүй, 5.000.000 төгрөг авсан” гэсэн, мөн шүүгдэгч П.Э-аас хохирогч Ц.Э-ын дансанд “эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын төлбөр” гэсэн гүйлгээний утгатай 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн баримт /хх-86/,
хохирогч Ц.Э-ын толгойн тодосгогч бодисгүй комьютерт томографийн шинжилгээ 1 хуудас /хх-93/,
“Медипас” эмнэлгийн 30300-Шуу 2 байрлалын, 30300-Сарвууны 2 байрлалын, 30300-Толгойн 2 байрлалын рентген зургийн тайлбарууд 3 хуудас /хх-94-96/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн дэвтэрийн хуулбар /хх-97-105/,
хохирогч Ц.Э зодуулсны дараа авхуулсан фото зургууд /хх-108-116/, түүний өвчний түүх /хх-120-150/,
Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эм тариа хэрэглэсний зардал гэх 396.000 төгрөгийн баримт /хх-193-220/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 172 дугаартай “Тус багийн иргэн Ц.Э нь Нарангийн 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суудаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн төрсөн ах болох Ц.Э-ыг асардаг нь үнэн болохыг уламжилья” гэсэн тодорхойлолт /хх-221/,
Ц.Э-гийн Хаан банкны дансны хуулга /хх-222-228/,
Ц.Э, Ц.Э нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээ /хх-229/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч П.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 02-06 тоотод 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр согтуурсан үедээ хохирогч Ц.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гутлаар цохиж зүүн гарын шууны ясыг нь хугалж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Э-ын “...2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр, оройхон Э гэх танил 0.33л шилтэй тал архи бариад манайд орж ирсэн. ...би нэлээн согтуу байсан, юунаас болж маргалдсанаа санахгүй байна, нэг мэдэхэд намайг шалан дээр хэвтэж байхад Э миний дээр гарчихсан толгой, нүүрэн хэсэг рүү гутлаараа цохиод байсан, тэгээд би өөрийнхөө толгой, нүүр хэсгийг зүүн гараараа дарсан, миний гар руу гутлаараа цохих үед өвдөлт мэдрэгдсэн.” гэх,
гэрч Э.И-гийн “...2021 оны 1 дүгээр сарын 28-нд гэртээ ирэхэд манай аав Э хүнд зодуулсан байдалтай байсан. ...таньдаг Э гэх залууд зодуулсан гэж хэлсэн. ...Манай аавын нүд нь хөхөрч хавдсан, зүүн гар нь хугарч, баруун гарын сарвуунууд нь хавдаж, хоёр өвдөг шалбарсан, нуруу бөгсний хэсгээр улайж зулгарсан байсан. ...аав Э-ыг эмнэлэгт үзүүлэхэд “зүүн гар нь хугарсан, баруун гарын сарвууны зөөлөн эд гэмтсэн байна” гэж эмч хэлсэн.” гэх,
гэрч Б.Н-ын “...Ц.Э манай эмнэлэгт ирэхдээ биеийн байдал хүнд, нүд нь хөхөрч хавдсан, босож ганцаараа явах чадамжгүй, юу болсон талаар асуухад “хүнд зодуулсан” гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан, мөн Ц.Эыг асарч байсан П.Э гэх хүн нь “би зодсон” гэж хэлсэн, гар нь гипстэй ирж байсан.” гэх,
гэрч Н.Татьяанагийн “....И нь бид хоёрт хандаж “П.Э ах манай аавыг зодсон, гар хуруу нь хавдсан байна” гэж хэлсэн, ...рентген зурган дээр “зүүн гарын шууны нэг савх нь хугарсан байна” гэсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр очиж зүүн гаранд нь гипс тавиулсан.” гэх мэдүүлгүүдээр,
иргэн Э.И-гийн “2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 2-6 тоотод аав Э нь бусдад зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч П.Э-ын гуталд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч П.Э-ын үйлдэл нь хохирогч Ц.Э-ын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Э нь согтуурсан үедээ өндөр настай, хоёр удаа артерийн даралт ихсэж харвасан өвчин эмгэгтэй, согтуурсан Ц.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн гарын шууны ясыг нь гутлаар цохиж хугалан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,
харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт П.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Хохирол төлбөрийн талаар;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Ц.Э-ын гарын үсэг бүхий “энэ хүнд гомдолгүй, 5.000.000 төгрөг авсан” гэсэн, мөн шүүгдэгч П.Э-аас хохирогч Ц.Э-ын дансанд “эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын төлбөр” гэсэн гүйлгээний утгатай 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн баримт хэргийн 86 дугаар талд авагджээ.
Хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд зарцуулагдсан 500.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан гэх бөгөөд энэ тал дээр талууд маргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Ц.Э-ын өмгөөлөгч Ц.Э нь “эм тарианы зардал 396.000 төгрөг, мөн хохирогчийг Э-аар асруулсны зардалд нэг сарын 500.000 төгрөгөөр тооцон 3 сарын асаргааны хөлсөнд 1.500.000 төгрөг, нийт 1.896.000 төгрөг” нэхэмжилсэн болно.
Шүүх хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлахад эм тарианы зардал гэх 396.000 төгрөгийн баримтууд нь хэн, хэзээ, хэрэглэсэн нь тодорхойгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-ын биед зүүн шууны ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд зүүн шууны ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 179 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.
Хоёр удаагийн артерийн даралт ихсэж, харвалт өгсөн Ц.Э-ын биед тархи доргилт гэмтлийг шүүгдэгч учруулсан, энэ гэмтлийн улмаас хохирогчийг бусдаар асруулж, сувилуулж байгаа гэж гэрч Э.И болон хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нар тайлбарлаж, Ц.Э, Ц.Э нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээг гаргаж өгсөн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Иймд хохирогч нь асарч сувилуулахтай холбоотой гарсан зардлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгч “хохирогчийг Э-наар асруулсны зардалд нэг сарын 500.000 төгрөгөөр тооцон, 3 сарын асаргааны хөлсөнд 1.500.000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжилсэн боловч 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээнд үнийн дүнг талууд 420.000 төгрөг байхаар тохиролцсон байх тул шүүх гэрээний үнийн дүнгээр 420.000 x 3 = 1.260.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, илүү нэхэмжилсэн 240.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч П.Э нь мөрдөн байцаалтын шатанд “гар хугарсан хүн ямар эмчилгээ хийлгэдэг юм тэр эмчилгээг хийлгэж, 5.000.000 төгрөгөөс гар хугарсныг эмчлүүлэхэд зарцуулагдах зардлыг хасаад илүү төлсөн мөнгөө буцааж авмаар байна.” хүсэлтийг гаргаж байсан байх боловч шүүхийн хэлэлцүүлгийн үед “би 5.000.000 төгрөгөөс буцаан мөнгө нэхэмжлэхгүй, харин миний хүү Солонгос Улсад ажилладаг надад мөнгө явуулна гэсэн тул би хохирогчийн асарч, сувилуулахтай холбогдон гарсан зардал болох 1.260.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна.” гэж тайлбарлан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж,
шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.О нар гэм буруу дээр маргахгүй гэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,
5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ.
Иймд П.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 1 хос гутлыг шүүгдэгч П.Э-д, гарын рентген зургийг хохирогч Ц.Э-д тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалаж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч П.Э-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Э-аас 1.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-д олгож,
хохирогчийн нэхэмжлэлээс 240.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Хохирогч Ц.Э-ын эм тариа хэрэглэсэн зардал гэх 396.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ нэхэмжлэлтэй холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болох дурьдсугай.
7.Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгөтэй нэг хос гутлыг шүүгдэгч П.Э-д, гарын рентген зургийг хохирогч Ц.Э-д тус тус буцаан олгосугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ