Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,   

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2125000000021 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Б,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн 5-21 тоотод 86 настай Д.Ш-г “гар утсаа өгч байгаач хүнтэй ярьчихаад буцаагаад өгье” гэж итгэл төрүүлэн хуурч Самсунг Жи-7 загварын гар утсыг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдэж, 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлсэн.” гэв.

Хохирогч Д.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим нэг залуу архи үнэртүүлчихсэн манай гэрт орж ирсэн. Тэгээд надаас “...эмээ та надад гар утсаа өгч байгаач, би хүнтэй ярьчихаад буцаагаад өгье.” гэж хэлээд миний устыг аваад гараад явсан, би араас нь гараад хартал манай хашааг даваад зугтсан. ...Samsung Galaxy G7 утас байсан, гар утас одоо надад байгаа, миний охин “Уурхайчин” багт байх ломбарднаас 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан байхад нь авч өгсөн. Б гэх залуугаас 80.000 төгрөгийн хохирлоо барагдуулаад авчихвал өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-5/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Манай ээж Ш өнөөдөр 15 цагийн үед гэртээ байж байхад нь Б гэх залуу орж ирээд манай ээжийн Samsung Galaxy G7 загварын гар утсыг халааснаас нь булаагаад хашаа даваад зугтаагаад явсан гэж ээж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-7/,  

“...Би гар утсыг ломбарданд тавьсан байхад нь Б-аар өөрөөр нь заалгаж байж 80.000 төгрөг өөрөөсөө төлж буцааж авсан. Ломбардны барьцаанд төлсөн 80.000 төгрөгийг Баас гаргуулан авчихвал санал, гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-49/,

Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...такси бариад эмээгийндээ очиж амрах гээд явах гэсэн чинь Б “...би хамт явья, манай аав тэнд нүүрс шигшиж байгаа.” гээд миний суусан таксинд хамт суугаад явсан. ...эмээгийн гадна оччихоод намайг дагаад байхаар нь би ”чи наанаа үлд” гэж хэлчихээд эмээгийнхээ гэрт ороход эмээ ганцаараа байж байсан бөгөөд “...чи согтуу байна, дүүгийнхээ гэрт ор” гэж хэлээд намайг гаргасан. Намайг дүүгийн гэрт ороод амрах гээд байж байхад эмээ “...хашаанд хүн орж ирээд гар утас аваад хашаа даваад зугтаачихлаа” гэж орилох чимээ сонсогдсон. ...намайг эмээгийнхээс гарсны дараа Б гэрт нь ороод “...утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд эмээгийн гар утсыг аваад зугтсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-9/,

Гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр миний ажиллуулдаг “Эрдэнэс” нэртэй ломбарданд Баяраа овогтой Б гэх хүн 16 цаг өнгөрч байхад Samsung Galaxy G7 загварын гар утас барьцаанд тавихаар орж ирсэн. Уг гар утсыг би шалгаж үзээд, бичиг баримтаар нь бүртгэж аваад 80.000 төгрөгийн барьцаанд авсан. Удалгүй гурав хоногийн дараа Б гэх хүн хоёр эмэгтэй хүнтэй хамт орж ирээд нөгөө эмэгтэйчүүд нь “...энэ хүн миний ээжийн гар утсыг залилж авчихаад танай ломбарданд барьцаанд тавьсан байна.” гэж хэлээд Samsung Galaxy G7 загварын гар утсыг 80.000 төгрөгийг нь төлөөд барьцаанаас чөлөөлж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-11/,

Б.Гантөмөрийн “...манай ээжийн гар утсыг хүн аваад зугтаасан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, 

 “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ОРХ/20-094 дугаартай, “Samsung Galaxy G7” загварын гар утас үнэлгээ 192.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хх-13-17/,

Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-30-33/,

Яллагдагч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр...А “...би городоос очиж мөнгө олох гээд байна, хоёулаа манай эмээгээс очиж таксины мөнгө авья” гээд бид хоёр хорооллын эцсээс таньдаг таксигаараа А-ын эмээгийн гэрт хүргүүлсэн. ...Ш эгчийн гэрт ороод бид хоёр цай ууж, боорцог идээд сууж байтал А утсаараа ярьж хэвтэж байгаад хажуу талын дүүгийнхээ гэр лүү яваад орсон. Дүүгийнхээ гэр лүү орох үед нь би гадаа Ш эгчийн гар утсаар яриад зогсож байсан бөгөөд А намайг “...эмээгийн гар утсыг аргалж аваад 5-р микрод байдаг миний таньдаг ломбарданд тавьчих, би маргааш өөрөө аваад өгчихнө, ломбарданд тавьчихаад над руу залгаарай.” гэж хэлээд дүүгийнхээ гэрлүү яваад орсон, тэгэхээр нь Ш эгчид гар утсыг нь буцааж өгчихөөд “..дахиад нэг яриад өгье.” гэж утсыг нь аваад хашааных нь хойд талын хаалгаар гараад явсан. Гадаа гарчихаад хүний утсаар А-ын утас руу залгасан боловч утсаа авахгүй байхаар нь би 3 дугаар микрод байдаг “Эрдэнэ” ломбарданд 80.000 төгрөгөөр утсыг нь өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан. Би барьцаанд тавьчихаад А-ыг ирэхгүй байхаар нь нэг шил архи аваад үлдэгдэл мөнгийг нь хадгалж байгаад “...маргааш өглөө эрт утсыг нь аваад өгчихье.” гэж бодоод хүнсий дэлгүүрээс нэг шил 0.5л “Ерөөл” архи аваад ганцаараа уугаад сууж байсан, архиа ууж дуусгачихаад яаснаа мэдэхгүй байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 437-р ангид сэрж ухаан орсон.” гэсэн мэдүүлэг /хх-59-60/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг 5-21 тоотод 86 настай Д.Ш-г “гар утсаа өгч байгаач хүнтэй ярьчихаад буцаагаад өгье” гэж хуурч Samsung Galaxy G7 загварын гар утсыг шилжүүлэн авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Ш-гийн “...эмээ та надад гар утсаа өгч байгаач, би хүнтэй ярьчихаад буцаагаад өгье.” гэж хэлээд миний устыг аваад гараад явсан, би араас нь гараад хартал манай хашааг даваад зугтсан.” гэх мэдүүлэг,

гэрч Б.Г-ийн “...ээж Ш өнөөдөр 15 цагийн үед гэртээ байж байхад нь Б гэх залуу хашаанд орж ирээд манай ээжийн 2018 оны Samsung Galaxy G7 загварын гар утсыг халааснаас нь булаагаад хашаа даваад зугтаагаад гараад явсан гэж ээж надад хэлсэн.” гэх мэдүүлэг,

гэрч Г.А-ын “...хашаанд хүн орж ирээд гар утас аваад хашаа даваад зугтаачихлаа” гэж орилох чимээ сонсогдсон. ...намайг эмээгийнхээс гарсны дараа Б гэрт нь ороод “...утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд эмээгийн гар утсыг аваад зугтсан байсан.” гэх мэдүүлэг,

гэрч О.Э-ын “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр...Б овогтой Б гэх хүн Samsung Galaxy G7 загварын гар утас барьцаанд тавихаар орж ирсэн. Уг гар утсыг би шалгаж үзээд Б гэх хүний бичиг баримтаар нь бүртгэж аваад 80.000 төгрөгийн барьцаанд авсан.” гэх мэдүүлэг,

Б.Г-ийн гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ОРХ/20-094 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Залилах” гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “86 настай Д.Ш-г хуурч, Samsung Galaxy G-7 загварын гар утсыг нь шилжүүлэн авч, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Ш-д 80.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хохирогчид учруулсан хохирлыг 4 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас 80.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ш-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Б-ыг “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих.” гэсэн саналыг гаргасан болно.    

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт,  өвчний улмаас хэвтрийн дэглэмд байдаг аав, дөрвөн дүүгийн хамт амьдараг зэрэг байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж,

шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг гурван зуун тавь /350/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай арван долдугаар бүлэгт зааснаар Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгч Б.Б-д хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 80.000 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг 5-21 тоотод оршин суух, хохирогч Д.Ш-д олгосугай.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

          8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ