Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0372

 

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0372

Улаанбаатар хот

 “ЖЭЮГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ЖЭЮГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ч;

Нэхэмжлэгч: “ЖЭЮГ” ХХК

Хариуцагч: СХДЗД

Гуравдагч этгээд: С.Ц-А

 

Нэхэмжлэлийн шаардлага: “СХДЗД-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн иргэн С.Ц-А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туул гудамж 10-ийн 23, 23а, 23б, 23в, 23г, 23д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 353 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2022/0042/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЖЭЮГ” ХХК-аас СХДЗД-д холбогдуулан “СХДЗД-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн иргэн С.Ц-А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туул гудамж 10-ийн 23, 23а, 23б, 23в, 23г, 23д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЖЭЮГ” ХХК-ийн гаргасан “СХДЗД-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн иргэн С.Ц-А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туул гудамж 10-ийн 23, 23а, 23б, 23в, 23г, 23д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ч давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүх нотлох зарчим алдагдсан талаар: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг даргаас ирүүлсэн 2023 оны 4 сарын 10-ны өдрийн 513 тоот албан бичгийг дахин тодруулж нотлох баримт гаргуулах агуулга хүсэлт гаргасныг шүүх хуульд заасан эрх хэмжээ бүхий байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1-р албанаас 2022 оны 10-р сарын 26-ны өдрийн 20/2082 тоот албан бичгээр нотлох баримт нэгэнт авагдсан, энэ баримтыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх тул дахин нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзэж...” гэсэн дүгнэлтийг хийж нотлох баримт цуглуулах талаар хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

3.2. Бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг авахаар Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг даргаар дамжуулан хүсэлт гаргаж байсан байдаг бөгөөд энэхүү нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харвал, иргэн Г.Б, Г.Б, Д.А, М.Р, Б.У, Г.Ө нарын 6 иргэн 2014 онд газар эзэмших эрх олж авахдаа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шууд хандалгүй хорооны Засаг даргад хүсэлтээ гаргаж байсан болох нь тодорхой байдаг. Нэхэмжлэгч компанийн зүгээс газрыг ашиглаж эхэлсэн хугацаанаас хойш хорооны Засаг даргаар дамжуулан газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн боловч анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй.

3.3. Энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн  шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “ЖЭЮГ” ХХК нь СХДЗД-д холбогдуулан “СХДЗД-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн иргэн С.Ц-А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туул гудамж 10-ийн 23, 23а, 23б, 23в, 23г, 23д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах” тухай шаардлага гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ “...2008 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа газрыг аэродром орчмыг аюулгүйн бүсэд хамаарч байгаа гэдэг шалтгаанаар эзэмших эрх олгоогүй хэрнээ энэхүү нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй байхад ашиглаж байгаа газартай давхцуулан, бусдад эзэмших эрх олгосон нь манай компанийн хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг хөндсөн” гэж тодорхойлжээ.

4. Анх маргаан бүхий газар болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туул гудамж 10-23 тоотыг М.Р, 23а тоотыг Г.Б, 23б тоотыг Г.Б, 23в тоотыг Д.А, 23г тоотыг Г.Ө, 23д тоотыг Б.У нарт тус бүр 700 м.кв газрыг “амины хашааны зориулалтаар” 15 жилийн хугацаагаар СХДЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/214 дүгээр захирамжаар эзэмшүүлж, 6 жилийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжаар дээрх 6 иргэдийн газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг С.Ц-А-т шилжүүлж шийдвэрлэжээ.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж заажээ.

6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, газар эзэмшихийг хүссэн этгээд (иргэн, аж ахуйн нэгж) нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг бүрдүүлж хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж, үүний дагуу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хуулийн шаардлага хангах эсэх (газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй)-ийг нягтлан хянаж, газар эзэмшүүлэх эсэх шийдвэрийг Засаг дарга гаргахаар хуульчилсан.

7. Гэтэл нэхэмжлэгч “ЖЭЮГ” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ холбогдох баримтын хамт бүрдүүлж дүүргийн Засаг дарга болон газрын асуудал хариуцсан газрын албанд хандаж гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17/2296 дугаар албан бичгээр “...шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/2082 дугаар албан бичгээр “...“ЖЭЮГ” ХХК-аас шинээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт тус албаны 2008-2022 оны өргөдөл, гомдлын бүртгэл болон газрын кадастрын “Лэнд менежер” программд бүртгэгдээгүй” гэж, СХДЗД-ын Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/2404 дүгээр албан бичгээр иргэн С.Б-аад “...2005 онд анх өөрсдийн хөрөнгөөр хашаалж хамгаалалтад авсан төдийгүй харилцан зөвшилцсөний үндсэн дээр нэр бүхий компанид тухайн газрыг ашиглуулж байсан боловч уг компани өөрчлөгдсөний улмаас эзэмшил газраа буцаан авч чадахгүй байгаа талаар тайлбарласан ...хууль ёсны эрх, ашиг сонирхлоо сэргээлгэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж, мөн дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 513 дугаар албан бичгээр “...2019-2022 оны архивын баримт бичгийг шүүхэд “ЖЭЮГ” ХХК-аас газар эзэмших хүсэлт болон шийдвэрлэсэн баримт байхгүй” гэсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

8. Энэ тохиолдолд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

9. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг дарга хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хуулиар тодорхойлогдсон эрх бүхий этгээд биш бөгөөд нэхэмжлэгчийн “нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг авахаар Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг даргаар дамжуулан хүсэлт гаргаж байсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасантай нийцсэн, шүүх нотлох зарчмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

11. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА