Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2017/00070/И |
Дугаар | 181/ШШ2017/01090 |
Огноо | 2017-04-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2017/01090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............................................................................... тоотод оршин суух Ш-ын Б /РД:......................................./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ........................................................................... тоотод байрлах Ю БЭ п. ХХК /РД: ........................./-д холбогдох
8.774.520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Юб э П ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 66.48 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөхөөр тохирсон боловч гүйцэтгэгч 2014 оны 1 сард хүлээлгэж өгсөн. Орон сууцны үнийн 30 хувийг бид төлөөд, 70 хувийг нь банкны 8 хувийн хүүтэй байхаар Улаанбаатар хотын банкнаас зээл авсан.
Захиалагч миний бие орон сууцны нийт талбайгаас 3.93 м.кв дутуу буюу 62.55 м.кв талбайтай байр хүлээж авсан. Иймд 1 м.кв-ийг 1.880.000 төгрөгөөр гэрээ байгуулсан тул зөрүү талбайн үнэ болох 7.388.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн миний бие Улаанбаатар хотын банкнаас 87.400.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Миний бие 7.388.400 төгрөгт ногдох хүүнд өдрийн 1619,3 төгрөгийг өдий хүртэл буюу 856 хоногт нийт 1.386.120 төгрөг төлж хохирсон байна.
Иймд Ю б э пХХК-иас нийт 8.774.520 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан гэж харагдаж байгаа ч орон сууц аль хэдийн баригдсан байсан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.
Мөн ипотекийн зээлд хамрагдаж орон сууцны төлбөрийг төлөхөөр тохирсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа тул орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь харагдаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан нь харагдаж байна. Талбайн квадрат метрийг тухай бүрт мэдэх боломжтой. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэсэн байсан, яг үүн шигээ орон сууцыг хүлээж авах үед талбайн зөрүүг мэдэж, доголдлыг илрүүлэх боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч орон сууцыг хүлээж авахдаа доголдлыг илрүүлээгүй тул шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч “Ю б эп” ХХК-д холбогдуулан байрны захиалгын гэрээний төлбөрт илүү төлсөн 7.388.400 төгрөг, банкны хүүнд төлсөн 1.386.120 төгрөг, нийт 8.774.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байр худалдан авахдаа талбайн хэмжээ, түүний зөрүүг мэдэх боломжтой байсан гэж маргажээ.
Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулагдсан, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун орон сууцны хотхоны ХД-72 дугаар байрны 1-9 тоот, 66,48 т.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг Ш.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Ш.Б нь хариуцагч “Ю б э п” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулж, гүйцэтгэгч “Ю п” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Хаппи таун” хотхон, ХД-72 дугаар байрны 1-9 тоот, 66,48 т.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч Ш.Б-ээс гэрээнд заасан хөлс 124.982.400 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх- 5-7 дахь тал/
2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аас үзэхэд маргаан бүхий орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас баригдаж эхлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гэрээ байгуулах үед орон сууцны өрөө тасалгааг хуваасан, дотоод заслын ажил гүйцэтгэгдээгүй байсан” гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 3 сар гаруй хугацаанд ашиглалтад орох барилгыг нэхэмжлэгчийн захиалгаар баригдсан байр гэж үзэх үндэслэл тодорхой бус юм.
Зохигчдын хооронд дээрх маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц баригдсан байсан ба нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Ш.Бболон “Ю” ХХК нарын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.
Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан байна.
Нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу орон сууцыг хүлээн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Иймд хариуцагч “Ю би ” ХХК-иас 8.774.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Б нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар 255.1.1-т зааснаар хариуцагч “Ю б э п” ХХК-иас 8.774.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР