| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0165/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/186 |
| Огноо | 2021-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,
улсын яллагч Г.Э,
шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.С-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125000000155 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Э.С,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Э.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 24б-1 тоотод 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.У-гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ; “...Хохирогч “манайд хүрээд ир” гээд байсан, гэрт нь очиход шал согтуу байсан. У над руу агсраад, есөн жороор хэлээд байхаар нь би зугтаагаад гарсан. Хохирогч өөрөө тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байгаа байх, арван хэд хоногийн дараа “хамар ийм болсон, чамаас болсон” гэж над руу ярьсан.” гэв.
Хохирогч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байтал 17 цагийн үед С гэх миний таньдаг эмэгтэй, нөхөр Г-гийн хамтаар ирсэн. Тэгээд бид гурав сууж байтал Г гэх найз маань гэрт орж ирсэн, бид дөрөв 750гр архи ууж байхад С нөхөртэйгөө маргалдаад хэрэлдээд байсан учир би “больцгоо” гээд буцаад гэр лүүгээ орж явтал намайг чирээд гэрийн голд байдаг орон дээр аваачаад, унагаагаад миний дээр мордож суугаад гараа зангидаж байгаад нүүр, хамар хэсэг рүү 3-4 удаа цохисон...энэ үед Г ирж салгасан. ...С-д цохиулсны дараа миний хамар хавдсан, хөхөрсөн, мурийсан байсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа миний хамар нэг л биш болохоор нь энэ талаар С-д хэлсэн. ...Баян-Өндөр мэд эмнэлэг дээр очиж зургаа авахуулсан, хамрын яс хугаралтай байсан, хамраа тэгшлүүлсэн. Би энэ асуудлаас болоод 225.000 төгрөгийг зарцуулсан, рентген зургийг 35.000 төгрөгөөр авахуулж, хамраа 100.000 төгрөгөөр тэгшлүүлсэн, эм тариа нь 95.000 төгрөг болж байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-12-17/,
Гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...би гэрээс гараад очтол тэр эмэгтэй У-гийн дээр гараад суучихсан, У-г “муу гичий” гэж хараагаад нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Тэр эмэгтэйгийн нөхөр нь салгаж зүүн гарыг нь татсан, харин би У-г цохиж байгаа баруун гарыг нь татаж салгасан. ...хамрыг нь хартал далийчихсан, хөхрөөд хавдчихсан байсан. Тэр үед У архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн бага зэрэг согтсон, нөгөө эмэгтэй ч ялгаагүй согтсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-19/,
Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...У архи уучихсан согтуу байсан, эхнэр бид хоёрыг гэрт нь ороход нэг шил “Хараа” архи гаргаж ирсэн, тэр архинаас нь бид гурав уугаад суусан. ...удалгүй гаднаас нэг залуу нэг шил “Хараа” архитай орж ирсэн. Сууж байгаад би “гэр лүүгээ явлаа” гэхэд манай эхнэрийг У явуулахгүй гэсэн, тэгэхээр нь “чи яахаараа мэддэг юм, чи мэддэг юм уу” гэхэд У над руу согтуурхаад дайраад байсан. ...Намайг байхад У манай эхнэртэй маргалдсан, муудалцсан асуудал болоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-20-21/,
Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; ”... Г.У-г харахад хамарны нэг тал нь хөхөрчихсөн, тэр хөх нь нэг талын нүд рүүгээ ороод, нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан. ...У бид нартай сууж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэртээ С гэх эмэгтэйд цохиулсан талаараа хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...У гэрийнхээ гадаа орилж чарлаад байсан, хашааныхаа зайгаар хартал У-гийн дээр бүдүүн шар хүүхэн гарчихсан цохиж байсан. ...У-гийн гэрээс нэг залуу гарч ирээд У тэр хүүхэн хоёрыг салгаад У-г салгасан залуу түүнийг аваад гэр лүүгээ орсон. Харин гадна байсан эмэгтэй хажуудаа байсан эрэгтэйгийн хамтаар хашаанаас нь гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-24-26/,
Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би нөхрийн хамтаар У-гийн гэрт ороход У нилээн согтуу, урдаа “Хараа” архи тавьчихсан сууж байтал гаднаас О гэдэг залуу нэг шил архитай орж ирсэн, тухайн үед манай нөхөр бид хоёр архинаас нь бага зэрэг уусан, архи ууж байхад У манай нөхөр лүү “бацаан” гээд байсан, тухайн үед манай нөхөрт эвгүй санагдаад намайг “явья” гэсэн, нөхөр явах гэтэл У “явуулахгүй” гээд манай нөхөртэй хөөцөлдөөд байсан, ...У намайг үстээд авсан, Г манай нөхөр хоёр салгах гэж оролдсон, миний үсийг тавихгүй болохоор нь би зөрүүлээд үстсэн чинь миний үсийг тавьсан, ...У-гийн нүүр, хамар нь зүгээр байсан, тухайн үед надад юу ч хэлээгүй. Түүнээс хойш хэд хоногийн дараа миний утас руу У залгаад “чи миний хамрыг хугалчихсан байна, 200.000 төгрөг өг, эмнэлгээр явмаар байна” гэхээр нь “би чамайг зодоогүй, чи өөрөө асуудлаа шийд” гээд хэлчихсэн юм.” гэсэн мэдүүлэг /хх-28-29, 55/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 234 дугаартай “...Г.У-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн бугалганд зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-31-32/,
Шинжээч, эмч Ж.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Тухайн гэмтэл нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тухайн гэмтэл нь үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хохирогч Г.У-гийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан.” гэсэн мэдүүлэг /хх-36/,
хохирогч Г.У-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-8/,
хохирогч Г.У-гийн нүүрний рентген зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-9/,
эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-37/,
хохирогч Г.У-гийн “Элит” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн дэвтрийн хуулбар /хх-38-43/,
шүүгдэгч Э.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/,
шүүгдэгч Э.С-ийн “гэм буруугаа хүлээж хохирол болох 250.000 төгрөг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-92/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Э.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 24б-1 тоотод 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.У-гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.С-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.У-гийн “...2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байтал 17 цагийн үед С гэх миний таньдаг эмэгтэй, нөхөр Г-гийн хамтаар ирсэн. ...намайг чирээд гэрийн голд байдаг орон дээр аваачаад, унагаагаад миний дээр мордож суугаад гараа зангидаж байгаад нүүр, хамар хэсэг рүү 3-4 удаа цохисон.” гэх,
гэрч Ц.Г-ын “...би гэрээс гараад очтол тэр эмэгтэй У-гийн дээр гараад суучихсан, У-г “муу гичий” гэж хараагаад нүүр хэсэг рүү нь цохиж байсан.” гэх,
гэрч Т.Б-ын “...Г.У-г харахад хамарны нэг тал нь хөхөрчихсөн байсан. Тэр хөх нь нэг талын нүд рүүгээ ороод, нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан.” гэх,
гэрч Б.Ц-ийн “...У гэрийнхээ гадаа орилж чарлаад байсан, хашааныхаа зайгаар хартал Угийн дээр бүдүүн шар хүүхэн гарчихсан цохиж байсан.” гэх,
шинжээч, эмч Ж.Г-гийн “...Тухайн гэмтэл нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тухайн гэмтэл нь үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хохирогч Г.У-гийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт, хохирогч Г.У-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогч Г.У-гийн нүүрний рентген зураг, “Элит” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн дэвтрийн хуулбар, шүүгдэгч Э.С-ийн “гэм буруугаа хүлээж хохирол болох 250.000 төгрөг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүх шүүгдэгч Э.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Э.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй хэдий боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан, шүүгдэгч Э.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.
Иймээс шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.У-гийн нүүрний рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Э.С-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.У-гийн нүүрний рентген зургийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ