Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/01007

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Б

 

Хариуцагч: “з.х"

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 9 дүгээр гудамж, 162 тоотод оршин суух Б.Батдэлгэр /РД: ЖЕ 82071076/ нарт холбогдох

 

18.601.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Д.Урансувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагч болоод хариуцагч з.х ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов. 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргас нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2014 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “з.х” ХХК-ийн захиралтай Дорнод аймагт очиж уулзаад Мөрөөдлийн хот орон сууц барихаар уулзалт хийж иргэдээс захиалга авсан байдаг ба Ц.Ц.Борон сууц захиалж гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны төлбөрийг “з.х” ХХК-ийн дансанд шилжүүлсэн ба, хариуцагч орон сууцны нэг ширхэг ч модыг бариагүй, суурийг тавиагүй байдаг. Гэрээний хугацаа дууссан, гэрээ цааш хэрэгжих боломжгүй болсон тул хариуцагчаас гэрээний урьдчилгаанд төлсөн 18.601.300 төгрөгийг гаргуулж өгнө үү  ” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар  сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хэлбэр шаардлагыг хангасан ба, гэрээгээр тохирсон үүргээ хариуцагч тал биелүүлээгүй 2014 онд байгуулсан гэрээний дагуу барилгын суурь тавигдаагүй байгаа, гүйцэтгэгч ажил үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй. Иргэний хуулийн 222, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байгаа ч хохирол нэхэмжлээгүй, зөвхөн гэрээний урьдчилгаанд төлсөн 18.601.300 төгрөгийг шаардаж байгаа шаардлага хууль зүйн үндэслэлтэй” гэв

 

Хариуцагч болоод хариуцагч з.х ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх анх Дорнод аймаг Дашбалбар сумын Засаг даргын хүсэлтийн дагуу, Засаг даргын санаачлагаар иргэдийн хүсэлтээр орон сууц барихаар болсон. Манай хотхоны 4 дэх захиалагч иргэн Ц.Ц.Ббайсан ба гэрээний урьдчилгаа 40 хувийг төлж, үлдэгдэл 60 хувийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон. Уг графикийн дагуу гэрээ байгуулсан боловч удалгүй 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Бямбахандын эгч н.Байгалмаа манайд хүсэлт гаргаж, байшинг захиалах боломжгүй банкны лизингийн асуудалтай болсон тул захиалгаа цуцалъя гэсэн хүсэлт гаргасан тул бид н.Байгалмаатай уулзаж, н.Байгалмаа гэх хүний Улаанбаатар хотод байрлах хашаанд байшин барьж өгье гэсэн боловч боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай компани Дашбалбар сумын Засаг дарга н.Ёндонтой гэрээ байгуулсан тул 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Засаг даргад хандаж хүсэлт гаргаад, захиалагч иргэд саналаа цуцалж байгаа тул жишиг орон сууцыг сумын засаг дарга авч иргэдийн хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн боловч Засаг даргын тамгын газраас хариу мэдэгдэл өгөхдөө 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ манай тал хангалттай биелүүлсэн 4.2 дах заалтын хүрээнд газар цэвэр ус, эрчим хүчийг шийдвэрлэнэ гэсэн хариу албан бичиг өгсөн. Манай талаас сумын Засаг даргатай байгуулсан иргэдийн хүсэлтийн дагуу гэрээ байгуулсан. Ц.Ц.Бөөрийн хүсэлтээр гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж график тохирч гэрээ байгуулсан, гэрээний графикийн дагуу 2015 оны 07 дугаар сараас 10 дугаар сар хүртэл төлөхөөр тохирсон. Гэрээг цуцалж төлбөрийг авна гэж байгаа бол манай талаас бэлэн мөнгөөр олгох боломжгүй, бартераар төлж барагдуулах саналтай байна  ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Ц.Бнь хариуцагч з.х ХХК, Б.Батдэлгэр нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт  18.601.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч з.х ХХК нь нэхэмжлэгч Ц.Бямбахандтай 18.601.300 төгрөгийн өөр ажил гүйцэтгэх хэлбэрээр төгрөгийг барагдуулах боломжтой, бэлнээр төлөхгүй, Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг дарга буруутай тул зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу  “... Дорнод аймаг, Дашбалбар суманд байрлах Мөрөөдлийн хотхоны К-2 тоот 58.63 м.кв талбайтай 1 давхар тохилог бүрэн шийдэлтэй эко амины сууцыг захиалагчийн хүсэлтээр 31.44 мкв талбайтай гражийн хамт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон” ба уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 18.601.384 төгрөгийг хариуцагч з.х ХХК-д бэлнээр тушаасан болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

Талууд гэрээнд зааснаар Дорнод аймаг Дашбалбар сум Мөрөөдлийн хотхоны К-2 тоотод байрлах барилгыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар тохиролцсон ба хариуцагч з.х ХХК нь К-2 барилгын ажлыг гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч з.х ХХК-д 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг цуцлах тухай саналыг хүргүүлсэн ба хариуцагч з.х ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/Б1030 тоот албан бичгээр “...захиалагч Ц.Ц.Бнь ажил гүйцэтгэгч талд хохирол учруулахгүйн тулд дараагийн захиалагч захиалга өгч, урьдчилгаа төлбөрөө төлөх хүртэл хугацаанд гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан авах боломжгүй юм” гэж хариу өгчээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзах саналыг мэдэгдэж байсан гэж үзэв.

 

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “ 1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заажээ.

 

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, цаашид гэрээний хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор гүйцэтгэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзахаар шаардах эрхтэй байна.

 

Иймд харуицагч з.х ХХК-иас 18.601.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бямбахандад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц.Бнь хариуцагч Б.Батдэлгэрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч з.х ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.601.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бямбахандад олгосугай. .

         

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц.Бнь хариуцагч Б.Батдэлгэрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250.957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч з.х ХХК-иас 250.957 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бямбахандад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР