Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, АОС-32 тоотод оршин суух Боржигон овогт Бадамгаравын Эрдэнэсувд /РД: НП 89090461/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, баянзүрхийн 4-699 тоотод оршин суух Боржигон овогт Ганболдын Энх-Амгалан /РД: УД 84062813/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Г.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “ Б.Эрдэнэсувд миний бие 2007 онд Г.Энх-Амгалантай танилцаж хамтран амьдрахаар болон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Э.Цэлмүүнтэнгэр төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэхээ албан ёсоор батлуулаагүй байна. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2011 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах, боломжгүй болсон тул Э.Цэлмүүнтэнгэрт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Энх-Амгалан нь 2008 онд Б.Эрдэнэсувдтай танилцаж, 2010 онд Цэлмүүнтэнгэр гэдэг хүүтэй болж, 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 01 дүгээр сраын 18-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан боловч Эрдэнэсувд 2 сартай нялх хүүэгээ 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орхиж яваад 3 сар орчмын дараа буюу 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Цэлмүүнтэнгэрийг 5 сартай болсоны дараа ах Ууганаа, эгч Зулаа нарын хамт ирээд хүү Цэлмүүнтэнгэрийг манай гэрээс аваад явсан. Үүнээс хойш бид хамт амьдраагүй боловч би болон манай ар гэрээс Эрдэнэсувд болон хүү Цэлмүүнтэнгэр нарыг харж хандсаар байгаа. Миний бие 2012 онд элэгний В болон С вирустайгаар хүндээр шарлаж өвдсөний улмаар хөдөлмөр эрхлэх чадвараа тодорхой хувиар алдаж эмнэлгийн хяналтанд байгаа. Миний бие аав хүний үүрэг хариуцлагыг ухамсарлан хойшид ч хүү Цэлмүүнтэнгэрээ үргэлж харж хандсаар хэрэгцээтэй үед нь тусалсаар байх болно. Хүү Цэлмүүнтэнгэр нь миний хүү мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлнө” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад

                              

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд нь хариуцагч Г.Энх-Амгаланд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Г.Энх-Амгалан нарын дундаас 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн болох нь  Цэлмүүнтэнгэрий 0000627403-127 дугаартай төрсний гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдов.

 

2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Цэлмүүнтэнгэрийг эх Б.Эрдэнэсувдаар овоглосон ба хариуцагч Г.Энх-Амгалан нь хүү Цэлмүүнтэнгэрийн  төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Цэлмүүнтэнгэрт хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Энх-Амгалан нь хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Цэлмүүнтэнгэрт сар бүр 11 хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр Г.Энх-Амгалангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Цэлмүүнтэнгэрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Энх-Амгалангаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Энх-Амгалангаас 51.891 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР